Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/255                 

 

 

 

 

 

 

     2021            3             16                                       2021/ДШМ/255                                                  

 

 

                                         С.Сад холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Дэлгэрдалай,

шүүгдэгч С.С,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Б.Батаа, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2008 00000 1302 дугаартай хэргийг 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Сономпэлийн Сүхбат, 1963 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч

Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 371/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1986 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 78 дугаартай магадлалаар эдлээгүй үлдсэн 6 сар 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;  

Ажилчны районы ардын шүүхийн 1987 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 65 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169б-д зааснаар 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1985 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 80 дугаартай магадлалаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, уг ялыг биечлэн эдэлж байгаад 1988 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

С.С нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, тоотод “тамхи байхгүй бол мах идэхгүй” гэж хэлсний улмаас буюу хувийн таарамжгүй харьцаа үүсгэн А.М маргалдаж, улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүйтэн зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж, цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн мөрний гүн зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Сыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Саас 468.652 төгрөг гаргуулан хохирогч А.Мэд олгож, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт хураагдсан гэх 1 ширхэг цустай цамцыг уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж байна.

Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогч А.Мийн эмчилгээний зардлыг бүрэн төлж, гомдлыг бүрэн барагдуулсан. Мөн А.М нь байцаалтын шатанд өөрийн биеэр гомдолгүй гэдгээ мэдүүлсэн.

Мөн миний бие эрүүл мэндийн асуудалтай. Анх миний бие 2017 онд тал цус харвалт өгч, эмчилгээ хийгдэн одоогоор хөдөлмөрийн чадавхи доройтсон, тал цус харвалтын улмаас зүрх муудаж, даралт ихэсч багасдаг, мөн унаж тусдаг болсон. Мөн байнгын эм тариа хэрэглэдэг болсон зэргийг харгалзан үзэж, надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжтой эсэхийг дахин хянан хэлэлцэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Дэлгэрдалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Сад 5 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хохирогчид 468.000 төгрөгийг олгуулахаар заасан. Тухайн үед шүүх хуралдааны үеэр завсарлага авах боломж байсан боловч хохирлыг төлөхгүй гэж маргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах  гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч С.Сад холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч С.С нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 18-34 тоотод “тамхи байхгүй бол мах идэхгүй” гэж хэлсний улмаас буюу хувийн таарамжгүй харьцаа үүсгэн А.Мтэй маргалдаж, улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг зэвсэг хэрэглэн хутгаар хутгалж, цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн мөрний гүн зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Мийн “... Б бид хоёр С гэрт орсон. Тэгсэн С ах мах чанасан байхаар нь би махнаас нь идэх гээд байж байсан чинь С ах надтай маргалдаад миний гарт байсан хутгыг булааж аваад миний зүүн талын мөр хэсэг рүү хатгахаар нь гэрээс гараад зугтсан. ... Ширээн дээр махан дотор байсан хутгаар намайг хутгалчихаад гараад яваад өгсөн. ... Тэгсэн миний зүүн талын мөрнөөс цус гараад байсан. Тэгэхээр нь би гэрээс нь гарч яваад хашааных нь гадаа ухаан алдсан. ...” /хх 12-16/,  

гэрч М.Б-ийн “... М бид хоёр Сүхбатын гэр лүү очсон. Тэгсэн М, С хоёр маргалдаад эхэлсэн ба гэнэт “яая” гэсэн. Тэгсэн чинь С гараад зугтаасан. Мийн зүүн мөр орчим цус гараад эхэлсэн. … /хх 18/,

шинжээч Ж.Г “... Мийн биед учирсан цээжний хөндийн шарх нь хурц ир үзүүртэй зүйлээр үүссэн. ... Зүүн мөрний зүсэгдсэн шарх нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. ... Хурц ир үзүүртэй зүйлд хутга, заазуур хайч зэрэг хамаарна. ...Хэрэг болсон хугацаанд үүснэ. ...” /хх 89-90/,

С.Сын яллагдагчаар өгсөн... М “тамхи байхгүй бол би мах идэхгүй гээд над руу хутга барьж босохоор нь нөгөө хутгыг нь булааж аваад айлгах санаатай далайсан чинь зүүн мөр хэсэг рүү нь хутгалчихсан, тэгээд гараад явсан. ...Өөрийн буруугаа ухамсарлаж байна. ...” /хх 84/ гэсэн мэдүүлгүүд,

“... А.Мийн биед цээжний хөндий нэвтэрсэн шарх, цээжний хөндий дэх шингэн цус, зүүн мөрний гүн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 10075 дугаартай дүгнэлт /хх 28/,

 “... Шинжилгээнд ирүүлсэн цамцанд ...хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт болохыг тогтоосон. …” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 3678 дугаартай дүгнэлт /хх 28-29/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С.Сын зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч С.Сын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 5 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч С.Сын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч С.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаараа давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирол нөхөн төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/53 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР   

 

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

           

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР