Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 0009

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                        

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

               Прокурор                                                      Ц.Л

Шүүгдэгч                                                       Э.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Р.Ц

Нарийн бичгийн дарга                             Б.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолтой, Э.Ад холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.А түүний өмгөөлөгч Р.Ц нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Э-н А.

 

Шүүгдэгч Э.А нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шөнийн 00 цагийн орчимд  аймгийн  сумын  багийн нутаг дэвсгэр 4 замын уулзвар дээр согтуугаар  улсын дугаартай “Тоёото Альпард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Ч.Бы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Э-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Хэрэгт хураагдаж ирсэн Э.Агийн жолооны үнэмлэхийг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч Ч.Б, Б.Э нар нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Э.А нь анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа ухамсарлан ойлгосон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Шүүгдэгчид ял ногдуулахад тусгайлан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Хохирогч Ч.Б нь эрүүл мэндийн хувьд нэхэмжлэх зүйлгүй харин миний унаж явсан машин манай дүү Ч.Б-ын машин, шүүгдэгчийн өгсөн мөнгөөр уг машиныг засварлах боломжгүй байна гэх боловч хэдэн төгрөгийн хохирол барагдаагүй байгаа талаар тодорхой баримт байхгүй байна. Хохирогч Ч.Б нь уг машины засварын талаар нэхэмжлэх эрх бүхий этгээд биш, иргэний нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэл гаргаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд энэ үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нар танилцсан байдаг бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй хэмээн санал гомдол буюу дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлт өгч байгаагүй.

Үнэхээр хохиролд авсан мөнгө хүрэлцэхгүй байгаа тохиолдолд иргэний журмаар нэхэмжлэх бүрэн боломжтой.

Хувийн байдлын хувьд бага насны 2 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр нь бага хүүхдээ асарч гэртээ байдаг, өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээдэг, хохирлыг хуульд заасны дагуу бүрэн төлж барагдуулсан.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Ад ногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.А давж заалдах гомдолдоо:

... миний бие эхнэр /ажилгүй/ 2 хүүхдийн /3 нас 7 сар, 1 нас 7 сар/ хамт түрээсийн байранд амьдардаг билээ. Өөрийн санамсаргүй болон болгоомжгүй үйлдлийн хор уршгаар цөөнгүй хүмүүсийн эд хөрөнгө, эрүүл мэнд болон цаг хугацаанд хохирол учруулсандаа туйлын чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүйг минь болон хууль ёсны байгууллагын тогтоосон үнэлгээний дагуух бүх хохирлын хэмжээг хуулийн хүрээнд төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж хорих ялыг биечлэн эдлэхгүй байхаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Ад холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч Э-н А нь 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд  аймгийн  сумын багийн нутаг дэвсгэрт байрлах дөрвөн замын уулзварт согтуугаар улсын дугаартай “Тоёота Альпард” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.д заасан ...Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно..., мөн дүрмийн 15.9.д заасан ....Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа  жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө... гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ч.Б-н эзэмшлийн 49-80 ОРА улсын дугаартай “Мицубиши Челленжер” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас 2 985000 төгрөгийн хохирол, 05-52 ОРБ улсын дугаартай “Тоёота кроун” маркийн Б.Э-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөн  3 050 000 төгрөгийн хохирол, өөрөө жолоодож явсан Барилга захиалагчийн албаны  “Тоёота альпард” маркийн тээврийн хэрэгсэлд 5 835 000 төгрөгийн хохирол учруулан Ч.Б-ны эрүүл мэндэд 4, 5 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Агийн гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцээд согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Э.А нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол болон иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээгээр төлж барагдуулсан байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч нарын нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа хуульд заасан журмын дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй талаар шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ... хорих ялыг биечлэн эдлүүлэх тэнсэж өгнө үү ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.

Шүүгдэгч Э.Ад холбогдох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

 

Түүнчлэн шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан хуульд заасан хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Э.А болон түүний өмгөөлөгч Р.Ц нарын гаргасан “ ... Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэн тэнсэж өгнө үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолын

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Э.Агийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй ... гэснийг

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй ... гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ад оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй ... гэснийг

... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай ... гэж тус тус өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.А нь тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц, шүүгдэгч Э.А нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар Э.Аг сулласугай.

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              З.ХОСБАЯР

           ШҮҮГЧИД                                                                    С.УРАНЧИМЭГ

                                                                                                   С.ЦЭЦЭГМАА