| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00243/И |
| Дугаар | 156/ШШ2020/00371 |
| Огноо | 2020-04-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 156/ШШ2020/00371
| 2020 оны 04 сарын 29 өдөр | Дугаар 156/ШШ2020/00371 | Хэрлэн сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00243/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар баг, ........ дугаар байрны ..... тоотод оршин суух, Б овогт Б А /РД:...../-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг, ... тоотод оршин суух, С овогт Ч П /РД:... /-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А /онлайнаар/ хариуцагч Ч.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 онд Ч.П гэр бүл болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2004 онд охин П.А, 2005 онд хүү П.Т нар төрсөн. Хамт амьдрах эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, агсан согтуу тавьдаг болсон. Хүүхдийн хүмүүжилд маш сөргөөр нөлөөлж байсан тул хамт амьдрах боломжгүй байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцэг Ч.П хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ч.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.П миний бие 2003-2008 онд Увс аймгийн харъяат Б.А хамтран амьдарч 2003 онд гэрлэлтээ батлуулсан. 2004 онд охин А, 2005 онд хүү Т нар төрсөн. Тухайн үед хамт амьдарч байгаад үл ойлголцох шалтгааны улмаас 2008 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Одоо би өөр амьдрал зохиож эхнэртэй болсон. Мөн хүүхэдтэй болсон. Бид тус тусдаа амьдрал зохиосон тул цаашид хамт амьдрах боломжгүй. Хоёр хүүхдэдээ тэтгэлэг төлөхөөс татгалзах зүйлгүй бөгөөд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Ч.П холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Б.А, хариуцагч Ч.П нар нь 2003 онд гэр бүл болж, 2003 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар, тэдгээрийн дундаас 2004 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр охин П.А, 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүү П.Т нар төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь 2008 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, хариуцагч Ч.П нь шинээр амьдрал зохиож хүүхэдтэй болсон, гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч амжилтгүй болсон зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдүүдийн асрамжийн хувьд хариуцагч Ч.П нь охин А, хүү Т нарыг эх Б.А асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн шүүхээс хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хүүхдүүдийн нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчин болон шүүхэд өгсөн хүүхдүүдийн саналыг харгалзан үзэж охин А, хүү Т нарыг эх Б.А асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Б.Б хүүхдүүдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэрлэгч Б.А, Ч.П нарын гэрлэлтээр холбогдох харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин П.А, хүү П.Т нь эх Б.А асрамжид үлдэж байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй ба энэхүү эрхийг эх Б.А, эцэг Ч.П нарын хэн нь ч хязгаарлах эрхгүйг анхаарах нь зүйтэй.
Мөн гэрлэгчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.П улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 4,840,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 92,403 төгрөгийг хариуцагч Ч.П гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б т овогт Б А, С овогт Ч П нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2004 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн охин П.А, 2005 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү П.Т нарыг эх Б.А асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П.А, хүү П.Т нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.П сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.А даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Гэрлэгчид нь гэр бүлийн дундийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.П 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 92,403 төгрөгийг гаргуулан төрийн санд тус тус олгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА