Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 212/МА2019/00020

 

   ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.К, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн дутуу 1,486,600 төгрөг, алданги 743,300 төгрөг бүгд 2,229,900 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Б.С нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцож, миний хувийн өмч болох “С” төвөөс 270 кв.м талбайтай байрыг сарын хөлс 2,900,000 төгрөгөөр түрээсэлж, гэрээ байгуулсан. Түрээсийн төлбөрийг сар болгон төлж байсан ба 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 1,486,600 төгрөгийг дутуу төлж, 2018 онд барагдуулж өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй байна. Мөн гэрээнд түрээсийн төлбөрийг хожимдуулсан хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн өдөр бүрийн төлбөрөөс 20% алданги төлөхөөр заасан. Хэрэв 20%-иар алданги төлбөл 3,379,310 төгрөг төлөх ёстой. Гэвч хуульд алданги нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх заалттай тул 1,486,600 төгрөгийн 50% нь болох алданги 743,300 төгрөг, байрны дутуу төлсөн 1,486,600 төгрөг нийт 2,229,900 төгрөгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “Тус газар нь “А” ХХК-ны захирал А.К-тай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байр түрээслэх 18 дугаартай гэрээ байгуулж, түрээсийн байрны хөлсийг сард 2,900,000 төгрөгөөр тохиролцсон. Тус газарт гэрээ ёсоор 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал сар бүр 2,900,000 төгрөгийг бүрэн төлж байсан. Гэтэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1703 дугаартай албан бичгээр 2017 оны 12 сард тус газрын байрны түрээсийн зардлыг 1,015,400 төгрөг болгон бууруулан тогтоосон. Энэ нь тус газрын 2017 оны 11 сард өөрчлөлт орсон төсвийн хуваарилалтаар батлагдаж байна. Тус байгууллага нь босоо удирдлагатай байгууллага ба манай байгууллагын үйл ажиллагааны төсвийн зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас баталж өгсөн учраас манай байгууллагаас үл хамаарах шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан. Иймд “А” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээс байрны хөлсний мөнгөний үлдэгдэл 1,484,600 (нэг сая дөрвөн зуун наян дөрвөн мянга зургаан зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “А” ХХК-нд олгож, нэхэмжлэлээс алданги 743,300 /долоон зуун дөчин гурван мянга гурван зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ. 

           

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх түрээсийн гэрээний маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу хэрэглэн тайлбарлан буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. “А” ХХК нь тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “Байр түрээслэх, түрээслүүлэх" 18 дугаартай гэрээ байгуулсан. Уг түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан болзол шаардлагыг хангахгүй байгаа тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан талуудын хооронд байгуулсан гэрээг эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээнд “Байр түрээслэх гэрээ” гэж тодорхой дурдагдсан байгааг анхан шатны шүүх мушгин гуйвуулж эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай. Тус байр нь төрийн байгууллагын стандартад тавигдах шаардлага хангаагүй, зай талбай багатай, агааржуулалт байхгүй, харуул хамгаалалт ажиллуулдаггүй, сантехникийн систем нь чанаргүй, байнга ус алддаг зэрэг эрсэлтэй. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1703 дугаартай албан бичгээр 2017 оны 12 сард тус газрын байрны түрээсийн зардлыг 1,015,400 төгрөг болгон бууруулан тогтоосон. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сард өөрчлөлт орсон төсвийн хуваарилалтаар батлагдаж байна. Тус байгууллага нь босоо удирдлагатай байгууллага ба манай байгууллагын үйл ажиллагааны төсвийн зардлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас баталж өгдөг учраас манай байгууллагаас үл хамаарах шалтгаанаар 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ тухай түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан. Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцсон тус газрын үйл ажиллагааны нябо, гэрч Ж.М-ын өгсөн мэдүүлгийг үнэлээгүй явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан зарчмыг хангахгүй байгаа тул шийдвэрийг хүчингүйд тооцон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч А.К нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай байр түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу миний хувийн өмч болох “С” төвөөс 270 м.кв талбайтай байрыг сарын 2,900,000 төгрөгөөр түрээсэлж, 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрөөс 1,484,600 төгрөгийг дутуу төлсөн тул уг мөнгийг гаргуулж өгнө үү.” гэж тайлбарлаж, хариуцагч “А.К-тай гэрээ байгуулж сарын 2,900,000 төгрөгөөр тохиролцож, 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарыг дуустал бүрэн төлж байсан. Хөдөлмөр, халамжийн Ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/1703 дугаартай албан бичгээр 2017 оны 12 дугаар сард тус газрын байрны түрээсийн зардлыг 11,015,400 төгрөгөөр бууруулан тогтоосноос болж манай байгууллагаас үл хамаарах шалтгаанаар төлөх боломжгүй болсон ба энэ тухай түрээслэгчид тухайн үед мэдэгдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, нэхэмжлэгч А.К нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 18 дугаартай “Байр түрээслэх, түрээслүүлэх тухай” нэртэй гэрээ байгуулсан ба хариуцагч тал тухайн байрыг ашгийн төлөө ашиглаагүй төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор албаны байрны зориулалтаар ашиглаж байснаас үзэхэд талуудын хооронд  Иргэний хуулийн 287 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Учир нь түрээсийн гэрээний онцлог болон зорилго нь түрээслэгч аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулж бусдын өмчлөлийн хөрөнгийг өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авах, ашигласан хугацааны төлбөрийг гэрээнд заасан хэлбэрээр түрээслүүлэгчид төлөх үүрэгтэй. Түрээсийн гэрээ болон эд хөрөнгө хөлслөх гэрээнүүд бусдын эзэмшил ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх шинжээрээ ижил төстэй боловч тухайн гэрээнүүдийн зорилго, хэрэгцээ шаардлагаас хамаарч ялгагддаг. Түрээсийн гэрээний хувьд гэрээний зүйл болох хөрөнгийг түрээслэн авч зориулалтын дагуу ашиглаж, зориулалтын дагуу ашигласнаас бий болсон үр шимийг олж авах эрхтэй байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь эд хөрөнгийг зөвхөн зориулалтаар нь ашиглах эрхтэй байдаг.

Зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл, гэрээний хугацаа, хөлсөө хэлэлцэн тохирч бичгээр гэрээ хийсэн тул тэднийг гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон гэж үзлээ. Анхан шатны шүүхийн эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзэж хариуцагчаас 2017 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөрийн үлдэгдэл болох 1,484,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алданги 743,300 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “түрээсийн гэрээ байгуулагдсан байхад эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь буруу” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00103 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

            ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

 

                                                                                                Д.КӨБЕШ