Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2019/00306

 

 

 

 

 

      2019 оны 06 сарын 11 өдөр

    Дугаар 156/ШШ2019/00306

      Хэнтий аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2019/00249/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х................ тоот хаягт оршин суух, М. Б /РД:.............../-д холбогдох

14 614 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч О.А,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас үйлдвэр, үйлчилгээ явуулах зорилгоор 10 000 000 төгрөгийн төслийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй авсан. Зээлийг зээлийн гэрээний дагуу хавсралтанд зааснаар сар бүр төлж 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү төлж дуусгах байснаас, графикт хугацаанд төлөхгүй 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүүг хугацаа хэтрүүлээд байна. Гэрээний хугацаа дууссан. Иймд М.Бгаас 10 000 000 төгрөгийн зээл, 900 000 төгрөгийн хүү, 3 706 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 8000 төгрөг нийт 14 614 000 төгрөгийг төлүүлж, хохиролгүй болгож өгнө үү. Хариуцагч М.Б нь өөрөө 100 хувь хариуцна гэсэн учир хариуцагч Д.Эгаас татгалзаж байна гэв.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын Сум хөгжүүлэх сангаас үйлдвэр, үйлчилгээ явуулах зорилгоор 10 000 000 төгрөгийн төслийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 0,25 хувийн хүүтэй зээл авсан нь үнэн. Үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 06 дугаар сарын 30-ны дотор багтаан би өөрөө 100 хувь хариуцаж  төлөх болно. Алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг дарга нь хариуцагч М.Б, Д.Э нарт холбогдуулан  үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, торгуулийн хүү 3 706 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 14 614 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нь хариуцагч Д.Эд холбогдуулан нэхэмжлэл гаргахаас татгалзаж, торгуулийн хүү гэж нэхэмжилсэн 3 706 000 төгрөг нь нэмэгдүүлсэн хүү болохыг тодруулсан.

Хариуцагчийн зүгээс нэхэмжилж буй үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр М.Б нь нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг сарын 0.25 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай хүлээн авчээ. Энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байна. Хариуцагч нь гэрээнд заасан хуваарьт хугацаанд ямар нэгэн төлөлт хийгээгүй, нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар удаа дараалан мэдэгдэж ирсэн нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний хугацаа дуусгавар болсон.

            Иймд хариуцагч маргаагүй, мөн баримтаар нотлогдсон тул үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 10 908 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Харин зээлийн гэрээний 2.3 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүү нь хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд хоног тутамд ногдох хүүгийн 0.1 хувьтай тэнцэнэ гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү 3 706 000 төгрөг нэхэмжилж байгаа болохоо нэхэмжлэгч тал тайлбарласан.

            Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүг зөвхөн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс байгуулж буй гэрээнд тооцдог бөгөөд нэхэмжлэгч нь дээрх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй байх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж үзэв.

            Нийт өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагчаас үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 900 000 төгрөг, нотариатын зардал 8 000 төгрөг, нийт 10 908 000   төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэмэгдүүлсэн хүү 3 706 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

            Хариуцагч М.Б нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Бгаас 10 908 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хэрлэн сумын Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3 706 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаад хариуцагчаас 189 478 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсөвт оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                            Т.БАДРАХ