| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00329/И |
| Дугаар | 156/ШШ2020/00376 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2020/00376
156/ШШ2020/00376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00329/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Батноров сум, ... дугаар баг, ..........., .......... тоотод оршин суух, Г овогт П Хэ /РД:СВ50020312 /-гийн хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч П.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:Миний эцэг Г овогтой П нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харъяат, лам хүн байсан. 1938 онд 33 настайдаа улс төрийн хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, хэргийг хянаад ДХЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дүгээр магадлалаар цагаатгагдаж байсан. Цагаатгалын комисс 2019 онд хянан үзээд хэлмэгдэгч Г.П хүү П.Х надад нөхөн олговор олгох нь зүйтэй гэж үзээд Зууны мэдээ сонины 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 32/6257 дугаартай хэлмэгдэгчид нөхөн олговор олгох жагсаалтын 21 дүгээрт тогтоон зарласан. Иймд хэлмэгдэгч Г П хүү П.Х надад нөхөн олговор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч П.Х эцэг Г овогтой П нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харъяат, лам хүн байсан. 1938 онд 33 настайдаа улс төрийн хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, хэргийг хянаад ДХЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дүгээр магадлалаар цагаатгагдаж байсан. П.Х нь эхээсээ гурвуулаа бөгөөд нэг нь нас барсан. Одоо П.Х болон П.Б хоёр хүүхэд нь байгаа. Уг нөхөн олговорыг П.Х болон П.Б нар нь хуваан авахаар болсон. Иймд хэлмэгдэгч Г П хүү П.Х нөхөн олговор 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Г.П нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний хүү нь хүсэлт гаргагч П.Х мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч П.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч П.Х нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 32/6257 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Г П нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Г.П нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна.
Хүсэлт гаргагч П.Х нь Г.П хүүхэд гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Улсын бүртгэлийн Ерөнхий газраас олгосон ...2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 05/000246 тоот албан бичгээр ирүүлсэн П.Х эцэг нь Г.П, эх нь Ш.Л гэх ХААТР-1 маягт,
- Үндэсний төв архивын 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 03-6/370,03-6/371,03-6/372 тоот лавлагаанууд,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05/334 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дүгээр магадлал,
- Улсын дээд шүүхээс 1998 оны 5 дугаар сарын 05-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэх,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 1/71 тоот албан бичиг,
- Хэнтий аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2001 оны 9 дүгээр сарын 24-ний- өдрийн 450 дугаартай шийдвэр,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 30 тоот албан бичгүүд авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Г.П нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү П.Х 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан .......... регистрийн дугаартай, Г овогт П Х олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА