| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00194/И |
| Дугаар | 156/ШШ2019/00211 |
| Огноо | 2019-05-09 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 156/ШШ2019/00211
| 2019 оны 05 сарын 09 өдөр | Дугаар 156/ШШ2019/00211 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00114/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн суманд байрлах, Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..................байрлах, ....... /РД:.........../-нд холбогдох,
нийгмийн даатгалын шимтгэл 2 916 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,
хариуцагчийн төлөөлөгч Д.Н,
прокурор Б.Бямбасүрэн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2018 оны 05 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаар үүссэн шимтгэлийн мөнгийг төлөхгүй удааширсанаас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 2 916 000 төгрөгийн өр үүсгээд байна. Энэ талаар удаа дараа уулзаж, албан шаардлага хүргүүлсэн боловч ахиц гараагүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү, энэ үнийн дүн нь алданги тооцоогүй зөвхөн үндсэн шимтгэл. Хуваарийн дагу төлж барагдуулна гэсэн саналыг хүлээн авах боломжгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөн дүн, энэ талаар албан шаардлага ирүүлж байсан зэрэг дээр маргахгүй. Тус холбоо нь зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоо ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Гэхдээ энэ үүссэн төлбөрийг тодорхой боломжит хуваарийн дагуу төлье гэсэн саналтай байгаа гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн төлөөлөгч нь үүссэн төлбөрийг хэсэгчлэн төлөх санал гаргадаг. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчаас 2 916 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч .......нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 2 916 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч байгууллага нь 2 916 000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой гэдэг дээр маргаагүй бөгөөд харин тодорхой хуваарийн дагуу төлбөрийг барагдуулах саналтай байгааг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй учир хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах журамтай байдаг.
....... буюу ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ тогтоосон хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, 17 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй байна.
Хэрэгт авагдсан .......ны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 02 дугаар сарын тайлангаар хариуцагч нь 3 ажилтанд холбогдох 2 916 000 төгрөг /2019.02.28-ны өдрийн байдлаар/-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байх бөгөөд энэ тооцоолол дээр хариуцагч нь маргаагүй.
Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжилж буй мөнгөн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй тул шүүхийн зүгээс төлбөр төлөх хугацааг тогтоох боломжгүй, учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар энэ нь хэргийн оролцогчдийн эрх хэмжээний асуудал юм.
Иймд хариуцагч байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй байгаа учир нийгмийн даатгалын шимтгэлд 2 916 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгохоор шийдвэрлэв.
Түүнчлэн, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан иргэний тэтгэвэр тэтгэмж авах эрхийг зөрчигдөхөд хүргэх үр дагавартай болохыг дурдах нь зүйтэй
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаад хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 61 606 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч .......ноос 2 916 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагчаас 61 606 төгрөг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ