Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 129/ШШ2021/00240

 

 

 

 

 

 

 

 

 

129/ШШ2020/00240

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б овогт Г.Л-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х овогт Ц.Б-д холбогдох

 

Эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Л шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л миний бие Ц.Б-тэй 2010 онд танилцаж улмаар дотносож 2011 онд жирэмсэн болоод 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Л.А-г, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М нарыг тус тус төрүүлсэн. Гэтэл Ц.Б 2019 оны 8 дугаар сард У хот руу ажил хөөцөлдөх гэж яваад ирэхгүй байж байгаад 2020 оны цагаан сараар ирээд 7 хоночихоод буцаад явсан. Явахаасаа өмнө утсанд нь өөр эмэгтэй хүнээс хайраа ирэх болж байна уу гэсэн зурвас ирсэн. Тэгээд би У хотод өөр эмэгтэй хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон гэдгийг мэдсэн. Тэгээд хэрүүл маргаан болоод л сална гээд явсан, тэрнээс хойш өнөөдрийг хүртэл уулзаагүй. Тэр хүнтэйгээ нэг гэрт хамт амьдарч байгаа. Одоо миний бие цаашид түүнтэй хамтран амьдрах хүсэлгүй, зан харилцааны хувьд таарч тохирохоо больсон. Ц.Б нь охин, хүү хоёрын төрсөн эцгийн хувьд үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж бодож байна. Миний бие одоогоор ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлогогүй, хариуцагч Ц.Б-н У хотод байх хаягийг мэдэх боломжгүй, хот руу явж хүүхдүүдээ тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг өгөх боломжгүй байгаа учир бага насны буюу одоогоор 6-9 насны хоёр хүүхэдтэй байнгын оршин суугаа газрын шүүх болох Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байгаа болно. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авч байгаагүй. Иймд 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төсрөн охин Л.А, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг сар бүр эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлж өгнө үү. Мөн охин Л.А-г анх төрөхөд нөхөр Ц.Б нь байхгүй байсан тул би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Иймд Л.А-н эцэг Ц.Б мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Л бид хоёр 2010 онд танилцаж, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Л.А, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.М нар төрсөн. Г.Л нь 2017 оны 06 дугаар сард Т улс руу яваад 2017 оны 11 дүгээр сард ирсэн. Тэр хугацаанд охин Л.А 5 настай, хүү Б.М 2 настай үлдэж надтай хамт амьдардаг байсан. Охин маань 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр сургуульд орж эхнэр хүүхдүүдтэйгээ би аймгийн төвд байр түрээслэн 1 жилийн туршид түрээсийн мөнгийг нь төлж байсан. Би 2017-2020 онд Ө аймагт Т компанид ажиллаж олсон цалингаараа 2 хүүхэддээ мөнгө байнга явуулж, хувцас хунар авч өгдөг, мөнгө төгрөгөөр огт дутааж байгаагүй. Цаашид хоёр хүүхдээ анхаарч, харж хандан туслах болно. Охин Л.А, хүү Б.М нар миний хүүхэд мөн. Эцэг нь мөн, биш гэдэг дээр маргахгүй. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хоёр хүүхдээ мөнгөөр дутааж байгаагүй. Covid-19 цар тахлын улмаас сүүлийн үед ажил хийхгүй байгаа болохоор хүүхдийн тэтгэлгийг сар бүр төлж чадахгүй байдалд хүрэх байх. Ийм учраас би хүү Б.М-г өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Л нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г.Л, хариуцагч Ц.Б нар нь албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч тэдний дундаас 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр охин Б овогт Л.А, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүү Х овогт Б.М нар төрсөн ба одоо эх Г.Л-н хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Л.А-н Г-.... дугаартай, Б.М-н .......... бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, А аймгийн .... дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 81 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын .... дугаар багийн Эрүүл мэндийн төвийн даргын тодорхойлолт, Х-ллын бага сургуулийн захирлын тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б овогт Г.Л Гэрлэлт бүртгэлгүй тухай 0003030 тоот лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эцэг тогтоолгох шаардлагын тухайд:

 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Г.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж охин Л.А-н эцэг Ц.Б-г мөн болохыг тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагч Ц.Б нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлага дээр маргаагүй ба охин Л.А-н төрсөн эцэг нь мөн болохоо хүлээн зөвшөөрдөг, гэрлэлтээ батлуулаагүй асуудал дээр талууд мөн маргаагүй.

 

Хариуцагч Ц.Б нь эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар охин Л.А-н төрсөн эцгээр Ц.Б-г тогтоох үндэслэлтэй байна.

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд:

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцгийн хувьд хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хариуцагч хуульд зааснаар хүлээж байгаа тул охин Л.А, хүү Б.М нарыг эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

 

Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй, мөн хариуцагч Ц.Б цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ажил эрхлээгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргаж байгаа нь тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

 

Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Л.А, хүү Б.М нарыг сар бүр эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь нээлттэй, мөн охин Л.А, хүү Б.М нар нь эх Г.Л-н асрамжид байгаа бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох шаардлага гаргаагүй, харин хариуцагч Ц.Б хүү Б.М-г өөрийн асрамжинд авна гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу энэ талаар сөрөг нэхэмжлэл албан ёсоор гаргаагүй болохыг дурдвал зохино.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 70,674 төгрөгийг хариуцагч Ц.Б-с гаргуулж орон нутгийн төсвийн орлогод олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Б овогт Л.А-н эцгээр Х овогт Ц.Б мөн болохыг тогтоосугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Л.А, 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү Б.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Б-р тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Л-д даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих 2 хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох 70,674 төгрөгийг хариуцагч Ц.Б-с гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүл бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /Б.Анхтуяа/-д даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА