| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00200/И |
| Дугаар | 156/ШШ2021/00243 |
| Огноо | 2021-06-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 156/ШШ2021/00243
156/ШШ2021/00243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг, Хэрлэн сум, 4 дүгээр баг .....тоотод оршин суух, Боржигин овогт П.А /РД:./-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Биндэр сум, 1 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Э.Т /РД:.../-т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 156/2021/00200/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.А, хариуцагч Э.Т , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Түмэнбаяртай 2004 онд танилцаж дотносон 2005 онд гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Б төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Т нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Биндэр сумын 1 дүгээр багийн иргэн Э.Т би шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Өөр гэр бүлтэй болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Э.Т т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Гэрлэгчид 2006 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 0027008 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүү Т.Б төрсөн болох нь №0030197 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо.
Нэхэмжлэгч П.А, хариуцагч Э.Т нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч, хариуцагч нар тус тусын амьдралтай болсон байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг бөгөөд Хүүхдийн эрхийн конвенцын 3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүх юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулах тул хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хүү Т.Б эх П.Аын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Т.Б эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Э.Т ын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Э.Т нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд эх П.А саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Боржигин овогт П.А /РД:./, Боржигон овогт Э.Т /РД:.../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Б эх П.А-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Э.Т , энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч П.Ат тус тус даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү Т.Б 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Т аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх П.А-т даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Т аас 125 528 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид 70 200 төгрөг олгож, улсын орлогод 55 328 төгрөгийг оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ