Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Н.Ганбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа,

Шүүгдэгч Д.Ө- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Даваагийн Д.Ө-ад холбогдох Эрүүгийн  201622000722 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Ө-

Шүүгдэгч Д.Ө- нь Ч.З-, А.А- нартай  бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Бүрэн” худалдаа үйлчилгээний төвийн лангуун дээрээс иргэн М.Б-гийн түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг хулгайлж 575000 төгрөгийн хохирол учруулсан мөн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Торгон савхи” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн П.О-гийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 645500 төгрөгний  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Д.Ө- нь Ч.З-, А.А- нартай  бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Бүрэн” худалдаа үйлчилгээний төвийн лангуун дээрээс иргэн М.Б-гийн түрийвчтэй мөнгө, бичиг баримтыг хулгайлж 575000 төгрөгийн хохирол учруулсан мөн өдөр бүлэглэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн нутагт байрлах “Торгон савхи” дэлгүүрийн лангуун дээрээс иргэн П.О-гийн цүнхтэй эд зүйлийг хулгайлж 645500 төгрөгний  буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч Д.Ө- нь 2002 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 13 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байна.

Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 146 дугаар зүйлийн 146.2-т заасан ялтай байдлыг нь тус хуулийн 10-р зүйлийн 10-т з ааснаар “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанг энэ хуульд заасан эрх зүйн байдлыг дээрдүүлэх, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамааруулна” гэсэн байх тул ялтай байдлыг өршөөж түүнд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчлөх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин шүүгдэгч Д.Ө- нь булаах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялгүй болсон ба Ч.З-, А.А- нартай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр иргэн  М.Б-гийн түрийвчтэй мөнгө болон бичиг баримтыг хулгайлж 575.000 төгрөг, иргэн П.О-гийн цүнхтэй эд зүйлсийг хулгайлж 645.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутай болох нь:

             Хохирогч М.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 08-ны 18 цаг 30 минутын орчим би Бүрэн худалдааны төв дотор өөрийнхөө павилоныг хаах гээд зогсож байтал хоёр залуу орж ирсэн. Тэр хоёр бараа сонирхоод зогсож байснаа нэг нь маш хурдан гараад явсан. Ингээд би цүнхрүүгээ хартал миний цүнх онгорхой түрийвч байхгүй байсан. Тэгээд би араас нь гартал “Хүч” зоогийн газрын урдуур тойроод уг гудамжруу гүйгээд орсон. Би араас нь ортол миний хажуугаар саарал өнгийн Приус-20 маркын машин өнгөрч уг залууг суулган 4 дүгээр хорооны засмал замаар хойш эргэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 20-р тал/

             Хохирогч П.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 10 дугаар сарын 08-ны 17 цаг 30 минутын орчим би өөрийн дэлгүүр болох “Торгон савхи” дэлгүүр дотроо байж байтал эхлээд хоёр залуу орж ирсэн бараа сонирхож байсан. Энэ үед хамт явсан нэг залуу нь орж ирээд лангууны ард ширээн дээр ил тавьсан байсан цүнхийг аваад зугтсан байсан. Тухайн үед би мэдээгүй. Мустанг дэлгүүрийн камерын бичлэгт үлдсэн байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/,

           Гэрч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай эхнэр Д- нь 2016 оны 10 дугаар сарын 08-ны орой 17 цагийн орчим Эрдмийн далай  сургууль дээрээсээ цүнхтэй эд зүйлээ алдсан юм. Гэтэл 2016-10-10-ны өглөө манай эхнэрийн утас руу Даваадорж гэдэг хүн залгаад цүнх олсон тухай мэдэгдсэн. Ингээд гэрийн хаягаар аваад ир гэхэд манай гэрт аваад ир гэхэд манай гэрт авчирч өгсөн юм. Манай эхнэрийн цүнх мөн байсан. Цүнхэнд байсан иргэний үнэмлэх болон бусад зүйл түрийвч нь байсан харин дотор нь байсан 50 орчим мянган төгрөг байхгүй байсан. Мөн манай эхнэрийн цүнхэн дотор улаан өнгийн түрийвч, П.О- гэх хүний иргэний үнэмлэх, виза карт, Б.С-гэх хүүхдийн төрсний гэрчилгээ, толь гэх зэрэг өөр хүний эд зүйлийг хийсэн байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-25-р хуудас/

          Гэрч Г.Д-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 сарын 09-ний өглөө 10 цагийн орчим Мөрөн сумаас Тосонцэнгэл сумын чиглэлд Портер машинтай явсан. Уг автомашиныг би барьж явсан юм. Ингээд би байшинтын дөрөлжийн орой дээр гарч зогссон юм. Би замаас гарч бие засаж явтал замын хашлаганы ард замаас нэг их холгүй хар өнгийн шар гинжин оосортой эмэгтэй хүний цүнх байсан. Цүнхэн дотор эмэгтэй хүний хоёр түрүүвч, иргэний үнэмлэх, виза картны хамт байсан. Тэгээд Тосонцэнгэл явж ирээд маргааш нь уг цүнхэн дотор банкны гүйлгээ хийсэн баримтан дээр байсан утас руу залгаж ярихад Д- гэдэг багш байсан. Наадах зүйлээ аваад ир би шан хөлсийг нь өгнө гэж гэрийнхээ хаягийг хэлсэн юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-27-р тал/,

Яллагдагч А.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 08-ны өглөө бид 3 хотод ирсэн юм. Би самарт явах гэж ирсэн боловч Хөвсгөлд байдаг найз Отгонбатын утас холбогдоогүй юм. Ингээд бид гурав зах дээр бензиний мөнгөгүй болоод тэр өдрийнхээ үдээс хойш Ч.З- бид хоёр “Торгон савхи” нэртэй дэлгүүрт хамт ороод явж байтал тэр дэлгүүрийн худалдагчийн цүнх хаалгаар оронгуут үүдэнд шилэн лангуун дээр байсан юм. Би уг цүнхийг хулгайлан авч араас орж ирсэн Д.Ө- ахад өгөхөд тэр гараад явсан. Дараа нь захын баруун талд байх дэлгүүртэй гудамжинд орж зогсоод би машиндаа үлдээд Ч.З-, Д.Ө- ах хоёр орсон. Тэгээд машиндаа сууж байтал Д.Ө- ах гүйж яваа харагдсан. Тэгээд би машиндаа суулгаж аваад явсан. Ямар нэгэн юм хулгайлсан байсан. Тэгээд бид шууд Улаанбаатар хотруу гарсан...”   гэх мэдүүлэг  /хх-н 51-52-р хуудас/,

Яллагдагч Ч.З-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ...Мөрөнд ирээд мөнгө хэрэг болсон. Тэгээд захруу оръё гэж ярилцаад зах орсон. Эхнийх нь тэр савхи зардаг дэлгүүрт А.А- бид хоёр түрүүлж орсон юм. Худалдагчтай юм ярьж саатуулж байх хооронд манай ах Д.Ө- орж ирж цүнхийг нь авч гарсан юм. Бид хоёр хэсэг байж байгаад араас нь гарч зугтсан юм. Машины урд суудалд А.А- бид хоёр суусан ах Д.Ө- арын суудалд суусан юм. Арын суудал дээр цүнхийг нь уудлаад байсан. Дараа нь зүүн тийшээ харсан худалдааны төврүү машинаа урд гудамжинд нь үлдээгээд ах Д.Ө- бид хоёр орсон юм. Уг худалдааны төвийн булангийн хүүхдийн хувцас зардаг павилонруу орж юм яриад зогсож байтал ах Д.Ө- худалдагчийн цүнхийг онгойлгон түрийвчийг нь авч зугатсан. Худалдагч нь мэдээд ахыг хөөгөөд гарсан...” гэх мэдүүлэг,  /хх-ийн н 14-р тал/,

Дэлгүүрийн хяналтын камераас татаж авсан гэрэл зургийн хуулбар /хх-ийн 14-р тал/

Эд зүйлд үзлэг хийж хурааж авсан тэмдэглэл /хх-ийн 17-р тал/,

Эд зүйл хүлээлгэж  өгсөн тэмдэглэл /хх-ийн 18-р тал/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 31-33-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 143, 194, 196-197, 199-205-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201622000722 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурьдлаа.

Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 161 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Ө-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Ө-ыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар ялтан Д.Ө-ын цагдан хоригдсон 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР

ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ -ОЧИР

Н.АРИУНЖАРГАЛ