| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 129/2020/00414/И |
| Дугаар | 129/ШШ2020/00780 |
| Огноо | 2020-07-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 129/ШШ2020/00780
| 2020 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 129/ШШ2020/00780 | Архангай аймаг |
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Э.Дулмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт П.Л-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б овогт Ё.Б-д холбогдох
Гэм хорын хохирол 1,954,440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 129/2020/00414/И индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Л, хариуцагч Ё.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ё.Б нь 2019 оны 12 сарын 12-ны орой 20 цагийн орчим зам тээврийн осол гаргасан. Үүний улмаас миний биед гэмтэл учирч тархины битүү доргилт, нурууны S1-L5 хүртэл үе цүлхийсэн гэсэн оноштой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. 2019 оны 12 сарын 18-ны өдрөөс 12 сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод Топуна эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлэхэд 1,045,000 төгрөгийн төлбөр, 2019 оны 12 сарын 20, 21-ний өдөр эд эс нөхөх эм нийт 39,600 төгрөгийн төлбөр, 2020 оны 01 сарын 20-ны өдөр шаардлагатай хийлгэх эм тарианы төлбөр 333,700 төгрөг, 2020 оны 01 сарын 02-ны өдөр засварт өгсөн машинаа Улаанбаатар хотоос авч ирэхэд зарцуулсан шатахуун 95,000 төгрөг, 2019 оны 12 сарын 12-ны өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байх хугацааны цалин 813,016.31 төгрөг авахаас 397,434 төгрөгийн хөдөлмөрийн чадвараа түр алдсаны олговор олгогдсон. Цалингийн зөрүү 414,695 төгрөг олгогдоогүй болно. Нийт гарсан зардал 1,954,440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч П.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр авто тээврийн осолд орсон. Үүний дагуу миний эрүүл мэндэд хохирол учирч биедээ эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардал мөнгөө хариуцагчаас нэхэмжилж байгаа. Би А аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 4 хоног хэвтээд эмнэлгээс гарч, У хотруу явж Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр шинжилгээнүүд өгсөн байгаа. Тэгэхэд толгойны битүү доргилт, нурууны S1-L5 дугаар үе хүртэл цүлхийлттэй байна гэсэн оноштойгоор Топуна хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэх гэсэн боловч хариуцагч Ё.Б арай үнэтэй юм байна, өөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлье гэсэн болохоор судалж байгаад нийгмийн даатгал цаанаасаа төлдөг Топуна гэх эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед үзүүлсэн компьютер томографи шинжилгээ, эм тарианы мөнгийг хариуцагч Ё.Б хамт яваад төлж байсан. Эмчилгээний зардалд хэдэн төгрөг төлснөө мэдэхгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хийлгэсэн шинжилгээ нийгмийн даатгалаас мөнгө нь гарна гээд үнэгүй хийлгэсэн. Эмчилгээний зардалд өөрөөсөө гаргасан мөнгөний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Эмний мөнгийг би өөрөөсөө гаргасан. Мөнгөн гүүр эмнэлэг дээр хийлгэсэн компьютер томографи, бусад зардлыг хариуцагч Ё.Б хамт явж байсан болохоор төлж байсан. Топуна эмнэлэгт хэвтээд 10 хоногийн дараа эмнэлгээс гарлаа гээд би Ё.Б руу утсаар яриад нийгмийн даатгалаас хэдэн хувийг нь хөнгөлдөг юм байна чи эмнэлгийн төлбөрийг хийчих надад мөнгө байхгүй байна гэхэд хариуцагч Ё.Б хариу өгөөгүй, утсаа авахгүй алга болсон. Би осолд ороогүй байсан бол зүгээр ажлаа хийгээд явах байсан. Би их гомдолтой байна. Одоо би 5 кг илүү юм өргөж чадахгүй байна. Би 3 жаахан хүүхэдтэй хүн. Хариуцагч Ё.Б-ыг залуу хүмүүс байна хоорондоо ярилцаж тохироод болох байх гэж бодож байсан. Намайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэхэд нэг удаа л ирсэн. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон нь үнэн, одоо хүртэл би толгойны эм уугаад явж байна. Топуна эмнэлгийн төлбөрт 866,000 төгрөг, эмнэлгийн ор хоног, эмчилгээний төлбөр нь 500,000 гаран төгрөг болсон. Нэг өдрийн ор хоног нь 80,000 төгрөг, үүнээс нийгмийн даатгалаас хямдардаг юм байна лээ. Мөн нуруу бариа засал хийлгэсэн төлбөр 360.000 төгрөг болсон. Нэхэмжилсэн 1,954,440 төгрөг дотор 65,000 төгрөгөөр шинжилгээ, Топуна эмнэлгийн төлбөр 866,000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 400,000 гаран төгрөг байгаа. Топуна эмнэлгийн 1.045.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны зөрүү мөнгийг нэхэмжилж байгаа. Би ажилгүй байсан 28 хоногоос аймгийн Нэгдсэн эмнэлэгт 4 хоног, Топуна эмнэлэгт 10 хоног хэвтсэн, нийт 14 хоногийн лист авсан. Мөн эмнэлгээс гараад гам барина гэж 3 хоногийн акт буюу нийтдээ ажилгүй байсан хугацааны цалинг байгууллагын нягтлангаар бодуулж нэхэмжилсэн. Надад 3 хоногийн цалинтай чөлөө өгөөгүй. Иймд миний Топуна эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 10 хоногийн мөнгө, листнээс бусад ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү мөнгө, У хотоос А аймаг руу ирсэн автомашинд хийсэн шатахууны мөнгө, А аймагт байхдаа авсан эмний мөнгө буюу нийт 1,954,440 төгрөг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Ё.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч П.Л-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед У хотод очиж Гэмтэл согог үндэсний төв, Мөнгөн гүүр зэрэг эмнэлэгт үзүүлэхэд биеийн байдалд ямар нэгэн гэмтэл бэртэл илрээгүй. Мөн хэвтэх шаардлагагүй гэсэн. Тэрний дараа өөрөө хувийн эмнэлэгт очиж хэвтсэн байсан тул би төлөх шаардлагагүй гэж үзэж байна. Тухайн үед машины хохирлыг бүрэн барагдуулан, өөрт нь шаардлагатай үзлэг шинжилгээг өгч төлбөр мөнгийг нь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа тараад хамгийн бага нь ой гурван сартай 3 хүүхэдтэйгээ явж байхад хүүхэд маань араас ээжээ мээмээ гээд зулгаах хооронд анхаарал сарниад замын улаан гэрэл асаад нэхэмжлэгч П.Л-гийн машины араас мөргөсөн. Гурван жаахан хүүхэд, мөн ард саванд хийсэн хоол байсан болохоор хурдаа тохируулж аяархан явж байсан. Тухайн үед нэхэмжлэгч П.Л-г А аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хотруу явж үзүүлэхэд би унаа хөлслөөд зардал мөнгийг нь төлөөд цуг явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлэхэд нэхэмжлэгч П.Л-д ямар нэгэн ноцтой гэмтэл тогтоогдоогүй, хэвтэх шаардлагагүй гээд эмийн эмчилгээ бичиж өгсөн. Дахиад онош тодруулах шаардлагатай бол Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Маргааш өглөө нь Мөнгөн гүүр эмнэлэгт хэвлийн эхо, компьютер томографийн зураг авахуулахад бас ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй гэсэн онош гарсан. Би бичиж өгсөн бүх эмнүүдийг нь худалдаж авч өгсөн. Тэгээд би нялх хүүхдээ орхиод ирсэн учраас буцаад А аймаг руу ирсэн. Гэтэл дараа нь над руу би Топуна гэх хувийн эмнэлэгт хэвтсэн байгаа гэж хэлсэн. Гэхдээ намайг дагуулаад Гэмтэл согог судлалын үндэсний төв, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй учраас би энэ нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй. Хэрвээ гэмтэл тогтоогдоод эмчлүүлэх шаардлагатай гэсэн бол би эмчилгээний зардлыг төлөх байсан. Ямар ч хүн хувийн эмнэлэгт очоод өөрийн хүсэлтээр эмчлүүлдэг, тэрний адил нэхэмжлэгч П.Л өөрийн хүсэлтээр Топуна эмнэлэгт хэвтсэн байсан. Эмч ослын газрын зургийг үзээд иймэрхүү юм өдөр тутам болж байдаг шүү дээ, ийм хөнгөн зүйл дээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж хэлж байсан. Тэр үед П.Л-гийн эхнэр, манай дүү хоёр хамт байсан. Гэхдээ би нэхэмжлэгч П.Л-д сувилалд хэвтэх үү гэж санал тавьсан. Тэгэхэд өөрийнхөө хүслээр Топуна гэх хувийн үнэтэй эмнэлэгт хэвтсэн байгаа болохоор би энэ нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед гарсан зардал, машины эвдрэл гэмтлийн засварын мөнгийг бүрэн төлж барагдуулсан байгаа. Гэхдээ тухайн осол болох үед хамгаалах бүс зүүгээгүй ой хоёр сартай хүүхэд буюу миний гурван жаахан хүүхэд мөн хойно тавьсан байсан савтай хоол асгараагүй байсан, хоолоо бариад таксинд сууж байгаа бичлэг замын камерт бичигдсэн байх. Хэрвээ эмнэлэгт үзүүлэхэд гэмтэл тогтоогдоод ийм ийм эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн бол би эмчилгээний зардлыг төлөх байсан. Харин тухайн үед нэхэмжлэгч П.Л-д ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй. Тухайн үед зам тээврийн ноцтой осол бол болоогүй, миний ард сууж явсан гурван хүүхэд гэмтэж бэртээгүй мөн саванд байсан халуун хоол асгараад миний гурван хүүхдийг түлж болох байсан. Гэтэл тийм зүйл огт болоогүй. Нэхэмжлэгч П.Л осол болсны дараа машинаасаа бууж ирээд гичий, пиздаа, машин төлөөрэй гэж орилж чаралж байсан. Намайг журмын хашаа руу явж байхад мөргөсөн хүний чинь биеийн байдал тааруу байна гэж хэлээд би эмнэлэг дээр очиход онош бичүүлсэн байсан. Улаанбаатар хот орж Гэмтэл согог судлалын үндэсний төв, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл тогтоогдоогүй учраас нэхэмжилсэн мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Би Мөнгөн гүүр эмнэлэгт өдрийн 120.000 төгрөгөөр хэвт гэснийг сонсоогүй. Зам тээврийн осолд ороод Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтсэн үед 250,000 төгрөгийг тушаасан. Мөн хот руу автомашин хөлсөлж авч явахдаа хоол унааны мөнгөний зардлыг төлсөн. Мөнгөн гүүр эмнэлэг дээр нурууны зураг буюу компьютер томографи оношлогоо 140,000 төгрөг, хэвлийн эхо 35,000 төгрөг, зөвлөх эмчид үзүүлэхэд 20,000 төгрөг, мөн шаардлагатай эм тариаг авч өгсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Л нь хариуцагч Ё.Б-с гэм хорын хохирол 1,954,440 гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ё.Б би тухайн үед учирсан гэмтлийг оношлох, эмчлэх болон бусад гарсан зардлыг бүгдийг төлж барагдуулсан тул 1,954,440 төгрөгийг төлөхгүй гэж маргажээ.
Хариуцагч Ё.Б нь 2019 оны 12 сарын 12-ны орой 20 цаг 20 минутад Spacio маркийн .......... улсын дугаартай автомашин жолоодон явж байхдаа А аймгийн Э сумын 1 дүгээр баг, Холбооны уулзварын зам дээр Allion маркийн ............... улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улмаар нэхэмжлэгч П.Л-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь талуудын өгсөн тайлбар, А аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 30 дугаар Шинжээчийн дүгнэлт-ээр нотлогддог ба талууд энэ талаар маргаагүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан бол учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээд хариуцан төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байна.
Дурдсан хуулийн зохицуулалтаар гэм хор учруулсан буруутай этгээд нь хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зэрэг зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүргийг хүлээдэг.
Хариуцагч Ё.Б-ын үйлдлийн улмаас П.Л-гийн биед тархи доргилт гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог тул нэхэмжлэгч П.Л-гийн Топуна эмнэлэгт хийсэн эмчилгээнээс түүнд хийгдсэн хэсгийн бариа /толгой, сээр, нуруу хөл/ 3 удаа хийлгэсний төлбөр 24,000 төгрөгийн /хх-н 153/, мөн эмчийн заавраар буюу амбулаторын картанд бичигдэж Монгол Эм Импекс Концерн ХХК-ийн А салбараас худалдан авсан
-актовегин 176,000 төгрөг, /хх-н 21/
-атенолол денк 63,300 төгрөг, /хх-н 21/
-кавинтон форте 36,400 төгрөг, /хх-н 21/
-кальци Д3 никомед форте 58,000 төгрөг /хх-н 21/, нийт 333,700 төгрөгийн эм тариаг хариуцагч Ё.Б-ын үйлдлийн улмаас учруулсан гэмтлийг эмчлэхэд зарцуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 18-наас 12 дугаар сарын 28-ны хугацаанд нийт цалин 662,648 төгрөг авах байснаас урьдчилгаа 200,000 төгрөг, хөдөлмөрийн чадвар түр алдалтын тэтгэмж 293,339 төгрөг, нийт 493,339 төгрөгийн цалин авч, 169,309 төгрөгийн цалин дутуу авсан нь цалингийн баримтаар /хх-н 193/ тогтоогдож байна. П.Л-гийн хөдөлмөрийн чадвар түр алдсанаас дутуу авсан 169.309 төгрөгийн цалин, У хотоос А аймаг руу ирэхэд зарцуулсан 95,000 төгрөгийн /хх-н 10/ шатахууны зардал зэрэг нь хариуцагч Ё.Б-ын үйлдлээс нэхэмжлэгчид учирсан хохирол юм.
Иймд 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ё.Б 622,009 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч П.Л-д төлөх үүрэгтэй, харин эд эс нөхөх эм бэлдмэл, эм тариа, эмчилгээ, бусад зардалд хэрэглэсэн 1,332,431 төгрөгийг нэхэмжлэгчийн биед учирсан хохиролтой холбоогүй, эмчийн заавраар хэрэглэх байсан нь тогтоогдоогүй учир нэхэмжлэлийн шаардлагаас 1,332,431 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Ё.Б тухайн үед учирсан гэмтлийг оношлох, эмчлэх болон бусад гарсан зардлыг бүгдийг төлж барагдуулсан гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох эмчилгээ болон бусад зардлыг төлсөн гэдгээ нотлох баримтаар нотлоогүй болно.
Нэхэмжлэгч П.Л-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,300 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 19,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгох нь зүйтэй байна.
Томилогдсон иргэдийн төлөөлөгч Б.О хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй ба зохигч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ё.Б-с 622,009 /зургаан зуун хорин хоёр мянга ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгож, нэхэмжлэлээс 1,332,431 /нэг сая гурван зуун гучин хоёр мянга дөрвөн зуун гучин нэг/ төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,300 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 19,310 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Л-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.