Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2019/00017

 

     Ш.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00139 дүгээр шийдвэртэй, Ш.Б-ын нэхэмжлэлтэй, У сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгч Ш.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай, хариуцагчийн төлөөлөгч А.Е, хариуцагчийн өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч А.Еркегүл нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт тогоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллахыг ажил олгогчид даалгах тухай.

Нэхэмжлэлд: “Миний бие 2011 оноос эхэлж У сумын Хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажилласан. 2012 онд У сумын 8 дугаар багт шинээр цэцэрлэгийн нэг бүлэг нээгдэж, би тус цэцэрлэгийн тогоочоор үндсэн ажилтнаар томилогдон ажилласан. 2013 онд цэцэрлэгийн эрхлэгчээр А гэх хүн томилогдож, намайг дахиж сурч мэдлэгээ дээшлүүл гэж ажлаас чөлөөлсөн. Би дахин сурч 2014 оны 6 дугаар сарын 01-ээс зуны цэцэрлэгийн тогоочоор ажиллаж эхэлсэн. 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж зуны цэцэрлэгт 72 хоног ажилласан. 2016 онд 36 хоног ажилласан. 2016 оны 10 дугаар сард цэцэрлэгийн эрхлэгчээр А.Е томилогдож, намайг тогоочоор ажиллуулахгүй өөр хүн ажиллуулсан учраас 2017 онд би шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр 2018 оны 6 дугаар сард 36 хоног ажилласан. 2018 онд шинээр 2 бүлэг нэмэгдэхэд би урьд нь тогоочоор ажиллаж байсан учраас тогоочоор ажиллахыг хүсэж өргөдөл өгсөн.Тухайн үед А.Е эрхлэгч би тогооч авахгүй тогооч нарыг сольж ажиллуулна, төсөв нь ирээгүй гэж хэлсэн. Гэтэл зоотехникч мэргэжилтэй О.С гэх хүнийг авч ажиллуулж, мөн зуны цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан А-г тогоочоор авч ажиллуулсан. Одоо шинээр нэмэгдсэн 2 бүлэгт шинээр 3 хүн авсан. Аяга таваг угаагчаар урьд нь үдийн цайнд ажилладаг байсан 10 дугаар анги төгссөн хүнийг авч ажиллуулж байгаа. Иймд У сумын цэцэрлэгт шинээр нэмэгдсэн 2 бүлэгт намайг тогоочоор авч ажиллуулахыг ажил олгогчид даалгаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Ш.Б нь У сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар “тогооч”-ийн орон тоонд томилогдож, цэцэрлэгийн эрхлэгчийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэрээр 2014 оны 02 дугаар сарын 20-оос 2 жил 4 сар ажилгүй байгаад 2016 оны 6 дугаар сарын 15-аас тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/18/01 тоот тушаалаар тус сум дахь Гэр цэцэрлэгт буюу зуны сард түр хугацаагаар нээгдэж ажилладаг хувилбарт сургалтын цэцэрлэгт тогоочоор томилогдсон. Томилохдоо Боловсрол, Шинжлэх ухааны Сайдын 2012 оны А/131 тоот тушаалаар баталсан журмын дагуу хөдөө орон нутагт 36 хоногоор тогтоосон тул 36 хоногийн хугацаагаар томилон ажиллуулсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. У сумын Хүүхдийн цэцэрлэгт тогоочоор ажиллаж байсан, тасралтгүй 8 жил ажиллаж байна гэж үзэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан “ажил албан тушаалыг хэвээр хадгалах” тухай хуулийн зохицуулалт нь Ш.Б-д үйлчлэх боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т “Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан”-ыг хуульчилсан ба 128 дугаар зүйлийн 128.1.2 -т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилчны гомдол”-ыг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч Ш.Б-ыг У сумын Хүүхдийн цэцэрлэгийн удирдлага ажлаас халах болон өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ямар ч эрхийн акт гаргаагүй, Ш.Б-ын хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй тул түүний гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан үндэслэлээр хянан шийдвэрлэх боломжгүй. Ш.Б нь 2019 оны зун У суманд цэцэрлэгийн хувилбарт сургалтын анги ээлжит сургалтыг эхлэх үед өөрөө хүсвэл урьдын адил “тогоочоор” хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж болно. Шинээр нээгдсэн цэцэрлэгт багш ажилчдыг зохих журмын дагуу томилж, одоогоор хэвийн ажиллаж байгаа тул тухайн цэцэрлэгт “тогооч” -ийн батлагдсан сул орон тоо, байхгүй байгаа болно. Томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг шалтаг, шалтгаангүй ажлаа халж, чөлөөлж, Ш.Б-ыг ажиллуулах боломжгүй.Эдгээр нөхцөлүүдийг харгалзан үзэж Ш.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2019/00139 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б-ын Баян-Өлгий аймгийн У сумын Хүүхдийн цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт тогоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг ажил олгогчид даалгахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгч Ш.Б-ын давж  заалдах гомдолд: ”Би 2011 оноос тус сумын үндсэн болон гэр цэцэрлэгт тасралтгүй 8 жил ажилласан. Энэ хугацаанд эрхлэгчтэй зөвлөлдөж сайн дураар чөлөө авч суралцан тогооч мэргэжил эзэмшсэн. Ажилласан хугацаанд шинээр нээгдэх цэцэрлэгийн анги бүлэгт үндсэн тогоочоор авч ажиллуулахыг эрхлэгч нарт байнга хэлж өргөдөл гаргаж байсан. Гаргасан зөрчил дутагдалгүй, амьдрал хэцүү гачигдалтай байна. Миний бие тэтгэвэрт гарахад 2 жил үлдсэн. Олон жил нэг байгууллагад ажилласан давуу эрхтэй байдал, нэг байгууллага нь дотроо шинээр бий болсон ажлын байранд дотроосоо нөхөн ажиллуулах зэрэг нөхцөлүүдийг дурдан намайг шинээр байгуулагдсан цэцэрлэгийн анги бүлэгт тогоочоор томилон ажиллуулж өгөхийг даалгахыг шүүхээс хүссэн. Анхан шатны шүүх хурал дээр эрхлэгч А.Е нь “манай сумын 8 дугаар багт шинээр нэг цэцэрлэг анги бүлэг 2019 оны 01 дүгээр сараас нээгдсэн нь үнэн. 2018 онд гэр цэцэрлэгийн тогооч Ш.Б нь надад шинээр нээгдэх цэцэрлэгийн анги, бүлэгт үндсэн тогоочоор томилж өгнө үү гэж хэлж, өргөдөл өгч байсан нь үнэн ба би төсөв батлаагүй гэж хэлж явуулсан. Энэ хүнийг би боломжтой байсан ч аваагүй” гэж хэлж байсан бөгөөд миний үндсэн тогоочоор томилогдож болохыг нотолж байгаа. Мөн шүүх хуралд тэрээр “Одоо авсан хоёр тогооч нь уг цэцэрлэгт өмнө нь тогоочоор ажиллаж байгаагүй гэдгийг хүлээн зөвшөөрч гаднаас авснаа хүлээсэн. Анхан шатны шүүх нь намайг “Та өмнө нь шүүгчийн захирамжаар гэр цэцэрлэгт тогоочоор ажиллах эрх авсан байна” гэсэн. Өөрөөр хэлбэл та шүүхийн шийдвэрээр ажлаа хийж яваа юм байна. Өөр ажилд орох эрхгүй мэтээр хандсан ба тэгж шийдвэрт дурдсан байсан. Гэтэл би эрхлэгч А.Е-ийн бусдыг алагчлах, өөр хүнийг ажилд авах гэсэн ашиг сонирхол, улс төржсөн үйлдлээс нь болж 2017 онд гэр цэцэрлэгт тогоочоор ажиллаж чадаагүй ба шүүхэд очоод эвлэрч гэр цэцэрлэгт тогоочоор орсныг шүүх буруугаар ойлгосон. Би шинээр ажлын байр гараагүй үед хуучин ажиллаж байсан гэр цэцэрлэгт тогоочоор ажиллуулахаар болсон шүүгчийн захирамжийн дагуу ажиллаж байгаа хэдий ч цэцэрлэгт шинээр ажлын байр орон тоо бий болсон тохиолдолд бусад давуу эрхийнхээ дагуу тэр шинэ орон тоо ажлын байранд оруулж өгнө үү гэж өргөдөл гаргах эрхтэй. Намайг давуу эрхээр шинээр гарсан орон тоо, ажлын байранд эрхлэгч нь хууль зөрчин санаатайгаар аваагүй гэж үзэж байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Би 2011 оноос хойш тус цэцэрлэгт ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Тиймээс би давуу эрхтэй тул У сумын цэцэрлэгт шинээр нэмэгдсэн 2 бүлэгт намайг тогоочоор авч ажиллуулахыг ажил олгогчид даалгаж өгнө үү” гэж, хариуцагч У сумын цэцэрлэгийн эрхлэгч ”Шинээр нээгдсэн цэцэрлэгт багш ажилчдыг зохих журмын дагуу томилж, одоогоор хэвийн ажиллаж байгаа, тухайн цэцэрлэгт “тогооч”-ийн батлагдсан сул орон тоо, байхгүй. Томилогдон ажиллаж байгаа хүмүүсийг шалтаг, шалтгаангүй ажлаас халж, чөлөөлж, Ш.Б-ыг ажиллуулах боломжгүй” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад нэхэмжлэгч Ш.Б нь У сумын цэцэрлэгт 2011 онд тогоочоор ажилд орж дараа нь өөрийн хүсэлтээр 2014 оны 02 дугаар сард тогоочийн ажлаас чөлөөлөгдөж улмаар тус цэцэрлэгийн зуны улирлын гэр цэцэрлэгт жил бүр тогоочоор хугацаатай хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан үйл баримт тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар У сумын хүүхдийн цэцэрлэгт 2019 оны 01 дүгээр сард хоёр бүлэг нэмэгдэж, зардлыг төсөвт суулгаж өгснөөр 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгчээс Х.А-г туслах тогоочоор, О.С-ийг ахлах тогоочоор тус тус түр томилж, мөн өдөр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ба нэхэмжлэгч Ш.Б нь дээрх орон тоонуудад өөрийгөө томилогдох ёстой бөгөөд У сумын Хүүхдийн цэцэрлэгт шинээр нээгдсэн бүлэгт тогоочийн ажилд үргэлжлүүлэн ажиллахыг ажил олгогчид даалгаж өгнө үү гэж гомдол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн хувьд хэрэгт цугларсан нотлох баримтаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн үндэслэл тогтоогдоогүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй болжээ. Иймээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн гомдол хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 130/ШШ2018/00139 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК