| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 156/2019/00328/И |
| Дугаар | 156/ШШ2019/00288 |
| Огноо | 2019-06-05 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 156/ШШ2019/00288
| 2019 оны 06 сарын 05 өдөр | Дугаар 156/ШШ2019/00288 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2019/00328/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ..........оршин суух, Н.Л /РД:............/-ийн хүсэлттэй
Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д.
прокурор Д.Энхжаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Лгийн аав С.Н нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссийн шийдвэрээр ялын дээд хэмжээгээр шийтгэгдснийг Улсын дээд шүүхээс 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр цагаатгасан. Хуулийн хүрээнд 80 000 000 төгрөгийн олговор олгож өгнө үү. Миний эх өндөр настай учир шүүхэд ирэх боломжгүй, Биндэр суманд одоо энх тунх амьдарч байгаа гэв.
Оролцсон прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хуульд заасан үндэслэл бүрдээгүй тул нөхөн олговор олгох үндэслэлгүй байна. Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос С.Н нь гэр, байр сууц хураалгаж байсан эсэх баримтыг гаргуулах хэрэгтэй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Л нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөн олговор болох 80 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Н.Л нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Самбадавын Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж, цагаатгагдсан, Н.Л нь С.Нгийн төрсөн охин, мөн хэлмэгдүүлэлтийн улмаас С.Н болон түүний гэр бүл нь гэр, орон сууцаа хураалгасан гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал,
уг магадлалаар Хэнтий аймгийн Биндэр сум, 57 настай буриад Самбадавын Н нь П.Г, Г.Д нарын хувьсгалын эсэргүү бүлэгт элсэн, бусдыг элсүүлж, бослогод бэлтгэн, цуурхсан хэрэгт холбогдож, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн болохыг дүгнэж,
УАБХЕГазар хэргийг шалгаад нотлох баримтгүйг тодорхойлсон, элссэн гэх П.Г, Г.Д нарын эсэргүү байгууллага байгаагүй болох нь тодорхой болж БНМАУ-ын Ардын их хурлын дэргэдэх Цагаатгах комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар тогтоолоор цагаатгагдсан тул С.Нг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 6 дугаар зүйлийн 2-ыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон.
- БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегоос 1992 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон Самбадавын Нгийн цагаатгалын үнэмлэх,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн .........тоот ... С.Н нь Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, 1938 оны байдлаар хөрөнгө: адуу 3, үхэр 9, хонь 8, хашаа 1, байшин 1, эсгий гэр 1, модон гэр 1. С.Нг 1938 онд улс төрийн хэрэгт баривчилж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаад Дээд шүүхийн 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгажээ ... гэх архивын лавлагаа,
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 380 дугаар шийдвэр,
уг шийдвэрээр С.Нгийн төрсөн охин нь Н.Л мөн гэж үзэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан 1 000 000 төгрөгийн нөхөн олговор олгосон.
Нөхөн олговор авахтай холбоотой авагдсан баримт:
- Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 200 тоот ... Хэлмэгдэгч С.Нгийн төрсөн охин Н.Лд Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 380 дугаар шийдвэрээр 1 сая төгрөгийг олгосон, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэлмэгдэгчийн төрсөн хүүхэд Н.Л хамрагдах боломжгүй бөгөөд орон сууцны дэмжлэг аваагүй ... гэх албан бичиг,
- Зууны мэдээ сонины 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 79 /6046/ дугаарын 4 дүгээр талд Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөх олговорын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлахад жагсаалтын 5-д хэлмэгдэгч С.Нгийн хүүхэд Н.Л, 80 000 000 төгрөгийн нөхөн олговор гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй учир С.Н нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн, уг хэрэг нь хүчингүй болж, цагаатгагдсан, Н.Л нь С.Нгийн төрсөн охин гэх үйл баримт өмнө дурдагдсан БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал, Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 380 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.
БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар С.Н нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр буудан алж, хөрөнгийг хураах ялаар шийтгэгдсэн болохыг дүгнэсэн, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн.............. тоот лавлагаагаар С.Нг улс төрийн хэрэгт ял шийтгэсэн 1938 онд С.Н нь хашаа 1, байшин 1, эсгий гэр 1, модон гэр 1 гэсэн хөрөнгөтэй байсан болохыг тодорхойлсон тул С.Н болон түүний гэр бүл нь хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгасан гэж үзэх үндэслэлтэй.
Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр С.Нгийн ямар хөрөнгийг хураах ял ногдуулсан нь тодорхойгүй, энэ талаар дэлгэрэнгүй тусгаагүй боловч тухайн жилд С.Н нь гэр, орон сууцтай байсан нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаагаар тогтоогдсон, тухайн цаг үеийн нөхцөл байдал, төрийн эрх бүхий байгууллагаас явуулсан алдаатай бодлого, баримт бичгийн хадгалалт, бүрдүүлбэр, эрх зүйн хөгжил зэргийг харгалзан үзэхэд С.Нгийн гэр, орон сууцыг нэр зааж хураасан баримт одоо гарах боломжгүй юм. Нөгөө талдаа С.Нд ял ногдуулсан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолд бичигдсэн үйл баримт, ногдуулсан ялыг уг тогтоолыг хянасан БНМАУ-ын дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатны шүүх хуралдааны 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалд тодорхой дүгнэсэн байгаа болно.
Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 24 дүгээр зүйл, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 39 дүгээр зарлигаар батласан дүрэмд зааснаар үйл ажиллагаа явуулж буй Монгол улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Зууны мэдээ сонины 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 79 /......../ дугаарт хэлмэгдэгч С.Нгийн хүүхэд Н.Л нь 80 000 000 төгрөгийн нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй гэж зарласан нь хэрэгт ач холбогдолтой, хууль, дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд зохих хяналтыг тавьж нөхөх олговорын хэмжээг зааж, энэ тухай нийтэд мэдэгдэж буй төрийн байгууллагын үйл ажиллагааг буруутгах үндэслэл байхгүй байна.
Өгсөн дүгнэлтийн хүрээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, 13.2.1 улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг, 23 дугаар зүйлийн 23.1 Улс төрийн хилс хэрэгт шүүх болон түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж одоо хүртэл орон сууцгүй байгаа бол байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга дараалал харгалзахгүйгээр орон сууц, гэр олгоно гэсэн зохицуулалтын хүрээнд С.Н нь өөрийн гэр, орон сууцтай байх үедээ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж буудан алж, хөрөнгө хураалгах ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж орон сууц олгоогүй тул түүний охин Н.Лд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан нь улс үндэстний хэмжээнд учирсан эмгэнэлт үйл явдлыг бие махбод, сэтгэл санаагаараа бодитойгоор туулж өнгөрүүлсэн хэлмэгдэгсэд, уг нөхцөл байдлыг мөн адил мэдэрсэн хэлмэгдэгдсдийн үр хүүхдийг дэмжих, халамжлах, төрийн алдаатай бодлогын үр дагаварыг залруулахад чиглэсэн болохыг дурдвал зохино.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс С.Н нь хэлмэгдэх үедээ гэр, орон сууцтай байсан гэж үзэх баримт авагдаагүй учир нөхөн олговор олгох үндэслэлгүй, үүнтэй холбоотой баримтыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос гаргуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсэгт энэ талаарх зохих дүгнэлтийг өгсөн, шүүхийн хүсэлт гаргагчид нөхөх олговор олгохоор шийдвэрлэсэн нь төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчихгүй, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн зорилтод нийцсэн гэж үзэж байна.
Уг хүсэлт нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх ёстой учир урьд төлөгдсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг орон нутгийн төсвөөс буцааж гаргуулан хүсэлт гаргагчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Биндэр сумын Төрийн сангаас гаргуулан Халвин овогт Нгийн Лд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул урьд төлөгдсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг орон нутгийн төсвөөс буцааж гаргуулан хүсэлт гаргагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ