Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2022/0912

 

 

 

 

 

2022         12           05                                                128/ШШ2022/0912

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, шийтгэлийн

хуудсыг хүчингүй болгож, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** дүгнэлттэй, Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н********* холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** би нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******** 2022 оны 08 дугаар сарын 24- ний өдөр Э.Ц*********** Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар ********* дугаартай шийтгэлийн хуудсаар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн НТ-247 дугаартай материалыг шалгалтын хүрээнд хяналаа. Эрх бүхий албан тушаалтан "Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-144 дугаартай автобусны жолооч Э.Ц********* Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний 4.2.12 дахь заалтад заасан "Зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн карт уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих" гэсэн заалтыг зөрчиж зорчигчоос бэлэн мөнгө авсан гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад заасан "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн" гэх заалтад зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, зөрчлийн шинжид тохирохгүй байна гэж дүгнэлээ. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно." гэж, мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ." гэж заасан ба Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйл "Авто тээврийн тухай хууль зөрчих" зөрчлийн 9 дэх хэсэгт "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэх захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдох зөрчил хуульчлагджээ. Авто тээврийн тухай хуулийн 9.2 дугаар зүйлд "Авто тээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж заасны дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 А/24 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар "Авто тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрэм" батлагдсан байна. Тус дүрмийн 4.4 дүгээр зүйлд "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний жолооч нь дараах үүргийг хүлээнэ:" 4.4.1 "Үйлчилгээний явцад жолооч нь тээврийн хэрэгслийн техникийн болон хөдөлгөөний, мөн зорчигчийн аюулгүй байдлыг хангана", 4.4.2 "Батлагдсан тээвэрлэлтийн чиглэлийг /замнал/ зорчихгүй"...4.4.5 "Нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн зорчигчийн зааланд мал, тэжээвэр амьтан, шувуу тээвэрлэхгүй" зэрэг 7 төрлийн үүргийг заасан байх ба жолоочийн хүлээх үүрэгт "цахим төлбөрийн карт уншуулж байгаа эсэхэд хяналт тавих үүрэг" тусгагдаагүй байна. Мөн Авто тээврийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Авто тээврийн хэрэгслээр зорчих тасалбар, ачааны дагалдах хуудас зэрэг тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журмыг авто тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална." гэж заасны дагуу Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 301 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тээвэрлэлттэй холбогдсон баримт бичгийг хэвлүүлэх, ашиглах журам"-д "цахим төлбөрийн карт"-ны талаар зохицуулалт тусгагдаагүй, журам өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах үндэслэл болгосон "Зорчигчдыг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ цахим төлбөрийн карт уншуулж байгаа эсэхэд жолооч зорчигчдод хяналт тавих" гэх заалт нь "Нийтийн тээврийн газраас зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчтэй байгуулсан гэрээ"-ний 4.2.12-т заасан заалт байх ба дээрх гэрээний заалт зөрчсөн үйлдлийг захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэлтэй адилтган үзэж шийтгэл оногдуулсан нь хууль төсөөтэй хэрэглэсэн гэж дүгнэхээр байна. Иймд Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******** 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Э.Ц********* Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх заалтад зааснаар 25.000 төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулсан шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэх шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй" гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй үндэслэлгүй байх тул хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэг мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив гэжээ.

2. Хариуцагч нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н********** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э********** 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ** дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлттэй танилцлаа.

Миний бие 2022 оны 08 дугаар сарын 24-ний ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заажээ.

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э**********  Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ-ын 3-144 дугаартай автобусны жолооч Э.Ц******* 25,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагч Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******* шүүхэд бичгээр илэрхийлжээ.

Ийнхүү шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хариуцагч Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******** нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 0****** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, энэ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай дүгнэлтийг хариуцагч Нийтийн тээврийн газрын авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Н******* хүлээн зөвшөөрснийг баталж, авто тээврийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн ******** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй.

 

 

                          ШҮҮГЧ                               Д.ХАЛИУНА