Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2021/00080/И |
Дугаар | 156/ШШ2021/00203 |
Огноо | 2021-05-07 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 156/ШШ2021/00203
2021 оны 05 сарын 07 156/ШШ2021/00203
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймаг, Н сум, 4 дүгээр баг, . тоотод оршин суух, Урианхай овогт Д. О /РД:./-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох, Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 11-ний Д.О г ажлаас чөлөөлөх тухай Б/03 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын тамгын газрын няравын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажлаас буруу халсан үеийн олговорт 2 946 587 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 156/2021/00080/И-тэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О /онлайн/, түүний өмгөөлөгч Д.О , хариуцагчийн төлөөлөгч Д.Н /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Унар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газарт няраваар томилогдож ажилласан. Ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа зохих ёсоор сайн гүйцэтгэж, ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд Н сумын Засаг даргаар томилогдсон А.М 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаа хүлээж аваад Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай уулзалт хийж, ажилчдыг халж, солих тухай ярьж шахалт үзүүлсэн. Маргааш нь өрөөндөө намайг дуудаж чамтай ажиллах ямар ч боломжгүй, ажлаа өг, эрүүл мэндийн шалтгаанаар гэж бич гэж шаардсан. Би хариуд нь өргөдөл өгөх нь зөв эсэхээ судалж үзье гээд гарсан. Дараа нь 2020 оны 12 дугаар сарын эхээр, мөн 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр өргөдлөө өг, өгөхгүй бол ажлыг чинь хүлээлцүүлнэ гэж удаа дараа дарамт шахалт үзүүлсэн. Ажилтнаа халсангүй гэх шалтгаанаар Тамгын газрын дарга Н.Л г ажлаас нь халж, оронд нь түр томилсон Х.Б-г томилсон бөгөөд Х.Б- нь 1 дүгээр сарын 11-ний өдөр намайг ажлаас халах тушаал гаргаж, миний оронд Д.М-г шууд томилж 1 дүгээр сарын 16, 17-ны өдөр буюу амралтын өдрүүдэд ажлыг хүлээлцүүлсэн. Одоо Х.Б- нь чөлөөлөгдөж, Тамгын газрын даргаар Д.Н гэдэг хүн томилогдсон байна. Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаалаар намайг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-т зааснаар няравын ажлаас халсан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний баталгаатай эдлэх хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах эрх, эрх чөлөөг, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд заасан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах, хязгаарлахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж дараах үндэслэлээр тушаалыг хууль бус гэж үзэж байна. 1. Сумын засаг дарга А.М-ийн хууль бус шаардлагаар Тамгын газрын дарга ажлаас халсан. Сумын засаг дарга Тамгын газрын даргын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж оролцох эрхгүй гэж үзэж байна. 2. Миний бие сахилгын ноцтой зөрчил гаргаагүй, Хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчсөн үйлдэл гаргаагүй, мөн надад хэзээ ямар зөрчил гаргасан, энэ нь ямар баримт шалгалтаар хэрхэн тогтоогдсон тухай танилцуулаагүй атлаа тушаал гаргасан нь бодит үнэнд нийцэхгүй, Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн шийдвэр юм. Иймд Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Д.О г ажлаас чөлөөлөх тухай Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.О гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Д.О нь 2003 оноос эхлэн Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын няравын албан тушаалд ажилласан. Ажиллаж байсан тухайг нотлох нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байгаа. Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 тоот тушаал нь хууль бус учир хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлон нэхэмжлэлийг гаргасан. Энэхүү тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3-д заасныг баримтлан сахилгын ноцтой зөрчлийг Д.О гаргасан учраас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс ажлаас чөлөөлсүгэй гэж гаргасан. Хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн, сахилгын ямар ноцтой зөрчил гаргасан талаар тодорхой дурдаагүй. Мөн хариуцагч тал энэ талаарх нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй. Иймд нэхэмжлэгч Д.О ямар үндэслэлээр ажлаас халагдсанаа ойлгоогүй тухайн тушаалд ямар үндэслэлээр халагдсаныг ойлгомжтой илэрхийлээгүй учир Д.О шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заалт байгаа. 40.1.4 ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд цуцална гэсэн заалттай. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар дурдахдаа 4.3-т ажилтан архи согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон бол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заасан. Мөн 4.3.2, 4.3.7-д бусад бүх зөрчлүүдийг нэг бүрчлэн тоочсон байгаа эдгээр зөрчлүүд бүгд шалгалтаар тогтоогдвол гэж заасан. Үүнээс харахад тухайн ажилтныг зөрчилтэй гэж үзэж байгаа бол хяналт, шалгалт хийж зөрчил тогтоогдвол арга хэмжээ авах ёстой гэтэл Д.О г зөрчил гаргасан гээд хяналт шалгалт хийсэн зүйл байхгүй байна. Тухайн тушаалын хууль зүйн үндэслэлийг нотлоогүй байна. Мөн хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өмнөх даргын тушаал учир би сайн мэдэхгүй байна гэсэн. Д.Н нь Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч учир Засаг даргын Тамгын газрын даргыг орлох бүрэн эрхтэй учир хариуцагчийн төлөөлөн оролцож байгаа гэж ойлгож байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 1.5-д заасны дагуу шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Ийм учраас 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах энэхүү тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна. Мөн Д.О г няравын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Мөн ажил хүлээлцсэн акт хэрэгт авагдсан үүнд 2021 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүд буюу амралтын өдөр ажлаа хүлээлгэж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж заасан тус хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нөхөн олговрыг гаргуулна гэсэн заалт байгаа учир 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны нөхөн олговрыг гаргуулах хүсэлтэй байна. Энэ нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар дундаж цалин хөлс тооцох журам гэж байгаа үүний дагуу тооцож үзэхэд нийт олгох цалин 2020 оны 10-12 дугаар сарын цалин 10 сард 709 124 төгрөг, 11 сард 709 124 төгрөг, 12 сард 1 049 997 төгрөгийн цалин бичигдсэн байдаг. Энэ 3 сарын цалинг хооронд нь нэмж сарын дундаж цалинг гаргасан энэ нь 2 468 245 төгрөг гарч байгаа үүнийг 3 сардаа хуваахаар 822 748 төгрөг буюу 1 сарын дундаж цалин гарч байгаа юм. Ингээд 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан ажлын хоногийг 77 хоног гэж тооцсон. 822 748 төгрөгийг тухайн сарын дундаж хоног 21.5-д хуваахаар нэг өдөр 38 267 төгрөг гарч байгаа үүнийг 77 хоногоор үржүүлэхээр 2 946 587 төгрөгийн цалинтай тэнцэх хэмжээний олговрыг нэхэмжилж байгаа. Мөн ажлаас халагдсанаас хойш эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл тасарсан байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүрэгтэй. Ажил олгогч ажилтны нийгмийн даатгалын дэвтэр нээн бичилт хийх үүрэгтэй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.О нь ажиллах хугацаандаа үүрэгт ажлаа гүйцэтгэл муу хийсэн Ковш, хогны машин зэрэг тамгын газрын техник хэрэгслийг засварлаж чадахгүй эвдэж мотор, зарим зүйлийг эвдсэн. Мөн ажлын цагаар ажлын байран дээр удаа дараа согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн, хэрэглэсэн, мөн цэцэрлэгийн албан хаагчдын өрөөнд архи тавиулан агсам тавьж байгаа нь бичлэгээр нотлогдсон байдаг. Түүнчлэн сумын засаг дарга нь тамгын газрын няравыг чөлөөлөх тушаалд хамааралгүй болно. Нярав нь ажлын байран дээрээ сахилгын зөрчил удаа дараа гаргасан. Мөн төрийн байгууллагын албан өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цэцэрлэгийн албан хаагчды загнаж дарамталж байгаа зэрэг нь бичлэгээр нотлогдож байсан учраас тус бичлэгийг үндэслэн тушаал гаргасан байна гэж үзэж байна гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Х.Б- нь 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай Д.О г ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан учир миний хувьд энэхүү тушаалыг яагаад гаргах болсон шалтгааныг мэдэхгүй байна гэв. Цаашид ажиллуулах талаар Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргана. Тушаалын хууль зүйн талаар маргахгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон хэргийн оролцогчийн тайлбар зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар тал бүрээс нь шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Учир нь нэхэмжлэгч Д.О нь Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газын няраваар 2003 оны 10 сарын 10-ны өдөр ажилд орсон байна. / хэргийн материалын 8 дугаар тал/ Тэрээр уг албан тушаалд тасралтгүй ажиллаж байгаад Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 11-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Д.О нь энэхүү тушаал нь хууль бус гэж үзэж өөрийн хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч Д.О гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан маргаан мөн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хариуцагч байгууллага болох Н сумын Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Наранбаярт гардуулсан ба хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгчийг ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаан дээр энэ талаар маргахгүй гэдгээ илэрхийлж маргаагүй болно.
Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 буюу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх тухай заалтыг барьж нярав Д.О г ажлаас чөлөөлсөн байна. Энэхүү хуулийн заалтыг хэргэглэхэд ажилтан нь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан байх, эсхүл хөдөлмөрийн гэрээгээр тохирсон ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон байх ёстой. Гэтэл ажил олгогч энэ хоёр үндэслэлийн чухам аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалтыг хэрэглэж ажилтныг ажлаас чөлөөлөхдөө чухам ямар зөрчлийг хэзээ хэрхэн гаргаад энэ нь ямар баримтаар тогтоогдсон талаар ажлаас чөлөөлөх тушаалдаа тодорхой тусгах шаардлагатай.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалтыг үнлэслэсэн буюу ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулах заалтыг хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгосон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж хуульчилсан. Гэтэл ажилтан Д.О нь хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн үү, эсхүл хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн зөрчсөн талаар тодорхойгүй байхад ийнхүү ажлаас чөлөөлөх тушаал гаргаж нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхэд халдаж байгаа нь хууль бус байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан ба 9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор хуульчилсан байна. Иймд нэхэмжлэгч Д.О гийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн Хэнтий аймгийн Н сумын засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 01 сарын 11-ны өдрөөс 2021 оны 05 сарын 07-ны өдрийг хүртэл авах байсан цалинд 2 946 587 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүхээс энэ шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үн дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүрэгтэй гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцоход 2021 оны 01 сарын 19-нд ажлаа хүлээлцсэн байх ба үүнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл 3 сар 13 хоног ажилгүй байсан байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлохоор заасан байна. Нэхэмжлэгч Д.О нь 2021 оны 01 сарын 11-нд ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүний өмнөх 3 сарын цалин хөлсний дунджаар буюу 2020 оны 10, 11, 12 сарын дундаж цалингаар тооцлоо. Ийнхүү тооцоход нэхэмжлэгч нь 2020 оны 10 сард 709124 төгрөг, 11 сард 709124 төгрөг, 12 сард 1049997 төгрөгийн цалин, нийт 2 468 245 төгрөг авсан ба үүнийг 3-т хуваахад сарын дундаж цалин нь 822 748 төгрөг байна. /хэргийн материалын 10-р тал/ Нэг сарын дундаж цалин нь 822 748 төгрөг байх ба 2021 оны 01 сарын 19-нөөс 2021 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл 3 сар 13 хоног гэж үзэж 822748*3=2468245 төгрөг байна. Үлдэх 13 хоногийг тооцохдоо 822748:21.5=38267 төгрөгийн 1 өдрийн цалинтай байна гэж үзээд 13*38267=497475 төгрөг, нийт 2.468.245+497.475=2.965.720 төгрөг олгохоор байх боловч нэхэмжлэгч нь шүүх хуралдаан дээр 2.946.587 төгрөг / нэхэмжилсэн үнийн дүн нь олгох үнийн дүнгээс бага байна/ гаргуулахаар нэхэмжилсэн тул шаардлагыг хангаж 2.946.587 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлагуудыг хангаж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны олговорт ногдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцож холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 5.2, 69.1 дэх хэсгүүдэд зааснаар Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Д.О.г урьд эрхэлж байсан ажил болох Хэнтий аймгийн Н сумын Засаг даргын Тамгын газрын няравын ажилд эгүүлэн томилж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны олговорт 2 946 587 / хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга таван зуун наян долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, холбогдох нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 569 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 095 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 21 569 төгрөгийг улсын төсөвт 40 526 төгрөгийг оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ