Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 156/ШШ2019/00231

 

 

 

 

 

      2019 оны 05 сарын 21 өдөр

    Дугаар 156/ШШ2019/00231

      Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00231/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Х................... тоотод байрлах, “.........” ХХК /РД:............/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х...............оршин суух,  Л.А /РД:............/-д холбогдох

8 580 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А нь манай банк бус санхүүгийн байгууллагатай гэрээ хийгээд 2013 оны 12 дугаар сард 1 300 000 төгрөг, 2014 оны 01, 07-08 дугаар саруудад 1 700 000 төгрөгийн зээл авсан боловч төлөөлөгүй өдий хүрсэн. Уг мөнгөө нэхэмжилж, мэдэгдэх хуудас хүргүүлж байсан. Иймд үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 4 650 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 930 000 төгрөг, нийт 8 580 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Үүнээс 2013 оны 12 дугаар сард авсан 1 300 000 төгрөгийн зээл, хүүгийн асуудал төлөгдсөн.

Одоо 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 500 000 төгрөг, түүний зээлийн хүү нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 31 сараар бодоход 775 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 155 000 төгрөг, 

2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1 200 000 төгрөгийн зээлийн хүү  нь 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 31 сараар бодоход 1 860 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 372 000 төгрөг болсон.

Дээрх  үндсэн зээл болох 1 700 000 төгрөг, хүү 2 635 000 төгрөг, нэмэгдүүсэн хүү 527 000 төгрөг буюу нийт 4 862 000 төгрөгийг нэхэмжилж байна. 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 500 000 төгрөгийн хүүд 150 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1 200 000 төгрөгийн зээлийн хүүд 360 000 төгрөг төлөгдсөн байгаа. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л.Атай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд үндэслэж уг мөнгийг зээлсэн гэв.

 

Хариуцагч Л.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус байгууллагаас 1 300 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатайгаар зээлдэж авсан нь үнэн. 2014 оны 01 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сар хүртэлх 13 сарын хугацаанд 150 000 төгрөгийг төлж байсан. Энэ хугацаанд үндсэн 1 300 000 төгрөгийг хүүтэй нь төлж барагдуулсан гэж үзэж байна. 2014 онд 1 700 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулаагүй аман яриа хийж авсан. Энэхүү зээлээ 2019 онд багтааж төлж дуусгах болно гэжээ. 

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч Л.Ад холбогдуулан  үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 4 650 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 930 000 төгрөг, нийт 8 580 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны явцад өөрчлөлт оруулж,

2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 31 сарын хүү 775 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 155 000 төгрөг, 

2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1 200 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 31 сарын хүү 1 860 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 372 000 төгрөг, нийт  үндсэн зээл 1 700 000 төгрөг, хүү 2 635 000 төгрөг, нэмэгдүүсэн хүү 527 000 төгрөг буюу нийт 4 862 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжилж буй үндсэн зээл 1 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд тухайн зээлийг авахдаа зөвхөн аман хэлцэл байгуулсан гэж мэтгэлцээний байр суурийг илэрхийлсэн.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

“.........” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1 200 000 төгрөг, нийт 1 700 000 төгрөг хүлээн авсан дээр хариуцагч маргаагүй бөгөөд харин амаар хэлцэл байгуулж авсан гэдгээ илэрхийлсэн болно. Нэхэмжлэгч нь дээрх 2 удаагийн зээлийг 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Л.Атай байгуулсан барьцаат зээлийн гэрээнд үндэслэж олгосон гэж байгаа боловч талуудын төлөгдсөн гэдэг дээр маргахгүй байгаа 1 300 000 төгрөгийн зээлийг уг гэрээгээр олгосон, 1 700 000 төгрөгийн зээлийг олгохдоо барьцаат зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, сунгасан гэрээний харилцаа байхгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд байгаа учраас талуудын хооронд үүссэн 1 700 000 төгрөгийн зээл олгосон, хүлээн авсан харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаанд хамаарч байх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй байна. Өөрөөр хэлбэл зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь зээлийн гэрээ байгуулахдаа заавал бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангаагүйгээс уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь зүйтэй.

            Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлэн хүчин төгөлдөр бус байгаа тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү, нэмэгдүүлсэн нэхэмжлэх эрх үүсээгүй гэж үзнэ.  

           Харин нэхэмжлэгчээс 1 7 000 төгрөг хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлсэн дээрх 1 700 000 төгрөгийг хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт  заасны дагуу буцааж төлөх үүрэг хүлээж байна. Үүнээс хүүд төлөгдсөн гэх 510 000 төгрөг /2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 500 000 төгрөгийн хүүд 150 000 төгрөг, 07 дугаар сарын 06-ны өдөр зээлсэн 1 200 000 төгрөгийн зээлийн хүүд 360 000 төгрөг/-ийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул хариуцагчийн төлөх үнийн дүнгээс хасч тооцох нь зүйтэй. 

            Дээр дурдсан дүгнэлтүүдийн хүрээнд хариуцагчаас 1 190 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 672 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Зээлийн үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээдийн байгуулж буй зээлийн гэрээ нь хэрэгжихдээ хүү, нэмэгдүүлсэн хүү тогтмол тооцдог, гэрээний хугацаа дуусгавар болсон ч хүү тооцох асуудал зогсдоггүй зэргээр зээл олгогчид давуу олгодог учраас тухайн зээлийг бичгээр хийхийг хуулиар заавал шаарддаг болохыг дурдвал зохино.

 

            Хариуцагч Л.Ад шүүх хуралдааныг товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Агаас 1 190 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “.........” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3 672 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152 230 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж,

орон нутгийн төсвөөс 74 438 төгрөгийг, хариуцагчаас 33 110 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Т.БАДРАХ