Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          Б.Шт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

                                                                                                        

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Б.Ш

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            А.Т, Х.О

Хохирогч                                                      Б.Р /онлайнаар/

Хохирогчийн өмгөөлөгч                           Д.О

Нарийн бичгийн дарга                             Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Шт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ш түүний өмгөөлөгч А.Т нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Ш.

 

Шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Рыг байнгын шинжтэй үйлдлээр буюу 2019 оны 7-8 дугаар сарын орчимд  аймгийн  сумын  багийн  тоотод гэртээ үснээс зулгаах, толгой руу цохих, гар, хөлөөс базах зэргээр зодсон,

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр  аймгийн  сумын  багийн  тоотод гэртээ үснээс нь зулгаах, гар хөлөөс нь базах зэргээр зодож, хутгаар гарын шууг нь зүссэн,

2020 оны 02 дугаар сард  аймгийн  сумын багийн тоотод гэртээ толгой руу нь цохиж зодсон,

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр аймгийн  сумын багийн  тоотод Б.Э-н гэрт алгадах, үсдэх, цохиж өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 05 дугаар сард аймгийн  сумын  багийн  тоотод гэртээ чих рүү нь цохих, хоолойг нь боох зэргээр зодсон,

2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхнэр Б.Рыг охины хамт гэрээсээ хөөж гарган харгис, хэрцгий харьцсан,

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр  аймгийн  сумын багийн  тоотод гэртээ үсдэн зодож, аягатай хоол авч шидэх зэргээр догшин авирлаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт холбогдуулсан 2019 оны 7-8 дугаар сард, 2020 оны 2 дугаар сард, 2020 оны 6 дугаар сарын 11-нд Б.Рыг зодсон гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Б овгийн Б-н Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 10 /арав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 сарын хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 62 хоногийн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Шүүгдэгч Б.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж,             Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5-д заасныг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд Б.Шын үйлдэл гэм буруу нь цаг хугацааны хувьд болон нөхцөл байдлын хувьд бүрэн нотлогдож тогтоогдоогүй гэж үзэж байна.

Учир нь хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг нь нуугдмал байдалтай байдаг бөгөөд дан ганц хохирогч болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох боломжгүй онцлогтой юм.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 20, 21, 22, 23, 24, 25, 31, 32 дугаар зүйлд зааснаар “Хамтарсан баг, баг хорооны засаг дарга, цагдаагийн болон төрийн байгууллага нь Аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлыг үнэлгээг  хийх”-ээр хуульчлан заажээ.

Гэтэл Б.Шт холбогдох хэрэгт аюулын зэрэг болон нөхцөл байдлын үнэлгээг хийгээгүй,  багийн засаг дарга болон холбогдох ажилтан, хэсгийн байцаагч, цагдаад ямар нэгэн гомдол очиж байгаагүй, мөн  аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт ямар нэгэн гомдол ирж шалгалтын ажиллагаа явагдаж байгаагүй байна.

Б.Ш эрүүгийн хэрэг үүссэн үеэс эхлэн уг хэрэг нотлогдоогүй, энэ хэргийг үйлдээгүй, хэргийг нэг талыг барин шалгасан талаар ярьдаг. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолыг хянан үзэж мөрдөн байцаалтад буцааж өгнө үү... гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ш давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр эхнэрээ үснээс зулгаах гар хөлөөс нь базах хутгаар гарын шууг зүсэх зэрэг үйлдлээр зодож гэрээс хөөж гаргасан гэх үйлдэлд буруутгасан. Хэрэгт энэхүү үйлдлийг нотолсон баримт байхгүй. Хохирогчийн мэдүүлэг байх бөгөөд үнэн зөв мэдүүлэг гэж үзэх үндэслэлгүй. Үүнийг шалгаагүй. Учир нь хохирогчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэг ... Ш гэртээ согтуу ирсэн тухай мэдүүлэх ба Ш-н 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгт 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ... хоёр найзтайгаа гэртээ пиво уусан тухай, хадам ээжтэйгээ ярьсан тухай мэдүүлсэн.

Гэрч Б 2019.10 сард .... гэрээсээ хөөгөөд гаргачихлаа гэж байсан. Хөл гар нь бага зэрэг хөхөрчихсөн байсан гэх мэдүүлэг өгсөн. Гэрэл зураг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авахуулсан гэх зураг /хавтаст хэргийн 122 хх-123-хх/ баримт байх ба энэхүү баримтаас харахад дараах байдлууд нотлогдоогүй.

Энэхүү үйл явдлыг гэрчлэх 2 гэрэл зураг авагдсан байдлаас ... үснээс зулгаасан гэх байдал нотлогдоогүй, гар хөлөөс базсан гэх зураг байх боловч дээрх зургийг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр авсан гэх боловч эдгэрч, ногоорч шарласан, цус хуралтын зураг байх ба хүний гар, хөлийн аль болох, хэний гар хөлийн зураг болох, хаана ямар техник хэрэгсэл дээр хадгалагдаж байсан гэрэл зураг болох, эх сурвалж тодорхойгүй баримт байна.

Энэхүү асуудлыг мэдэх буюу гэрээс нь хохирогчийг тус өдөр гэртээ авчирсан гэх Э-н мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Хутгаар шуу хэсгийг зүссэн гэх баримт хэрэгт огт байхгүй. Энэхүү баримтыг үндэслэн ... Б.Шыг хохирогчийн үснээс зулгаах, гар хөлөөс базах, хутгаар шууг зүсэх үйлдлээр зодож ... гэж дүгнэлт хийж буруутгасан нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл зодсон гэх үйлдэл тогтоогдоогүй, ямар гэмтэл хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байхад энэхүү үйл явцад зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирласан, тарчлаасан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна. Олон тооны сорви нь гэмтэл эсэх, энэхүү гэмтэл нь ямар хүчин зүйлийн улмаас үүссэн болохыг тогтоох ажиллагаа хийгээгүй атлаа шүүх хуралдаан дээр буруутгасан байгаа нь үндэслэлгүй.

2020 оны 03 дугаар сарын 02-ны үйл явдлын талаар гэрч Б, Э, Р нарын мэдүүлгээр хохирогчийн биед халдсан үйлдэл тогтоогдож байна. Харин тухайн өдөр гэмтэл авсан эсэх ялангуяа давхар зүйлчилж байгаа хөнгөн гэмтэл учруулсан эсэх бүрэн нотлогдоогүй.

Учир нь хохирогч Р нь Ш-н эгч Э, ээж нарт нь зодуулж байсан тухай гэрч 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Э-н мэдүүлэг / 31 хх/ ... 03 дугаар сарын 03-ны өдөр үснээс зулгааснаас болж тархи толгой өвдөөд байна гэхээр нь 03 дугаар сарын 05-ны өдөр ... Медипас эмнэлэгт үзүүлсэн, ... үснээс нь татаж хойш нь суулгасан бол үнэн гэх мэдүүлэг, гэрч Ц-н 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн мэдүүлэг ... 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр ... Р-г 3 эмэгтэй хүн газар унагачихсан зодож байсан ... Р хадмууд зодоод байна гэсэн. Р-н үснээс чирээд зодоод байсан 3 эмэгтэй Ш-н ээж, эгч нар болохыг мэдсэн... гэх мэдүүлэг хэрэг авагдсан байна.

Мөн Р-н 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мэдүүлэгт /19 хх -20хх / ... Ш-н эгчид зодуулсан тухай мэдүүлэг зэрэг нотлох баримт авагдсан байна.

Өөрөөр хэлбэл 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогчид Ш хөнгөн гэмтэл учруулсан гэх байдлыг үгүйсгэсэн баримт авагдсан байх ба шинжээч эмчийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 645 тоот дүгнэлтээр /45 хх/ ... 2020.03 сард тархины доргилт үүсч байжээ гэж өнгөрсөн цаг хугацаагаар дүгнэсэн байх ба уг тархины доргилт хэзээ үүссэн болохыг тогтоогоогүй дүгнэлт байна.

Учир нь 3 сард гэх байдал нь хугацааг тогтоожээ гэж үзэх үндэслэлгүй. Мөн тухайн дүгнэлтийн 4 хэсэгт аль гэмтлийг хөнгөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй бөгөөд түүний биед олон тооны сорви үүссэн байна, энэ нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй гэх дүгнэлт хийсэн гэмтэл нь хөнгөн эсвэл тархины доргилт нь хөнгөн гэмтэл гэж үзээд байгаа эсэх нь тодорхойгүй. Хэрэгт нотлогдоогүй баримтаар хохирогчид хөнгөн гэмтэл учруулсан гэж яллаж Эрүүгийн хуулийн 2 зүйл хэсэгт буруутган ялласан нь үндэслэлгүй.

Мөн тус 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн үйлдэлд давхар зүйлчлэн яллаж байгаа нь үндэслэлгүй. Б, Э. Р нар тэр өдөр бүгд согтуу байсан ба болсон үйл явдлыг бүрэн ухамсарлах чадваргүй уусан байсан атлаа бүгдийг мэдэж байсан мэт гэрчилсэн байна.

2020 оны 05 дугаар сарын 16-ны зүүн шанаа чих рүү цохих үйлдлээр зодож Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээсэн. Энэ нь тухайн үед түүний биед халдаж зодсон гэдгээр зөрчлийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн байхад түүний үйлдэлд давхар Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцээгүй.

2020 оны 06 дугаар сарын 02-ны шөнө биед халдаж, охины хамт гэрээс хөөн гарган хаалгаа цоожилсон гэх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан хариуцлага хүлээсэн. Энэ нь тухайн үед түүний биед халдсан гэдгээр зөрчлийн шинжтэй үйлдэл болох нь тогтоогдож, хариуцлага хүлээсэн байхад түүний үйлдэлд давхар Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь хуульд нийцээгүй.

Учир нь: Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх заалт байнга зодсон ... гэх заалтыг хууль тогтоогч тайлбарлахдаа ... дээрх үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардана гэж тодорхойлсон, мөн байнга ... гэх үйлдэлд гурав түүнээс дээш давтамжтай үйлдэл байхыг шаарддаг, өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг шаардана гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхийн буруутай гэж тодорхойлсон 4 үйлдлийн 2-т нь Зөрчил гэж үзэн хариуцлага хүлээлгэсэн байдаг.

Энэхүү шийтгэвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Мөн энэхүү шийтгэвэрт зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж хариуцлага хүлээсэн 2 үйлдэл тогтоогдоогүй байдлыг шүүх анхаарч хэргийг шийдвэрлээгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалт, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтаар гэм буруутай гэж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлийн 1.1, 1,3 ,1.5 заалтыг дагуу нотолбол зохих байдлууд нотлогдоогүйг анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хохирогч Б.Р худал мэдүүлсэн байдал холбогдох баримтуудаар үгүйсгэгдэж байхад Б.Ш намайг гэм буруутай гэж үзэж , ялласан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү... гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... Гомдолд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай дурджээ. Гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна. Б.Шын гэм буруу буюу эхнэр Р-г зодсон үйлдэл нь нөхцөл байдлын хувьд болон цаг хугацааны хувьд нотлогдож тогтоогдоогүй гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ш нь эхнэр Р-г хамт амьдарсан хугацаанд хэд хэдэн удаа зодсон нь байнгын шинжтэй давтагдсан байдаг. Энэ нөхцөл байдал нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдсон.

Б.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 17-нд Р-н үсийг зулгаасан, гар хөлөөс нь базсан, хутгаар гарын шууг нь зүссэн нөхцөл байдлыг хохирогчийн мэдүүлгээс өөр баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл зодсон гэх үйлдэл нь нотлогдоогүй гэжээ. Хохирогч Р нь Б.Шт зодуулж биедээ гэмтэл авснаа өөрийн гар утсаар авч бэхжүүлсэн гээд уг баримтыг мөрдөгчид гаргаж өгсөн учраас үүнийг хуурамч эсвэл өөр хүний биед учирсан гэмтэл гэж үзэх боломжгүй. Хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан учраас түүний мэдүүлгийг худал гэж үзэх боломжгүй.

2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Б.Ш нь хохирогч Р-г зодсоноо хүлээн зөвшөөрсөн байна. Харин хохирогчид тархи доргисон гэмтлийг энэ өдөр учирсан байна гэсэн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэжээ. Энэ өдөр шүүгдэгч нь хохирогчийг айлд уригдаж очсон үедээ бусдын нүдэн дээр зодсон болох нь гэрч Б, Э нарын мэдүүлгээр нотлогдсон. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Б.Шын эгчид зодуулсан, 3 эмэгтэй хүн газар унагачихсан зодож байсан гэх зэрэг нөхцөл байдлууд байхад 3 сард зодуулснаас тархи доргисон гэсэн шинжээчийн дүгнэлт нь үндэслэл муутай гэжээ .Шинжээчийн дүгнэлтэд 2020 оны 3 дугаар сард тархи доргисон гэсэн, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр эмчид үзүүлж байсан тухай баримтад үндэслэсэн байдаг.

Зөрчлийн хуулиар 2 удаа эхнэрээ зодсон асуудлаар хариуцлага хүлээсэн байхад эрүүгийн хуулиар давхар хариуцлага хүлээлгэлээ гэжээ. Ингэхдээ 2 удаа л зодсон байхад зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан 2 үйлдлийг нэмээд 4 удаа гэж үзэж байнга эхнэрээ зодсон гэж үзсэн нь буруу гэжээ. Ингэж ялгаж үзэх боломжгүй. Зарим үйлдэлдээ эрүүгийн хариуцлага зарим үйлдэлд зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдаад байгаа нь байнгын шинжтэй гаргаад байдаг үйлдлийг нотолно.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.Ш нь маш их архи уудаг, архи уусан үедээ эхнэртээ байнга агсан тавьж гар хүч зоддог болох нь тогтоогдсон байдаг. Шүүх нотлогдоогүй гэх үндэслэлээр 2019 оны 7, 8 дугаар сард зодсон, 2020 оны 02 дугаар сард, 2020 оны 6 дугаар сарын 11-нд зодсон Б.Шын үйлдлийг анхан шатны шүүх бүрэн нотлогдоогүй, хохирогчийн мэдүүлгээс өөр баримтаар нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь буруу. 2020 оны 6 дугаар сарын 02-нд зодуулчхаад хүүхдээ аваад эмнэлэгт хэвтээд 11-нд эмнэлгээс гарч ирэхэд /эмнэлэгт 10 хоноход 2 хон удаа эргэж очсон/ тосож гаргаж авахын оронд орой нь согтуу ирээд агсан тавьж зодсон тул маргааш нь буюу 2020 оны 6 дугаар сарын 12-нд нэг мөсөн салж Улаанбаатар хот руу төрсөн гэр рүүгээ буцсан.

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа дуудлагаар дүгээр байранд очиход нөхөр нь зугтаагаад явчихсан байсан гэж мэдүүлэг өгсөн нь хэргийн 42 дугаар хуудсанд байна. Зодуулаагүй бол дуудлага өгөх үү. Энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгоно уу.

Иймд Б.Шт ял оногдуулсан шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү... гэжээ.

Прокурор Ц.Л эсэргүүцэлдээ:

... хохирогч Б.Р мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ш нь байнгын шинжтэй үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар тогтвортой байдлаар, удаа дараа мэдүүлсэн, мөн 2019 оны 7-8 дугаар сарын орчимд эхнэр Б.Рыг зодож, биед нь халдсан үйлдэл нь гэрч Б.Уы ... 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ... багийн нутаг дэвсгэрт ахлагч Г-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Миний санаж байгаагаар  дүгээр байранд нөхөр нь архи уучихсан ирээд агсан тавьсан гэсэн дуудлагын дагуу очиход нөхөр нь гэх хүн гэрээсээ гараад зугтаасан байсан ... гэсэн мэдүүлгээр давхар нотлогдсон байхад хохирогчийн хууль сануулж өгсөн мэдүүлгийг эх сурвалжгүй, нотлогдоогүй байна гэж дүгнэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Б.Р нь 2019 оны 7-8 дугаар сар, 2020 оны 02 дугаар сар, 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд Б.Шт зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үйлдлүүд нь ямар баримтаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа үндэслэлээ дурдаагүй ба энэ нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Шт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон эсэргүүцэл бичив... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

              Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх Б.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, дээрх хуулийн зүйл хэсэг бүрд заасан ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дэх хэсэгт зааснаар уг ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх ялыг 1 жил 2 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

              Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч ... хэрэгт аюулын зэрэг болон нөхцөл байдлын үнэлгээ хийгээгүй тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ... гэх утга бүхий гомдлыг, шүүгдэгч Б.Ш нь  ...  тогтоогдоогүй тул хэргийг прокурорт буцааж  өгнө үү ... гэсэн давж заалдах гомдол,

              шүүх хуралдаанд оролцсон прокурор ... Б.Шт зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үйлдлүүд нь ямар баримтаар үгүйсгэгдэж, няцаагдаж байгаа үндэслэлээ дурдаагүй ба энэ нь шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна ... гэсэн эсэргүүцлийг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан байна.

 

              Давж заалдах шатны шүүх дээрх гомдол, эсэргүүцлийг үндэслэж шүүгдэгч Б.Шт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзвэл анхан шатны шүүх хэргийг  хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Б.Ш нь гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Рыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байхад прокуророос түүний гэм буруутай үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь буруу байна.

 

Өөрөөр хэлбэл Б.Шын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байхад давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурорын “... шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн ... ” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “байнга” гэх шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий хандсан, догшин авирлаж тарчлаасан үйлдлүүдийг тооны хувьд 3 ба түүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгох ба прокурор яллах дүгнэлтдээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх дээрх үйлдлүүдийн талаараа тодорхой тусгаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Б.Шын гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хэргийг Прокурорт очтол  шүүгдэгч Б.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Б.Шт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, шүүгдэгч Б.Ш нарын давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

           ШҮҮГЧИД                                                                   С.УРАНЧИМЭГ

                                                                                                   С.ЦЭЦЭГМАА