| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00221/И |
| Дугаар | 156/ШШ2019/00214 |
| Огноо | 2019-05-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 156/ШШ2019/00214
| 2019 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 156/ШШ2019/00214 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00221/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ................оршин суух, Д. Х /РД:......../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................... оршин суух,Н. О /РД:............/-д холбогдох
800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О аман байдлаар харилцан тохиролцож 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр надаас идшинд хэрэглэхээр ухаа зүсний эр шүдлэн үхрийг 800 000 төгрөгөөр худалдан авч, үнийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгөхөөр тохироод үхрийг авч явсан. Үхэр авч явахад түүнтэй хамт О, З нар хамт явж байсан. Одоо болтол дээрх төлбөрийг өгөхгүй, утсаа авахгүй зугтааж хохироож байна.
Иймд үхрийн үнэ 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Н.Од холбогдуулан 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 800 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.
Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь өөрийн эр шүдлэн үхрийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлж, хариуцагч нь үхрийн үнэ 800 000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна.
Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Од 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.Хын 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн хувийг гардуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгч, хариуцагчийг хуульд зааснаар мэтгэлцэх боломжийг эхлүүлсэн.
Хариуцагч Н.О нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг 7 хоногийн өмнө мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Н.Оыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Иймд хариуцагч Н.О нь худалдан авсан зүйлийн үнийг төлөх үүргийг биелүүлээгүй байх тул түүнээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 24 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн хувийг гардуулсан 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хариуцагч Н.О нь өөрөө биечлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх эрхээ хэрэгжүүлэх эрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны турш нээлтэй явж ирсэн болно.
Мөн энэ хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан нь 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10.00 цагт эхлэсэн бөгөөд хариуцагч нь тус шүүхийн цахим хаягаар мөн өдрийн 10 цаг 32 минутад шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, хүсэлтэд хүндэтгэн үзэх шалтгааныг нотлосон баримт хавсаргаагүй, хариуцагчийн хүсэлт ирэх үед шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн байсан болохыг дурдвал зохино.
Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын болон мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг тул хэргийн оролцогч нь хуульд зааснаар өөрийн байр суурийг ямагт зохих баримтаар нотлохын зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох зохион байгуулалт, төлөвлөлтөө өөрөө хариуцах учиртай юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Оаас 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 000 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 24 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ