Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0522

 

 

 

Улаанбаатар хот \ъ

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК /РД:20*****/,

Хариуцагч: Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нарын хоорондын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М**********, хариуцагч Л.М******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1/. Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нарын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргаж байна.

2/. “Э*******” ХХК нь Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Зайсангийн ам нэртэй газарт 15.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 2012/77 дугаар гэрчилгээг 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Э*******” ХХК-д олгожээ.

Улмаар “Э*******” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон 26******** тоот хяналт шалгалт хийх томилолт, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны газрын төлбарийн ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26******** тоот томилолтын дагуу татварын хяналт шалгалт хийж 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтыг үндэслэн оногдуулсан шийтгэлийн 143 220 000 төгрөг, хохирлын 477 400 000 төгрөг, нөхөн төлбөрийн 95 480 000 төгрөг, нийт 716 100 000 төгрөгийг бэлнээр сайн дураар биелүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

Уг шийтгэлийн хуудсыг нэхэмжлэгч компани 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн аван, эс зөвшөөрч анх 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “Э*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ ...хуульд заасны дагуу ѳѳрийн нэр дээр Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байсан. Татварын тухай хууль болон Хан-уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Тусгай хамгаалалтын газартай хийсэн гурвалсан гэрээний дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлдөг байсан ба уг төлбөр нь гэрээнд заагдсанаар Хан-уул дүүргийн газрын албанд төлөгддөг юм.

Гэвч төрийн байгууллагын ажилтны үндэслэлгүй шийдвэрээр татварын өртэй байгууллагын тоонд орж, 2014-2016 онуудад газрын төлбөрөө тайлагнах, төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчилд 2019 онд торгуулах шийтгэл хүлээн, нийт 716,100,000 төгрөгийн төлбөр төлөх болсон талаараа 2021 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр хүлээн авснаар олж мэдлээ.

Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нар нь 2019 оны 6 сарын 18-ны өдөр 02***** дугаартай Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлдээ... Э******* ХХК-ийн 2014-2016 онуудад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нийт 477,400,000 төгрөгийг төлөөгүй зөрчил нь Газрын тухай хуулийн 9, 31-р зүйлийг зөрчсөн болох нь санхүүгийн баримт, нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцэл, албан татварын тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэргээр тогтоогдож байх тул холбогдогч "Э*******" ХХК-ийн гаргасан зөрчилд нотлох баримт бүрдүүлэх, шалган тодруулах шаардлагагүй, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэн явуулахгүйгээр 2014 онд 204,600,000,0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000,0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000,0 төгрөгийн торгууль, 40,920,000 төгрөгийн алданги ногдуулах 2015 онд 204,600,000,0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000,0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000,0 төгрөгийн торгууль, 40,920,000 төгрөгийн алданги ногдуулах 2016 онд 68,200,000,0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 68,200,000,0 төгрөгийн нөхөн татвар, 20,460,000,0 төгрөгийн торгууль, 13,640,000 төгрөгийн алданги ногдуулах зөрчил хяналт шалгалтаар илрүүлсэн гэж 02***** тоот шийтгэлийн хуудсаар 477,400,000,0 төгрөгийн нөхөн татвар, 143,220,000,0 төгрөгийн торгууль, 95,480,000,0 төгрөгийн алданги нийт 716,100,000,0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн байсан.

Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан ...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, компанийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэл болсон.

Хариуцагч Захиргааны байгууллага нь манай компанид зөрчлийн арга хэмжээ авсан талаараа ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй ба зохих ажиллагааг хийсэн гэж харагдахын тулд манай компанид гарчигласан Мэдэгдэх хуудсаа илгээж, эсхүл гардуулж өгөөгүйгээ "Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлагагүй” гэсэн үндэслэлээр хадгалсан байсан юм. Захиргааны байгууллага шийдвэр гарган бусдын эрх ашигт халдсан торгуулийн арга хэмжээ авч, хууль бус үндэслэлээр төлөх татварын хэмжээг нэмэгдүүлчихээд юу ч болоогүй мэт чимээгүйхэн нуусан төрийн байгууллагын хариуцлагагүй үйлдэл нь нэхэмжлэл гаргах үндэслэлд бас хамаарч байна.

2/ Татварын байцаагч нар Тусгай хамгаалалттай газар нутагт гэрээний үндсэн дээр газар ашигладаг талаар Зөрчлийн шийтгэлийн тэмдэглэлд дурьдсан атлаа хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байсан.

Баянгол дүүргийн нутагт Тусгай хамгаалалттай газар байхгүй бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд Хан-уул, Баянзүрх, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт л тодорхой хэмжээний газар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамаарал бүхий газар байдаг.

3/ Хөндлөнгийн мэдээлэлд үндэслэн торгуулийн арга хэмжээ авсан талаараа дурьдсан боловч дээрх дүүргүүдээс тодруулах ажиллагаа огт хийгдээгүй байсан. Учир нь: Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж нь хамаарал бүхий тухайн дүүрэг болон Тусгай хамгаалалтын газартай Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулсны үндсэн дээр төлбөрөө төлдөг гэдгийг Татварын байцаагч нар мэддэггүй нь харамсалтай.

Хэрэв хөндлөнгийн мэдээлэл авахаар дүүргүүдэд хандсан бол Тусгай хамгаалалттай газрын төлбөрт 277.100.000.0 сая төгрөг төлсөн баримт Хан-уул дүүргийн Газрын албанд бэлэн байсан.

Мөн Газрын тухай хуулийн 9 болон 31-р зүйлийг баримталсан атлаа түүнд ач холбогдол өгөлгүй, торгууль тавьж, төлөх татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь Татварын байгууллага хоорондын харилцан мэдээлэл солилцох хангалтгүй байгааг харуулж байна.

4/ Манай компанийн 2012 оны 01 сарын 01-нээс 2016 оны 12 сарын 31 хүртэлх хугацааны Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2017 оны 10 сарын 03-ны өдөр олгогдсон 26******** тоот хяналт шалгалт хийх томилолтоор ажилласан гэсэн атлаа 2019 оны 06 сарын 18-ны өдөр зөрчлийн торгууль ногдуулсан байснаас гадна томилолтын хугацаанд хамаарахгүй асуудлаар буюу 2017-2018 оны Татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн шалгалтын зөрчил гээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1 болон 1.2-д зааснаар нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээгээр торгоно... гэж зааснаар торголоо.

5/ Мөн 2015 онд өөрчлөн найруулсан Татварын ерөнхий хуулийн 14-р зүйлээр алданги тооцсон гэж тайлбарлаад зөрчлийн арга хэмжээ авсан нь мөн хууль зүйн үндэслэлгүй болжээ.

6/ Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагчийн хууль бус шийдвэрийн улмаас 716,100,000,0 төгрөг төлөх болсон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа алдагдан, ажилтан ажилчдынхаа цалин хѳлс болон үйл ажиллагааны зардлаа нөхөх, хийж байгаа бүтээн байгуулалтаа зогсоох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд орууллаа.

Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хүнд нөхцөл байдалд татвар хураамждаа анхаарах нь төрийн байгууллагын үүрэгт хамаарах боловч ийнхүү илтэд хууль зөрчин байж Аж ахуйн нэгжийн төлөх татварын хэмжээг нэмэгдүүлж, нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.” гэжээ.

5. Хариуцагч Б.О******** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ “Э*******" ХХК-тай холбоотой уг асуудал нь анх Хан-Уул дүүргийн газрын албаны 2016 оны 11 сарын 15-ны өдрийн 13/1661 тоот Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан тус компанийн 481,500,000.0 төгрөгийн газрын төлбөрийг төлөхгүй төсвийн орлого тасалдуулж байгаа, газраа зориулалтын дагуу ашиглаагүй тул газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлсний дагуу үүсч, улмаар тухайн асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний 10д/4910 тоот албан бичгээр Татварын ерөнхий газрын ХШАЗГ-т "Э*******" ХХК-ны татварын ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлэхт тухай албан бичиг ирүүлсэн.

Үүний дагуу Татварын ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 07/2644 тоот албан бичгээр 10д/4910 тоот албан бичигт дурдсан асуудлыг хуулийн хүрээнд харьяалалын дагуу шийдвэрлэж хариуг хүргүүлэх талаар ирүүлсэн.

Үүний дагуу татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нарт тус компанийн санхүүгийн байдалд иж бүрэн шалгалт хийх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 126******** дугаартай томилолт үүссэн. Томилолтод хамрагдах хугацаа нь 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байна.

Баянгол дүүргийн татварын хэлтсээс хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас мэдээллийг гаргуулах талаар албан бичгүүдийг хүргүүлж ажилласан. Үүнд: Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2017 оны 11 дүгээр сарын 08-ны 01/2219 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн газрын албанд 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 01/2182, 2018 оны 02 дугаар сарын 05-ны 01/226 тоот албан бичиг гэх мэт,

Үүний үр дүнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/7136 тоот, Хан-Уул дүүргийн Газрын албанаас 2017 ооны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 13/1516 тоот, 2017 оны 12 дугаар сарын 11-ний 13/1696 тоот, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын 2017 ооны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1113 тоот албан бичгүүдээр мэдээлэл ирүүлсэн байна.

2/ Татварын улсын байцаагчид нь татварын хяналт шалгалтын ажлыг хийж, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 26/0000394 тоот дүгнэлт үйлдэн Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд 2018 оны 3 дугаар сарын 16-ны 01/426 тоот албан бичгээр дүгнэлтийг хүргүүлсэн.

Мөн "Э*******" ХХК-нд дүгнэлтийн хувийг хүргүүлж ажилласан. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас дээрх дүгнэлттэй холбоотойгоор Эрүүгийн 17******* дугаартай хэрэг үүсгэн шалгаж, прокурорт шилжүүлсэнийг Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 82 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор "Э*******" ХХК нь газрын төлбөр төлөөгүй болох нь татварын улсын байцаагчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Гэвч тухайн аж ахуйн нэгжийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн талаар 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 5/4380 дугаартай албан бичгээр тогтоолыг ирүүлсэн байна.

3/ "Э*******" ХХК-ны Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээж аваад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 02/70 дугаартай албан бичгээр Татварын улсын байцаагчдын 26******* тоот дүгнэлтийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна.

Маргаан таслах зөвлөл нь уг асуудлыг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж гомдолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 47 дугаартай тогтоолыг гаргасан байна.

"Э*******" ХХК-ийн тухайд маргаан таслах зөвлөлийн 47 дугаартай тогтоолыг гардан авсанаас хойш 30 хоногийн дотор дээд шатны маргаан таслах зөвлөл болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан боловч эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 07/357 чиглэл хүргүүлэх тухай албан бичгээр Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон дүгнэлтийг Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт" энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн заалт, мөн Татварын ерөнхий газрын даргын 2017 А/03 тоот тушаалаар баталсан "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 7.17.4-д Татварын улсын байцаагчийн дүгнэлтийг эрх бүхий байгууллага албан тушаалтан хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоолыг хүлээн авсанаас хойш “Эрүүгийн байцаан шийтгэх хууль” ийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар 7 хоногийн дотор дээд шатны байгууллагад гомдол гаргах, эсвэл, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 сарын дотор захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсний дагуу 477,400,000.0, төгрөгийн нөхөн төлбөр, 143,220,000.0 төгрөгийн торгууль, 95,480,000.0 алданги нийт 716,100,000.0 төгрөгийн төлбөр ногдуулж Зөрчлийн хуулийн /2015/ 10.19 зүйлийн холбогдох заалтыг үндэслэн 02***** дугаартай шийтгэлийн хуудсаар хариуцлага оногдуулсан болно.

Татварын хяналт шалгалтанд хамрагдаж байх хугацаанд “Э*******” ХХК-ны үйл ажиллагаа явуулаагүй, татварын тайлан тооцоо ирүүлдэггүй байсан тул нэхэмжлэлд дурдсанаар компанийн эрх хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, хэвийн үйл ажиллагаа алдагдаж, албан хаагчдын цалин өгч чадахгүй, бүтээн байгуулалтаа зогсоох зэргээр хүн нь ямар ч үндэслэлгүй байна.

4/ Нэхэмжлэлд дурдсан эдийн засгийн хүнд үед Аж ахуйн нэгжийн төлөх татварын хэмжээг нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй гэжээ. Энэ нь "Э*******” ХХК татвар төлөх ёстой байснаа хүлээн зөвшөөрч, тэр үүргээ биелүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Татварын улсын байцаагчид нь хяналт шалгалтын ажлыг томилолтод дурдсан 2012-2016 онд хамаарах зөрчилд хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэн шийтгэлийн хуудас бичсэн ба нэхэмжлэлд дурдсан 2017-2018 оны зөрчилд хамаарах асуудалд хариуцлага тооцсон зүйл байхгүй болно.

5/ Э*******” ХХК нь Шийтгэлийн хуудсыг танилцуулаагүй мэдээгүй 2021 оны 11 дүгээр сарын 10-нд хүлээн авснаар мэдсэн талаар нэхэмжлэлдээ дурджээ. Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 тоот тушаалаар баталсанТатварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 7.14-т Татвар төлөгч нь акт дүгнэлтийг биечлэн гардан аваагүй тохиолдолд Татвар төлөгчийн оршин суугаа, эсхул ажиллаж байгаа газрын хаягаарт баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрин RD********** бүртгэлийн дугаартай албан бичгийг шуудангаар хүргүүлж гардуулсан нь Монгол Шуудан ХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 09/774 тоот албан бичгээр нотлогдож байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийнг 47.1.1, 47.1.6 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийн захирал Ц.Б****** тус шүүхэд хандаж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны 02***** дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...манай компанид арга хэмжээ авсан талаар мэдэгдээгүй...хууль ёсны дагуу үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ...газрын төлбөрийн тооцоолол буруу хийгдсэн, өөр компанийн газрын төлбөрийг манай компанийн газрын төлбөрийн гэх дүнд оруулж тооцсон байхад үүнийг нягтлаагүй, үүний улмаас шийтгэлийн хуудаст заасан нөхөн төлбөр, торгуулийн дүн алдаатай гарсан, Хан-Уул дүүргийн газрын бүслэл, үнэлгээг тогтоосон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол нь шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүй болсон байхад уг тогтоолыг үндэслэж хийсэн тооцооллыг баримталж шийтгэл ногдуулсан нь хууль зүйн илт үндэслэлгүй...” гэж маргасныг хариуцагчаас “...Татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу явуулсан, Дүүргийн газрын албанаас ирүүлсэн газрын төлбөрийн тооцооллыг үндэслэж шийтгэлийн хуудсыг бичиж нөхөн татвар, торгууль, алдангийг гаргуулж шийдвэрлэсэн, Татварын алба газрын төлбөрийн тооцооллыг шалгах үүрэгггүй...” гэж тайлбарлан бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

“Э*******” ХХК нь Хан-Уул дүүрэгт Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн “Зайсангийн ам” нэртэй газарт 15.5 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрхийн 2012/77 дугаар гэрчилгээг 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр олгосон, 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурван талт гэрээгээр газрын хэмжээ 15.5 га, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 5/39 дүгээр тогтоолыг үндэслэн 1 жилд 204600000 төгрөг /хоёр зуун дөрвөн сая зургаан зуун мянган төгрөг/-ийг нэгжийн үнэ 1320 төгрөгөөр тогтоож гэрээний хугацааг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэж тохиролцжээ.

2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн Цагдаагийн албанаас “ ...“Э*******” ХХК, “М***** ******* ***** ************” ХХК, “У********** *********** ******” “М****** *********** ** *********”-иудын газрын...татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж шийдвэрийг ирүүлнэ үү” гэх 10д/4910 дугаар албан бичгийг Татварын ерөнхий газарт хүргүүлснээр 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Татварын ерөнхий газрааас Баянгол дүүргийн татварын хэлтэст уг асуудлыг шилжүүлсэн,  үүний дагуу “Э*******” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталхи хугацааны татвар төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийлгэхээр Баянгол дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нар 26******** дугаар томилолтоор тухайн шалгалтыг хийсэн байна.

Ийнхүү шалгалтын ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас үзвэл, 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанаас “... газрын төлбөрийн орлогын 26******** тоот дансанд “Э*******” ХХК-ийн нэрээр 2012 онд 0 төгрөг, 2013 онд 40000000 төгрөг, 2014 онд 30000000 төгрөг, 2015 онд 220100000 төгрөг, 2016 онд 5000000 төгрөг, 2017 онд 5000000 төгрөг” төлсөн тухай тодоройлолтыг Баянгол дүүргийн Татварын хэлтэст хүргүүлсэн,

2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн газрын албанаас “Э*******” ХХК-ийн газрын төлбөрийн ногдуулалтыг 2012 онд 85.250.000 төгрөг, 2013-2015 онд 613.800.000 төгрөг, 2016 онд 68.200.000 төгрөг төлөхөөр байна, дээрх ногдуулалтыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 тогтоол болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолуудыг үндэслэн тооцов” гэх 13/1696 дугаар албан бичгийг хүргүүлсэн,

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн Газрын албанаас “...Хан-уул дүүргийн Газрын албаны газрын төлбөрийн орлогын 26******** тоот дансанд “Э*******” ХХК  2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 20000000 00 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7 314 507 00 төгрөг, 30 000 000 00 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 23 820 810 00  төгрөг, 200 100 000 00 төгрөг, 223 920 810 00 төгрөг,2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э******* констракшн ХХК 49 065 912 00 төгрөг, 20 00 000 00 төгрөг, 69 065 912.00 төгрөг,2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 9 236 740 00 төгрөг, 5 000 000 00 төгрөг, 14 236 740 00 төгрөг тус тус төлсөн гэж тодорхойлсон,

2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн татварын хэлтсээс “...Э******* ХХК, “У********** *********** ******” ТББ,  “М****** *********** ** *********” ТББ-уудын газрын төлбөрийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн талаархи 26*******, 260000395, 260000396 тоот дүгнэлтүүдийг Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн албанд хүргүүлсэн,

2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Прокурорын газрын прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 82 дугаар тогтоолоор “...Э******* ХХК нь Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд ашиглаж байгаа 15.5 га газрын төлөх ёстой төлбөрөөс 2013 онд 14.750.000 төгрөг,2014 оны 204.600.000 төгрөг, 2015 онд 204.600.000 төгрөг, 2016 онд 68.200,000 төгрөг, нийт 492,150,00 төгрөгийн газрыг төлбөрийг төлөөгүй болох нь татварын улсын байцаагчийн 26******* дугаартай дүгнэлтээр, “М****** *********** ** *********” ТББ нь Богдхан уулын Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Зайсангийн аманд ашиглаж байгаа газрын төлбөр 2012 онд 35.640.000 төгрөг, 2013 онд 35.640.000 төгрөг, 2014 онд 35.640.000 төгрөг, 2015 онд 35.640.000 төгрөг, 2016 онд “Э*******” ХХК-ийн газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нийт 28.2 га газрын төлбөр болох 227.040.000 төгрөг нийт 396.600.000 төгрөгийн газрын төлбөр төлөөгүй болох нь татварын улсын байцаагчийн 260000396 дугаартай дүгнэлтээр, мөн “у********** *********** ******” ТББ нь 2016 онд 97,097,000 төгрөгийн газрын төлбөр төлөөгүй болох нь татварын улсын байцаагчийн 260000395 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна. Гэвч тухайн аж ахуйн нэгжийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдолд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж үзэн “Хэрэг бүртгэлтийн 17******* дугаартай хэргийг хаасан,

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Э*******” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд “...Татварын улсын байцаагчийн 26******* тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэх гомдлыг гаргаснаар Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 047 дугаар тогтоолоор “Э*******” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдов.

Харин, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх аижллагааны 02***** дугаар тэмдэглэлээс үзвэл хариуцагч нар нь “Э*******” ХХК нь Татварын хяналт шалгалтаар нийт 477,400,000.0 төгрөгийн зөрчил ...2014 онд 204,600,000.0 төгрөгийн, 2015 онд 204,600,000.0 төгрөгийн, 2016 оны 68,200,000.0 нийт 477,400,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй…2014 онд 204,600,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 204,600,000.0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000.0 төгрөгийн торгууль, 40,920,000. төгрөгийн алданги, 2015 онд 204,600,000 төгрөг төлөөгүй зөрчилд 204,600,000.0 төгрөгийн нөхөн татвар, 61,380,000.0 төгрөгийн торгууль, 40,920,000. төгрөгийн алданги, 2016 онд 68,200,000.0 төгрөгийн газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 68,200,000.0 төгрөгийн нөхөн татвар, 20,460,000.0 төгрөгийн торгууль 13,640,000.0 төгрөгийн алданги, нийт 477,400,000.0 төгрөгийн зөрчилд 02***** тоот шийтгэлийн хуудсаар 477,400,000.0 төгрөгийн нөхөн татвар, 143,220,000.0 төгрөгийн торгууль 95,480,000.0 төгрөгийн алданги нийт 716,100,000.0 төгрөгийн төлбөр ногдуулан төлүүлэхээр шийдвэрлэсэн гэж тэмдэглэсэн,

Маргаан бүхий, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нарын үйлдсэн, 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар шийтгэлийн хуудсаар ““Э*******” ХХК нь татвар ногдох орлого болох газрын төлбөрийг төлөөгүй болох нь нийт 716 100 000 төгрөгийн зөрчлийн баримт, газрын гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 заалтаар шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасныг үндэслэн холбогдогч “Э*******” ХХК –ийн гаргасан зөрчилд торгох шийтгэл ногдуулж, оногдуулсан шийтгэлийн 143 220 000 төгрөг, хохирлын 477 400 000 төгрөг, нөхөн төлбөрийн 95 480 000 төгрөг, нийт 716 100 000 төгрөгийг бэлнээр сайн дураар биелүүлэхийг даалгасугай” гэж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 2-т “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 2.1.-д “хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх;”, 2.2-т татварын албанд хувийн хэрэг нээлгэх;”, 2.3-т “татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах;”, 2.4-т “орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх;”, 2.5-д “санхүүгийн тайлан, бүртгэлийг Татварын ерөнхий хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, 2.6-д “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх;”, 2.7-д “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 3-т Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 3.1-д “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдэх;”, 3.2.хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх;”, 3.3-т “татварын албанаас олгосон бүртгэлийн дугаарыг татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн, эсхүл шаардлагатай бусад баримтад тусгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 4-т “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:”, 4.1-д “байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлсон;”, 4.2-т “татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй;”, 4.3-т “шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэж татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн;”, 4.4-т татварын хяналт шалгалтын зорилгоор шаардсан магадалгаа, баримтын хуулбар, банкны гүйлгээний хуулгыг хугацаанд нь ирүүлээгүй;”, 4.5-д “татварын өр хураах зорилгоор хөрөнгө битүүмжлэхэд саад учруулсан бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”, 5-д “Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтны битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг:”, 5.1-д “үрэгдүүлсэн;”, 5.2-т “дур мэдэн бусдад шилжүүлсэн;”, 5.3-т “гэмтээсэн;”, 5.4-т “зөвшөөрөлгүйгээр худалдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй.” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.” 4.15 дугаар зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ.”, гэж тус тус заасан.

Маргаан бүхий шийтгэлийн хуудаснаас үзвэл нэхэмжлэгч “Э*******” ХХК-ийг “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтаар шийтгэл ногдуулах үндэслэлтэй” гэж шийдвэрлэсэн байх боловч Зөрчлийн тухай хуульд энэ заалт байхгүй, харин 11.19 дүгээр зүйлд олон зөрчлийг жагсаасан ба эдгээр нь тус тусдаа өөр өөр гипотез, диспозиц, санкци агуулсан байх тул хариуцагч тухайн шийтгэлийг чухам ямар зөрчилд хэрхэн ногдуулж байгаа нь ойлгомжгүй, үүний улмаас шийтгэлийн хуудас “бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5-д заасан ямар ямар зөрчлүүдэд дээрхи нөхөн төлбөр, алданги, торгуулийг хэрхэн ногдуулж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй,  энэ тохиолдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлд заасан бүх зөрчлийг гаргасан” гэх тайлбарыг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй, Эрх бүхий албан тушаалтнаас гаргасан шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна:”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;”, 1.3-т “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх;” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд, тухайлбал:

Хан-Уул дүүргийн газрын албанаас Байгаль орчин,  аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13/1661 дүгээр албан бичгийн хавсралтанд “...Э******* ХХК 2012-2016 онд ...үлдэгдэл 472 150 000 төгрөг, М****** *********** ** ********* ХХК...үлдэгдэл 294 525 000 төгрөг, Б******* ******ХХК...үлдэгдэл 154 000 000 төгрөг, М****** *********** ** *********...үлдэгдэл 289 850 000,   “У********** *********** ******” нь 221 936 000 төгрөг төлөх”-өөр байна гэж тодорхойлсон,

Хан-Уул дүүргийн газрын албанаас Баянгол дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн,  2017 оны 11 дүгээр сарын 17-ны 13/1516 дугаар албан бичигт  “Э*******” ХХК 2013 онд 40 000 000, 2014 онд 30 000 000, 2015 онд 220 100 000, 2016 онд 5 000 000, 2017 онд 5 000 000 төгрөг  төлсөн гэж тодорхойлсон,

Хан-Уул дүүргийн газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/1696 дугаар албан бичигт “Э*******” ХХК-ны газрын төлбөрийн ногдуулалтыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол болон Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолуудыг үндэслэн тооцов, 2012 онд 85 250 000, 2013-2015 онд 613 800 000, 2016 онд 68 200 000 төгрөг төлөхөөр байна, “У********** *********** ******” нь 2016 оны А/189 дүгээр тушаалаар газар ашиглах эрх авсан боловч гэрээ бүртгэгдээгүй”-г тодорхойлсон,

 Хан-Уул дүүргийн газрын албаны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13/1696 дугаар албан бичигт “Э*******” ХХК-ны газрын төлбөрийн ногдуулалтыг хавсралтаар хүргүүлэхдээ 2013 онд 20 000 000, “М****** *********** ***** *********” ХХК 20 048 000,  2014 оны 10 сарын 13-нд Э******* ХХК 37 314 507,  “М****** *********** ***** *********” ХХК 47 314 507, 2015 оны 3 сарын 27-нд  “Э*******” ХХК 23 920 810, мөн оны 9 сарын 30-нд “Э*******” ХХК 69 065 912, 2016 оны 12 сарын 22-нд 14 238 740 төгрөг төлсөн болохыг тус тус тодорхойлсон, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд “...татварын алба тооцооллыг хийхгүй, Дүүргийн газрын албанаас ирүүлсэн тооцоололд үндэслэн шийтгэлийн хуудас бичсэн...” гэж тайлбарласан.

Үүнээс үзвэл Хан-Уул дүүргийн Газрын албанаас “Э*******” ХХК-ийн төлсөн газрын төлбөр болон төлөөгүй төлбөрийн үлдэгдлийн тооцооллыг хийхдээ тус компанийн төлсөн дүнгээс зөрүүтэй, төлөөгүй төлбөрийг буруу тооцоолж хийснээс гадна уг төлбөрийн дүнг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол болон Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоолуудыг үндэслэн тооцсон нь буруу, өөрөөр хэлбэл Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрээр “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч ... шийдвэрлэсэн”, уг шийдвэрт хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид давж заалдах журмаар гомдол гаргаж, Захргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 269 дүгээр шүүх хуралдааны магадлалаар “...Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 272 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг нөхцөл байдлыг тодруулж дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж...” гэж өөрчлөн шийдвэрлэсэн,

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 03 тоот тогтоол нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/******/****дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/******/****дугаар магадлалаар дээрх 0647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 527 дугаар шүүх хуралдааны тогтоолоор “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 128/******/****дугаар шийдвэр, Захиргааны хэргий Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/******/****дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн “Газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоох тухай” 03 дугаар тогтоолыг дахин шинэ акт гартал 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж гэж өөрчлөн шийдвэрлэснээр үйлчлэл нь зогссон бо Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоол одоо  хүчин төгөлдөр үйлчилж байна.

Нөгөө талаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 168 дугаар шийдвэрээр “Б***** ******” ХХК-ийн ашиглах эрх бүхий газрын маргаан шийдвэрлэгдсэнээр уг газар ашигласны төлбөрийн асуудал “Э*******” ХХК-д хамааралгүй болсон байх боловч Хан-Уул дүүргийн газрын албаны тооцоололд тус компанийн газрын төлбөрийн үлдэгдэл 154 000 000 төгрөгийг “Э*******” ХХК-ийн төлбөрт оруулан тооцож байсан нь тогтоогдов.

Эдгээр нөхцөл байдлаас үзвэл “Э*******” ХХК нь газрын төлбөрийг хэрхэн төлсөн болон тус компанийн төлөөгүй төлбөрийн дүн нь хэд болох, уг тооцооллыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын болон Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хэдэн оны ямар шийдвэр, тогтоолын дагуу хэрхэн тооцох, “Э*******” ХХК нь өөрийн ашиглах эрх бүхий газрын тодорхой хэсгийг М****** *********** ***** *********  ХХК, М****** *********** ** *********, “У********** *********** ******”-д хэзээ, ямар тушаал шийдвэрээр хэрхэн шилжүүлсэн, ийнхүү шилжүүлэх хүртэлх газрын төлбөрийн тооцоо хэд болох,  хэдэн оноос хойш хэдэн га газарт газрын төлбөрийг ямар үнэлгээ бүсчлэлээр яаж тооцох зэрэг нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж шүүх дүгнэв.

Иймд  маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, 18.1.14, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дугаар заалтыг заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Татварын улсын байцаагч Л.М******, Б.О******** нарын 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар актыг дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч нь шинээр акт гаргаагүй тохиолдолд Татварын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 02***** дугаар акт нь хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН