| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2025/0063/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
2025 03 19 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай,
улсын яллагч Б.*******,
шүүгдэгч Д.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ургийн овогт *******гийн *******ад холбогдох 2536000230074 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар ,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн “Бор хавцгайн ам” гэх газарт ХОҮ улсын дугаартай, Киа Бонго-3 загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Х.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1.1. Шүүгдэгч Д.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн “Бор хавцгайн ам” гэх газарт ХОҮ улсын дугаартай Киа Бонго-3 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а-д заасан “...энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчсөн нь хэрэгт цугларсан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсралт гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-11 дэх тал), тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 22 дахь тал), тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон хавсралт гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 26-28 дахь тал), Ховд аймгийн Бүсийн шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 60-63 дахь тал), 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 70-71 дэх тал), Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай болон 05 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 77-79, 85-87 дахь тал), хохирогч Х.гийн “...2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нөхөр бид хоёр ******* сумын Булган багийн төвөөс нүүрс авах гээд Хөшөөт рүү явсан. Нөхөр Д.******* бид хоёр Хөшөөтөөс нүүрс ачаад Ховд аймгийн төв рүү явж байгаад ******* сумын ******* багийн Бор хавцгай гэх газарт явж байхад манай нөхөр тоормосгүй болчихлоо гэж хэлж байсан. Тэгээд би цаашаа юу болсныг санахгүй байна. Бид ХОҮ улсын дугаартай цэнхэр өнгийн пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Манай нөхөр Д.******* бид хоёр хамт явж байсан. Өөр хүн яваагүй. Тухайн тээврийн хэрэгслийг манай нөхөр ******* жолоодож явж байсан. Манай нөхөрт жолоодох эрхийн үнэмлэх байгаа. Манай нөхөрт жолоодох эрхийн В ангилалтай. Нөхөр бид хоёр албан ёсоор гэрлэлтээ 1993 онд батлуулж байсан. Би биедээ зүүн талдаа 2 хавирга хугарсан, нуруу цууралттай, зүүн талын шагай хэвтээ хугарсан, цээж хэсэг өвдөж байна. Миний бие өөр ямар ямар гэмтэл авсныг мэдэхгүй байна. Эмч намайг зогсож болохгүй, хэвтрийн дэглэм сахь гэсэн. Нөхөр бид хоёр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Чулуут гэдэг газарт мал малладаг. Манай нөхөр эрүүл байсан. Ер нь манай нөхөр архи, тамхи огт хэрэглэдэггүй. Надад гомдол, санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна. Тухайн үед болоод өнгөрсөн асуудал тул би нөхөртөө гомдол, санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-18 дугаар хуудас), хохирогч Х.гийн өгсөн “...Тухайн үед манай нөхөр жолоо барьж явсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 110 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан, талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
1.3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэсэн шинжийг бүрэн агуулжээ.
1.4. Шүүгдэгч Д.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.5. Хохирогч Х.гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “гомдол саналгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр (хавтаст хэргийн 111 дэх тал) тогтоогдож байна. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,837,869 төгрөгийн бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогчийн нэхэмжилсэн хор уршгийг төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Д.******* нарын хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр торгож, торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял, албадлагын арга хэмжээ авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2. Иймд шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжээр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
2.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулав.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор тогтоов.
2.5. Энэ хэргийн учир шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
2.6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан торгох ялыг 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.*******ад сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг торгох ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Д.*******ад нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн 2536000230074 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь эрүүл мэндийн даатгалын санд 2,837,869 төгрөгийн хохирол учирсныг нөхөн төлсөн, хохирогч Х. нь хохирол, хор уршиг болон сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.*******аас гаргуулах хохирол, төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАСХЫН