Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2021/0954/З |
Дугаар | 128/ШШ2022/0540 |
Огноо | 2022-06-30 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2022/0540
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Т***********” ХХК /РД:2******/
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,
Гуравдагч этгээд: Б.Д*********, Н.Н*******
Гуравдагч этгээд: Нийслэлийн Засаг дарга нарын хоорондын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г*****, гуравдагч этгээд Б.Д*********, гуравдагч этгээд Б.Д*********гийн өмгөөлөгч Ө.З***** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л******** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Т***********” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах Ү-2******** дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Т***********” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай” А/736 дугаар захирамжаар Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны 11, 12 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр шалгарсныг батламжилж, тус компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосон.
Улмаар нэхэмжлэгч компаниас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хандан “...ашиглахыг хориглосон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 11 дүгээр байрны 1 тоотод 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ү-2********дугаар бүртгэж, ***тоотод 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ү-2******** дугаарт тус тус бүртгэж үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож, хууль зөрчсөн бүртгэл хийгдсэн байна. Иймд дээрх Ү-2********, Ү-2******** дугаар бүхий бүртгэлийг тус тус хүчингүй болгож өгнөө” гэж 21/489 дүгээр албан бичгээр хандсан,
Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 6** дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлт гарсан, ба уг дүгнэлтээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2********дугаарт бүртгэгдсэн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 11-896900 дугаартай мэдүүлэг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2******** дугаарт бүртгэгдсэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-1****** дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг тус тус хүчингүй болгожээ.
3. Үүнийг нэхэмжлэгч “Т***********” ХХК эс зөвшөөрч анх 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч “Т***********” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ Улсын мэргэжлийн хяналтын газрын 2014 оны 01-01/05, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2016 оны 01-01/08 дугаар шийдвэрээр тус Баянгол дүүргийн 1 дүгээр хороо. 11 дүгээр байр нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалт “Газар хөдлөлтийн бус нутагт барилга барих төлөвлөх барилгын норм ба дүрэм Бнбд 22.01.01-ийн холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон тул тус байрны ашиглалтыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон.
Орон сууцны тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 15.1.1 дэх хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж тодорхой заажээ.
Төсөл хэрэгжүүлэхээр байрыг буулгах гэтэл 11 дүгээр байранд залгаж барилга барьсан байсан. Иймд төсөл хэрэгжих боломжгүй болж өнөөдрийг хүртэл манай компани болон бусад олон иргэд хохирсоор байна.
2/ Манай компаниас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21/489 тоот албан бичгээр Бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт гомдол гаргасан. Уг гомдлын хариуд эрхийн улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах 130,98 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө дээр газрын гэрээ, гэрчилгээгүй байхад 53.82 м.кв талбайтай өргөтгөлийг нэмж бүртгэсэн нь Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг зөрчиж бүртгэсэн нь тогтоогдсон, гээд зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-1****** дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэж дурджээ.
Гэвч дээрх бүртгэлийн 130,98 м.кв талбайтай Үйлчилгээний зориулалттай барилгын бүртгэлийг хэвээр үлдээсэн. 130,98 м.кв бүртгэл хүчинтэй үлдсэнээр 11 дүгээр байрыг булгах боломжгүй болж өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжих боломжгүй нөхцөл үүсээд байна.
Төсөл хэрэгжихгүй байгаагийн улмаас иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчин амьдрах эрхийг хангах боломж бүрдэхгүй байна.
Компанийн хувьд их хэмжээний санхүүгийн алдагдал хүлээж байна. Учир нь 10, 11 дүгээр байрны олон арван айлд сар бүр түр байраар хангах түрээсийн төлбөр төлж байна.
Ү-2******** дугаарт бүртгэлтэй барилга нь батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд /дулаан, цахилгаан, холбоо, цэвэр бохир ус зураг төсөлд хийгдсэн магадлалын ерөнхий дүгнэлт, барилгын гүйцэтгэгч тухайн барилга, байгууламжийн чанар, аюулгүй байдлыг хариуцсан талаарх баталгаа /галын дүгнэлт/ барилга хүлээн авсан комиссын акт зэрэг зайлшгүй шаардлагатай бичиг баримтын бүрдэл болон зөвшөөрөл аваагүй байх тул 130,98 м.кв үйлчилгээний зориулалттай бүртгэсэн 201 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г***** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “1/ Нэхэмжлэлд дурдагдаж буй Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол /16051/ Х.М******** гудамж, ***тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 130.98 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэн С.Б********/43********/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2******** дугаарт бүртгэсэн бөгөөд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 238 дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн өв залгамжлалаар иргэн Б.Д********* 43******/, Н.Н******* /43********/ нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.
Иргэн Б.Д********* /43******/, Н.Н******* /ЧЗ3****/ нарын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу уг үл хөдлөх эд хөрөнгийн талбайн хэмжээг 184.8 м.кв талбайтайгаар нэмэлт өөрчлөлт оруулан бүртгэсэн бөгөөд тухайн эрхийн улсын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6** дугаартай дүгнэлтээр хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.
Дээрх хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсантай холбогдуулан иргэн Н.Н******* /43********/, Б.Д********* /43******/ нарын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан мэдүүлэг, өргөдлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулан талбайн хэмжээг 130.98 м.кв талбайтайгаар өөрчлөлт оруулан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг тодорхой дурдсан байх бөгөөд үүнд: 13.5.4-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;” 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;” 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл” гэж, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно." гэж тус тус хуульчилсан байна.
С.Б********/43********/-ийн 130.98 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анх бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгт бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын байршилын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс барилгад олгосон хаягийн тодорхойлолт болон бусад баримт бичгийг тус тус хавсарган өгснийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.
Уг бүртгэлийн архивын нотлох баримтыг хянаж үзэхэд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дэд дарга бөгөөд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2004 оны 50 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан, мөн иргэн С.Б********/ЧЗ60******/-д Баянгол дүүргийн 1-р хороо, ТЗ вокзалын хойно 11-байртай залгаа хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 65 м.кв талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг Баянгол дүүргийн газрын албанаас олгосон нь нэхэмжлэлд дурдагдаж буй үл хөдлөх хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болсон байна.
Тухайн үед 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д “гадаадын зээл тусламж, улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, эсхүл газар хөдлөлтийн 6-гаас дээш баллын бүсэд баригдах, барилга байгууламжийн зураг төсөл, ...магадлал заавал хийлгэнэ", 14 дүгээр зүйлийн 14.9-д "Цамхаг, тулгуур, түшиц хана зэрэг 30 метрээс дээш өндөр, 60 метрээс дээш алгасалтай байгууламж, 16-гаас дээш дээш давхар барилгын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн барилга байгууламжийн тухайд олгоно" гэж зааснаас өөрөөр иргэний эзэмшлийн газар дээр, өөрийн хөрөнгөөр барьсан 2 давхар 130.98 м.кв талбайтай барилгын тухайд тусгайлсан зөвшөөрөл авах талаар огт дурдаагүй байна.
Түүнчлэн уг үйлчилгээний зориулалттай барилгад Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн хэлтсээс Баянгол дүүргийн 1-р хороо, 2-р хороолол /16051/, Х.М********ын гудамж ***гэсэн албан ёсны хаяг дугаарыг олгосноос үзэхэд тухайн барилга хууль журамд зөвшөөрөгдсөний дагуу баригдсаныг нотолж байгаа гэж үзэж болно.
2. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан "Ү-2******** дугаарт бүртгэлтэй барилга нь батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, шаардлагатай бичиг баримтын бүрдэл болон зөвшөөрөл аваагүй байх тул 130.98 м.кв үйлчилгээний зориулалттай бүртгэсэн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү." гэх шаардлагын тухайд дараах тайлбарыг гаргаж байна.
2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Н******* /43********/ улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан /мэдүүлгийн хамтран өмчлөгч хэсэгт иргэн Б.Д********* /ЧЗ84****/ бичигдсэн/ бөгөөд тус мэдүүлэгт 238 дугаартай нотариатчийн гэрчилсэн өвлөх эрхийн гэрчилгээ, иргэн С.Б*******ийн нас барсны гэрчилгээ болон иргэний үнэмлэхийн хуулбарууд, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг хавсарган өгсөн байна.
Энэхүү нотлох баримтыг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өв залгамжлалаар иргэн Н.Н******* /ЧЗ3****/, Б.Д********* /43******/ нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. Өв залгамжлалаар өмчлөгч өөрчлөгдөх бүртгэлийг Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.5-д "Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ." заасны дагуу бүртгэдэг.
Үүнээс үзэхэд 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2******** дугаартай 130.98 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн эрхийн улсын бүртгэл нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл Өв залгамжлалаар өмчлөгч нэхэмжлэлийн шаардлагын тухайн хэсэгт дурдсанчлан батлагдсан эскиз зураг, архитектур өөрчлөгдөх бүртгэлийг бүртгэхдээ төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, галын дүгнэлт, комиссын акт гэх мэт нотлох баримтуудыг огтоос шаарддаггүй болно.
Иймд “Т***** ******” ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага огт үндэслэлгүй байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасныг үндэслэн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хорооны нийтийн зориулалттай 7, 8, 9, 10, 11, 12 дугаар орон сууцыг Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний А/977 дугаар захирамжаар дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/118 болон 2017 оны 10 дугаар сарын 04-ний А/736, А/176 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1. 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны 7. 8. 9, 10, 11, 12 дугаар байрны төсөл хэрэгжүүлэгчээр "Т***** ******" ХХК шалгарсныг батламжилж, тус компанид газар хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчидтэй гэрээ байгуулах эрх олгосон.
Тус төлөвлөлтийн барилга байгууламжийг буулган шинэчлэн барих ажил батлагдсан 2 болон 3 талт гэрээ график төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ёстой байх бөгөөд дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байна.” гэжээ.
Гуравдагч этгээд Б.Д********* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ Тус Ү-2******** дугаартай бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг, бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, газрын байршлын кадастрын зураг, барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын мэдээлэл технологийн барилгад олгосон хаягийн тодорхойлолтыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон.
Миний эцэг С.Б*******нь 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны А/397 дугаар шийдвэрийг үндэслэн, Баянгол дүүргийн 1-р хороо, Төмөр зам вокзалын хойно 11 дүгээр байртай залгаа ***тоотод хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 8010/5080 дугаар бүхий 65 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг, 2017 онд миний ээж Н.Н******* 2017 онд мөн тус хаягт үйлчилгээний зориулалтаар 16****/**** дугаар бүхий 65 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг тус тус Баянгол дүүргийн газрын албатай байгуулсан.
2012 онд миний эцэг С.Б********өвчний улмаас нас барсан. 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.5-д “Өв залгамжлах эрхийг эрхийн улсын бүртгэхдээ нотариатаас олгосон өв залгамжлах эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгө өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ, үйлчилгээний хураамж тушаасан баримт зэргийг үндэслэн бүртгэнэ” гэж заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өв залгамжлалаар Н.Н******* /43********/ миний бие Б.Д********* /43******/ нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байдаг.
“Т***********” ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2, 23.1.1, 23.1.2, 23.1.5, 25.1.2, 25.1.3, 25.1.4, 25.1.5, 25.2, 25.4, мөн Орон сууцны тухай хуулийн 15.1.5-т заасны дагуу бидэнтэй нэг ч удаа санал, санаачилга гаргаагүй, 4 жилийн хугацаанд төслийн менежер Э.Баатарсүхтэй 99011296 дугаартай утас руу 40-50 удаа залгаж, 2 удаа холбогдож, харилцан тохиролцож, гэрээ хэлэлцэл хийх талаар удаа дараа санал тавихад үл тоомсорлож, хариу өгдөггүй байсаар өдийг хүрсэн.
Бид 2009 оноос тасралтгүй 2017 он хүртэл үйлдвэр үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, улсад тодорхой хэмжээний татвар төлж, иргэн аж ахуй нэгжийн хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн.
Төсөл хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд бид үйлдвэр үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө түдгэлзүүлсэн боловч тус 11 дүгээр байранд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа аж ахуй нэгж, иргэд байсаар байна. Мөн энэхүү компанитай гэрээ хийж, асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй 6 оршин суугч иргэд, аж ахуй нэгж одоог хүртэл амьдарч байна.
Газар эзэмших гэрчилгээ, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг холбогдох хууль ёсны баримт бичиг байсаар байхад огт үндэслэлгүйгээр нэхэмжлэх гаргаж, биднийг гүтгэн доромжилж, эзэмшигчдэд нь мэдэгдэлгүйгээр, бусдын эд хөрөнгөнд халдахаар завдаж, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй, Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэх заалтыг зөрчиж байгаа тул гомдолтой буйгаа илэрхийлж байна. Иймд “Т***** ******” ХХК-ийн хуулийн үндэслэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч “Т***********” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.У******* тус шүүхэд хандаж “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах Ү-2******** дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 11, 12 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан, төслөө хэрэгжүүлэхэд 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь холбогдох баримт бичгийн бүрдэл хангаагүй байхад бүртгэгдсэнээр хүчинтэй үлдэж бидний үйл ажиллагаа, цаашлаад шинээр орон сууцанд орох иргэдийн эрх ашгийг зөрчиж байгаа...” гэж тодорхойлсныг хариуцагч, гуравдагч этгээдээс “...иргэн С.Б*******ийн гаргасан 2009 оны 10 дугаар сарын 26-ны мэдүүлгийг үндэслэн түүнд хавсаргасан нотлох баримтууд хуулийн шаардлага хангасан, татгалзах үндэслэл байгаагүй тул улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон, хүчингүй болгох үндэслэлгүй...”, “...миний аав С.Б********өөрийн хөрөнгөөр барьсан үл хөдлөх хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн, үүнийг ээж бид 2 өвлөх эрхийн дагуу нэр шилжүүлж авсан, 2009 онд барьсан үл хөдлөх хөрөнгө тул үүнээс хойш төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан гэх этгээд манай бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй” гэж, гуравдагч этгээд Нийслэлийн засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тус төлөвлөлтийн барилга байгууламжийг буулган шинэчлэн барих ажил батлагдсан 2 болон 3 талт гэрээ график төлөвлөгөөний хүрээнд хийгдэх ёстой байх бөгөөд дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчидтэй хамтран ажиллаж байна” гэж тус тус тайлбарлан маргав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:
Иргэн С.Б*******оос 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлэг гаргаж, түүндээ хүсэлт өргөдөл, газрын байршлын кадастрын зураг, С.Б*******ид олгосон, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ТЗ вокзалын хойно 11-байртай залгаа хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 65 м2 талбайтай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Дүүргийн газрын албатай байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, иргэний үнэмлэхийн хуулбар, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсээс уг барилгад олгосон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,2 дугаар хороолол /16051/, Хатанбаатар гэх хаягийн тодорхойлолт, иргэн С.Б*******ийн “Амины орон сууц”-ны зураг төсөл, уг үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг хавсарган ирүүлснийг үндэслэн 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,2 дугаар хороолол /16051/, Х.М********ын гудамж ***тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь С.Б********мөн тул Ү-22******* дугаарт бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон,
2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр иргэн Н.Н******* бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргаж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр өөрөө болон хамтран өмчлөгчөөр хүү Б.Д*********г бүртгүүлэхээр хүсэлт хүргүүлэн түүндээ 230 дугаар Нотариатчийн үйлдсэн, уг үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх 2014 оны 6 сарын 10-ны өдрийн 23 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”, С.Б*******ийн нас барсны гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, иргэний үнэмлэхийн хуулбар, С.Б*******ийн нэр дээр олгогдсон 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг хавсарган өгснийг үндэслэн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 000330041 дүгээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,2 дугаар хороолол /16051/, Х.М********ын гудамж ***тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.Д*********, Н.Н******* нарыг Ү-22******* дугаарт бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон,
2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Н.Н*******, Б.Д********* нараас бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасан ба өргөдөлд “...2 давхраа бүрэн шинэчлэн 53,85 м2 талбайг консолдож сунгаж барьсан бөгөөд тухайн сунгаж барьсан талбайг улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмж оруулах хүсэлтэй байна, нийт талбайн хэмжээ 184,8 м2” гэж духдан Н.Н*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн план зураг, фото зураг зэргийг хавсаргаж ирүүлснийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тухайн хаягт байршилтай 184,8 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Н.Н*******, Б.Д********* нарыг бүртгэж гэрчилгээ олгосон,
“Т***** ******” ХХК-иас ирүүлсэн гомдлыг үндэслэн гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн, 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6** дугаар “Бүртгэл хүчингүй болгох тухай” дүгнэлтээр “...Б.Д*********, Н.Н******* нар нь өргөтгөлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө кадастрын зурагт тусгуулалгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээний хэмжээнээс илүү гаргаж барьсан, кадастрын зураггүй, барилга барих эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байхад бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасныг бүртгэсэн нь тогтоогдож байна” гээд “...184,8 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрээ, гэрчилгээ олгогдоогүй, кадастрын зурагт тусгагдаагүй, нотлох баримт дутуу, барилга барих зөвшөөрөлгүй өргөтгөж барьсан 53,82 м2 талбайн хэсэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт “Иргэн аж ахуйн газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно.” Эд хөрөнгийн эрхийн хэмжээ өөрчлөгдсөн бол өөрчлөлтийг тусгаж, баталгаажуулсан кадастрын зураг” гэж заасныг зөрчиж байгаа тул хүчингүй болгох нь зүйтэй” гэж үзэж 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11-1****** дугаартай мэдүүлэг бүхий бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн,
Уг дүгнэлтийг үндэслэн Б.Д*********, Н.Н******* нараас бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж, хүсэлтдээ “...хүчингүйд тооцсон талбайн хэмжээг хасаж үлдсэн 130,98 м2 талбайн хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгнө үү” гэж дурдсанаар тухайн хаягт байрлах 130,98 м2 талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Б.Д*********, Н.Н******* нарыг бүртгэж 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 000930959 дугаар гэрчилгээг олгосон,
2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар бүхий Улсын мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон 150 байшингийн ашиглалтыг 2014 оны 7 сарын 20-ны өдрөөс эхлэн зогсоосон, уг жагсаалтын 56-д тухайн байшин багтсан,
Нийслэлийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02-01/1387 дугаар “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгын тухай” албан бичгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн, уг албан бичгээр “...ашиглалтын шаардлага хангахгүй 172 барилгын сууц өмчлөгчид нь өөрийн орон сууцыг өрөө тус бүрээр нь хувааж улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ гаргуулж байгаа нь 2 талт гэрээ байгуулахад хүндрэл учруулж байна, иймд энэ тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах ажлыг түдгэлзүүлэх арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлнэ үү” гэж хандсан,
“Т***********” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/736 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 11, 12 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчээр шалгарсан, одоогоор тухайн байршилд газар дээрээ төслийн үйл ажиллагааг хараахан эхлүүлээгүй үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д мэдүүлэгт хавсаргах баримт бичгийг тодорхой заасан, тухайлбал 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар;”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг;”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт;”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл.” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө:”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол;”, 14.1.6-д “энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол;” 14.1.9-д “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол.” гэж, 14.2-т “энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл иргэн С.Б*******аас өөрийн барьж босгосон үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргахдаа хуульд заасан бүхий л шаардлагатай баримтуудыг хавсаргаж ирүүлсэн, уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул энэ үндэслэлээр 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч захиргааны байгууллага нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг нь хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль болон нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан ба иргэн С.Б********нь тухайн хаягт байршилтай 65 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын гэрээ зэргийг мэдүүлэгт хавсаргаж ирүүлсэн байх ба энэ тохиолдолд “тухайн гэрээ, гэрчилгээ нь үл хөдлөх эд хөрөнгийг түүний өмчлөлд бүртгэх үндэслэл болсон” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.
Ийнхүү 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тухайн хаягт орших 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэх мэдүүлгийг хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээг С.Б*******ид олгосон нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул С.Б*******ийг нас барснаас хойш түүний хууль ёсны өвлөгчид болох иргэн Н.Н*******, Б.Д********* нарт тухайн үл хөдлөх хөрөнгийг хамтран өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн, тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тухайлбал хариуцагчийн хийсэн уг бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн шилжилтийг бүртгэсэн бүртгэл ба өвлөх эрхийн гэрчилгээний дагуу иргэн Н.Н*******аас 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гаргасан мэдүүлэг, түүнд хуульд заасан нотлох баримтуудыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлснийг үндэслэн Н.Н*******, Б.Д********* нарын өмчлөлд уг үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн бүртгэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэж байна.
Нэхэмжлэгчээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 11 дүгээр байрны 01 тоот хаягтай давхцалтай байгаа нь анхнаасаа баримт зөрчилтэй гэж үзэхээр байхад улсын бүртгэгч бүртгэж гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй гэж маргасан боловч Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын Мэдээлэл технологийн хэлтсээс уг барилгад олгосон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо,2 дугаар хороолол /16051/, Х.М********ын гудамж, ***тоот гэх хаягийг уг үл хөдлөх эд хөрөнгөд 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/910 дугаар албан бичгээр тодорхойлж Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт ирүүлсэн, тухайн цаг үед уг тодорхойлолтыг үндэслэн бүртгэл хийснийг нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буруутгах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай 130,98 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхдээ батлагдсан эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд, магадлалын ерөнхий дүгнэлт, барилга хүлээж авсан комиссын акт зэргийг хавсаргаж ирүүлээгүй байхад бүртгэсэн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл хууль бус” гэж маргасан ба тухайн өдрийн бүртгэл нь иргэн С.Б*******ийн өмчлөх эрхийг түүний хууль ёсны өв залгамжлагч нарт шилжүүлэн бүртгэсэн, уг бүртгэл хуулийн 24 дүгээр зүйлд болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцсэн, нөгөө талаар өвлөх эрхийн дагуу шилжүүлэн бүртгэхэд дээр дурдсан нотлох баримтуудыг шаардлагатай баримт гэж үзэхгүй, энэ талаарх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд саад учруулж, улмаар орон сууцанд орох иргэдийн эрх ашгийг гуравдагч этгээд нар зөрчиж байна” гэж дурдан, гуравдагч этгээдийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй, тухайн бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр “Т***** ******” ХХК-ийн гаргасан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах Ү-2******** дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.2, 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т***** ******” ХХК-ийн гаргасан “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Х.М********ын гудамж, ***тоот хаягт байрлах Ү-2******** дугаартай бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН