Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар    2021/ДШМ/254               

 

2021            3             16                                             2021/ДШМ/254                                                  

 

 

Г.Зд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Отгонбаатарын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 04 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Г.Зд холбогдох эрүүгийн 2009 00000 1375 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Г.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын автомашины зогсоол дээр иргэн Ө.А “шээс цэвэрлэ гэлээ” гэх зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор М.Отгонбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Зг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх...” гэж заасан нь тухайн шүүгдэгч, яллагдагчийн холбогдсон гэмт хэрэгт шүүх ял оногдуулахгүйгээр ялаас чөлөөлөх, эсхүл тэнсэж үүрэг хүлээлгэхээр хуульчилсан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй” гэж, 4 дэх заалтыг 3, 5 дахь заалтыг 4, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч А.Зд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.З нь 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хорооллын автомашины зогсоол дээр иргэн Ө.А “шээс цэвэрлэ гэлээ” гэснээс үүдэн маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ө.А “...манай нагац ахын машин руу үл таних эрэгтэй хүн шээгээд зогсож байхаар нь би “яагаад хүний машин руу шээж байгаа юм бэ, хажууд чинь хүүхдийн тоглоомын талбай байна шүү дээ, наад шээсээ арч” гэж хэлсэн чинь нэг эмэгтэй нь надад мөнгө өгчихье гичий минь наадахаа өөрөө цэвэрлэ гэж хэлэхээр нь би цагдаа дуудлаа гэж хэлээд утсаа авах гэсэн. Би утсаа үлдээсэн байсан учраас цонхоор орилоод утсаа авах гэсэн чинь намайг гар утас ч үгүй юм байж цагдаа дуудна гэнээ гэхээр нь байрны булан тойроод ирж байсан хүнийг утсаа өгч байгаач, цагдаа дуудах гэсэн юм гэж хэлтэл гар утас байхгүй гэж хэлээд надад утсаа өгөөгүй. Тухайн үед тэр хоёр хүн хамт явж байсан юм шиг байна лээ. Тэгээд би ахиад гэрийнхээ цонхоор дүүгээ дуудсан боловч цонх хаалттай байсан учраас тэд сонсоогүй. Тэгсэн манай ах Ө.Б гарч ирэхээр нь “энэ хүмүүс манай ахын машин руу шээгээд байхаар нь боль гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй юм гэж хэлсэн чинь цаанаас нэг эмэгтэй машин тойрч гүйж гарч ирээд миний хэвлий болон гуя руу өшиглөөд цүнхээрээ, гараараа миний толгой, толгойн ар хэсэг рүү цохиод байхаар нь би тэр эмэгтэйтэй зууралдаж байгаад арагшаа унахдаа тэр эмэгтэйн дотуур өмсөж байсан футболкоос нь барьсан байсан учраас урсан. ...Тэр үед манай ах гүйж ирээд биднийг салгасан. ...Тухайн үед надтай маргалдсан үл таних 30 орчим насны саарал өнгийн хүрэмтэй эмэгтэй миний хэвлий болон гуя руу өшиглөөд цүнхээрээ, гараараа миний толгой, толгойн ар хэсэг рүү цохиж зодсон. ...” /хх 32-34/,

гэрч Н.О “...Би гадаа гараад юу болсныг огт санахгүй байна, байрны гадна ил зогсоолд байсан Тоёота Приус 20 загварын машины дугуй руу шээсэн чинь машины эзэн гарч ирээд намайг “машин руу битгий шээгээд бай, шээсээ цэвэрлэ гэж хэлснээс болоод ангийн найз Г.З машины эзэн гэх эмэгтэйтэй маргалдаад зодолдсон гэж Г.З надад хэлсэн. ...” /хх 36-37/,

гэрч Ө.Бы “...манай дүү хүмүүстэй маргалдаад, үл таних эмэгтэй хүн манай дүүг өшиглөж унагаад баахан хүмүүс тойроод зогссон байхаар нь би дүүгээ хамгаалах гээд очоод эмэгтэйг түлхэж унагаасан чинь миний ардаас 3, 4 залуу ирээд намайг бариад дарсан. Бид хэсэг ноцолдоод, хэрэлдэж байтал нөгөө хүмүүсийн зарим нь алга болсон, удалгүй цагдаа нар ирээд бид салсан. ...” /хх 39-40/,

Г.Згийн яллагдагчаар өгсөн ...Отгонбатаас холдсон байх хооронд ил зогсоолд зогсож байсан Тоёота Приус 20 загварын машины зүүн хойд талын дугуй руу нь шээсэн байсан. Үүнийг нь би тухайн үед мэдээгүй, нэг мэдсэн үл таних эмэгтэй ирээд машин руу битгий шээгээд бай” гэж уурлаад байхаар нь би очоод өө яанаа машин руу чинь шээсэн үү, уучлаарай” гэж хэлсэн чинь надад хандан “наад шээсээ арч гэж хэлсэн. Тухайн үед би найзынхаа өмнөөс маш их олон удаа найзынхаа өмнөөс уучлалт гуйсан боловч тоолгүй намайг наад шээсээ арч, шээсээ арч гэж орилоод над руу тулаад ирэхээр нь бид хоёр маргалдаад барьцалдаж авсан. ...Би Ө.А гэх эмэгтэйг цохисон байх. ...би түүний хаана нь цохисноо санахгүй байна. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч Ө.Азжаргал гэх эмэгтэйгээс уучлалт гуйж байна. ...” /хх 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ө.Аын биед тархи доргилт, зүүн чамархайд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал, хоёр гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 10806 дугаартай дүгнэлт /хх 14-15/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 44-47/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Зг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Згийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан тухайн ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Прокурор М.Отгонбаатарын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлөхдөө тухайн зүйлд заасан ялыг оногдуулсны дараа тухайн ялаас нь чөлөөлөх нь хууль хэрэглээний хувьд зөв болно.

 

Өөрөөр хэлбэл, агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялуудаас /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ/ сонгон хэрэглэж, тухайн оногдуулсан ялаас нь чөлөөлөх нь илүү зохистой бөгөөд энэ нь илүү нарийвчилсан утгыг илэрхийлнэ.

 

Ял шийтгэл нь шүүгдэгчийн тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж байгаа учраас тэр гэмт хэрэгт нь ямар шийтгэл оногдуулахыг дүгнэх, дараа нь ялаас чөлөөлөх зэрэг асуудал нь тус тусдаа зохицуулалт юм.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний өрх толгойлсон эх, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд бусдын буруутай үйл хөдлөлөөс хэрүүл маргаанд татагдан орж, анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн зүгээс шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн байр суурь илэрхийлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Г.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/19 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор М.Отгонбаатарын бичсэн 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР  

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР