| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2018/00829/И/Т |
| Дугаар | 156/ШШ2019/00201 |
| Огноо | 2019-05-07 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2019/00201
| 2019 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 156/ШШ2019/00201 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00053/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .........................оршин суух, О. Б. /РД:................../,
Хариуцагч: .................. оршин суух, Н. Б./РД:...................../,
Хариуцагч: ........... оршин суух, Б.Г /РД:........./,
Хариуцагч: Т.У,
Хариуцагч: Д.Ш,
Хариуцагч: А.А,
Хариуцагч: Ц.Х нарт холбогдох,
Хэнтий аймаг Дэргэрхаан сум Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгаас гэр бүл, мал сүргийн хамт албадан нүүлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э,
хариуцагч Ц.Х,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газрын тухай хуулийн 18.1.2, 56 дугаар зүйл, Монгол улсын Засгийн газрын 188 дугаар тогтоолоор Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны газар нутгийн зарим хэсгийг аймаг дундын отрын бэлчээрийн зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч цэсийг баталсан. Энэхүү улсын тусгай хэрэгцээнд авсан газрын ашиглалт хамгаалалтыг Монгол улсын Засгийн газрын 2007 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 187 дугаар тогтоолоор батлагдсан. Аймаг дундын отрын бүс нутгийг нийтлэг журмаар зохицуулна гэж заасан уг журмын 3.5-д зааснаар отрын бэлчээрийг ашиглах хугацаа нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хугацаанд ашиглах зориулттай. Гэтэл О.Б, Б.Г, Ц.Х, Н.Б, Д.Ш, Т.У, А.А нарыг Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутгаас гэр бүл, эд хөрөнгө, мал сүргийн хамт албадан нүүлгэж газрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би отрын бэлчээрийг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор чөлөөлж мал сүргээ аваад нүүнэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Ц.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би энэ нутаг амьдраад 7 жил болж байна. Нүүгээд Цэнхэрмандал, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт очиж буух гэхээр гэрээ барьж амжаагүй байхад л нутгийнхан ирж буу шийдэм болж хөөдөг, мал ахуйг маань өдөр шөнөгүй хөөдөг. Ингээд бид нар отрын бүсээс нүүхээр ийм хор уршигтай болдог гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа нь О.Б, Б.Г, Б.А, Ц.Х, Н.Б, Д.Ш, А.А, Т.У нарт холбогдуулан Хэнтий аймаг Дэргэрхаан сум Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгаас гэр бүл, мал сүргийн хамт албадан нүүлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Б, Б.Г, Н.Б, Д.Ш, Т.У, А.А нарт шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-д заасныг баримтлан хариуцагч О.Б, Б.Г, Б.А, Ц.Х, Н.Б, Д.Ш, А.А, Т.У нарыг мал сүргийн хамт Хэнтий аймаг Дэргэрхаан сум Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгаас албадан нүүлгэсүгэй.
2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад, хариуцагч нараас тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ