Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 156/ШШ2021/00273

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг, Баянмөнх сум, 2 дугаар баг, Зүүн булаг гэх газар нутаглах, Доо овогт Э.Э /РД:.. /-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг, .тоотод оршин суух, Боржигин овогт Г.Г //РД:./-т холбогдох, хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Э , хариуцагч Г.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Э  нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э  би 2014 онд Г  гэх бүсгүйтэй гэр бүл болон гэрлэлтээ батлуулж, 2015 оны 07 дугаар сард Э.Э охин мэндэлсэн. Бидний гэр бүл миний аав ээж болох Х.Э , Ч.Н нартайгаа ойр дотно амьдарч Э.Э маань өвөө эмээгийнхээ гар дээр 5 нас хүртлээ өсөж, өвөө эмээ болон аав надаас холдож үзээгүй. Охин Э  ээж болох Г.Г  нь гэр бүлээс гадуур Н  гэх хүнтэй ойр дотно харьцаанд орж 2012 оны 05 сард 2 охиныг минь орхиж өөрийн аав ээж рүүгээ явах нэрийдлээр 1 жил гаран алга болсон. Энэ явах хугацаандаа Н  гэх хүнтэйгээ хамт амьдарч дотно болсон байсан. Энэ хугацаандаа намайг элдэв үгээр доромжилж намайг гүжирдэж, охинтой маань яриулдаггүй, надад сэтгэл санааны дарамт учруулж байсан. Ингэж явсаар бүтэн 1 жил гаран намайг охинтой минь уулзуулаагүй явсаар 2018 оны 12 сард эргэн ирж Н тэй таарч нийлэхгүй байна хэмээн хэвлийдээ Н гээс 2 сартай жирэмсэн ирж, эргэн 3-уулаа хамт амьдаръя би дахин ийм асуудал үүсгэхгүй гэж ирсэн. Би миний охины төрсөн ээж учир зөвшөөрөөд хүүхдээ абортод оруулж бид эргэн хамт амьдарсан. Гэтэл хамт амьдраад удаагүй байтал Г  нь охиныг минь дагуулан явсан. Өнөөдрийн байдлаар 6 настай охин Э  минь дэргэд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэж байгааг сонсохоор надад хүнд байна. Гэр бүлийн тэр тусмаа хүүхдийн хүчирхийлэл бэлгийн дарамт гэх аймшигт хэргүүд хаа сайгүй гардаг болсон энэ цагт эцэг хүний хувьд тайван сууж чадахгүй байна. Би цаг тухай бүрт нь мөнгөө төлдөг, тэр мөнгө охинд минь хэрэгцээт зүйл болж очдоггүй, өөрөө байнга авдаг. Над дээр энэ өвөл ирэхдээ хавар намрын гутал нимгэн хувцастай ирсэн. Би хүүхдийн тэтгэлэг төлөхөөс гадна байнга хувцасладаг. Иймээс Э.Э  би өөрийн төрсөн охин Э.Э  ирээдүйг бодож өөрийн гар дээр өсгөн хүмүүжүүлж, өөрийн асрамжид авах хүсэлттэй байна гэв.

Хариуцагч Г.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Э.Э  нь архи ууж, агсам тавьж зоддог, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болохоор нь бид 2019 онд гэрлэлтээ цуцлуулсан. Э.Э  нь нэхэмжлэлдээ огт худал зүйл бичсэн байна. Хүчирхийлэл үйлддэг байсан талаар шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа. Э.Э  нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийх зорилгоор хүүхдийн асрамжийг өөр дээрээ авах нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэрээр тэтгэлгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан төлүүлж байгаа бөгөөд би охиныхоо тэтгэлгийг нь хадгаламж нээн хүүхэддээ хуримтлуулдаг. Мөн охиныхоо хэрэглээний зүйлийг авч өгдөг. Би гэрлэлтээ цуцлуулсанаас хойш Н  гэх хүнтэй танилцаж хамтран амьдарч байгаа. Н  дагавар 1 хүүхэдтэй, манай охинд маш сайн ханддаг, охин минь ч сайн. Бид хөдөө мал маллан амьдардаг, хүүхдээ хувцас, хоол хүнсээр дутаагаагүй хүүхдийн эрхийг зөрчихгүй, эрүүл саруул тайван орчинд өсгөн хүмүүжүүлж байгаа. Гэтэл үндэслэлгүй худал зүйл бичсэн байна. Э.Э  нь одоо Баянмөнх суманд хөдөө мал маллан, 2 дагавар хүүхэдтэй эмэгтэйтэй амьдардаг. Би түүнд хүүхдээ өгч хойд эхийн гарт үдээмээргүй байна. Би охиноо аав, өвөө, эмээтэй нь байнга уулзуулдаг. Э.Э  нь архи их ууж, агсам согтуу их тавьдаг учир охиноо өгөхгүй. Эмэгтэй хүүхдэд эхийн хайр халамж чухал мөн нэгэнт шийдэгдсэн шүүхийн шийдвэрээр охин Э.Э г миний асрамжид үлдээхээр шийдэгдсэн байх тул Э.Э ын шүүхэд гаргасан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй байна. Э.Э  нь надтай амьдарч байхдаа буюу 2014 онд хүчингийн гэмт хэрэг үйлдэж ял эдэлж байсан. Би ийм хүнд хүүхдээ хэзээ ч өгөхгүй, охиноо санаж байна гэхээр нь би уулзуулдаг, гэрлүү нь явуулдаг. Э.Э  нь хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж ийм нэхэмжлэл гаргасан. Надаас өөрөө гуйж байсан. Тэтгэлэг авахаа больчих гэж хүртэл гуйж байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Э  нь Г.Г т холбогдуулан охин Э.Э  асрамж өөрчлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т эцэг, эх ...хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч Э.Э  нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлэээр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Э , хариуцагч Г.Г  нар нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 157/ШШ2019/00119 дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Э г эх Г.Г ийн асрамжид үлдээж, эцэг Э.Э аар хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Э.Э  нь охин Э.Э  Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрүүл аюулгүй орчинд өсөж хүмүүжих эрх нь зөрчигдөж байгаа тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлнэ гэж нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа асрамж өөрчлүүлэх ноцтой шалтгаан гэх зүйл байхгүй, өөрөө тусдаа амьдралтай болсон гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болж байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох нь Э.Э ын үүрэг юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ охин Э.Э  эрх ашиг зөрчигдөж байна гэж байх боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй, мөн шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбарлан мэтгэлцэхгүй байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж тус газраас 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байна. Энэ дүгнэлтээр Г.Г  нь шинэ гэр бүлийнхээ тусламжтайгаар хүүхдүүдээ сэтгэл санааны болон эдийн засгийн ямар нэгэн дарамтгүй, эхийн хайраар дутаахгүй өсгөж чадна гэж дүгнэжээ. Мөн нэхэмжлэгч Э.Э  нь өмнө нь хүчингийн гэмт хэрэг үйлдэж ял эдлэж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул хүүхдийн асрамжийг өөрчлөх боломжгүй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ... хүүхдийн нас эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан ба нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон шинжээчийн дүгнэлтээс охин Э.Э  асрамжийг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуусан хэдий ч Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан / хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчин бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй эрсдэлт нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах гэх мэт/ үүргийг биелүүлж байх үүрэгтэй болохыг нэхэмжлэгч, хариуцагч нарт зориуд сануулж байна. Хэрэв хуульд заасан үүргээ биелүүлэхгүй бол эцэг, эх байх эрхийг хасах хууль зүйн үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 26.9, Хүүхдийн эрхийн тухй хуулийн 19.2-т зааснаар Э.Э ын нэхэмжлэлтэй, охин Э.Э  асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ