Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/70

 

 

 

 

 

2025           03          12                                          2025/ШЦТ/70

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэвээнсүрэн, улсын яллагч Ж.Батбаатар, шүүгдэгч Г.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт ийн *******, ургийн овогт ын ******* нарт холбогдох 2436000000360 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.  Мон Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, ам бүл 4, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ховд аймаг ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ******* ургийн овогт ийн ******* /РД:ПЕ74070602/.

2. Мон Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ийн д тов оврын тээврийн хэрэгслийн жолооч ажилтай, Ховд аймаг ******* сумын багийн тоотод оршин суух хаягтай, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, ургийн овогт ын ******* /РД:/.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ийн ******* нь олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа үргэлжилсэн үйлдлээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд буюу 2023 оны сүүлээс үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулан ажиллуулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч ын ******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшингаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд хохирогч Г.*******ын эзэмшлийн Леново маркийн компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх гэмт хэрэгт болох нь тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

             Шүүгдэгч Э.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад нэхэмжлэх болон баримтаар гаргаж өгөх хохирол төлбөр байхгүй” гэв.

2. 2436000000360 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Г.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 4-6 дугаар хуудас/

2.2. Гэрч Ц.ын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 10-11 дүгээр хуудас/

2.3. Яллагдагч Г.*******ын мэдүүлэг, /11 дүгээр хх-ийн 52-54 дүгээр хуудас/

2.4. Яллагдагч Э.*******гийн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/

2.5. Гэрч У.ын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/

2.6. Гэрч Т.гийн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/

2.7. Гэрч Ц.гийн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/

2.8. Гэрч З.гийн мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/

2.9. Гэрч Н.ын мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/

2.10. Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 202412.12 өдрийн ХВЦ-24-281 дугаартай “380,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 117-120 дугаар хуудас/

2.11. Г.*******ын Хаан банканд эзэмшдэг , дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /1 дүгээр хх-ийн 127-129 дүгээр хуудас/

2.12. Э.*******гаас гарган өгсөн “2024.10.04-ны орой Г.*******тай утсаар ярьсан, мессеж бичсэн” тухай баримт, /1 дүгээр хх-ийн 12-15 дугаар хуудас/

2.13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 21-26 дугаар хуудас/,

2.14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1 дүгээр хх-ийн 27-31 дүгээр хуудас/,

2.15. Эд зүйл хураан авах тухай мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл /1 дүгээр хх-ийн 32-33 дугаар хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Г.*******, Э.******* нарт холбогдох хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 347 дугаартай яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.*******, Э.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн:

- Г.*******ын хохирогчоор өгсөн “...Би эрхэлсэн тодорхой ажилгүй Ховд аймгийн ******* суманд үйл ажиллагаа явуулдаг захын хойд талын билльярд байх газрын эгнээнд компьютер лото тоглоомын газар ажиллуулж амьдрал ахуйгаа залгуулдаг. Э.******* гэх хүнийг сайн танихгүй зах эргээд тоглоом тоглоод явж байдаг, манай тоглоомын газраар ирж тоглодог гэдгээр нь мэднэ. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай ажлын байрны цоож, цүү нь эвдэрсэн татаж гаргасан байдалтай байсан ба дотор нь орж харахад компьютерын дэлгэц, процессор 2 байхгүй мөн хажууд нь хайрцагт байсан бутархай мөнгө байхгүй байсан. Тэгээд би утсаа гаргаж ирээд харахад З.*******гаас мессеж ирсэн байхаар нь уншсан чинь компьютерыг чинь авсан шүү мөнгө өгч байж аваарай гэх утгатай мессеж бичсэн байсан. 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Э.******* нь манай тоглоомын газар ирж тоглосон тэр үед над руу хандаж чи жаахан охин юм уу салхинд гаръя гэх утгатай зүйл яриад байсан ба дахиад маргааш нь буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай тоглоомын газар ирж тоглосон ба тоглохдоо би алдсан ч чамаас мөнгө гуйхгүй харин авах юм бол авсан мөнгөө аваад явна гэж хэлээд өөрийнхөө хэлсэн амаараа тоглоод мөнгөө алдахаар нь би өмнөөс нь чи хэлсэн амандаа хүрээрэй гэж хэлээд түрүүлээд гараад явсан. Тэгээд намайг гараад явсны дараа надтай хамт тоглоом тоглуулдаг Таранбай гэх залуу тоглоомоо тоглуулаад үлдсэн тэгээд орой 17 цагийн үед тоглоомын газраа хаагаад зах эргээд байж байхад Э.******* нь билльярдны газарт хүмүүстэй 13 тоглоод байж байсан гэж Таранбай надад хэлсэн. Манай тоглоомын газар нь ямар нэг зөвшөөрөл байхгүй ба би энэ компьютер лото тоглоомын газрыг нэг жил гаруй хугацаанд ажиллуулж байгаа ба өмнө манай хүр дүү тоглуулж байсан. Манайх гадна дотор талдаа хяналтын ямар нэг камер байхгүй ба тухайн эгнээ болон зах орчим хэсэг тэр чигээрээ хяналтын камер байхгүй. Манай тоглоомын газарт ирж тоглож байгаа хүмүүс 15 тоон дээр 1000 төгрөг тавиад таарах юм бол тухайн гарсан тоогоор нь үржүүлж өгдөг бас жишээ нь 1000 тавихад 13 тоо гарах юм бол үржүүлээд 13.000 төгрөг болдог үржүүлж тоглодог тоглоом. Хэрэв аль аль нь таарахгүй үед тоглоом тоглуулж байгаа хүн нь авах жишээтэй тоглодог тоглоом байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 4-6 дугаар хуудас/

- Гэрч Ц.ын “...Хэзээ хаанаас авч ирсэн талаар би мэдэхгүй байна. 2024 оны 10 дугаар сарын 30-ны орой гэрт ирэхэд ширээний хажууд хар өнгийн дэлгэц, эвдэрхий процессор холбоод тавьсан байсан. Манай нөхөр гэртээ байхгүй, гэрээсээ яваад 10 гаруй хонож байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 10- 11 дүгээр хуудас/

- Яллагдагч Г.*******ын “...энэ тоглоомыг 2023 оны 04 сараас хойш хаяа нэг тоглуулдаг. 1000-5000 төгрөгийн хооронд тоглоомын тоон дээр 1-15 дугаартай тавьж тоглодог аз туршсан тоглоом байгаа юм. Зарим нэг хүмүүс нь 5,000-20,000 хүртэл мөнгө тавьж тоглодог, алдах нэг нь алдаад онох нэг нь талхныхаа мөнгийг ч энэ тоглоомоос олдог, одоо тоглоом тоглуулаад байгаа байр нь Сараа гэх хүний байр, би түрээсийг нь төлдөг, би тэр хүний нэр усыг нь мэдэхгүй, анх биллъярдны газар нээх зориулалтаар авсан байр байгаа юм. Өмнө мэдүүлэг өгөх үедээ тодорхой ярьсан. Би иргэн Э.******* гэх хүнийг сайн танихгүй зах эргээд тоглоом тоглоод явж байдаг манай тоглоомын газраар тоглодог гэдгээр нь мэднэ. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өглөө ажил дээр ирэхэд манай ажлын байрны цоож цүү нь эвдэрсэн татаж гаргасан байдалтай байсан ба дотор нь орж харахад компьютерын дэлгэц, процессор хажууд нь хайрцагт байсан бутархай мөнгө байхгүй байсан. ...Бас 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой надтай утсаар ярьсан болохоор нь би Э.*******г авсан байна гээд цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн өдөр 15 цагийн үед тоглоомын газраасаа гараад гэртээ харьсан. Намайг гэр рүүгээ явж байх үед над руу Э.******* залгаад байсан. Тэгээд аваад ярьсан чинь мөнгө өг гээд байхаар нь би өгөхгүй гэж хэлсэн чинь “муу авгай минь өгөөрэй” гээд байсан. Тэгээд маргааш ажил дээр ирэхэд хаалганы цүү цоож татаж гаргаад дотор нь байсан дэлгэц, процессор хоёрыг аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Манай тоглоомын газар нь ямар нэг зөвшөөрөл байхгүй ба би энэ компьютер лото тоглоомын газрыг нэг жил гаруй хугацаанд ажиллуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /11 дүгээр хх-ийн 52-54 дүгээр хуудас/

- Яллагдагч Э.*******гийн “...Би өмнө мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. Би Г.******* гэх хүнийг сайн танихгүй. Г.******* нь захын ард компьютер лото тоглоом ажиллуулдаг гэдгээр нь мэднэ. 2024 оны 10 дугаар сарын 03-ны орой тухайн лото тоглоомын газарт өглөөнөөс орой 17 цагийн хооронд тоглоод 2.700.000 орчим мянган төгрөг алдсан. Харин маргааш өдөр нь 16 цаг хүртэл тоглоод 980.000 орчим мянган төгрөг нийт 3.680.000 орчим мянган төгрөг компьютер лото тоглоомын газарт тоглож алдсан. Тэгсэн чинь компьютер лото ажиллуулдаг Г.******* миний мөнгийг хожиж авчхаад гараад зугтаад явчихсан. Тэгээд би араас нь утсаар яриад мессеж бичсэн, бас утсаар ярихдаа “чи надад ядаж 250.000 төгрөг өгчих, би бараг нэг сая төгрөг алдлаа шүү дээ, би одоо ийн руу явах гээд байна, бензин хийх мөнгө буцаагаад өгчих” гэсэн чинь өмнөөс “би чамд өгөх өр байхгүй алдсан бол алдсан эр хүн шиг байгаач” гээд өгөөгүй. Тэгэхээр нь өмнөөс нь би энэ компьютер лото тоглоомыг чинь авлаа шүү, чи мөнгө өгч байж аваарай гэж хэлсэн чинь урдаас чи чаддаг юм бол аваарай гэхээр нь би тухайн тоглоомын газрын хаалгыг нь татсан чинь худлаа цоож зүүчихсэн хаалганы цүү нь тогтохоо байчихсан байдалтай харагдахаар нь би хаалгыг нь татсан чинь онгойчихсон. Тэгээд би шууд дахиад залгаад... би энэ компьютер лото тоглоомын дэлгэц, процессор хоёрыг чинь авсан машиныхаа ард хийж байна гэж хэлээд миний мөнгийг өгч байж энэ хоёроо аваарай гэж хэлсэн чинь өмнөөс хоосон хүний хоёр чихийг авах биш гэж хэлэхээр нь би чи ямар ч байсан миний мөнгийг өгч байж энэ компьютер лото тоглоомоо аваарай гэж хэлсэн. Харин Г.Мөнх- Учрал өмнөөс чи миний компьютер лото тоглоом өгчих би тоглоом тоглуулж байгаад мөнгийг чинь өгье гэж хэлэхээр нь би чи дандаа ингэж худлаа хэлдэг биз дээ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 79-80 дугаар хуудас/

- Гэрч У.ын “...энэ талаар сайн мэдэхгүй байна, би 2024 оны 09 сараас хойш тухайн захын харуул манаачаар ажиллаж байгаа. Миний бие орой 19-20 цагийн хооронд тухайн эгнээнд байдаг лото тоглоом болон билльярдны газар хаагаагүй байвал хаах шаардлага тавьж хаалгадаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар хуудас/

- Гэрч Т.гийн “...15 цаг өнгөрч байх үед П.******* эгч урд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүн эргэх ажилтай гэж хэлээд намайг энд суугаад байж бай удахгүй ирнэ гэж хэлээд гараад явсан. Тухайн үед Э.******* гэдэг хүн мөнгөө алдсан гээд мөнгөө авна гээд надтай маргаад байхаар нь би Г.*******аас өөрөөс нь авахгүй юу гэж хэлсэн. Харин би алдвал юу ч авахгүй гэх утгатай зүйл Э.******* нь анх тоглож эхлэхдээ Г.*******тай би мөнгө хожвол миний мөнгө байдаг юм гэж хэлээд тоглоод байсан. Тухайн үед Э.******* нь дандаа 20.000 төгрөг тавьж тоглоод алдаад байсан. Уг байр нь хэнийх гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Г.******* эгч түрээсийг төлөөд дотор нь лото тоглоомоо ажиллуулж байгаа. Тухайн өдөр Г.******* эгч тэр өдрийн орлогоо өөрөө аваад гараад явсан чинь Э.******* надаас мөнгө нэхээд маргаад байхаар нь би надад ямар мөнгө байдаг юм бэ, та тэр Г.*******тайгаа учраа олоо гэж хэлсэн. Тэгсэн чинь Э.******* дэлгэц, процессор хоёрыг нь авч явна гээд байхаар нь би Г.*******тай утсаар яриад энэ Э.******* чинь дэлгэц, процессор хоёрыг чинь авна гээд байна... эсхүл 200.000 төгрөг өг гээд байна та ирэх болж байна уу гээд утсаар ярихдаа чанга яригч дэзр нь тавиад ярьсан чинь Г.******* эгч өмнөөс... би завгүй байна очих болоогүй тэгээд ч Э.*******д өгөх юу ч байхгүй, өр байхгүй, эр хүн юм бол хэлсэндээ бай гэх утгатай зүйл хэлсэн тэр үед Э.******* өмнөөс нь муу авгай минь тэгвэл би энэ дэлгэц, процессор хоёрыг чинь авлаа мөнгө өгч байж аваарай гэж хэлсэн чинь утсаа тасалчихаар нь дахиад залгасан чинь утсаа авахгүй болохоор нь би тухайн байрыг нь цоожлоод гадагшаа гарсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 84-85 дугаар хуудас/

- Гэрч Ц.гийн “...эрэгтэй хүнийг нь танихгүй харж байгаагүй, харин эмэгтэй хүн нь тухайн улаан тоосгон байранд лото тоглоом тоглуулдаг хүн мөн байна. Энэ хүн лото тоглоом тоглуулаад нэг жил болж байгаа байх. Миний хувьд харуулаар 3 жил болж байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд тоглуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 86-87 дугаар хуудас/

- Гэрч З.гийн “... гэх залуу энэ хавиар орж, гараад лото тоглоом дээгүүр яваад байдаг. Лото тоглоомын газрыг Г.******* тоглуулдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88-89 дүгээр хуудас/

- Гэрч Н.ын “...Би тухайн улаан тоосгон байрыг 2023 оноос хойш Г.Мөнх- Учрал гэх хүнд сарын 180.000 төгрөгөөр түрээсэлж байгаа, Г.******* нь түрээсээ сар бүрийн 15-20-ны хооронд дансаар төлдөг, зарим үед бэлнээр төлдөг байсан. Тухайн байрны зах зээлийн үнэлгээ ямар байдаг талаар сайн мэдэхгүй байна. захын газар дээр байрладаг болохоор үл хөдлөхийн гэрчилгээ гаргах боломжгүй гэсэн болохоор ямар үнэлгээтэй байдаг эсэхийг мэдэхгүй байна. Г.******* нь сарын түрээсээ байнгын тогтмол цаг хугацаандаа төлдөг байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 202412.12 өдрийн ХВЦ-24-281 дугаартай “380,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 117-120 дугаар хуудас/

- Г.*******ын Хаан банканд эзэмшдэг , дугаарын дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 127-129 дүгээр хуудас/

- Э.*******гаас гарган өгсөн “2024.10.04-ны орой Г. *******тай утсаар ярьсан, мессеж бичсэн” тухай баримт /1 дүгээр хх-ийн 12-15 дугаар хуудас/

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 21-26 дугаар хуудас/,

-  Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 27-31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд харьцуулан үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна.

3.2. Шүүгдэгч Г.******* нь олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд Эрүүгийн хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа үргэлжилсэн үйлдлээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд буюу 2023 оны сүүлээс тоглогч нарын мөнгийг бэлнээр авч үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг ажиллуулсан гэх,

3.3. Шүүгдэгч Э.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшингаас 2024 оны 10 дугаар сарын 04-ний орой 20 цагийн орчимд хохирогч Г.*******ын эзэмшлийн Леново загварын компьютерын дэлгэц 1, процессор 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэх зэрэг үйл баримт тус тус эргэлзээгүй нотлогдон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

3.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт хохирогчоор Г.*******ыг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

3.5. Шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлж, тэдний өмгөөлөгчөөс “шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.6. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч нарын хэргийн нөхцөл байдал нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

3.7. Шүүх үйл баримтыг сэргээн тогтооход үндэслэл болгосон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг тогтооход хүрэлцээтэй, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

4. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

4.1. Шүүгдэгч Г.*******ын тухайд:

4.1.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулсан, эсхүл ажиллуулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ. 

4.1.2. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн үндсэн шинжийг олон нийтийн газар, эсхүл мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсхүл ажиллуулсан үйлдэл байхаар хуульчилсан.

4.1.3. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.14-т “мэдээллийн технологи” гэж компьютер, харилцаа холбооны сүлжээ ашиглан цахим өгөгдлийг үүсгэх, боловсруулах, хадгалах, дамжуулах, солилцох, үйлчилгээ үзүүлэх, бусад тоног төхөөрөмжтэй холбогдох, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг хамруулсан байна.

4.4.4. Иймээс шүүгдэгч Г.*******ын ашиг олох зорилгоор олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд үйл ажиллагаа явуулж, тоглоомд оролцох хүсэлтэй тоглогч нараас мөрий буюу хүн тус бүрээс 1000-5000, 5000-20,000 хүртэлх төгрөг авч тоглоомд оролцуулан, хожсон тоглогчид бэлэн мөнгө өгөх, дансаар шилжүүлж, аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоом тоглох боломжийг бүрдүүлж, зохион байгуулсан, ажиллуулсан үйлдлийг мэдээллийн технологи буюу компьютер ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэж үзнэ.

4.4.5. Шүүгдэгч Г.*******ын өөртөө ашиг олох зорилгоор бусдын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан мэдээллийн технологи буюу компьютер ашиглан аз турших тоглоомыг тоглуулсан нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй.

4.4.6. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан уг гэмт хэргийн хөнгөрүүлэх шинж тогтоогдоогүй байх тул шүүгдэгч Г.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар байгуулах, ажиллуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4.2. Шүүгдэгч Э.*******гийн тухайд:

4.2.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахдаа хүч хэрэглэхгүйгээр илээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

4.2.2. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинжид заасан “илээр авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигч болон бусад хүмүүст мэдэгдэж авсныг, “хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч, үнэ төлбөргүйгээр өөртөө болон бусдын өмчлөлд бүр мөсөн авсныг тус тус ойлгоно.

4.2.3. Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч Э.******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтэй байна.

4.2.4. Шүүгдэгч Г.*******, Э.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.*******, Л.******* нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй” болохыг дурдах нь зүйтэй.

4.2.5. Шүүгдэгч Г.*******, Э.******* нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

5.1. Шүүгдэгч Г.*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үзэх үндэслэлтэй. Мөн энэхүү гэмт хэрэг нь бусдыг мөрийтэй тоглоомд донтуулж, цаашлаад мөрийтэй тоглогчийн болон гэр бүлд нь эд хөрөнгийн хохирол учруулаад зогсохгүй, гэр бүл салалт, амиа хорлоход хүргэх зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог хор уршигтай.

5.2. Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд мөрийтэй тоглоом зохион байгуулж, тоглогчдоос бэлэн мөнгө хураан авч ашиг олж, уг мөнгийг өөрийн нэр дээрх тоот ХААН банкны харилцах дансанд байршуулж, нийт 21,635,000 (хорин нэгэн сая зургаан зуун гучин таван мянга) төгрөгийн орлого олсон болох нь дараах байдлаар тогтоогдов.

Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Г.*******ын Төрийн банкны 110700025976 тоот дансанд 2024.03.05-ны өдрөөс 2024.03.24-ний өдрийн хооронд АТМ-аас нийт 7,135,000 төгрөг, ХААН банкны тоот дансанд 2024.06.30-ны өдрөөс 2024.10.30-ны өдрийн хооронд АТМ-аас нийт 16,475,200 төгрөг, мөн ХААН банкны тоот дансанд 2024.01.25-ны өдрөөс 2024.09.29-ний өдрийн хооронд нийт 24,115,000 төгрөгийн орлого орсон болох нь Г.*******ын ХААН банкны , тоот данс, мөн Төрийн банкны 110700025976 тоот дансанд тус тус үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулгаар тогтоогдож байна.

Ингэхдээ Г.*******ын Төрийн банкны 110700025976 тоот дансанд 2024.03.05-ны өдрөөс 2024.03.24-ний өдрийн хооронд АТМ-аас нийт 7,135,000 төгрөг орсон орлого нь нутаг дэвсгэрийн хувьд хаана байршилтай АТМ-аас хэн орлого хийсэн нь тодорхойгүй байна. Мөн шүүгдэгч Г.*******ын ХААН банкны тоот дансанд 2024.06.30-2024.10.30-ны өдрийн хооронд Ховд АТМ-аас 16,475,000 төгрөгийн орлого орсон боловч энэ нь шүүгдэгч Г.*******ын өөрийн тоот данснаас харилцан гүйлгээ хийгдсэн болох нь дансны хуулгаар тодорхой байдлаар харагдаж байх тул дээрх Төрийн банкны дансанд орсон 7,135,000 төгрөгийн болон ХААН банкны тоот дансанд орсон 16,475,000 төгрөгийн орлогыг тус тус хууль бусаар олсон орлого гэж тодорхойлох боломжгүй байхаас гадна уг үйл баримт нь хөдөлбөргүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Харин шүүгдэгч Г.*******ын тоот дансанд 2024.01.25-2024.09.29-ний өдрийн хооронд нийт 24,115,000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд үүнээс 2,480,000 төгрөгийн орлого нь Батбаяраас гэх гүйлгээний утгатай зарлагаар гарсан тул мөн уг орлогыг хууль бусаар олсон орлого гэж үзэхгүй, харин 21,635,000 төгрөгийн орлогыг хууль бусаар олсон орлого гэж шүүхээс дүгнэсэн болно.

Учир нь, дээрх орлого нь шүүгдэгч Г.*******ын олон нийтийн газарт буюу Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинд мөрийтэй тоглоомын газар байгуулж, тус газартаа үргэлжилсэн үйлдлээр сүүлийн нэг жил гаруй хугацаанд аз туршиж тоглодог компьютер лото гэх нэршилтэй мөрийтэй тоглоомыг зохион байгуулан ажиллуулсан гэх үеийн цаг хугацаатай тохирч байгаа бөгөөд нутаг дэвсгэр байршлын хувьд TRFATM-KHOVd гэх АТМ төхөөрөмжид орлого орсон болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Ховд аймгийн нутаг дэвсгэрт байршилтай АТМ төхөөрөмжид шүүгдэгч Г.******* нь өөрийн эзэмшлийн тоот дансанд АТМ төхөөрөмжөөр өдөр бүр цаг, минут тутамд орлого хийсэн гэх үйл баримт тогтоогдож байх тул 21,635,000 төгрөгийн орлогыг хууль бусаар олсон орлого гэж тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.3. Дээрх орлого нь мөрийтэй тоглосон хүмүүсийн хөрөнгө боловч мөрийтэй тоглох нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил юм. Өөрөөр хэлбэл мөрийтэй тоглосон этгээдүүд нь хууль бус үйлдэл хийж эд хөрөнгийн хохирол хүлээсэн тул буцаан олгох үндэслэлгүй юм. Иймд уг шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.*******аар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэх нь зүйтэй.

5.4. Шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******д 380,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ленаво загварын комьпютерийн дэлгэц 1 ширхэг, процессор 1 ширхэгийг хураан авсныг хэргийн хамт шүүхэд шилжүүлсэн байх ба шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Г.******* нь шүүгдэгч Э.*******гаас гаргуулах хохирол, хор уршиг төлбөргүй болохыг илэрхийлсэн, мөн дээрх эд хөрөнгүүд нь эд мөрийн баримтаар хураагдсан, би энэ тоглоомыг дахин тоглуулаагүй, цаашид тоглуулахгүй гэж тайлбарласныг дурдаж байна.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.*******, Э.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болоо.

Түүнчлэн, шүүгдэгч Г.*******, Э.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.*******д “...2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,

- шүүгдэгч Э.*******д “...2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн саналыг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******оос “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж, торгох ялаар шийтгүүлэх…” гэсэн тайлбарыг,

- Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******ээс “...үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу дээрээ маргахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэн харгалзах…” гэсэн тайлбарыг тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Иймд, шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хууль бусаар олсон орлогоо нуун дарагдуулсан, үнэн зөв мэдүүлэгүй зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

- Шүүгдэгч ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

2.2. Шүүгдэгч Г.******* нь энэхүү дээрх гэмт хэргийг үйлдэж 21,635,000 төгрөгийн орлого олсон болох нь тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулдаг. Мөн тус зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хураан авсан орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ба тухайн орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлдэг журамтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Леново загварын дэлгэц 1 ширхэг, процессор 1 ширхэгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх ёстой.

Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.*******ын хувьд ногдох хөрөнгө, орлогоос 21,635,000 төгрөгийг албадан гаргуулж; мөн эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох Леново загварын дэлгэц 1 ширхэг, процессор 1 ширхэгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Гурав. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

3.1. Шүүгдэгч Г.*******, Э.******* нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

3.2. Хэрэгт Н.ын эзэмшлийн түрээслэж буй ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч ******* ургийн овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хуулиар хориглосон мөрийтэй тоглоомын газар зохион байгуулсан, ажиллуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******ыг 1 (нэг) жил 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Г.*******, Э.******* нарын зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг Ховд аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээр явахыг тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.*******, Э.******* нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 21,635,000 төгрөгийг албадан гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Леново загварын дэлгэц 1 ширхэг, процессор 1 ширхэгийг тус тус улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Г.*******, Э.******* нар энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.*******, Э.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн 2436000000360 дугаартай Г.*******, Э.******* нарт холбогдох хэрэгт Н.ын эзэмшлийн түрээслэж буй ******* сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллага явуулдаг “ ” хүнсний захын ар талын эгнээнд байрлах улаан тоосгон байшинг битүүмжилсэн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ТАСХЫН