Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 59

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Насанжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Буджавын Найданд холбогдох 2017030000030 тоот хэргийг хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 6 дугаар баг Өлзийт гэх газарт оршин суух, Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 11 сар 17 хоногийн хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан Боржигон овогт Буджавын Найдан /РД:АС82102312/

                   Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Найдан нь өөрийн эхнэр А.Жаргалтөгстэй харгис хэрцгий харьцан догшин авирлаж удаа дараагийн үйлдлээр 2007 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуугаар түүний нүүрэн тус газарт цохиж хамрын зүүн ясыг хугалж гэмтээсэн, 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт түлээний хагалсан мод шидэж зүүн хөмсгийг нь гэмтээсэн, 2015 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бууны хуйгаар нүүрэн тус газарт нь цохиж дээд уруулын баруун дээд хэсгийг гэмтээсэн, 2015 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар жижиг хутга шидэж зүүн ташааг гэмтээсэн, ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Дэнжийн 4-7 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хамар, уруул хэсэгт гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтлүүдийг тус тс учруулан, байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Найдангийн өгсөн: Манай охин дүү А.Жаргалтөгсийн дүүтэй суусан юм. А.Жаргалтөгсийн ар гэрийнхэн болон дүү нар нь намайг элбэж зодож байсан удаатай. Миний нуруу руу модоор цохиод, миний нуруу одоо далий болсон. Мөн манай гэр орныг шатааж байсан. Бид нар хоорондоо таарч тохирдоггүй болохоороо би А.Жаргалтөгстэй байнга хэрэлдэж, мууддаг. Хоёр талынхаа ар гэрээс болж бид хоёрын дунд таарамжгүй харилцаа их үүсдэг. Намайг нэг тийшээ ажил төрөл хийгээд яваад ирэхээр манай мал идээ, идэж уух юм алга болсон, дууссан байдаг. Тэр болгонд нь миний уур маш их хүрдэг.  А.Жаргалтөгсийг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна.  Надад өөрийн гэсэн төрсөн ах дүү байхгүй. Би гэр дотроо болж байгаа зүйлийг гадагш нь хүн амьтанд хэлээд байдаггүй. Эхнэрийгээ битгий хүн амьтанд гэрт болж байгаа зүйлээ яриад яваад бай гэхээр эгч, дүү нартаа хэлсэн байдаг. Тэр болгонд нь би гомдож явдаг. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.

201703000030 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч А.Жаргалтөгсийн өгсөн: 

“...би Найдан гэх хүнтэй анх 2006 онд гэрлэж гэрлэлтээ батлуулсан. Тэрнээс хойш 2007 онд Ганхүү гэх хүүтэй олсон. 2010 онд Ганболор гэх охинтой болж 10 гаруй жил хамт амьдарсан. Тэгээд 2015 оноос эхэлж архи ууж агсан тавьж хэл амаар доромжилдог болсон. 2015 оны намар 09 дүгээр сарын дунд үед манай нөхөр Найдан бид хоёр сумын төв орчихоод гэртээ ирээд байж байсан чинь Найдан архи уучихаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд намайг хугархай бууны хуй байсан чинь тэрүүгээр миний уруул хэсэгт нэг удаа цохисон. Тэгэхээр нь би гэрээсээ гараад зугтаасан. 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Найдан сумын төв явчихаад ирэхдээ архи уучихсан гэрт ирээд надаас архины мөнгө нэхээд намайг хэнтэй сумын төвөөс ирсэн бэ, гээд хардаад байсан. Тэгээд хэрэлдэж байсан чинь намайг хагалсан түлээгээр толгойн тус газарт хоёр удаа цохиж миний толгойг хагалчихсан. Тэгээд гэрч байсан сүхний ирны ар талын төмрөөр мний хөлний тавхайн хэсэгт хоёр удаа цохисон. Тэгхээр нь би гэрээсээ гарч гүйгээд сумын төв рүү алхаж сумын эмнэлэг дээр ирж хоносон. 2015 оны 11 дүгээр сард манай нөхөр Найдан нь өглөө 08 цагийн үед намайг галаа түлээд сууж байсан чинь намайг зурагтаа асаачих гэсэн тэгэхээр нь би галаа түлчихээд асаачихъя гэсэн чинь над руу тогооны авдарны шургуулган дотор байсан шар иштэй эвэр иртэй жижиг хутга над руу аваад шидсэн чинь тэр хутга нь миний ташаан толгойн дээд талд үзүүр нь ороод хутга нь газар унасан. 2016 оны 06 дугаар сард аймгийн цагдаад өргөдөл өгсөн чинь дахиж зодохгүй гээд байхаар нь би өргөдлөө буцааж авсан. 2016 оны 09 дүгээр сард манайхыг намаржаан дээрээ байхад хажуу талын Болд гэх айлд сумын төвөөс машин ирээд буцаад сумын төв рүү явах гэж байхаар нь би хоёр хүүхдээ сургуульд нь явуулах гээд тэр машинд суулгах гэсэн чинь манай нөхөр Найдан би өөрөө хүргэж өгнө гээд явуулахгүй байсан. Тэгээд тэр айлын гадаа намайг үснээс зулгааж байгаад зодсон. Тэгээд тэр айлын хүмүүс гарч ирээд Найданг болиулж салгасан. 2016 оны 12 дугаар сарын шөнө 02 цагийн үед намайг хадам ээж Ням-Осорын гэрт 2 хүүхэдтэйгээ байж байсан чинь манай нөхөр Найдан орж ирээд хөдөө явъя гээд байсан. Тэгэхээр нь би шөнө яаж явдаг юм бэ, өглөө явъя гэсэн чинь 2 хүүхдээ авч явна гээд уурлаад миний хамар руу хоёр удаа цохисон. Тэр үед Найдангийн төрсөн ах Насанхүү Найданг салгаж би гэрээсээ гарч зугтаасан. Тэгээд урд талын айлд орж хоночихоод өглөө гэртээ 08 цагийн үед орж ирэхэд Найдан намайг зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд миний гутлыг тайлуулаад гар гээд хөөгөөд байсан. Тэгээд надаас утас бичиг баримт булааж аваад намайг гар гээд хөөгөөд булааж авсан бичиг баримтан дотор миний иргэний үнэмлэх, Найдангийн иргэний үнэмлэх, миний эрүүл мэндийн дэвтэр, Найдан бид хоёрын гэрлэлтийн баталгаа цуг байсан. Би энэ хугацаанд Найданд байнга зодуулж, дарамтлуулж байна. Манай ах, дүү нарыг байнга хэл амаар доромжилж намайг болон манай хоёр хүүхдийг сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Хоёр хүүхдийнхээ хажууд намайг зодож цохихоор манай хүүхдүүд айж сэтгэл санааны маш их дарамтанд ордог. Эрдэнэмандал суманд Найдангийн гэрт байгаа. Тэр хутга шар эвэр иштэй, иш нь хугарчихсан хутга байсан, бараг хаячихсан байх. Тэр айлд Болд гэдэг айл байсан Болд ахын эхнэр тухайн үед харсан. Тэр бууны хуй манайд байхгүй алга болчихсон байна лээ. Хаана байгааг нь би мэдэхгүй. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зодуулахдаа би сумын эмнэлэгт мэс заслын эмчид үзүүлсэн. 2016 оны 05 дугаар сард толгойн тус газраа модоор цохиулахдаа сумын эмнэлэг орж сувилагчаар нь боолт хийлгэсэн. Тухайн үед би эмнэлэгт үзүүлээгүй. Миний ташаан толгойн дээд хэсгээр хөхөрч хэдэн өдөр би доголж явсан.

2012 онд манай нөхөр Найдан мартын баяраар согтуу ирээд над руу түлээний хагалсан мод шидээд ийм болгочихсон. 2015 оны 09 дүгээр сард манай нөхөр Найдан хэрүүл маргаан хийж байхдаа бууны хуйгаар цохисон. 2007 онд хамт амьдраад удаагүй байхад манай нөхөр Найдан хэрүүл маргаан хийж байгаад чулуу шидээд муруйлгачихсан. Энэ сорви манай нөхөр Найдан 2007-2008 оны үед байх би сайн санахгүй байна хэрүүл маргаан хийж байгаад модоор цохисон. 2015 оны 11 дүгээр сард хэрүүл маргаан хийж байхдаа манай нөхөр Найдан над руу хутга шидээд ийм сорви тогтсон. 2015 онд манай нөхөр Найдан битүүний орой согтуу агсан тавьж хэрүүл маргаан хийж байхдаа над руу аяга шидээд ийм сорви тогтсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25, 26-27 дугаар тал/

* Гэрч А.Жаргалбатын өгсөн: 

“...миний төрсөн дүү А.Жаргалтөгс нь надад Найданг байнга зодож цохидог талаар ярьж байгаагүй ч өнгөрсөн оны 05 дугаар сард миний дүүг зодсон талаар мэдсэн. Саяхан 12 дугаар сарын 26-ны өдөр дахин зодсон байна лээ. Урд өмн А.Жаргалтөгсийг Найдан зодож байсан талаар нутгийн хүмүүс надад ярьж хэлж байсан. Нүдэн дээр зодож цохиж байхыг хараагүй. Жаргалтөгс надад Найдан намайг зодсон гэж ярьж байгаагүй. Харин 2016 оны 05 дугаар сард миний дүүг зодсон байна гэж аймгийн төвөөс эгч маань утсаар ярьж байсан. Тухайн үед би Жаргалтөгсийг сумын эрүүл мэндийн төв дээр байхаар нь уулзахад хөл нь доголчихсон, тархи толгой өвдөөд байна гэхээр нь эгч нь хөлийг нь үзье гэтэл яах юм бэ өмдтэй наалдчихсан байх та надад аймаг явах унаа олоод өгөөч гэхээр нь унаа олж өгөөд явуулж байсан. Жаргалтөгсийг сумын эрүүл мэндийн төв дээр байхаар нь очих уулзахад хөл нь доголчихсон, толгойн орой хэсэгт нь хавдаж овойсон байхаар нь эгч нь үзэж харъя, хөлийг нь үзье гэтэл яах юм бэ өмдтэй наалдчихсан байх гээд үзүүлээгүй. Жаргалтөгсийн зүүн талын нүд нь хөхөрчихсөн, хөл нь доголчихсон, энд тэндээ хавдаж овойсон байсан. Миний дүү Жаргалтөгс нөхөртөө зодуулсан тухай бүртээ эмнэлгийн байгууллагад хандаж чаддаггүй байсан. 2016 оны 05 дугаар сард нөхөртөө зодуулж эмнэлэг дээр ирсэн үед нь би очиж байсан. Найдангийнх зундаа ч тэр өвөлдөө ч тэр ганц гэрээр буудаг болохоор тэр болгон хүн мэддэггүй, хажуу ойролцоо айлууд нь сонсож мэдсэн байж болох юм. Миний сонсож байснаар Найдан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зоддог гэж Жаргалтөгс надад ярьж байсан. Би маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

* Гэрч М.Алтанцоожийн өгсөн: 

“...Б.Найдан нь миний хариуцсан багийн иргэн бөгөөд Найдантай төрөл садан, найз нөхдийн холбоо байхгүй. Багийн даргын ажил хэргийн талаар харилцаа холбоотой байдаг. Б.Найдан нь Эрдэнэмандал сумын Тээл багийн Баянгол гэх газар эхнэр, 2 хүүхдийн хамтаар мал маллаж амьдардаг бөгөөд архи, тамхи хэрэглэдэг, зан байдлын хувьд боломжийн урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан. Б.Найдан нь Тээл багт шилжин ирээд удаагүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/

* Гэрч С.Бадамхандын өгсөн: 

“...би А.Жаргалтөгс гэх хүнийг зүс танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. А.Жаргалтөгс нь нөхөр Б.Найданд зодуулсан гэж ирэх үедээ нэг нүд нь хөхөрсөн, толгой хэсэгтээ хагарсан шархтай байсан нь ил харагдаж байсан ба тухайн үед их эмч байсан Мөнхзулыг дуудан үзүүлж байсан. Манай нөхөр Найдан зодсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/

* Гэрч Б.Алтанхуягийн өгсөн: 

“...би Б.Найдан , Насанхүү гэх хүмүүстэй 2 шил архи Найдангийнд ууцгаасан бөгөөд архиа ууж дуусаад би гэр рүүгээ явсан. Намайг байхад Найдан эхнэрээ зодож цохиогүй би тэр талаар мэдэхгүй. Найдан тухайн үед согтуу байсан. Би маргааш өглөө нь ороход Жаргалтөгс, Найдан, Насанхүү нар байсан ба Жаргалтөгс надад хэлэхдээ та нарыг гарч явсны дараа Найдан намайг зодоод та байж байхгүй гээд уйлаад байхаар нь би Найданд архи уучихаад эхнэрээ зодоод яаж байгаа юм гэж хэлээд гэрээс гарч явсан. Найдан нь архи, тамхи хэрэглэдэг бөгөөд уг хүн чанар нь боломжийн хүн гэж боддог...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар тал/

* Гэрч А.Нанжидмаагийн өгсөн: 

“...Би Найдангийн талаар сонсож байсан бөгөөд эхнэрээ зодож, цохиж байхыг нь хараагүй. Ямар шалтгаанаас болж зодож, цохидог талаар мэдэхгүй. Жаргалтөгс надад ярихдаа манай нөхөр Б.Найдан над руу хутга шидээд намайг гэмтээсэн одоогоор эдэгсэн гэж ярьж байсан. 2016 оны 12 дугаар сард Б.Найдан нь эхнэр Жаргалтөгсийг сумын төвд зодсон талаар хүмүүс ам дамжин ярьж байхыг нь сонсож байсан. Ямар шалтгаанаар зодсон талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/

* Гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: 

“...би Найдан, Жаргалтөгс нарыг танина. Ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй бөгөөд нэг нутгийн айл саахалт хүмүүс байгаа юм. Тухайн үед шөнийн 23-24 цагийн хоорнод Жаргалтөгс манайд уйлсаар орж ирэхдээ манай нөхөр Б.Найдан нь намайг зодоод сүхний ишээр толгой руу цохиод толгой хагалчихсан гээд надад үзүүлэхэд гэрэл муутай байхад сайн харагдаагүй ямар ч байсан цус болсон байхаар нь сумын төв орж эмчид үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэнд Жаргалтөгс сумын төв рүү яваад өгсөн бөгөөд сураг сонсоход аймгийн төв явсан байсан. Жаргалтөгс манайд уйлаад орж ирэх үедээ толгой хага цохисон гээд ярьж байсан ба Жаргалтөгсийн толгойн орой дээрээс нь цус гарсан хагарсан бололтой үстэй нь цус ширэлдсэн байсан бөгөөд өөр зүйл анзаарагдаагүй. Б.Найдан нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зодож цохидог байсан өөр зүйл мэдэхгүй. Би Найданг эхнэрээ зодож цохиж байхад нь хажууд нь байгаагүй. Жаргалтөгс надад нэг их зүйл ярьдаггүй бөгөөд 1, 2 удаа л Найдан намайг зодоод гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

* Гэрч Ж.Батсүхийн өгсөн: 

“...иргэн Жаргалтөгс нь нөхөртөө зодуулсан гэж ирэхдээ толгой их өвднө, бүх биеэр зовиуртай, нүд, нүүр, хоёр гарын бугалга, нуруу хэсэгт няцарч хөхөрсөн байдалтай ирсэн. Иргэн Жаргалтөгсийн биед бүтэн биеийн үзлэг хийхэд олон тооны хуучин сорвитой, нүүр, уруул нь хавдсан, хөхөрсөн, хоёр гарын бугалга, нуруу хэсгээр хөхөрсөн байдалтай байсан ба Жаргалтөгс нь надад хэлэх дээ ташаан толгой хэсэгт байсан сорви нь Найданд хутгалуулж байсан, бусад сорвиууд нь зодуулах үедээ гэмтэл авч байсан гэж мэдүүлж байсан. Жаргалтөгс тухайн үед надад хэлэхдээ манай нөхөр Найдан нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ намайг зоддог бөгөөд удаа дараа зодож байна гэж ярьж байсан. Миний санаж байгаагаар Жаргалтөгсийн биед бүтэн биеийн үзлэг хийхэд олон тооны хуучин сорвитой, нүд, нүүр, хоёр гарын бугалга, нуруу хэсгээр хөхөрсөн хавантай байсан бөгөөд тухайн үед үзлэг хийхэд бичигдсэн эмчийн дүгнэлт дээр тодорхой тусгаж бичсэн болно. Жаргалтөгсийн талаар сонсоход эрүүл мэндийн төв дээр нөхөртөө зодуулсан гэж ирээд тусламж авч байсан юм билээ. Би тухайн үед ажилд ороогүй байсан. Найдан нь эхнэртээ байнга агсан согтуу тавьж зодож дарамталдаг талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/

* Сэжигтэн, яллагдагчаар Б.Найдангийн өгсөн: 

“...2016 оны 06 дугаар сард хөдөө гэртээ байхдаа эхнэр Жаргалтөгстэй хурга алдсанаас болж маргалдаад салсан сүхний иш шидсэн чинь манай эхнэрийн толгой нь хагарсан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай бага охин Ганболорыг шинэ жилийн арга хэмжээнд оруулчихсан байсан. Би тэр өдөр хөдөөнөөс өөрийнхөө ээж Ням-Осорын гэрт ирсэн чинь манай охин ирээгүй байсан. Тэгэхээр нь би харанхуй шөнө хүүхэд яах гэж явуулсан юм бэ гээд маргалдаад шанаан тус газарт нь нэг алгадсан. Тэгсэн чинь манай эхнэр гараад гүйчихсэн. Тэгээд өглөө 07 цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирсэн. Тэгэхээр нь би гараад архи ууж явж байгаад орой нь ирсэн чинь ээжийн гэрийг цоожилоод яваад өгсөн байсан. Тэгээд сүүлд нь сураг сонссон чинь манай эхнэр 2 хүүхдээ аваад Хайрхан сум явчихсан байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгч Төрбат намайг дуудаад аймаг явна гэж хэлсэн. Энэ өдөр би эхнэрээ зодоогүй толгой руу нь сүхний иш шидсэн чинь толгой нь хагарчихсан. Тэгэхэд би зодоогүй манай доод талын айлд аймаг явна гэсэн машин ирсэн чинь манай эхнэр тэр машинд сууж аймаг орж биеэ үзүүлнэ гээд явах гээд байсан юм. Тэгэхээр нь явуулахгүй гээд маргалдсан. Би тэр үед зодоогүй. Тэр өдрөө гэртээ мах идэж байсан чинь манай хоттой хониноос 2 ширхэг хонь алга болоод тэрнээс болж маргалдаад мах идэж байсан хутгаа аваад шидсэн. Тэгээд тэр хутганы үзүүр нь жоохон орчихсон байсан. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай бага охин Ганболорыг шинэ жилийн арга хэмжээнд оруулчихсэн байсан. Би тэр өдөр хөдөөнөөс өөрийнхөө ээж Ням-Осорын гэрт ирсэн чинь манай охин ирээгүй байсан. Тэгэхээр нь би харанхуй шөнө хүүхэд яах гэж явуулсан юм бэ гээд маргалдаад шанаан тус газарт нь нэг алгадсан. Тэр үед би хувцсыг нь тайлуулаагүй гутлыг нь тайлуулаад нуучихсан юм. Насанхүүг зодож цохисон асуудал байхгүй. Би урд өмнө өөрийн эхнэр Жаргалтөгсийг зодож, цохиж байсан удаа байгаа тэгээд би уучлалт гуйгаад эвлэрч байсан. Гэр бүлийн маргаанаас болж цохиж зоддог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 дугаар тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...1. А.Жаргалтөгсийн биед баруун зовхи, эрүүний зүүн хэсэг, баруун бугалганы ар, баруун шилбэний ар, урд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Эдгээр нь зодуулсан гэх тухайн цагт үүссэн шинэ гэмтэл байна. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Эмчийн тодорхойлолтонд тусгагдсан сорвиуд нь хуучин гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 36 дугаартай шинжээчийн дүгнэлтийн нэмэлт: 

Дүгнэлтэд: “...1. А.Жаргалтөгсийн биед өмнө гарсан 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №36 тоот дүгнэлтийг СДЭ-ын эмчийн тодорхойлолтыг үндэслэн гаргасан тул үнэн зөв. 2, 3. А.Жаргалтөгсийн биед зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шархны сорви, дээд уруулын баруун дээд хэсэгт, зүүн хацарт нэвчдэст сорви, зүүн ташаан дээр, зүүн бугуйн үе дээр шархны сорви, хамрын таславчийн муруйлт, баруун бугалганы гадна дунд хэсэгт зулгаралтын сорви гэмтлүүд тогтоогдлоо. 4. Зүүн ташаа, зүүн бугуйн үед дээрх шархны сорви нь ир үзүүртэй зүйлийн, бусад сорвиуд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй хуучин гэмтлүүд байна. 5. Зүүн хөмсөгний гадна дээд хэсэгт шархны сорви, дээд уруулын баруун дээд хэсэг, зүүн хацарт нэвчдэст сорви, зүүн ташаан дээр, зүүн бугуйн үен дээр шархны сорви, хамрын таславчийн муруйлт гэмтлүүд нь тус бүртээ учирсан тухайн үедээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохы журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун бугалганы гадна дунд хэсэгт зулгаралтын сорви нь учирсан тухайн үедээ 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 7. Бусад сорви гэмтлүүд нь тухайн гэмтлээс үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/

* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-21 дүгээр тал/

* Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/94 дугаартай тодорхтойлолт /хх-ийн 66 дугаар тал/ 

* Б.Найдангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72, 73 дугаар тал/ зэрэг болно. 

Шүүгдэгч Б.Найдан нь өөрийн эхнэр А.Жаргалтөгстэй харгис хэрцгий харьцан догшин авирлаж удаа дараагийн үйлдлээр 2007 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар чулуугаар түүний нүүрэн тус газарт цохиж хамрын зүүн ясыг хугалж гэмтээсэн, 2012 оны 03 дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт түлээний хагалсан мод шидэж зүүн хөмсгийг нь гэмтээсэн, 2015 оны 09 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар бууны хуйгаар нүүрэн тус газарт нь цохиж дээд уруулын баруун дээд хэсгийг гэмтээсэн, 2015 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Тээл багийн нутаг Баянгол гэх газарт гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар жижиг хутга шидэж зүүн ташааг гэмтээсэн, ялтай байх хугацаандаа 2016 оны 12 дугаар сарын 26-ны орой 22-23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг Дэнжийн 4-7 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хамар, уруул хэсэгт гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтлүүдийг тус тус учруулан, байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч А.Жаргалтөгсийн “...Би энэ хугацаанд Найданд байнга зодуулж, дарамтлуулж байна. Манай ах, дүү нарыг байнга хэл амаар доромжилж намайг болон манай хоёр хүүхдийг сэтгэл санааны дарамтанд оруулдаг. Хоёр хүүхдийнхээ хажууд намайг зодож цохихоор манай хүүхдүүд айж сэтгэл санааны маш их дарамтанд ордог...” гэх мэдүүлэг, гэрч А.Жаргалбатын “...Найдан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зоддог гэж Жаргалтөгс надад ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Бадамханд, Б.Алтанхуяг, А.Нанжидмаа, Д.Эрдэнэчимэг, Ж.Батсүх нарын мэдүүлэг, нотлох баримтын эх сурвалжийг баталсан шүүгдэгч Б.Найдангийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүхээс Б.Найданг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4-т хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй болохоор заасан ба шүүгдэгч Б.Найдан нь уг хугацааг дуусаагүй байхад шинээд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнийг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татаж болохгүй гэж заасан бөгөөд хэдийгээр шүүгдэгч Б.Найдан нь ялтай хугацаандаа дээрх гэмт хэргийг үйлдсэн боловч хуульд ялтай хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл болохоор заасан,  Эрүүгийн хуулийн хариуцлагаас чөлөөлөхөд хуулиар хориглоогүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д зааснаар Б.Найданд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Найданг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Найдан нь 19 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирлдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Буджавын Найданг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч Б.Найданд холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Шүүгдэгч Б.Найдан нь энэ хэрэгт 19 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

4. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР