Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/172

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар Э.Мөнхгэрэл

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Б.Г-ыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 201722000249 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.Г-,

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Э.Н-тэй архидан согтуурч байгаад хэрүүл маргааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Рашаант сумын 2 дугаар багийн иргэн Э.Н-тэй архидан согтуурч байгаад хэрүүл маргааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч Э.Н-н хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 23-ны орой 21 цагийн орчимд би өөрийн мотоциклоор Тосонцэнгэл сумын төв рүү явж байгаад замдаа мотоциклийн бензин дуусаад Тосонгийн Б.Г- гэдэг залуугийн очиж бензин гуйж аваад Тосонгийн төв орчихоод буцаж гарахдаа 1 шил 0.75 граммын архи, 2 ширхэг том пиво аваад буцах замдаа Б.Г-ынд малгай гуйх гэж ороод архиа задлаад Б.Г-тай хамт уусан. Эхлээд Б.Г- бид 2 нэг том пиво уучихаад би явах гэтэл Б.Г- ахиад нөгөө ганц юмаа задлаач гээд байхаар нь задлаад бид 2 уусан. Б.Г- бид 2 архиа ууж дуусгачаад намайг сууж байхад Б.Г- шууд өшиглөөд авсан. Би тэгэхээр нь толгойгоо дараад хэвтэж байхад Б.Г- өшиглөөд дэвсээд байхаар нь би ухаан алдсан байсан гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 311 дугаартай:

- Э.Н-н биед гэмтэл тогтоогдлоо.

- Э.Н-н биед хамар ясны хугарал, хэнгэрэгийн цууралт, дух, хамрын нуруу зүүн хацар, шанаа эгэмд зулгаралт бүхий гэмтэл учирсан байна.

- Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.

- Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Тухайн үүссэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна.

- Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17-р тал/

Шүүгдэгч Б.Г-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: 2017 оны 5 дугаар сарын 03-ны орой гэртээ байж байтал Рашаант сумын харьяат Э.Н- гэдэг танидаг залуу манайд ирж бензин гуйхаар нь би чи өөрөө хийгээд ав гэж хэлсэн. Э.Н- бензин хийж аваад Тосонгийн төв орчихоод буцах замдаа манайд ирсэн. Э.Н- ирэхдээ 1 шил 0.75 граммын архи, 2 том пиво авчирсан. Тэгээд авчирсан 2 пивоо задлаад бид 2 уусан. Э.Н- бид 2 пиво ууж дуусаад байж байснаа Э.Н- намайг манайд ирэхэд би архи задалдаг чи надад архи задалж өгдөггүй гэж ярихаар нь би өөрөө архийг нь задлаад хундаган доор 10.000 төгрөгтэй өөрт нь хийж өгсөн. Э.Н- бид 2 нөгөө архинаасаа 3, 3 удаа уучихаад би архийг нь Э.Н-д буцаагаад өгсөн чинь Э.Н- уг нь би энэ архийг өөр хүнтэй хамт ууя гэж бодож байсан юм. Шөнө айл сэрээгээд яахав чамтай хамт уучихъя гээд байхаар нь бид 2 нөгөө архиа дуусгасан юм. Тэгээд Э.Н- явлаа касскаа өгчих гэхээр нь би касскаа аваад өгсөн. Э.Н- миний касскийг унагаасан. Тэгээд бид 2-ын хооронд маргаан үүссэн. Би Э.Н-г нэг удаа алгадсан. Тэгээд хэсэг зуур юм санахгүй болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 26-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 201722000249 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Г-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ