| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0066/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 18.12.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Н,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.З-,
шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ы Б-т холбогдох эрүүгийн 2513000000039 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Б- сумын 4 дүгээр /Бугын гол/ багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, С овогт Х-ы Б-, регистрийн дугаартай: БЭ.........;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Б- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан атал түүнийг нас баран талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 4 сараас 2023 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,880,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач охин Б.Н-ын эзэмшлийн Төрийн банкны ........ тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь охин Б.Н- 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан атал түүнийг нас барсны бүртгэлд бүртгүүлэлгүй 2018 оны 4 сараас 2023 оны 9 сар хүртэл төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 5,880,000 төгрөгийг Халамжийн сангаас авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс 5,880,000 төгрөгийг гаргуулж халамжийн санд төлүүлэх саналтай байна” гэв.
2. Шүүгдэгч мэдүүлэхдээ: “Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Беркенбекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй, хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000039 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 58 дахь тал/,
5. Гэрч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
6. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
7. Иргэн Б.Н- гэх хүүхдийн Төрийн банкны ........ тоот дансны хуулга /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
8. Иргэн Х.Б-ийн Төрийн банкны ........... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 91-100 дахь тал/,
9. Улсын бүртгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/41 тоот албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
10. Иргэн Б.Н-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,
11. Яллагдагч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
12. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
13.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
15. Шүүгдэгч Х.Б- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан атал түүнийг нас баран талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 4 сараас 2023 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,880,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач охин Б.Н-ын эзэмшлийн Төрийн банкны ........ тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
16. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Н-ын хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан жагсаалтын гаргасан. Уг жагсаалтад Б.Н- нь 2017 оны 01 сараас эхэлж 2024 оны 09 сар хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж авсан байна. Манай халамжийн сан нь ерөнхийдөө улсын бүртгэлийн сангаас мэдээллээ татан авдаг тул тухайн хүүхэд нас барсаны гэрчилгээгээ авч улсын бүртгэлээ бүртгүүлсэн үед нь манай халамжаас зогсоосон байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлэхгүй бол шууд олголт хийгээд яваад байдаг юм. Харин тухайн хүмүүс нь нас барсаны гэрчилгээ авахгүй явж байсан тул улсын бүртгэлд тухайн хүүхэд нь амьд гэх төлөвтэй байсан тул 2024 оны 09 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдож байсан байна. Манайд хүүхдийн мөнгө хууль бусаар авч байгаа иргэдийг тогтоох зорилгоор хяналт шалгалтыг аймгийн хэмжээнд зохион байгуулахад тухайн нас барсан хүүхэд Б.Н-ын ээж гэх Е.С- гэх хүн аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт ирж “9-ийн мэдээгээр нас барсан хүүхдийн нэр дээр мөнгө авдаг тохиолдолд гараад байгаа талаар сонссон. Би нас барсан охин болох Б.Н-ын нэр дээр хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байсан. Манай охин Б.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан” гэж хэлсэн юм. Тэгээд би уг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олголтыг зогсоож цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн Б.Н-ын гэх хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эхийн аль нь авч байсан эсэхийг манай сангаас харах боломжгүй. Учир нь манайх тухайн хүүхдийн нэр дээр бүртгэлтэй арилжааны банкны данс руу хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шилжүүлдэг юм. Уг данснаас эцэг, эх нь хэн зарлага гаргасныг манай байгууллагаас мэдэх боломжгүй. Уг Б.Н- гэх хүүхэд нь Төрийн банкны ........ тоот дансаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан байна. Хэрэв уг хүүхэд нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан бол тухайн 03 сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдоно, харин 2018 оны 04 дүгээр сараас эхлэн зогсох ёстой. Тиймээс 2018 оны 4 сараас 2024 оны 9 сар хүртэлх олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмжийг халамжийн санд учирсан хохирол гэж үзнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11, 58 дахь тал/,
17. Гэрч Е.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би нөхөр болох Б- сумын иргэн Х.Б-тэй 2011 онд гэр бүл болж дундаасаа 6 хүүхэдтэй болсон юм. Б.Н- нь манай дунд охин болж 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн юм. Талийгаач Б.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хатгаа өвчин тусаж хүндэрснээр нас барсан. Тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан юм. Талийгаач охин Б.Н-ыг нас барснаар бүртгүүлээгүй. Саяхан нэг өдөр 9-ийн мэдээгээр нас барсан хүүхдийн нэр дээр хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг асуудал гарч байгаа талаар мэдээлэл сонссон. Тэгээд би уг үйл явдлыг болохгүй гэдгийг нь мэдээд аймгийн Халамжийн газарт очиж өөрөө мэдүүлсэн юм. Манай охин Б.Н- нь нас барсны дараа хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байгаа ба сүүлд халамжийн газарт очиж хэлэхэд хүүхдийн мөнгийг зогсоосон. Уг талийгаач охин Б.Н-ын нас барсны дараа хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мөнгийг нөхөр болох Х.Б- нь авч байсан. Манай нөхөр Х.Б- нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож одоо Өвөрхангай аймагт хоригдож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
18. Гэрч Т.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай Өлгий суманд жилд 230-240 хүмүүсийг нас барснаар бүртгүүлж ирдэг юм. Үүнээс нас барснаар нөхөж бүртгүүлэх тохиолдол гардаг. Бид нас барсны нөхөн бүртгэл хийхийн тулд эмнэлгийн байгууллагаас олгосон АМ-7 дугаартай маягтыг үндэслэж улсын бүртгэлд нас барсны бүртгэл хийдэг. Уг маягтад нас барсан шалтгаан болон нас барсан хугацааг тодорхой тусгасан байдаг тул тухайн маягтыг үзэж нас барсны бүртгэл хийлгүүлдэг. Улсын бүртгэлийн тухай хуулинд орон нутагт ажлын 7 хоногийн дотор нас барагчийн ар гэр, төрөл садангийн хүмүүс нь улсын бүртгэлд нас барснаар бүртгүүлэх үүрэгтэй. Иргэд уг үүргээ биелүүлэхгүйгээр нас барсны дараа хэдэн жилийн дараа ирж нөхөж бүртгүүлдэг. Нас барснаар бүртгүүлэх нь иргэдийн үүрэг юм. Уг хүүхдүүд нь нас барснаар хэзээ бүртгүүлсэнийг тодорхой санахгүй байна. Улсын бүртгэлийн лавлагаа нь тодорхой байгаа. Тухайн хүүхдүүдийн ар гэр нь ирж хүсэлт гаргахаар би улсын бүртгэлд нас барснаар нөхөж бүртгэж нас барсны гэрчилгээ олгосон. Бид хүүхдүүд болон иргэдийн нас барснаар нөхөж бүртгэх үед төрөөс халамж үйлчилгээ, мөнгө^авч байсан талаар асуудаг. Гэхдээ хүмүүс бидэнд үгүй гэж хариулдаг. Хэрэв мөнгө авч байсан гэж хэлбэл хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байдаг. Хүмүүс мөнгө аваагүй гэхээр нь шууд бүртгэлийг нь хийдэг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
19. Иргэн Б.Н- гэх хүүхдийн Төрийн банкны ........ тоот дансны хуулга /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
20. Иргэн Х.Б-ийн Төрийн банкны ........... тоот дансны хуулга /хавтаст хэргийн 91-100 дахь тал/,
21. Улсын бүртгэлийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 12/41 тоот албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,
22. Иргэн Б.Н-ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дахь тал/,
23. Яллагдагч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний охин Б.Н- нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн бөгөөд төрсөн цагаасаа эхэлж дутуу, хөгжлийн бэрхшээлтэй төрсөн бөгөөд 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд шууд эмнэлгээс бүртгэсэн байх гэж бодоод өөрсдөө улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Нас барснаас нь хойш Б.Н-ын сар болгон нийгмийн халамжаас ордог мөнгө орж байсан. Дээрх мөнгийг би өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулж дуусгасан..., ...надад хохиролтой холбоотой санал хүсэлт байхгүй, би төрд учруулсан хохирлоо барагдуулж өгнө гэдгээ илэрхийлж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт.
24. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
25. Шүүгдэгч Х.Б- нь төрөөс олгож буй хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах зорилгоор охин Б.Н- нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр нас барсан атал түүнийг нас баран талаар төрийн холбогдох байгууллагад бүртгүүлэлгүй 2018 оны 4 сараас 2023 оны 9 сар хүртэл хүүхдийн мөнгө болох нийт 5,880,000 төгрөгийг Халамжийн сангаас талийгаач охин Б.Н-ын эзэмшлийн Төрийн банкны ........ тоот дансаар дамжуулан авч, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авсан нөхцөл байдал бүрэн тогтоогджээ.
26. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж авч “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
27. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Б-ийн шунахайн сэдэлт, хуулийн мэдлэггүй байдал, холбогдох төрийн байгууллагын хяналт сул байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.
29. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан.
30. Шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Нийгмийн халамжийн санд 5,880,000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Х.Б- нь уг хохирлоо төлөхөө илэрхийлсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ээс 5,880,000 төгрөг гаргуулан нийгмийн халамжийн сангийн 100900017033 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
31. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2,3 дугаар зүйлийг журамлан өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 21 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 8 сар 21 хоног болгон тооцож, дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,
32. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг хорих ялаар сольж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
33. Шүүгдэгчээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
35. Шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
36. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж үзлээ.
37. Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор уршгийг төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Б-т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
38. Шүүгдэгч Х.Б- нь тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурван/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.
39. Шүүгдэгч Х.Б- нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурван/ жил 8 /найм/ сарын хорих ялаас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сар, 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор тогтоогдож байна.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ сарын хорих ялаар солих нь зүйтэй байна.
41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б-т Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхаг шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 8 /найм/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 21 /хорин нэгэн/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 10 /арван/ сар, 21 /хорин нэгэн/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
43. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.
44. Шүүгдэгч Х.Б- нь бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
45. Шүүгдэгч Х.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Х-ы Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бодит байдлыг нууж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /дөрвөн зуун наян/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 2 /хоёр/ сарын хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б-т Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхаг шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/118 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 /гурван/ жил 8 /найм/ сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 8 /найм/ сар, 21 /хорин нэгэн/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 10 /арван/ сар, 21 /хорин нэгэн/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-т оногдуулсан 2 /хоёр/ жил, 10 /арван/ сар, 21 /хорин нэгэн/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ийн баривчлагдсан, цагдан хоригдсон 36 /гучин зургаа/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-ээс 5,880,000 /таван сая найман зуун наян мянган/ төгрөг гаргуулан нийгмийн халамжийн санд олгосугай.
8. Шүүгдэгч Х.Б-ээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК