Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/109

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Хохирогч Н.Г,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч А.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Агийн Зт холбогдох эрүүгийн 2438004030547 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Агийн З, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.З нь Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **********т 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Н.Гтай маргалдаж, биед хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч А.З нь Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **********т 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Гтай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдлууд эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Хохирогч Н.Гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд өгсөн: “…2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагийн үед ***** сумын **** дугаар багт байрлах хойд захын ногооны дэлгүүр зогсдог ********** гэгч эмэгтэйгээс 3 удаа ногоо худалдан борлуулахаар авсан байсан. Эхний 2 удаагийн худалдан авсан ногооныхоо үнийг түүний ногоо зөөж өгдөг хүнээр өгч явуулсан байсан. Үлдсэн 1 тооцоог нь өгөхөөр очсон юм. Тэгсэн чинь 3 падаан гаргаж ирээд өмнөх 2 падааны мөнгөө өгөөгүй өг гэсэн. Тэгэхээр нь би ногоо зөөж өгдөг хүнд чинь өгсөн гэж хэлсэн. Тэгээд тэнд нөгөө ногоо зөөдөг хүн нь байсан. Тэр хүн бас мөнгийг чинь би өгсөн шүү дээ гэж хэлж байсан. Тэгэхэд тэр ********** гэх хүн битгий худлаа яриад бай, хүний юм өгөхгүй идэж уулаа гээд гуйлгачин минь гэж хэл доромжлоод цохиж алгадсан, цээж рүү түлхсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...намайг 2-3 удаа гараараа нүүр рүү алгадаж, цээж рүү гараараа нэг удаа түлхсэн...Одоо миний цээжин хэсэгт өвчтэй байгаа. Надаас уучлалт гуйчихвал ямар нэгэн гомдол санал байхгүй...Би тэр утсыг ерөөсөө аваагүй. ********** лангуун дээр байсан утсаа өөрөө аваад халаасандаа хийсэн...Би **********гийн биед халдаж цохисон зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27, 30, 87-р хуудас),

Хохирогч Н.Гийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...А.********** миний хүүхдээс ялгаа байхгүй. Арай дэндүү нэрийг минь гутааж байна. Би утас хулгай хийх дээрээ тулаагүй, би төр түмний буянд муу ч гэсэн гахай, тахианы газартай. Хэрэгцээний ногоогоо тариад илүүг нь хүнд өгөөд болдог. Би төр түмэндээ нэртэй. Аймгийн аварга ногоочин. Дээрэмчин гэж нэрийг минь гутааж байна. Миний охиноос ялгаа байхгүй. Намайг арай муухай хэлж байна. Би сэтгэл санаагаар хохирч байна. Би өөрөө шөнө нойр хүрэхгүй өдөр бөөн бодол сэтгэл санаагаар хохирсон. Өвчин намдаах эмээр өдөр, шөнийг өнгөрөөж явж байна. Тухайн өдөр би ороод падан гаргаад ирэхээр нь хоёрыг нь өгөөгүй. Нэгнийг нь өгөөд явуулсан гэсэн. Та битгий худлаа яриад бай гэсэн. Нөгөө охин нь бас өгөөгүй гэсэн. Тэгтэл ачигч нь орж ирээд чи мөнгийг нь яасан юм бэ? гэж асуухад би энэ охинд мөнгийг нь авчраад өгсөн гэсэн. Үүнээс болж  маргаан үүссэн. Би өгөөгүй нэг тооцоо байгаа үүнийгээ өгье гэж хэлсэн. Би цүнхээ уудлах гэхэд миний цүнхийг суга татаж булаагаад байхаар нь би өгөхгүй гэсэн. Намайг энэ тал руу харахаар энэ тал руу алгадаад, энэ тал руу харахаар энэ тал руу алгадсан. Цүнхний оосор тасраад атгасан байхад дүүгээ гарыг нь барь гэж бариулсан. Миний 320,000 төгрөг байсан. 320,000 төгрөгийг минь булааж аваад цүнхийг минь ар руугаа шидсэн. Чи миний утсыг өгчих гэсэн өгөөгүй. Тэгээд утсаараа яриул гэсэн утсаа аваад халаасандаа хийсэн...Намайг цээж рүү 2, 3 цохихоор нь би А.********** өвдөөд байна шүү дээ, би үхлээ гэхэд  тоож байгаа шинж байхгүй байсан. 3 удаа цохисон. Цээж өвдөөд үхлээ шүү дээ гээд байхад тоохгүй байсан. Тухайн үедээ өвдөөд байсан тоогоогүй...мах нь тасарсан юм уу, зулгарсан байсан. Хотод очоод 6 өдөр эмнэлэгт хэвтсэн. Тэгээд эмчилгээ хийлгэж байгаад хагалгаад орох заалттай ирсэн...Унасан байхад цээж рүү хоёр, гурав цохисон...Намайг лангууны хажуу талд ногоон дээрээ цохиж унагаасан.... Сэтгэл, санааны хямрал юунаас ч илүү байна. Байнга зүрх өвдөж байна...Эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэр сүр гэдэг хүнээс мөнгө авснаас илүү. Нэр төрөө сэргээлгэмээр байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.Зийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тооцоо хийхээр ирээд надад  200,000 төгрөг өгсөн. Энэ чинь хүрэхгүй дахиад 100,000-д төгрөг өгөх ёстой. Та падаанаа хар гээд өгтөл ********** гэх хүн падааныг маань хараагүй шууд базаад над руу шидсэн. Тэгээд өгсөн 200,000 төгрөгөө буцааж авъя гээд байхаар нь би өгөхгүй та нэмээд 100,000 төгрөг өгнө шүү дээ гэж хэлтэл миний ширээн дээр байсан утсыг аваад гүйгээд гарсан. Тэгээд би араас нь гараад утсаа авч дийлэхгүй байсан болохоор дүүгээ дуудаад гараас нь барьж бай гээд бид хоёр нийлж байгаад утсаа авсан...Лангуун ард намайг сууж байхад хүрч ирээд намайг зодоод маажаад байхаар нь би өөрийгөө хамгаалж түлхсэн. Цааш түлхэхэд лангууны араар унасан...Би өөрөө хохирсон мөртлөө хэрэгтэн болж байгаадаа маш их гомдолтой байна...Би шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 62-63, 66-р хуудас),

Шүүгдэгч А.Зийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би ногооны тасагт 4, 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ хүн удаа дараа надаас залилан хийдэг. Ногооны мөнгөө өгдөггүй байсан. 7 хоног гадагш явсан хойгуур манай дүүгээс зээл авсан байсан. Энэ хоёрын тооцоог хийгээгүй байна гэхэд шууд хийсэн гээд падан шидсэн. Энэ ойролцоогоор 200,000 гаруй төгрөг байна гэхэд надад 200,000 төгрөг өгөөд бид тэр мөнгийг аваад байж байсан чинь өгөхгүй байсан ч яадаг гэж гээд буцаагаад мөнгөө булаацалдсан. Мөнгийг нь аваад кармандаа хийгээд байж байхад өгөөч луйварчин минь, чи угаасаа ингэж хүн луйварддаг биз дээ гээд гадагш энэ миний 300,000 төгрөгийг луйвардчихлаа гэсэн. Миний надад өгсөн мөнгийг нь тоолоод үзэхэд 200,000 төгрөг байсан. Энэ миний бүх мөнгийг луйвардчихлаа гэсэн. Тэгээд надтай цүнхээр зодолдоод байж байгаад ширээн дээр байсан утсыг шүүрч аваад гарсан...Гадаа утсаа булаацалдаад дийлэхгүй байсан учир би дүүгээ дуудсан. Би энэ хүний гараас утсаа авч дийлэхгүй байна. Дэлгүүр рүү авч орж байгаад утсаа авъя, лизингээр авсан үнэтэй утас гэсэн. Дэлгүүртээ оруулж байгаад гараас нь утсаа салгаж авсан. Би зүгээр сууж байгаад зодуулсан. Намайг маажаад, цохиод зөндөө зодуулсныхаа дараа одоо болно, та яасан их хүн зоддог юм гэж би түлхсэн. Би биеэ хамгаалж түлхэхэд хойшоо савж унаад гэж байна. Савж унаагүй. Төмс тээглээд төмс дээр унасан. Намайг өшиглөөд үргэлжлүүлж зодсоор байсан. Би эхлээд мэдүүлэг өгсөн бол өнөөдөр би энд биш Н.Г энд зогсож байх байсан. н.О гэдэг байцаагч гар хөхөрсөн байсныг харсан. Та ч гэсэн шүүх эмнэлэгт хандаж болно гэсэн. Надад үнэхээр тийм зав байхгүй гэж хэлсэн. Миний нүүрийг маажсан байсан. Та наад зургаа авч угаалгаж, шүүх шинжилгээгээр явж болно гэж хэлсэн. Энэ хүртэл би явна гэж бодоогүй...Шүүх шинжилгээгээр явахад ажлын хажуугаар төвөгтэй юм болов уу гэж бодсон. Би шүүх шинжилгээнд хандаагүй учир өнөөдөр хохирогч болж шийтгүүлэх гээд зогсож байгаадаа гомдолтой байна....Би түлхсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би гэмтэл учруултал түлхээгүй. Өөрөө намайг түлхэхийг хүлээж байсан юм шиг түлхэнгүүт ёо ёо гээд цээжээ нүдээд зодоод миний цээжийг дэлбэ өшиглөлөө гэсэн. Гадаа хөлөө жийгээд суусан орилоод байсан...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хохирогч Н.Г нь мэндийн даатгалын сангаас 111,246 төгрөгийн тусламж үйлчилгээний гаргуулан авсан байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-р хуудас),

Гэрч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****** ногооны дэлгүүрт ажилдаа 10 цагийн үед очсон. Би уг дэлгүүрт ногоо савлагч хийдэг тул ногоогоо савлаад байж байсан. 13 цагийн орчим манай дэлгүүрээс зээл авсан   ********** гэх хүн зээл авсан ногооныхоо тооцоог хийхээр орж ирээд манай дэлгүүрийн эзэн **********тай хэрүүл маргаан үүсгээд эхэлсэн. Тэр биед халдаж цохиогүй лангууныхаа ард сууж байхад 3 падааныг нь миний биш гээд урдаас нь шидээд, лангуу тойрч очоод зуураад цохиод авсан...Тэгтэл манай эзэн ********** болиоч гээд түлхсэн. Тухайн үед дэлгүүрт эзэн **********, түүний дүү Ц бид нар байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Гэрч О.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ***** сумын **** дугаар багт байрлах хойд хүнсний зах дээр ажлаа хийж байхад нэг танихгүй хүн “******” ногооны дэлгүүрийн гадаа очоод дэлгүүрийн эзэн ********** гэгчтэй маргалдаж байтал ********** гэгч дүүтэйгээ тэр хүнийг чирээд дэлгүүр рүүгээ орж байсан. Тэгээд маргалдаж орилж чарлалдаад байсан....Дэлгүүрийн гадаа гарч ирээд ********** цүнх, утсыг минь булааж аваад намайг зодлоо, цагдаа дуудна гээд сууж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас),

Шинжээч Х.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь хүний гар болон хувцсаар үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл нь түлхэх үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Гт 111,246 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 35-36-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 556 дугаартай:

1. Н.Гийн биед хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2438004030547 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.З нь Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **********т 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Н.Гтай маргалдаж биед хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас болон шүүх хуралдааны мэдүүлгийн явцад хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр А.З нь Н.Гийг зодож улмаар биед нь хөнгөн зэргийн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна...Иймд А.Зийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна....” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь бүрэн бус хийгдсэн. Тухайн цаг хугацаанд цээжин тус газар цохисны улмаас хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч нь хохирогчийн цээжинд цохисны улмаас савж төмс дээр унасан. Төмс дээр унасны улмаас нуруу тус газар маш их өвдөлт бий болсон. Энэ өвдөлтийн улмаас өвчин намдаах эм ууж явж байгаад 2025 оны 01 дүгээр сараас онош тодруулах шаардлага үүсэж Улаанбаатар хотод имеран зураг авхуулсан. Имеран зурагт нурааны L5, L4 гэх  нугалмууд дээр зөөлөн эдэд урагдал үүсэж гэмтэл учирсан байгааг гэдгийг оношоор тогтоосон. Зүйлчлэлийн хувьд А.Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал оруулж байна. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд зүйлчлэл тохироогүй, ял нь хөнгөдсөн гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол, хор уршиг, шинж чанар нь хоорондоо шалтгаант холбоотой. Энэ нөхцөл байдлыг шалгаж тогтоохгүйгээр энэ хэргийг эцэслэн шийдэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Хэлэлцүүлгийн явцад миний гартаа барьсан мөнгийг маань гараас минь салгаад мөнгийг булааж авсан гэж байна. Энэ нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа. Бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэж дээрэмдэж аваад байна. Хохирогчийн тайлбараар 320,000 төгрөгийг түүний гараас булаан авч дээрэмдэж, хүч хэрэглэж зодож, цохиж дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэргийн үндсэн шинж өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, хохирогч Н.Гийн биед бий болоод байгаа гэмтэл нь түлхэж унахад бий болоод байгаа юм уу, насжилт буюу өндөр насны улмаас үүсэж бий болоод байгаа юм уу гэдгийг хангалттай нотлон тогтоож  оруулж ирэх хэрэгцээ шаардлага үүсэж байна. Иймд хохирогч Н.Гийн нуруунд үүсэж байгаа гэмтэл онош, дүгнэлтээр үүсгэгдээд байгаа нурааны урагдал бүхий гэмтэл нь цээжинд үүсгэгдсэн гэмтлийн улмаас үүсээд байгаа юм уу гэдэг дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоног хойшлуулж өгөөч гэсэн саналтай байна....” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “....Гэм буруу дээр маргаж байгаа. Цагаатгуулах байх суурьтай байгаа. 2015 онд батлагдсан Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол баримтлал нь нотол, нотолж чадахгүй бол цагаатга гэдэг зарчим байдаг. Хэргийн бодит байдлыг тогтоох нотлох баримт бүрдүүлэх үүргээ мөрдөгч, прокурор хангалтгүй биелүүлсэн. Үүнээс шалтгаалаад маш олон эргэлзээтэй асуудал орж ирж байгаа учир бид нар маргаж, мэтгэлцэж байна. Шинжээчийн дүгнэлт ойлгомжгүй улмаас учирсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ ямар бэ гэдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал тодорхойгүй байна...Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, өнөөдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, биед учирсан гэмтлийн талаар хоорондоо зөрүүтэй яриад байна гэхээр ой санаж байхгүй гэж байна. Ой санамжгүй болсон юм бол яагаад мэдэж байгаа мэт яриад байгаа юм. Хүний эрх зүйн байдалд ийм байдлаар халдаж болохгүй. Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалж аргагүй хамгаалалт хийсэн...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн байх тул А.Зт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Эрх зүйн дүгнэлт:

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 556 дугаартай дүгнэлтээр хохирогч Н.Гийн биед учирсан гэмтэл нь “хөнгөн” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй

байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотолсон байна.  

Тодруулбал шүүгдэгч А.З нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Н.Гтай хамт байсан ба түүний цээж рүү нь түлхэж унагасан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Н.Гийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч А.Зийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Зийг Хөвсгөл аймгийн ***** сумын **** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах **********т 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Гтай маргалдаж, улмаар эрүүл мэндэд хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирч байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршгийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Зийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг болон түүний өмгөөлөгчийн “...Миний үйлчлүүлэгч өөрийгөө хамгаалж халдаж байгаа этгээдийн эсрэг түлхэж аргагүй хамгаалалт хийсэн...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж А.Зт холбогдох хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь гэрч Ч.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатан өгсөн: “...Тэгтэл манай эзэн ********** болиоч гээд түлхсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-44-р хуудас),

Гэрч О.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ***** сумын **** дугаар багт байрлах хойд хүнсний зах дээр ажлаа хийж байхад нэг танихгүй хүн “******” ногооны дэлгүүрийн гадаа очоод дэлгүүрийн эзэн ********** гэгчтэй маргалдаж байтал ********** гэгч дүүтэйгээ тэр хүнийг чирээд дэлгүүр рүүгээ орж байсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 90-91-р хуудас),

Шинжээч Х.Өгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байсан. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь хүний гар болон хувцсаар үүсгэгдэх боломжтой. Тухайн гэмтэл нь түлхэх үед үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг (хх-ийн 55-р хуудас),

Хохирогч Н.Гийн мөрдөн шалган шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Тэгэхэд тэр ********** гэх хүн битгий худлаа яриад бай, хүний юм өгөхгүй идэж уулаа гээд гуйлгачин минь гэж хэл амаар доромжлоод цохиж алгадсан, цээж рүү түлхсэн...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч А.Зийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Та яасан их хүн зоддог юм гэж би түлхсэн. Би цээж рүү нь түлхсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Н.Гт 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 111,246 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 36-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгчийн би Н.Гт хохирол учруулаагүй гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байгаа болно.

Дээр дурдагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.З нь Н.Гийн цээж рүү түлхсэн гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байх ба тухайн цээж рүү түлхсэн үйлдлийн улмаас Н.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “Өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй юм.

Өөрийн буруутай хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч довтлогч этгээдийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, халдлага ирүүлэх суурь нөхцөл шалтгааныг бий болгож, улмаар довтолгоо ирүүлэхэд хариу үйлдэл хийснийг хуурамч хамгаалалт гэх бөгөөд аргагүй хамгаалалтад үл тооцдог.

Тодруулбал шүүгдэгч А.З, хохирогч Н.Г нар нь ногооны төлбөр тооцооны улмаас харилцан маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтлох явцад шүүгдэгч А.З нь хохирогч Н.Гийн цээж хэсэг рүү нь түлхсэний улмаас түүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл тогтоогдсон ба шүүгдэгчийн уг үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хохирогчийн өмгөөлөгчийн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байгаа...хохирогч Н.Гийн нуруунд үүсэж байгаа гэмтэл нь цээжинд үүсгэгдсэн гэмтлийн улмаас үүсээд байгаа юм уу гэдэг дээр шинжээч томилж дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү...”  гэх санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэргийн хувьд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй үйлдлийг хамааруулдаг.

          Шүүгдэгч А.Зийн зээлсэн ногооны мөнгийг хохирогч Н.Гаас авсан үйлдэлд дээрэмдэх гэмт хэргийн дээр дурдагдсан шинж тогтоогдохгүй байна.

Тодруулбал шүүгдэгч нь хохирогчоос тухайн зээлсэн ногооны мөнгийг авахдаа түүний мөнгө, эд хөрөнгийг дээрэмдэж авна гэсэн санаа, зорилго, сэдэлт огт байхгүй, хохирогчийн зүгээс өгсөн мөнгийг аваад тооцоо дутуу байна гэхэд хохирогч өгсөн мөнгөө буцааж авах явцад шүүгдэгч, хохирогч нар тухайн мөнгийг булаацалдсан үйлдэлд ямар нэгэн гэмт хэргийн шинж байхгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Мөн шүүгдэгч А.Зийн хохирогч Н.Гийн цээж рүү түлхсэн үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас)-ээр тогтоогдсон уг дүгнэлтийг гаргасан шинжээчид хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогчийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулах тухай санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч, шүүгдэгч нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч, холбогдогчоор өгсөн мэдүүлэг (хх-ийн 10-18-р хуудас)-үүд, Э.Ц, Ч.Д нарын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-22-р хуудас)-үүдийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж авсан байх тул нотлох баримтаар тооцож, үнэлээгүй болно.

Мөн гэмт хэрэгт сэжиглэх илт үндэслэл буй бол хүнийг гэрчээр байцааж болохгүй ба гэрчийг байцааж байх үед мэдүүлгээс тийм үндэслэл илэрсэн даруйд байцаалтыг зогсоох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг танилцуулан зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хувийн байдлыг тогтоох, мэдүүлэг авах ажиллагааг явуулах байтал шүүгдэгч А.Зээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан байх тул шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас)-ийг нотлох баримтаар тооцоогүй болохыг дурдлаа.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний...эрүүл мэндэд...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч А.З нь хохирогч Н.Гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь  Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 556 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-50-р хуудас)-ээр тогтоогдсон.

Хохирогч Н.Г нь эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, нэр төр, сэтгэл санаанд учирсан хохирлоо нэхэмжилж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар 2 ширхэг (хх-ийн 149-р хуудас) авагдсан ба хохирогч Н.Г нь Улаанбаатар хот орж Бриллиант эмнэлэгт бүсэлхий нурууны соронзон резлнанс томографи хийлгэх зорилгоор явсан нийтийн тээврийн тасалбар болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг болон Бриллиант эмнэлгийн дүгнэлт (хх-ийн 151-р хуудас)-ээр тус тус тогтоогдож байх тул уг баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцох боломжгүй гэж үзлээ.

Учир нь хохирогч Н.Гийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан. Хохирогч Н.Г нь Бриллиант эмнэлэгт бүсэлхий нурууны соронзон резлнанс томографи хийлгэхээр явахад гарсан замын зардал тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд оруулан тооцоогүй болно.

 Хохирогч Н.Гийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, нэр төр, сэтгэл санаанд учирсан хохирол нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирлыг хэлэлцэхгүй орхиж, эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, нэр төр, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүдэгч А.Зээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан.

Хохирогч Н.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 111,246 төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хх-ийн 36-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгч А.Зээс 111,246 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулах нь зүйтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийн хамт дээд шүүхэд гомдлоо гаргаад явна...” гэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Цагдаагийн Ерөнхий газрын захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (хх-ийн 68-75-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч А.З нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Зийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан  3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2438004030547 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгч А.З нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Агийн Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Агийн Зийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Зт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч А.З нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч А.Зээс 111,246 (нэг зуун арван нэгэн мянга хоёр зуун дөчин зургаа) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай. 

6. Эрүүгийн 2438004030547 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Г нь  эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, нэр төр, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч А.Зээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР