Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 325

 

Н.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, Ч.Болдбаатар, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 647 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 629 дүгээр магадлалтай, 1706033810079 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон хохирогчийн өмгөөлөгч П.Сарантуяа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт В.Г нь Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах, зайлсхийх” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.-Гийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-т 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 647 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Г-т холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Г гаргасан гомдолдоо:  “Давж заалдах шатны шүүх “гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй байхад шүүгдэгч Н.Гт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ” гэж маш зүйтэй дүгнэсэн атлаа намайг цагаатгаж шийдвэрлээгүй тул магадлал хууль ёсны болсон гэж үзэх үндэслэлгүй юм. ...Гэм буруугүй нь тогтоогдсоор байхад хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй болжээ. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа. Гэвч тус хэрэгт намайг гэм буруутайд тооцоход гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэсэн ойлголтыг хэрэглэх ёстой байсан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасныг буруу хэрэглэсэн байна. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад Эрүүгийн хэргийн шүүх нь шийдвэр биелүүлсэнгүй гээд ял шийтгэж байгааг ойлгохгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүний талаар өмгөөлөгч нар хангалттай тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэнгүй. С.Отгоннямд 271 сая төгрөг төлөх ёстой гэж шүүх шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэлийнхэн 10 орчим сая төгрөг авсан. Мөн дээр нь Баянзүрх дүүрэгт байрлалтай 2 өрөө орон сууц 2 ширхэг, 384 м.кв хувийн орон сууц, мөн байрлалд орших 700 м.кв газар, 30 м.кв бүхий автомашины граж, 2016 онд үйлдвэрлэгдсэн 15-44 УНЧ улсын дугаартай Лексус-570 маркийн автомашин зэргийг битүүмжилсэн. Энэхүү эд хөрөнгүүд зах зээлийн ханшаар 1.5 тэрбум төгрөг болно. Гэтэл манай гэр бүлийн дээрх эд хөрөнгийг битүүмжилчихээд дахиад намайг шүүхийн шийдвэр биелүүлээгүй гээд хорих ял оногдуулж байгаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, төлбөр авагч нар миний хөрөнгийг хууль бусаар үнэгүйдүүлж,  гарцаагүй байдалд оруулж авах гэсэн хуйвалдаан гэж үзэж байна... Давж заалдах шатны шүүх яллах дүгнэлтийг хууль бус гэж дүгнэсэн атлаа энэхүү дүгнэлтийн хүрээнд дахин шийд гэж буцааж байгаа нь үндэслэлгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Энхтайван хувийн сэдлээр, миний хөрөнгөд санаархаж, ашиг сонирхлын зөрчил гаргаж Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тухайн байгууллагын дарга нь ямар нэгэн гомдол гаргаагүй байхад эрх хэмжээгүй этгээд цагдаад гомдол гаргаж, өөрөө биечлэн араас нь хөөцөлдөөд хилсээр ял шийтгүүллээ. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Н.Г намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангэрэл хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх Н.Г-ийг буруутгах үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэсэн атлаа хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Улсын Дээд шүүхээс уулзалтын бичиг өгдөггүйн улмаас Н.Г нь  2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс огт эргэлт, уулзалт аваагүй хоригдож байна. Иймд шүүгдэгч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, таслан сэргийлэх арга хэмжээний асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Лхагвацэрэн хэлсэн саналдаа: “Шүүгдэгч Н.Г-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Н.Г нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулсан гэх үйл баримтыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Мөн Н.Г-ийг оргон зайлсан гэж үздэг. Н.Г нь Заамар луу явахдаа олон хүнд итгэмжлэл олгосон бөгөөд дээрх итгэмжлэгдсэн этгээдүүд түүнийг орлох бүрэн боломжтой байсан. Шүүгдэгч Н.Г гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад түүнд ял халдааж байгаа нь буруу тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Гийг цагаатгаж өгнө үү. Хэрэв хяналтын шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж үзэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээвэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор Ц.Насанбат гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Г-ийн үйлдэл нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар шалгавал зохих асуудлуудыг бүрэн шалгасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Харин хэрэгт цугларсан нотлох баримтуудад анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл муутай болох нь давж заалдах шатны шүүхийн магадлалаас тодорхой харагдаж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Г-ийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 3073/б дугаар болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8826 дугаар шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд саад учруулах зорилгоор хөрөнгийн мэдүүлгээ зориуд буруу гаргасан, эд хөрөнгөө нуун дарагдуулсан, бусдад шилжүүлсэн, оршин суух хаягаа өөрчилсөн, дүр үзүүлсэн гэрээ байгуулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Давж заалдах шатны шүүх “Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийн агуулгыг ерөнхий байдлаар бичиж, яллах талын нотлох баримтын агуулгыг дурдахгүйгээр, нотлох баримтын зөвхөн эх сурвалжийг жагсаан бичиж агуулгыг нууцалсан нь яллагдагчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “Ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” эрхийг зөрчсөн, ...өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцсанаар өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх эрхээ бодитой хэрэгжүүлж ... хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан”, “гэмт хэрэг гарсан байдал тогтоогдоогүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчөөгүй бөгөөд хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, цагаатгуулах тухай шүүгдэгчийн гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч Н.Г нь зүрхний архаг цус хомсрох эмгэг, зүрхний хэм алдагдал, артерийн даралт ихсэлт 1 дүгээр зэрэг, зүрхний архаг дутагдлын 1 дүгээр зэрэг гэсэн оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн байнгын хяналтанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа нь хорих ангийн эрүүл мэндийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан хэргийг анхан шатны шүүхэд очтол Н.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүнийг нэн даруй суллаж, энэ талаар магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 629 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Н.Г-т холбогдох хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, түүнийг нэн даруй сулласугай” гэж өөрчилж, магадлалын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

                                     ДАРГАЛАГЧ                                             Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                                                       Д.ГАНЗОРИГ

                                                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН