Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2020/00392

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 156/ШШ2020/00392

Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунгэрэл, шүүгч Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчХэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын .. дугаар баг, .......... тоотод оршин суух, Л Б (РД:..........)-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс, унааны зардлуудыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э, иргэдийн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.М нар оролцов

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс Өмнөдэлгэр сумын Засаг даргын Б/05 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлаас халагдсан. Улмаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127/ШШ2019/0002 дугаартай шийдвэрээр намайг Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гаргасан өдрөөс эхлэн олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах болон Хяналтын шатны шүүхийн шийдвэрээр анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа эргүүлэн томилогдоод ажиллаж байна. Миний бие 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилгүй байсан нийт 215 өдрийн хугацааны цалин 13,935,859 төгрөг /нэг өдрийн цалин 64,818 төгрөг /, ээлжийн амралтын мөнгө 1,352,749 төгрөг, нийт 15,288,608 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Мөн миний бие хариуцагчийн хууль бус шийдвэрээс болж эрх зөрчигдөн хохирсон тул шүүхээр эрхээ хамгаалуулахын тулд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс туслалцаа авсан билээ. Ийнхүү эрх зүйн туслалцаа авсны хөлсөнд өмгөөлөгч Р.Б 700,000 төгрөгийг төлж, өмгөөлөгчийн Улаанбаатар хотоос Чингис хот хүртэлх 4 удаагийн замын зардал 400,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгсөн.

Миний бие Өмнөдэлгэр сумаас Чингис хот руу 3 удаа явсан шуудангийн зардал 23,700 төгрөг /790*3=23,700/, Улаанбаатар хот руу 3 удаа явсан, буцсан шатахууны зардал 150,000 төгрөг, нийт 1,273,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд хариуцагчаас нийт 16,562,308 /арван зургаан сая таван зуун жаран хоёр мянга гурван зуун найм/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт дээрх хугацааны шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг даалгаж иргэн Л.Б намайг хохиролгүй болгож өгнө үү гэв (хх-ийн 1 тал)

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э миний бие нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох хуулийн дагуу олгоход татгалзах зүйлгүй болно. Харин нэхэмжлэгчийн өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд зарцуулсан өмгөөлөгчийн хөлс болон замын зардлыг төлөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Т тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын мөнгө, эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс, унааны зардлуудыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилт хийлгэхийг хариуцагч байгууллагад даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б нь 2013 оноос эхлэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай захирамжаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсныг нэхэмжлэгч Л.Б эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх хэргийг хянан шийдвэрлээд түүнийг урьд эрхэлж байсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127//ШШ2019/0002 дугаартай шийдвэр, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2019/0290 дугаартай магадлалМонгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 14ий өдрийн 313 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба тус шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Б 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилсон болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Л.Б ажилгүй байсан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх нийт 11 сар 5 өдрийн ажилгүй байсан хугацааны олговор болон ээлжийн амралтын олговор нийт 15,288,608 төгрөг төлөхийг мөн түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны бичилт хийхийг хүлээн зөвшөөрсөн, харин эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс, унааны зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.

Зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэг.Нэхэмжлэлийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 127//ШШ2019/0002 дугаартай шийдвэр гарсан өдрөөс хойш буюу 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс түүнийг ажилд эгүүлэн томилсон өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч байгууллагаас ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй байх тул дээрх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг нэхэмжлэгч Л.Б нь шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа болох 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорыг хариуцагч байгууллага төлөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь олговор нийт 15,288,608 төгрөгийг төлөх талаар маргаагүй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.-д Ажил олгогч болон...ажилтан нь ...нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй гэж, 46.2.-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан дээрх хугацааны шимтгэл, хураамжийг тооцон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-д зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь 2020 оны 4 дүгээр сарын 01ий өдөр ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг олгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хоёр.Нэхэмжлэгчийн ажлаасаа үндэслэлгүй халагдсаны улмаас учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Л.Б нь ажлаасаа үндэслэлгүй халагдсантай холбогдуулан эрх зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлс, шүүх хуралдаанд оролцсон унааны зардал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах, шүүх хуралдаанд оролцох эсэх нь өөрийнх нь эрхийн асуудал, эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдаанд оролцсон... гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч Л.Б шүүх хуралдаанд оролцохтой холбогдон гарсан замын зардал нь ажил олгогчийн ажилтанг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх тул замын зардлыг хэрэгт нотлогдсон хэмжээгээр хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсэг нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь Улаанбаатар хотоос Чингис хот хүртэл 4 удаа явсан өмгөөлөгчийн замын зардал 400,000 төгрөг, нэхэмжлэгч Л.Б Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Чингис хот хүртэлх шуудангийн зардал 23,700 төгрөг, мөн Улаанбаатар хот руу 3 удаа явсан, буцсан шатахууны зардал нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байна. Харин хавтаст хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгаас Чингис хот хүртэл, 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Чингис хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум хүртэл зорчсон Орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбар авагдсан ба энэ хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон болох нь хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 7 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбаруудаар нотлогдож байх тул замын зардал нийт 16,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгох нь зүйтэй байна.

Өмгөөлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б нь өмгөөлөгч Р.Б 700,000 төгрөгийн хөлс төлөх эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр нотлогдож байна. Гэвч нэхэмжлэгч Л.Б өмгөөлөгчид 700,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-д зааснаар үнэлэхдээ цалин олгох хүснэгт, Е-баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан Л.Б нэр дээрх ХААН банкны дэлгэрэнгүй хуулга нь хэний данс руу мөнгө шилжүүлсэн нь тодорхойгүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Чингис хот хүртэл зорчсон Орон нутаг, аймаг хоорондын зорчих тасалбар /хх-ийн 34/-ын огноо зөрсөн, өөрөөр хэлбэл 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон /хх-ийн 58/ байхад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас Чингис хот хүртэл зорчсон нь хэрэгт хамааралгүй байна.

Нэхэмжлэгч Л.Б нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ ...миний бие өвдөж эмнэлэгт хэвтсэн, шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Б оролцох болно гэсэн хүсэлтийг ирүүлсэн бөгөөд түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн төлөөлөгч Б.Э нар нь шүүх хуралдааныг нэхэмжлэгч Л.Б эзгүйд хийх боломжтой гэсэн санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 234,473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас Л.Б ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 15,288,608 төгрөг, замын зардал 16,000 төгрөг нийт 15,304,608 /арван таван сая гурван зуун дөрвөн мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгож, үлдэх 1,257,700 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга долоон зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний Нийгмийн даатгалын дэвтэр болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт тус тус бичилт хийхийг хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,762 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газраас 234,473 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Б олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МАРИНА