| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 301/2025/0083/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-04-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э
Шүүгдэгч: Л.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Л Э /ИБД: /-д холбогдох 2512.......... дугаар хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1963 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн Ө сумын Б баг ... гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөө аж ахуйн тэргүүн зэрэг цол тэмдэгээр шагнагдаж байсан, Б овгийн Лын Э /ИБД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2512...... тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Иргэний нэхэмжлэгч М.Д өгсөн : “...Би уг хэрэгт ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр сумыг төлөөлж байна. Байгаль орчин учирсан хохирлыг 1000......тоот дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/,
Гэрч Б.А өгсөн: “...Миний бие экологийн асуудал хариуцсан байцаагч цагдаагийн дэслэгч О хамт А аймгийн Ө сумын Б багийн У, Г, З, Ц гэх газрууд болон А багийн нутагт хяналт шалгалтаар ажилласан юм. Ажиллаж байх хугацаанд 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Б багийн Ц гэх газар 30 ширхэг шинэс төрлийн мод бэлтгэж, орхисон байсан бөгөөд тухайн газрын ойр орчимд 6 ширхэг шинэ тайралттай хожуул модноос тухайн 30 ширхэг шинэс төрлийн модыг бэлтгэсэн байсан. Л.Э А аймгийн Ө сумын Б багийн нутаг Ц гэх газраас модоо бэлтгэсэн гэж мэдүүлсэн. Уг газарт 2024 болон 2025 онд галын түлээний мод бэлтгэхээр тус сумын Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол ой ангиар талбай тусгаарласан акт гэрээ байхгүй. Б багийн нутаг дэвсгэр Б гэх газар талбай тусгаарлалт хийгдсэн. Ц гэх газраас баруун зүгт 23 километр орчим зайд Б гэх газар байрладаг юм. Иргэн Л.Э нь надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. Манай Баянгол багийг хариуцсан байгаль хамгаалагч нь томилогдоогүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/,
Гэрч Ц.А өгсөн: “...манай нөхөр Э нь 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр малдаа явах замдаа галын түлээний мод бэлтгэсэн гэж ярьж байсан. Яг ямар төрлийн ямар хэмжээтэй мод бэлтгэсэн талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
Л.Эын яллагдагчаар өгсөн: “...миний үйлдэл тохирч байна, сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн АРХ 0325/115 дугаартай “1. Монгол орны мод сөөг гарын авлагатай харьцуулахад нарсны овгийн Сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй моднуудыг хуурай, нойтон аль нь болохыг тогтооход 10,9% чийгтэй байгаа нь хуурай мод гэж үзэх үндэслэл болно. 2. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. 3. Шинжлэгдэж буй мод нь 3.6575 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 722,604 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/,
Шинжээч А.Б 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 20 дугаартай “3,6575 шоо метр хэмжээтэй шинэс төрлийн хуурай модны зах зээлийн үнэлгээг 2025 оны 02 дугаар сарын байдлаар 313,400 төгрөг байна, хятад улсад үйлдвэрлэгдсэн цахилгаан хөрөөний зах зээлийн үнэлгээг 2025 оны байдлаар 70,000 төгрөг байна” гэх дүгнэлт /хх-ийн 43 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Ө сумын Б багийн Ц гэх газраас 2.50 метрийн урттай 30 ширхэг, 3.6575 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай босоо модыг бэлтгэсэний улмаас ойн санд 722,604 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Эыг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх хүрэлцээтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Л.Эыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 722,604 /долоон зуун хорин хоёр мянга зургаан зуун дөрөв/ төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байх боловч шүүгдэгч нь хохирол төлөхөө илэрхийлсэн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 722,604*3=2,167,812 (хоёр сая нэг зуун жаран долоон мянга найман зуун арван хоёр) төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул шүүгдэгчээс 2,167,812 (хоёр сая нэг зуун жаран долоон мянга найман зуун арван хоёр) төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Л.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурор “шүүгдэгч Л.Эод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргаж, шүүгдэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд торгох ял, түүнийг төлөх журам тус тус хуульд нийцсэн тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Л.Эод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 2,50 метрийн урттай 30 ширхэг, 3,6575 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70,000 (далан мянга) төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Лын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь шүүхээс оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эоос 2,167,812 (хоёр сая нэг зуун жаран долоон мянга найман зуун арван хоёр) төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Эын гэмт хэрэг үйлдэж олсон 2,50 метрийн урттай 30 ширхэг, 3,6575 метр куб хэмжээтэй шинэс төрлийн хуурай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70,000 (далан мянга) төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч Л.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Эод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА