Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2022/0869

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А** ************ ГХОХХК /РД:6******/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Г******* нарын хоорондын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З******, хариуцагч М.Г*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А*******оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1/. Нэхэмжлэгч А** ************ ГХОХХК нь Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2/. Нэхэмжлэгч А** ************ ГХОХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 

1/ Б.А******нь ажлын байран дээр хориглосон үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан тул А** ************" ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1.23-д заасныг үндэслэн тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22-3-1 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Тодруулбал, Б.А******нь "А** ************" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б**** *****ын биед халдаж, цохиж зодох зэрэг зөрчил гаргасан бөгөөд уг үйлдэлдээ тэрээр 100,000 төгрөгөөр торгуулах шийтгэлийг хүлээсэн нь хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болсон юм.

Ингээд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд зогсоох хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажил олгогчийн зүгээс цуцалсан шийдвэрийг гаргасан ба уг шийдвэрийг гаргаснаас хойш түүнд ажилласан 2 өдрийн цалин, гэрээ цуцлах хүртэлх хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцсон олговрыг олгоогүй нь "А** ************" ХХК-ийг шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах үндэслэл болжээ.

2/ "А** ************" ХХК-ийн хувьд Б.А******гийн цалин болон ээлжийн амралтын олговрыг олгоогүй байсан нь үнэн боловч үүнд хүндэтгэн үзэх шалтгаан байсныг улсын байцаагч анхаараагүйд гомдолтой байна.

Учир нь, Гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тушаал гарснаар ажилтан Б.А******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасан үүргийг, ажил олгогч "А** ************ ХХК нь мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.5-д Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно", 110 дугаар зүйлийн 110.3-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно" гэж заасан үүргийг тус тус харилцан хүлээсэн.

Гэтэл Б.А******нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т заасан "А** ************" ХХК-аас Б.А******д ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр олгосон Lenovo Thinkpad зөөврийн компьютер, түүний цүнх, IPhone утас болон цэнэглэгч, банкны карт, үйлчлүүлэгчдийн төлбөрийн баримт, 2 ширхэг Аяа хүрэм, 52 ширхэг atoz брэндийн товчнуудыг ажил олгогчид хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд тэдгээрийг шаардсан төдийд гүйцэтгэх захирал Б**** *****ыг "утасны зурвасаар дарамталсан", "бэлгийн дарамт үзүүлсэн гэх ор үндэсгүй, гүтгэлгийн шинжтэй гомдлуудыг Цагдаагийн байгууллагад ар араас нь өгч, улмаар Цагдаагийн байгууллагаас тэдгээр гомдлуудыг шалгаж, хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хүртэл энэхүү маргаантай харилцаа үргэлжилсэн, одоо ч үргэлжилсэн хэвээр тул А** ************" ХХК нь Б.А******г Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаар хүлээсэн үүргээ гүйцэтгэхээс өмнө өөрийн үүргийг гүйцэтгэхээс татгалзсан байсан болно.

"А** ************" ХХК-ийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д "Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно." гэсэн зохицуулалтад нийцсэн тул улсын байцаагчийн "ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчлийг гаргасан гэж үзсэнийг бодит байдал болон хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Ажил олгогч, ажилтан нарын хооронд үүссэн харилцан хүлээсэн дээрх үүргийг хэрхэн, ямар дараалал журмаар гүйцэтгэх талаарх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулаагүй тул уг асуудлыг Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3-т "хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ. гэж заасны дагуу Иргэний хуулийн шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Энэ үндэслэлээр "А** ************" ХХК нь Иргэний хуулийн 209 дүгээр зуйлийн 209.1-д заасан эрхийн дагуу Б.А******гийн 2022 оны 03 дугаар сарын 01, 02-ны өдрийн цалин, ажилласан нийт хугацааны ээлжийн амралтын олговор зэргийг олгохгүй хүлээж байсан тул "А** ************" ХХК-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 110 дугаар зүйлийн 110.3-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүйг дахин тэмдэглэмээр байна.

Улсын байцаагч нь өөрөө үүргээ биелүүлээгүй ажилтны гаргасан гомдлоор А** ************ ХХК-ийг 5,000,000 төгрөгөөр торгохдоо ажилтан болон ажил олгогчийн хооронд харилцан үүрэг хүлээсэн эсэх, хоёр талын гэрээгээр хүлээсэн үүргээ хэн нь түрүүлж гүйцэтгэх, хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө хэн нь үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй зэрэгт хууль зүйн бодит дүгнэлтийг хийлгүйгээр шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т нийцээгүй тул Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З****** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Хариуцагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д зааснаар эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргийг хүлээдэг.

Гэхдээ хариуцагч нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, 83.5-д тус тус заасан үүргийг ажилтан, ажил олгогч хоёулаа хүлээсэн байгаа. Ажилтан, ажил олгогчийн хоорондох харилцааг үүргээ хэрхэн ямар дараалал, журмаар биелүүлэх ёстой дарааллыг Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулаагүй учраас Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.1, 369.3-т тус тус зааснаар Иргэний хуулийн ерөнхий ангийн үндэслэлийг баримталж байгаа.

Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан учраас хүндэтгэн үзэх шалтгаантайгаар тогтоосон хугацаанд цалин хөлсийг олгоогүй. Шийтгэлийн хуудас нь процессын алдаатай, эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсаа нотолж чадахгүй байна гэж үзэж байна. гэв.

5. Хариуцагч М.Г******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр зөрчлийн 2206001209 тоот Зөрчлийн хэрэг нээж Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэгт хяналт тавих хяналтын прокурорын хяналтан дор Төрийн хяналт, шалгалтын тухай хууль, хөдөлмөрийн тухай хууль, Зөрчлийн тухай тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу ажиллагаа хийгдсэн.

Зөрчлийн хэрэгт цугларсан баримтаар тус компанид борлуулалт хариуцсан маркетингийн менежерээр ажиллаж байсан Б.А******гийн 2022 оны 3 дугаар сарын ажилласан хугацааны цалин, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговрыг олгоогүй нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх Цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд олгох өдрийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгана., 110 дугаар зуйлийн 110.3 дахь Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно, 104 дүгээр зүйлийн 104.7 дах Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй.... бол буруутай этгээдэд энэ хууль зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан "Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалин тооцох журам"-ын 1.1-д заасныг тус тус зөрчсөн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заалтаар 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 00***** тоот торгох шийтгэлийн арга хэмжээ авсан.

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалтыг үндэслэж 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-271/83 тоот цалин, ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулах тухай улсын ахлах байцаагчийн албан шаардлага гаргасан.

А** ************ ХХК-ийн захиралын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 22-3-1 тоот тушаалаар иргэн Б.А****** тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлцэх хугацааг заана. мөн хуулийн 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй. түүний цалин хөлс, олговорыг тухайн өдөр олгож дуусгасан байхыг хөдөлмөрийн тухай хуулиар хуульчилсан байдаг.

Гэтэл А** ************ ХХК нь ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан өдөр ажилтны ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг олгоогүй нь хохирогч, гэрч, зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байдаг.

2/ Мөн нэхэмжлэлд дурьдагдсан тоног төхөөрөмж, эд материалын талаар ажилтан, ажил олгогч нарын хооронд үүссэн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж шүүхийн журмаар шийдвэрлүүлэх талаар хуульчилсан тул ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд олгоогүй гэх хөдөлмөрийн харилцаатай маргаанд хамааралгүй юм. гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З******* шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...1/ нэхэмжлэгч компанитай 2021 оны 5 сард хөдөлмөрийн гэрээ байгуулан борлуулалт хариуцсан маркетингийн менежерийн албан тушаалд томилогдсон.

Тус ажил албан тушаалд 2021 оны 5 сараас 2022 оны 3 сар хүртэл ажилласан. Б.А******би 2021 оноос өөрийн ажиллаж байсан бүхий л цаг хугацаанд чин ажиллаж сэтгэлээ зориулан ирсэн ч миний хөдөлмөрийг үнэлэхгүйгээр борлуулалтын урамшуулалыг цаг тухайд нь олгохгүй үйлдэл удаа дараа гарсан мөн гүйцэтгэх захирал Б**** *****-с биеийн болон сэтгэл зүйн дарамт удаа дараа ирсэн учир 2022 оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаас гарах өргөдлийг бичгийн болон аман байдлаар илэрхийлж байсан.

Түүнчлэн одоо шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж буй торгуулийн талаар мэдэгдэл компанид өгч байсан. Тодруулбал 2022 оны 3 сарын 07-ны өдөр "...миний үндсэн болон бонус цалинг яаралтай олгож, Нийгмийн даатгалын шимтгэлд бичилт хийж, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргахгүй бол би цагдаа, шүүхийн байгууллагад хандаж торгуулах болон өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авах болно" гэж мэдэгдэлдээ дурдсан.

Гэвч гүйцэтгэх захирал өөрийн давуу байдлыг ашиглаж тус өргөдөлтэй холбоотой зохих хариуг өгөхгүй байсаар 2022 оны 4 сарын 04-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-г үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан.

Гэтэл 2022 оны 7 сарын 19-ний өдрийн "А** ************" ХХК-с Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бодит үнэнг гуйвуулан ажлын байран дээр хориглосон үйлдэл гаргаж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн улмаас 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22-3-1 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан мэтээр бичсэн байна.

Түүнчлэн компаниас олгосон Lenovo Thinkpad зөөврийн компьютер, түүний цүнх IPHONE утас болон цэнэглэгч, банкны карт, үйлчлүүлэгчдийн төлбөрийн баримт зэрэг нэхэмжлэлд дурдсан бүх зүйлийг компанид тус тушаал гарсан өдөр хүлээлгэж өгсөн. болох Тийм байтал одоо болтол миний Үндсэн хуулиар хамгаалагдсан үндсэн эрх цалин хөлс авах эрхийг минь эдлүүлэхгүй хууль бусаар хязгаарлаж байна. шийдвэрийг биелүүлэхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3-т заасан буюу Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэсэн хуулийн заалтыг мөн зөрчиж байна.

Хүндэтгэн үзэх шалтгаанд нэхэмжлэгчийн ярьж байгаа шалтгаанууд орохгүй. Хүний цалин хөлс авах үндсэн эрхийг одоо хүртэл зөрчсөөр байгаа компанид гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч А** ************ ХХК-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б**** ***** тус шүүхэд хандаж Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...эх хэлээрээ мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх эрхийг хангаагүй, ээлжийн амралтын олговор олгоогүй гэж гомдол гаргаагүй байхад гомдолд тусгаагүй үндэслэлээр шалгалт явуулсан, Б.А******нь ажлаас халагдсан атлаа ажил олгогчоос өгсөн эд зүйлийг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй энэ нь байгууллагын тухайд хүндэтгэн үзэх шалтгаан-д тооцогдоно,...дараалал нь тодорхойгүй тул Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д зааснаар шийдэх ёстой гэж тодорхойлон маргав.

Маргаан бүхий Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** дүгээр шийтгэлийн хуудсаар Иргэн Б.А******гийн гомдлын дагуу А** ************ ХХК нь ажилласан хугацааны цалин, ээлжийн амралтын олговрыг тогтоосон хугацаанд нь олгоогүй асуудлыг шалгаад ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил гаргасан гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т зааснаар А** ************ ХХК-ийг 5 000 000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан... бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

Шүүх хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн нэхэмжлэгч компани нь тус байгууллагад борлуулалтын менежерээр ажиллаж байсан Б.А****** г 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22-3-1 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн атлаа түүний 2022 оны 3 дугаар сарын ажилласан хугацаанд ногдох цалин 45455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733466 төгрөг, нийт 778921 төгрөгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул энэ үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Иргэн Б.А******нь тус компанид борлуулалт маркетингийн менежерээр 2021 оны 5 дугаар сарын 20-нд ажилд орсон, түүний цалинг сард 1 000 000 төгрөгөөр тогтоосон, тэрээр 2022 оны 02 дугаар сарын 01-нд ажлаас гарах өргөдөл бичсэн, уг өргөдөлд борлуулалтын урамшууллыг цаг тухайд нь олгохгүй үйлдэл удаа дараа гаргасан, мөн Гүйцэтгэх захирал Б**** ***** нь биеийн болон сэтгэл зүйн дарамт удаа дараа үзүүлснээр...ажлаас гарах хүсэлтэй байна гэж дурдсан, нэхэмжлэгч компани нь иргэн Б.А******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг гадаад хэл дээр /англи хэл/ үйлдсэн, тус компанийн захирлын 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 210516-1 тоот тушаалаар Борлуулалтын урамшуулал олгох журам баталж уг журамд ...борлуулалтын ажилтанд өөрийнх нь бие дааж хийсэн борлуулалтын дүнгийн 8 хувийг мөнгөн урамшуулал хэлбэрээр олгох ба нэг удаагийн урамшуулалт цалин нь 4 сая төгрөгөөс хэтрэхгүй гэж тогтоосон, компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 22-3-1 дугаар тушаалаар ...Б.А******нь 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ажлын байран дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хориглосон үйлдэл гаргаж Гүйцэтгэх захирал Б**** *****ыг зодсон нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж дуусаад Зөрчлийн хуулийн дагуу торгуулсан болно, иймд хөдөлмөрийн гэрээний 8.1.23-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалж, цалингийн тооцоог гүйцэтгэж дуусгахыг нягтлан бодогч Нухшашд даалган, Б.А****** дараахь эд зүйлсийг буцаан авахыг хүсч байна, үүнд, зөөврийн компьютер, Lenovo/цүнхний хамт, Iphone цэнэглэгчийн хамт, банкны карт, үйлчлүүлэгчдийн төлбөрийн баримт, 2 ширхэг ажлын пиджак, 52 ширхэг ATOZ брэндийн товч гэж шийдвэрлэсэн үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж иргэн Б.А******...1 ба 2 дугаар саруудад үндсэн цалингаас нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй, 9 сараас хойшхи бонус цалин болон 2 сарын цалин хөлсийг цаг тухайд нь олгоогүй...нь Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 8.4 болон 9.2-т заасныг зөрчсөн тул нэн даруй шийдвэрлэж өгөх гомдол гаргаж түүндээ 2022 оны 01, 02 дугаар саруудад ажил олгогчоос нийгмийн даатгал төлөөгүй талаархи тодорхойлолтыг хавсаргаж хүргүүлсэн, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 02-16/24 тоот удирдамжаар ...Б.А****** гомдлын хүрээнд хяналт шалгалт хийх, зөрчлийг арилгуулах, албан шаардлагаар үүрэг даалгавар өгч хэрэгжилтийг хангуулах, ноцтой зөрчил илрэх болон удаа дараа дутагдлаа арилгахгүй байгаа тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ тооцох-оор төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр тогтоосон байна.

Мөн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр А** ************ ХХК-ийн захирал, Их Британи улсын иргэн Б**** *****ичийг холбогдогч-оор оролцуулан түүнд хуульд заасан эрх, үүргийг танилцуулж мэдүүлэг авсан, уг ажиллагаанд тус компанийн борлуулалт хариуцсан захирал Д.Ц******г орчуулагчаар оролцуулсан, үүнийг Б**** *****ич зөвшөөрч улмаар өмгөөлөгчгүйгээр тайлбар өгөхийг мөн зөвшөөрч улмаар тайлбар өгч байх явцдаа өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг өгнө гэх үндэслэлээр тайлбар өгөх ажиллагааг зогсоосон үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа гадаад улсын иргэнийг эх хэлээрээ мэдүүлэг өгөх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрх бүхий албан тушаалтнаас, 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш удаа дараа А** ************ ХХК-ийн захирал, Б**** *****ичтой утсаар холбогдохоор оролдсон байх боловч тэрээр утсаа авахгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж удаашруулж байсан нь нотлох баримтуудаар тогтоогдож байх ба энэ тохиолдолд хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй, өөрөөр хэлбэл Б**** *****ичид эх хэлээрээ мэдүүлэг өгөх, өмгөөлөгчийн туслалцаа авах эрхтэй-г Эрх бүхий албан тушаалтнаас танилцуулж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг хангасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т Ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө, ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж, 83.3-д Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана 83.4.Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө 83.5-д Ажил олгогч ажилтанд энэ хуулийн 83.3-т заасан хугацааны цалин хөлсийг тооцож олгоно 83.6-д Ажил олгогч ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тухай шийдвэр, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, бусад баримт бичгийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон өдөр хүлээлгэн өгөх, цалин хөлс, олговор, тэтгэмжийг хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасны дагуу олгох үүрэгтэй 110.3-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно 104.7-д Хууль тогтоомжийн дагуу олговол зохих цалин хөлс, олговрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээгээр тогтоосноос доогуур хэмжээгээр олгосон бол буруутай этгээдэд энэ хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... нь Хөдөлмөрийн тухай хуулийн 83.2-т заасан үүргээ биелүүлээгүй, энэ үүргээ гүйцэтгэхээс өмнө А** ************ ХХК нь өөрийн үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, Хөдөлмөрийн тухай хуульд ажилтан, ажил олгогч 2-ын энэхүү харилцан хүлээх үүргийг хэрхэн, ямар дараалал журмаар гүйцэтгэхийг нарийвчлан зохицуулаагүй, энэ нь Иргэний хуулийн 209 дүгээр зүйлд заасантай нийцсэн тул зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж тодорхойлон маргасан.

Иргэний хуулийн 209.1-д Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно, мөн хуулийн 369.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан ба эдгээр хуулийн зохицуулалтуудаас үзвэл ажил олгогч, ажилтан 2-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохтой холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан, энэ тохиолдолд Иргэний хуулийн 209.1 болон 369.3-д заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Учир нь, ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргахдаа түүнд ажил хүлээлгэн өгөх хугацааг тодорхой тогтоож өгөх үүрэгтэйг, тухайн тогтоосон хугацаанд ажилтан нь ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө зэргийг байгууллагадаа хүлээлгэн өгснөөр тухайн хугацааны цалин хөлс тооцож олгогдохыг Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан заасан, энэ тохиолдолд Иргэний хуулийн заалтуудыг нөхөн тохируулж хэрэглэх шаардлагагүй.

Хэргийн оролцогчид маргаан бүхий шийтгэлийн хуудаст заасан тухайн төлбөрийн дүнгийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь ...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй эсэхийг шалгаж тогтоох ёстой байсан, Б.А******нь ажил олгогчоос өгсөн эд зүйлийг байгууллагад хүлээлгэж өгөөгүй байсан тул манай компани өөрийн үүргээ гүйцэтгэхээс татгалзсан, энэ нь хууль ёсны үйлдэл гэж маргасан боловч шүүх хуралдаанд оролцсон гуравдагч этгээд Б.А******нь ажлаас халах тушаал гарсан өдөр эд зүйлийг бүгдийг хүлээлгэж өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч нотлох баримтаар няцаагаагүй болно.

Түүнчлэн тухайн зөрчлийг шалгах ажиллагааны явцад хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-271/83 дугаар бүхий Цалин, ээлжийн амралтын олговрыг нөхөн олгуулах тухай Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг А** ************ ХХК-ийн захирал Б**** *****т хүргүүлж, түүндээ Б.А****** 2022 оны 3 дугаар сарын ажилласан хугацаанд ногдох цалин 45455 төгрөг, ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор 733466 төгрөг, нийт 778921 төгрөгийг олгохыг шаардаж, биелэлтийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны дотор ирүүлэхийг шаардаж, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.2-т зааснаар хариуцлага хүлээлгэхийг мэдэгдсэн, уг албан шаардлага хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

Иймд Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** дүгээр шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлтэй, тухайн шийтгэлийн хуудасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Зөрчлийн хэрэгт цугларсан зарим нотлох баримтууд, тухайлбал иргэн Б.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь гадаад хэл дээр хийгдсэн, түүнийг орчуулахгүйгээр зөрчлийн хэрэгт хавсаргасан нь буруу боловч энэ нь нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчлийг үгүйсгэх, эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль зүйн үндэслэл бүхий Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 10.16 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А** ************ ГХОХХК-ийн гаргасан Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 00***** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН