Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 156/ШШ2020/00415

 

156/ШШ2020/00415

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00327

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, .. дугаар баг, ..... тоот хаягт оршин суух, Б овогт Т Отгончимэг /РД:............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар аймаг, ............ оршин суух, Б овогт Б А /РД:.........../-д холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.О, түүний өмгөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.А 2009 онд танилцаж, 2010 оноос хамтран амьдрах болсон. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Ч төрсөн. Бид зан аашны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү А.Ч маань миний асрамжид өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хариуцагч Б.А хүү А.Ч эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би Т.О 2009 онд танилцаж, 2011-2015 он хүртэл хамтран амьдарсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд хүү А.Ч төрсөн. 2015 онд бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас тус тусдаа амьдрах болсон. Миний бие бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхийн тулд зохих арга хэмжээг авах хүсэлтэй байна. А.Ч миний хүүхэд мөн бол хүүхдийн тэтгэмжийг хуулийн дагуу төлөхөөс татгалзах зүйлгүй. Эцэг хүний үүргээ гүйцэтгэх болно. Мөн А.Ч ээжийн нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Мөн Т.О хүсэлтийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээг өгөх хүсэлттэй тул холбогдох арга хэмжээг авч өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Б.А холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Б.А, Т.О нар нь 2009 онд танилцаж, тэдгээрийн дундаас 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү А.Ч төрсөн, хүү А.Ч нь эцэг Б.А овоглодог болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний ноториатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2516 дугаартай ... Б.А нь А.Ч биологийн эцэг байх магадлал 99.99% ... гэх дүгнэлт болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбаруудаар нотлогдож байна. (хх-ийн 25-26 тал)

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

Өөрөөр хэлбэл Б.А, Т.О нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг Б.А хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү А.Ч эцэг Б.А хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

Мөн хүү А.Ч эх Т.О асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч Б.А нь хүү А.Ч хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.А нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.А шүүх хуралдааны товыг хуулийн хугацаанд шүүхээс мэдэгдсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б овогт А Ч 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.А тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.О даалгасугай

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.А улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАРИНА