Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 57

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Бямбадоржийн Ганхуягт холбогдох 201703000118 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 40-05 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Монгол овогт Бямбадоржийн Ганхуяг /РД:АН86030211/ 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Олон нүүр” гэх газарт мод бэлтгэн хөрөөдөж байхдаа хохирогч Ж.Батсайханы дээрээс хөрөөдсөн мод унаган түүний бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Б.Ганхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 27-ны өдөр модонд явсан. Тухайн үед их салхитай байсан учраас миний хөрөөдсөн мод миний бодож байсан зүгээс өөр зүг рүү унасан. Тэр зүг рүү нь харахад Ж.Батсайхан, Э.Түмэндэмбэрэл хоёр харагдахаар нь мод унаж байна гэж анхааруулж орилсон. Тэгээд Ж.Батсайхан хөл алдаад газар унаж тухайн модонд цохиулсан. Би санамсар болгоомжгүй үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэв.  

* Эрүүгийн 201703000118 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч Ж.Батсайханы өгсөн: 

“...Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдар Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газар руу Ганхуяг, Баянмөнх, Дэмбээ нартай хамт модонд явсан. Би Дэмбээтэй хамт Ганхуягийн хөрөөдөж унагаасан модыг цагаалж байсан юм. Харин Баянмөнх нь Дэмбээ бид хоёрын цагаалсан модыг автомашин руу зөөж байсан. Тэгээд 17-18 цагийн орчимд мод цагаалах гээд Дэмбээтэй хамт явж байтал Ганхуяг холдоорой гээд араас орилсон. Эргээд хартал Ганхуягийн унагааж байсан мод миний дээрээс чиглээд унаж байсан ба гүйгээд холдохын завдалгүй модны нарийн үзүүр нь миний толгойны ар хэсэг рүү цохисон. Холдох гээд гүйх гэтэл цасан дээр бага зэрэг халтирсан. Тэгээд модонд цохиулаад ухаан алдсан. Юу болсон талаар угаасаа мэдэхгүй байна. Ганхуягийг холдоорой гээд орилхоор нь эргээд харахад Ганхуягийн унагааж байсан мод бүтнээрээ миний дээрээс унаж байсан ба эргэж хараад холдохын завдалгүй намайг цохисон. Тухайн модны үзүүр болон мөчир хугарч ойгоод намайг цохисон асуудал байхгүй. Харин уг модны үзүүр намайг цохисныхоо дараа хугарсан байж магадгүй. Уг мод маш хурдтай бүтнээрээ унаж байсан. Бүх зүйл нүд ирмэхийн зуур болсон. Бид нар архи дарс уугаагүй. Би гомдолтой байна. Цаашид эмчилгээнийхээ зардлыг Ганхуягаас нэхэмжилнэ. Тухайн үед үе үе салхилж байсан. Нартай өдөр байсан. 

 Би Ганхуягийг танина түүнтэй нэг байгууллагад ажилладаг учраас сайн мэднэ. Бид хоёр их ойр дотно байдаг. Би дээрх өдрүүдэд зураг авахуулсан ба 2017 оны 02 дугшаар сарын 20-ны өдөр рентген зураг 1 ширхэг, 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг рентген зургийг авахуулсан. Дээрх зурагнуудаас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн авахуулсан 1 ширхэг рентген зургийг Улаанбаатар хотод явж байгаад хаясан байна лээ. Буцаад гэмтэл согог судлалын төвөөс авах гэтэл манай байгууллага хүний рентген зургийг хадгалдаггүй ба зурагны хувь үлдээгүй гэж байсан. Би одоо 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зургийг мөрдөн байцаалтанд гаргаж өгнө. Би Ганхуягаас хохирол мөнгө төгрөгөө авсан ба одоо түүнээс ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авахгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Ганхуяг намайг ямар ч хохиролгүй болгосон. Би сайн эмчилгээ хийлгэсний үр дүнд бие маань одоо сайжирч байгаа. Удахгүй ажилдаа орно...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 20-21 дүгээр тал/

* Гэрч Т.Баянмөнхийн өгсөн: 

“...Би дээрх хоёр хүнийг танина. Батсайхантай бол хэрэг болох өдөр танилцсан. Ганхуягийг урьд өмнө таньдаг байсан ба түүнтэй хамт модонд явдаг байсан. Батсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн орчмид Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газар модонд явж байгаад Ганхуягийн хөрөөдөж унагаж байсан модны үзүүрт цохигдож биедээ гэмтэл авсан. Тухайн өдөр Ганхуяг, Дэмбээ, Батсайхан бид дөрөв модонд явсан. Ганхуяг цахилгаан хөрөөгөөр мод унагаад, түүний унагаасан модыг Батсайхан, Дэмбээ хоёр цагаалаад би тухайн цагаалсан моднуудыг нь машин дээрээ, аваачиж байсан. Гэтэл Ганхуяг холдоорой гэж орилж байх шиг байсан ба удалгүй модонд Батсайханыг цохиулчихлаа гэхээр нь өгсөөд гүйгээд очтол Батсайханыг цохисон мод нь бүхлээрээ байсан ба үзүүр нь бага зэрэг хугарчихсан байсан. Батсайханыг цохиод хугарсан байх. Батсайхан бол ухаан алдчихсан, их л сонин болчихсон байсан. Би Батсайханыг модонд ямар байдлаар яаж цохиулсныг мэдэхгүй байна. Тухайн үйл явдлыг Ганхуяг, Дэмбээ, Батсайхан нар сайн мэдэж байгаа. Би бол нилээн зайтай байсан. Тэгээд л түргэн дуудчихаад автомашиндаа Батсайханыг өргөж суулгаад уулын модноос буугаад Улаан хадны даваа даваад Сангийн толгойн гүүр орох гэж явтал түргэний автомашин ирээд түүнийг аваад явсан. Тухайн үед нартай, цэлмэг, бага зэргийн сэвэлзүүр салхитай байсан. Цус бол ихтэй байсан. Батсайхан, Ганхуяг нар нэг байгууллагад хамт ажилладаг гэсэн. Хоорондоо их сайн харилцаатай юм шиг санагдсан. Бид нар хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн зүйл байхгүй. Батсайхантай хэрүүл маргаан, зодоон цохион хийсэн хүн байхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн угаасаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/

* Гэрч Ж.Нэргүйгийн өгсөн: 

“...Ганхуяг нь 2013 онд манай “Гурван тамир” ХХК-д мужаанаар ажилд орсон ба 3 жил мужааны ажлаа хийж байгаад 2016 оноос эхлэн краны жолооч болсон. Ганхуяг бол манай байгууллагын сайн ажилчдын нэг байгаа юм. Ганхуяг төлөв даруу, хүмүүстэй эвтэй, найртай харилцдаг, байгууллагадаа нэр хүнд сайтай хүн. Архи дарсыг хэрэглээд байдаггүй. Үнэнч шударга, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг сайн ажилчин. Ганхуягийн ар гэрийн амьдралыг сайн мэдэхгүй байна. Батсайхан нь 2013 оноос эхлэн манай байгууллагад өрлөгчинөөр ажилд орсон. Одоогоор эрүүл мэндийн шалтгааны улмаас ажиллахгүй байна. Өөрийнхөө ажилд маш сайн ба манай байгууллагын зүгээс зохион явуулдаг ажил мэргэжилийн тэмцээнд түрүүлдэг хүн байгаа юм. Зан аашийн хувьд гэвэл төлөв даруу хүмүүстэй хэрүүл маргаан, зодоон цохион хийгээд байдаггүй. Архи дарс ууж байгаагүй. Ямар ч байсан би л архи дарс уусан байхыг нь мэдэхгүй байна. Батсайханы ар гэрийн амьдрал бол сайнгүй ба байгууллагын зүгээс байнга л тусалж дэмждэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/

* Гэрч Ц.Энхжаргалын өгсөн: 

“...би Батсайханы эхнэр нь бөгөөд түүнтэй гэр бүлийн харилцаа холбоотой. Харин Ганхуягийг бол Батсайхантай нэг байгууллагад хамт ажилладаг гэдгээр нь танина. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газар руу Ганхуяг, Дэмбээ, Баянмөнх нарын хамтаар модонд явсан. Тэгээд л оройноо ирэхдээ ухаан алдчихсан ирсэн. Би Ганхуягаас юу болсон талаар асуухад модонд толгойныхоо дагз ар нуруу хэсгээрээ цохиулсан гэж байсан. Тухайн үед Ганхуяг мод унагаж байсан гэсэн. Манай нөхөр Батсайхан нь Ганхуягийн хөрөөдөж унагаасан модыг Дэмбээ гэгчтэй хамтран цагаалж явсан гэсэн. Харин Баянмөнх нь Батсайхан, Дэмбээ нарын цагаалсан модыг машин руугаа зөөж байсан гэсэн. Би бол нарийн сайн мэдэхгүй байна. Батсайханыг ухаан орох үед нь юу болсон талаар асуухад мөн дээрх зүйлсийг ярьж байсан. Ганхуяг Батсайхан нар ярихдаа уг мод нь бүхэлдээ Батсайханы дээрээс цохисон гэсэн. Гэхдээ үзүүл хэсгээрээ цохисон гэсэн. Тэгээд Батсайханыг цохисны дараа нь модны үзүүр нь хугарсан гээд байсан. Энэ талаар Батсайхан, Ганхуяг нар өөрсдөө сайн мэдэж байгаа. Тиймээс өөрсдөө мэдүүлэх байх. Батсайхан, Ганхуяг нар нь хоорондоо сайн харилцаа холбоотой бие биенийгээ сайн мэддэг бөгөөд “Гурван тамир” ХХК-д хамт ажилладаг хүмүүс байгаа юм. Ганхуяг бол зан ааш сайтай хүн. Ганхуяг, Батсайхан нарын хооронд өр авлага, өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй. Манай нөхөр Батсайхан 1971 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд Жамъяансүрэн гэдэг айлын 4 дэх хүүхэд болон мэндэлсэн. Одоогоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Арслан цохионы 13-13 тоотод эхнэр, 4 хүүхдийнхээ хамт амьдарч байгаа. Манай нөхөр Батсайхан нь урд өмнө нь ямар нэгэн байдлаар гэмтэж бэртэж байгаагүй. Архаг хууч өвчин байхгүй. Хэрэг болохын өмнө зүгээр байсан. Угаасаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө гарахдаа бие нь зүгээр гарсан. Урьд өмнө нь бие өвдлөө гэж ярьж байгаагүй. Бие их сайтай хүн байсан. Батсайханы биеийн байдал нь сайжирч байгаа. Шаардлагатай эмчилгээнүүдийг эмчийн зааврын дагуу хийлгэж байгаа. Гэхдээ түүний биеийн байдал яг хэвийн биш байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар тал/

* Гэрч Э.Түмэндэмбэрэлийн өгсөн: 

“...би Батсайханыг сайн танихгүй. Ганц нэг удаа л модонд хамт явсан. Харин Ганхуягтай төрөл садангийн харилцаа холбоотой. Манай аавын төрсөн дүүгийн хүүхэд нь байгаа юм. Батсайхан нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх нэртэй газар Ганхуягийн хөрөөдөж байсан моднод цохиулж биедээ гэмтэл авсан. Тухайн үед Ганхуяг, Баянмөнх, Батсайхан бид дөрөв хамт модонд явсан. Ганхуяг цахилгаан хөрөөгөөр мод унагаад, Батсайхан бид хоёр Ганхуягийн хөрөөдөж байсан модыг цагаалаад бид хоёрын цагаалсан модыг Баянмөнх автомашин руу чирж зөөж байсан. Тэгээд 17-18 цагийн үед Батсайхан бид хоёр мод чирж буулгачихаад буцаад алхаж явтал араас Ганхуягийн унагаж байсан мод унаад Батсайханы толгойны ар хэсэг рүү нь цохичих шиг болсон. Уг нь Ганхуяг араас холдоорой гэж орилсон. Тухайн үед салхигтай байсан. Холдож амжаагүй л цохиулсан. Уг мод нь бүхлээрээ ирж цохиод түүнийг цохисны дараа үзүүр нь хугарсан. Тэгээд л Батсайхан ухаан алдсан. Ухаан санаа нь орж гараад дэмийрээд бйах шиг байсан. Тэгээд эмнэлгийн байгууллагад мэдэгдээд түүнийг машиндаа оруулаад уулнаас буугаад Архангай аймгийн төв рүү ирж явтал урдаас түргэний автомашин ирсэн. Тэгээд түүнийг түргэн тусламж аваад явсан. Хөл алдаж унасан эсэхийг нь бол хараагүй. Эргээд харахад мод унаж байсан ба би холдож амжсан. Уг мод унах үедээ өөр мод шүргээд Батсайханы дээрээс унасан. Мод нь Ганхуягийн унагах гэсэн зүг рүү унаагүй байх. Салхитай байсан учраас салхинд туугдаж унаад Батсайханыг цохисон байх. Түүнээс Ганхуяг санаатайгаар Батсайханы дээрээс мод унагаагүй. Ганхуягийг холдоорой гэж орилох үед нь эргээд харахад мод дээрээс бүхлээрээ унаж байсан ба би холдож амжсан. Харин Батсайханыг уг мод цохиод үзүүр нь хугарсан. Бид нарын дунд хэрүүл маргаан, зодоон цохион болсон асуудал байхгүй. Хэн ч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ганхуяг Батсайхан нар хоорондоо ойр дотно харилцаа холбоотой. Нэг байгууллагад ажилладаг. Их л ойр дотно байцгаадаг юм шиг санагдсан. Ганхуяг нь ажилсаг хөдөлмөрч, хүмүүстэй нийтэч нэр хүнд сайтай залуу байгаа юм. Одоо Ганхуяг нь эхнэр 2 хүүхдийнхээ хамтаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40-05 тоотод оршин суудаг. Одоогоор Гурван тамир ХХК-д ажиллаж байгаа. Архи дарс уугаад байдаггүй. Миний бодлоор их сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

* Гэрч Л.Мөнхцэцэгийн өгсөн: 

“...Би дээрх хүмүүсийг танина. Ганхуягтай гэр бүлийн харилцаа холбоотой. Батсайхан бол манай нөхрийн ажлын хүн учраас сайн танина. Би энэ талаар мэднэ. Манай нөхөр 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газар руу модонд Батсайхан, Дэмбээ, Баянмөнх гэх хүмүүстэй явсан. Тэгээд тухайн газраа 17-18 цагийн орчимд мод хөрөөдөж унагаж байгаад хөрөөдсөн мод нь унах ёстой газар руугаа уналгүй өөр тийш унасны улмаас хамт явсан Батсайханыг уг модны үзүүр хэсэг нь цохиж гэмтээсэн гэсэн. Би тухайн үед хэргийн газарт байгаагүй учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Дээрх мэдээллийг надад Ганхуяг өөрөө хэлсэн. Ганхуяг, Батсайхан нар хоорондоо төрөл садангийн харилцаагүй. Гэхдээ ойр дотно харилцаа холбоотой. Гурван тамир ХХК-д хамт ажилладаг юм. Дээрх 2 хүний дунд өр авлага өс хонзонгийн харилцаа холбоо байхгүй. Манай нөхөр Ганхуяг нь Архангай аймгийн Цэцэрлэг суманд 1986 онд төрсөн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 40-05 тоотод эхнэр, 2 хүүхдийн хамтаар амьдардаг. Гурван Тамир ХХК-д кранчин хийдэг бөгөөд өвлийн цагт ажил нь зогсдог бөгөөд хувиараа бизнес хийдэг хүн юм. Зан аашийн хувьд гэвэл төлөв даруу хүнд тусархаг, элдэв муу зуршилгүй хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

* Сэжигтэн, яллагдагчаар Б.Ганхуягийн өгсөн: 

“...Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Олон нүүр гэх газар руу өөрийн эзэмшлийн автомашинтай Батсайхан, Түмэндэмбэрэл, Баянмөнх нарыг дагуулан модонд явсан. Тэгээд Олон нүүр гэх газар очоод би өөрөө мод унагааж тайрч байсан. Харин Түмэндэмбэрэл Батсайхан нар миний унагасан моднуудыг тайрч цагаалж байсан. Баянмөнх нь Түмэндэмбэрэл Батсайхан нарын цагаалсан моднуудыг машин руугаа зөөж байсан. Тэгээд 17-18 цагийн орчимд мод унагаж байтал миний унагаж байсан мод унах ёстой газар руугаа уналгүй өөр тийш унасан. Модны унаж байгаа зүг рүү хартал Батсайхан, Түмэндэмбэрэл нарыг явж байсан ба би араас нь холдоорой гээд анхааруулж орилтол Батсайхан хөл алдаж хальтарч унасан бөгөөд модны үзүүр Батсайханы толгойны ар хэсэг рүү нь цохисон. Тэгээд очтол Батсайхан ухаан алдсан, манарсан байдалтай байсан. Түүнийг цохисон модны үзүүр хэсэг нь хугарсан байдалтай байсан. Уг мод нь унахдаа нэг модыг цохиж шүргэсэн. Үүний улмаас модны үзүүр хэсэг дутуу хугарсан ба тэр чигээрээ очоод Батсайханыг цохисон. Тэгээд модны үзүүр нь хугарч салсан байсан. Тэгээд шууд түргэн тусламж дуудсан ба өөрийнхөө автомашинд Батсайханыг суулгаад Сангийн толгой гэх газар явж байтал түргэн тусламж ирээд Батсайханыг авч явсан юм. Ийм л зүйл болсон. Би Батсайханыг санаатайгаар модонд цохиулсан асуудал байхгүй. Маш хурдан хугацаанд л болоод өнгөрсөн. Тийм зүйл байхгүй. Өөр модтой шүргэлцэх үедээ үзүүр хугарсан ба салаагүй байхдаа Батсайханыг цохисон. Тэгээд л хугарсан үзүүр нь их биеэсээ салсан байх. Түүнээс ямар нэгэн байдлаар мод унахдаа өөр мод шүргэж үзүүр нь хугарч өөр тийш ойж очоод Батсайханыг цохисон асуудал байхгүй. Батсайхан, Түмэндэмбэрэл, Баянмөнх бид дөрөв л байсан. Өөр хүн байгаагүй. Баянмөнх бол Батсайханыг модонд цохиулах үед хажууд нь байгаагүй учраас хараагүй байх. Харин Түмэндэмбэрэл Батсайхантай хамт явж байсан учраас харсан байх боломжтой. Би болон бусад хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэрэг болох өдөр үе үе салхилж байсан. Би уг модыг унагах газраа харсан байсан ба ойр хавьд нь хүн байхгүй байсан. гэнэт л өөр тийш унасан. Миний бодлоор салхинд цохиулаад л өөр тийш унасан байх. Би уг нь өөр тийш унана гэж тооцоолоогүй байсан юм. Тийм зүйл байхгүй. Батсайхантай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өглөө уулзаад хамт явсан бөгөөд бие нь зүгээр байсан.

Би өөрийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Б.Эрдэнэцогтыг сонгон авсан. Өмгөөлөгчийн хамтаар байцаалт өгнө. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухаарч байна би хохирогч Батсайханы хохирлыг бүрэн барагдуулсан. Түүнтэй сайн дураараа эвлэрсэн. Мөн сэжигтнээр байцаалт өгөхдөө болсон асуудлын талаар дэлгэрэнгүй байцаалт өгсөн учраас одоо байцаалт өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49,52 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. Ж.Батсайханы биед гавал тархины битүү гэмтэл: дух, дагз яс, титэм заадас, суурь ясыг хамарсан нийлмэл хугарал, зүүн зулай, чамархай, дух, баруун дагз, чамархайн урд хонхорыг хамарсан тархины эд доторх цусан хураа, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, зулай хэсгийн хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр тал/

 

* Хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/

* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7 дугаар тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр тал/

* Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 392 тоот тодорхойлолт /хх-ийн 55 дугаар тал/

* Б.Ганхуягийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58-59 дүгээр тал/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн бичгийн нотлох баримт зэрэг болно.  

 

Прокурорын газраас шүүгдэгч Б.Ганхуягийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэж үзэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. 

Шүүгдэгч Б.Ганхуяг нь 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17-18 цагийн үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэр “Олон нүүр” гэх газарт мод бэлтгэн хөрөөдөж байхдаа хохирогч Ж.Батсайханы дээрээс хөрөөдсөн мод унаган түүний бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь: Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 156 тоот шинжээчийн дүгнэлт, хохирогч Ж.Батсайханы “...17-18 цагийн орчимд мод цагаалах гээд Дэмбээтэй хамт явж байтал Ганхуяг холдоорой гээд араас орилсон. Эргээд хартал Ганхуягийн унагааж байсан мод миний дээрээс чиглээд унаж байсан ба гүйгээд холдохын завдалгүй модны нарийн үзүүр нь миний толгойны ар хэсэг хүү цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Т.Баянмөнхийн “...Ганхуяг холдоорой гэж орилж байх шиг байсан ба удалгүй модонд Батсайханыг цохиулчихлаа гэхээр нь өгсөөд гүйгээд очтол Батсайханыг цохисон мод нь бүхлээрээ байсан ба үзүүр нь бага зэрэг хугарчихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Түмэндэмбэрэлийн “...17-18 цагийн үед Батсайхан бид хоёр мод чирж буулгачихаад буцаад алхаж явтал араас Ганхуягийн унагаж байсан мод унаад Батсайханы толгойны ар хэсэг рүү нь цохичих шиг болсон. Уг нь Ганхуяг араас холдоорой гэж орилсон...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Энхжаргал, Л.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, шүүгдэгч Ц.Ганхуягийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, шинжлэн судалсаны үндсэн дээр шүүгдэгч Б.Ганхуяг нь хохирогч Ж.Батсайханы бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ганхуягийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Ганхуяг нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 58-59 дүгээр тал/, хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/ зэргээр тогтоогдож байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Бямбадоржийн Ганхуягийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганхуягийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганхуягт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллах үүргийг Архангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж шүүгдэгч Б.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР