Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2019/00016

 

   Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00122 дугаар шийдвэртэй, Х банкны Баян-Өлгий салбарын нэхэмжлэлтэй, Г.Е, Х.К нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Г.Е-ний давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Р, хариуцагч Г.Е, хариуцагчийн өмгөөлөгч С.Алтай нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3932039 төгрөг 98 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 633306 төгрөг 23 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29428 төгрөг 6 мөнгө нийт 4594774 төгрөг 27 мөнгө гаргуулах тухай.

            Нэхэмжлэлд: “Зээлдэгч Г.Е, хамтран үрэг гүйцэтгэгч Х.К нар нь Х банкны Баян-Өлгий тооцооны төвөөс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлээр авсан. Зээлдэгч Г.Е, хамтран үрэг гүйцэтгэгч Х.К нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Банкны зүгээс зээлийг төлөх талаар удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлж байна. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар бизнесийн зээлийн төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 3,932,039 төгрөг 98 мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 633,306 төгрөг 23 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,428 төгрөг 06 мөнгө нийтдээ 4,594,774 төгрөг 27 мөнгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00122 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-ийг баримтлан хариуцагч Г.Е, Х.К нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт нийт 4594774 төгрөг 27 мөнгө /дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга долоон зуун далан дөрвөн төгрөг хорин долоон мөнгө/-ийг гаргуулан Х банкны Баян-Өлгий салбарт олгож шийдвэрлэжээ.         

Хариуцагч Г.Е-ий давж  заалдах гомдолд: “Би 3 жилд 8,000,000 төгрөгийг 11.8 орчим сая төгрөг болгож төлөх байсан. Гэтэл гэнэт 4 өрөө бүхий өвлийн сууц амбаар худаг, бохир, цэвэр болон гэр орон доторх эд хөрөнгө бүгд 2018 оны 7 дугаар сарын 14-өөс 17-ны хооронд болсон усан борооны үерт урсаж байгалийн гамшигт нэрвэгдэж хохирсон. Энэ байдлыг онцгой байдлын Улсын хяналтын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №04/581 тоот дүгнэлт нотолно. Би амьдрал ийм хүнд байдалд орсон тул зээлийн хүүг бууруулах, зээлийн хугацааг сунгах, эсвэл найдваргүй зээлд тооцож банкны зээлийг хүчингүйд тооцуулах талаар тус банканд өргөдөл гаргасан. Банк хариу өгнө гэж байснаа шүүхэд хандсан. Би Улаанбаатар хотод өвчний оношилгоо гаргуулахаар очсон үед шүүгчийн туслах А.А нь утасдахад шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулах талаар хүсэлт гаргахад шүүгчид хэлэхээр болсон хэдий ч хариу өгөөгүй. Би амжиж Өлгийд ирэхэд хариуцагч биднийг оролцуулалгүй шийдвэрлэсэн. Тухайн үед эхнэр Х.К нь хүүхдүүдээ бусдад харуулж орхиод шүүхэд ирэхэд 2 минут хоцорсон гэж шүүх хуралд оруулаагүй байна. Хариуцагч бид хэдийгээр буруутай хэдий ч Үндсэн хууль,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хууль тогтоомжид зааснаар шүүх хуралд оролцох, мэтгэлцэх, тайлбар хэлэх зэрэг эрх минь зөрчигдсөн бөгөөд учир байдлаа тодруулж хэлээд шийдвэр гаргуулж чадсангүй гэж гомдож байна. Иймд Х банкны Улаанбаатар дахь удирдлагад гачигдал байдлаа танилцуулж хөнгөлөлт гуйж өргөдөл бичих боломжоор хангаж, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн  бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

   Нэхэмжлэгчээс 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ЗГ201642794223 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар ЗГ201642794223 тоот зээлийн гэрээний үлдэгдэл 3,932,039.98 төгрөг, хүү 633,306.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,428.06 төгрөг, нийт 4,594,774.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.  

            Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ201642794223 дугаартай зээлийн гэрээгээр зээлдэгч Г.Е, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.К нар нь зээлдүүлэгч Х банкны Баян-Өлгий салбараас 8,000,000.00 төгрөгийг бизнес эрхлэх зориулалтаар жилийн 27.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн ба 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлдэгч Г.Е нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 183 хоногийн хугацаа хэтрүүлсэн талаар болон тус зээлийн гэрээний үлдэгдэл 3,932,039.98 төгрөг, хүү 633,306.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,428.06 төгрөг, нийт 4,594,774.27 төгрөгийн зээлийн төлбөртэй талаар хариуцагч нар маргаагүй байна.

            Зохигчид зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

 

            Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225.1.-т нийцжээ.

 

Талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан ЗГ201642794223 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулганууд зэргээс үзвэл, нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий салбар нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гэрээ болон хуульд заасны дагуу тооцоолсон байх ба маргаан бүхий зээлийн гэрээний үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн гэрээнүүдийн нийт үлдэгдэл төлбөр 4,594,774.27 төгрөг болох талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт  зааснаар шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх, тайлбар хэлэх эрхийг зөрчсөн талаар дурджээ. Анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 цагт эхлэх шүүх хуралдааны товыг хариуцагч Г.Е-д 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр утсаар, Х.К-д мөн өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулж, энэ талаар баримтжуулсан боловч Г.Е нь давж заалдах гомдолдоо “... Би Улаанбаатар хотод өвчний оношилгоо гаргуулахаар очсон байхад шүүгчийн туслах А.А утсаар холбогдоход нь шүүх хурлыг 7 хоногоор хойшлуулж өгнө үү гэж хүсэлт гаргахад шүүгчид хэлээд хариу хэлэхээр болсон боловч хариу өгөөгүй. Би амжиж Өлгийд ирсэн боловч биднийг оролцуулалгүй шийдвэрлэсэн байна. Тухайн үед эхнэр Х.К нь хүүхдүүддээ бусдад харуулан үлдээж, яарч сандран шүүхэд ирэхэд 2 минут хоцорсон гэж шүүх хуралд оруулаагүй” гэжээ. Анхан шатны шүүх хариуцагч Г.Е, Х.К нарт шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө буюу 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн /хх-ийн 24 дүгээр тал/ байх ба 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 08:00 минутад болох шүүх хуралдаан 08 цаг 10 минутад эхэлсэн болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлээр /хх-ийн / нотлогдож байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Е-ний давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж аваагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,466.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2019/00122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Е-ний гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,466.00  төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”,“төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                С.ӨМИРБЕК