| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2018/00698/И |
| Дугаар | 156/ШШ2019/00232 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2019/00232
| 2019 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 156/ШШ2019/00232 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2018/00698/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...................байранд байрлах, ........... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар /РД:........./-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ..............тоот хаягт оршин суух, Э. Н /РД:......................6/-т холбогдох
барьцаат зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 8 167 831.27 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б,
хариуцагч Э.Н, өмгөөлөгч Г.Баярсайхан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.У, Э.Н нар нь тус банктай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 11 200 000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр 48 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, төлбөрийг төлж барагдуулахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцлах саналтай байгаа. 2018 оны 06 дугаар сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй учраас шүүхэд хандсан.
С.У нь нас барсан тул С.У болон түүний эцэг С.С нарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа татгалзаж, хариуцагч Э.Наас зээл 7 541 681.64 төгрөг, хүү 620 513.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 636.4 төгрөг, нийт 8 167 831.27 төгрөгийг гаргуулж, барьцаат зээлийн гэрээг цуцлах нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч Э.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч миний бие зээлээс ямар ч төгрөг аваагүй. Уг гуйсан болохоор гэрээнд гарын үсэг зурсан. Би өөрөө зээлтэй байгаа учир уг зээлийг төлөх боломжгүй. Нэхэмжилж буй зээлийн тооцоолол дээр маргах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
........... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь Э.Нт холбогдуулан зээл 7 541 681.64 төгрөг, хүү 620 513.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 636.4 төгрөг, нийт 8 167 831.27 төгрөгийг гаргуулж, барьцаат зээлийн гэрээг цуцлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч С.У, С.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдвал зохино.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
С.У, Э.Н нар нь нэхэмжлэгч байгууллагатай 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар 11 200 000 төгрөгийг хүлээн авсан, 32 инчийн зурагт, угаалгын машин, 5 ханатай монгол гэр, хөргөгч, цалингийн орлого зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалжээ.
Уг гэрээг байгуулахад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тусгагдсан “гэрээний чөлөөт байдлын зарчим”-ын хүрээнд гэрээний оролцогч талууд хоорондын сайн дурын тохиролцооны үндсэн дээр хийсэн гэж үзэх үндэстэй бөгөөд хариуцагч Э.Н нь гэрээнд гарын үсэг зурсан дээр маргаагүй, түүнчлэн Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан гэрээг хүчин төгөлдөр бус болон хүчин төгөлдөр бус гэж тооцох үйл баримт тогтоогдоогүй.
С.У, Э.Н нар нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд төлөлт хийдэггүй байсан, мөн 2018 оны 06 дугаар сараас хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь хэрэгт авагдсан гүйлгээний баримт, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар урьд нэмэлт хугацаа тогтоож байсан гэж үзэн талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээг цуцалж байна.
Гэрээний зээлдэгч тал болох С.У нь нас барсантай холбогдуулан хамтран зээлдэгч Э.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байх тул ........... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах ёстой байна.
Иймд зээл 7 541 681.64 төгрөг, хүү 620 513.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 636.4 төгрөг, нийт 8 167 831.27 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Хариуцагч нь С.Угийн хамт 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг хариуцах үүргийг хүлээсэн, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болж байгаагийн хувьд гэрээтэй холбогдон үүссэн үүргийн харилцаанаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэж байгаа боловч хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон гэрээний үүргийг хариуцах үндэслэл хууль болон гэрээнд зааснаар үүссэн, энэ талаар харилцан тохиролцож тусгасан гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн хариуцагч талын зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй гэснээс өөр нэхэмжлэлийг үгүйсгэсэн мэтгэлцээний байр суурийг илэрхийлээгүй, маргааны үндэслэл болсон зээлийн гэрээ нь С.Угаас шалтгаалсан хувийн байдалтай салшгүй холбоотой, тодорхой орлогын эх үүсвэр, үйл ажиллагаанд үндэслэн байгуулагдаагүй байна. Түүнчлэн Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд зааснаар С.У нас барсантай холбогдуулан хамтран үүрэг гүйцэтгэгч Э.Ныг мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Баярсайхан нь С.Уг хариуцагчаар татсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10 дахь хэсэгт заасан үндэслэл болж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тайлбарыг илэрхийлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч С.У, С.С нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан учир одоо хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй болжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 242 дугаар зүйлийн 242.1, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн барьцаат зээлийн гэрээг цуцалж,
хариуцагч Э.Наас 8 167 831.27 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ........... ХХК-ийн Хэнтий аймаг дахь салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 148 867 төгрөгийг орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 145 635 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ