| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2023/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-04-02 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр
Нарийн бичгийн дарга Т.Буянхишиг
Хохирогчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Шүүгдэгч Ц.Т******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Ц.Т*******ад холбогдох эрүүгийн 2331000000173 дугаартай 175/2023/0163/Э индекстэй хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1*** оны 0** дугаар сарын **-ний өдөр Ө******* аймгийн Д******* суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, гэмт хэрэг үйлдэх үедээ “Б***” ХХК-д ахлах тогооч ажилтай байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт У******* хот, Б******* дүүрэг, 8 дугаар хороо, Г******* р******* 7** дугаар байрны 1** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б Ц******* ургийн овогт Ц*******-Өвгөний Т*******, РД: //
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим С*** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах “Б***” ХХК-ий гал тогооны байранд угаагч ажилтай Х.Ц “Эртхэн орж ирж хоол хийхэд тусалсангүй” гэж уурлан харилцан маргалдаж байх явцдаа нүүрэн тус газарт нь төмөр хавчаар шидэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т******* мэдүүлэхдээ: ...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд хохирогч Х.Ц 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би ээлжийн дагуу өглөө 07-14 цагийн хооронд ажил дээрээ ажилтай байсан. Ингээд 15 цагийн орчимд амралтын цагаараа ажлын газрын доод талд байдаг "Г**"- руу ажил хөөцөлдөхөөр очоод жаахан удаад 17 цаг өнгөрөөд ажил дээрээ очиход манай ажлын газрын О**, Т**, Э**, Ж** гэх хүмүүс нэг шил архи гаргацан уугаад сууж байсан. Намайг ороход надад тухайн архинаас хийж өгөхөөр нь би гурван удаа уусан. Ингээд би орой ажилтай учраас амралтын өрөөндөө орж амарч байгаад орой 22 цагт ажилдаа ороход гал тогооны өрөөнд ахлах тогооч Т******* хуушуур хайраад, тогооч Ш, Б нар нь хуушуур элдээд байж байсан. Би гал тогоо руу ороод нэг аяга цай уугаад 5 орчим минут болж байхад ахлах тогооч Т******* нь надад хандаж ахын дүү хэлэх ярих юм байвал хэлээрэй гэхээр нь та одоо юу яриад байгаа юм бэ, ууж идсэн юм бол эрүүлдээ хэлээрэй, уусан юм аа зөв шингээгээрэй гэсэн чинь миний урдаас “та нар их том болжээ, дуугай бай, давраад байгаарай, бацаанууд урдаас юм ярьдаг болчиж” гэж хэлээд хуушуурын хавчаар төмрийг над руу шидчихсэн. Тухайн шидсэн хавчаар нь миний нүүр рүү оноход манас хийгээд, нүүрнээс цус гоожоод эхэлсэн. Тэгсэн чинь ахлах тогооч Т******* ирээд намайг түлхээд унагаасан. Ингээд миний нүүрнээс цус гарахад манай ажилчид намайг миний амралтын өрөө рүү оруулсан..." гэх мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч О.Э 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... Орой 22 цагийн үед амарч байхад Ш гэх хүн амралтын байранд орж ирээд сэрээгээд ахлах барьж байсан юм аа шидээд Ц нүүрийг оночихлоо, нүүрийг нь гэмтээчихлээ гэж хэлсэн. Ингээд доошоо гал тогоо руу буухад Ц газарт хоёр хөлөө жийгээд сууцан уйлаад байж байсан. Тухайн үед нүүрний баруун талаас нь цус гарсан гараараа дарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч Ш.О 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн: "... Би энэ талаар мэдэхгүй байна. Орой 22 цагийн орчимд амарч байхад манайхны нэг нь хаалга тогшоод нөгөө Түвшөө чинь юм авч шидээд Ц оночихлоо, болохоо байлаа манайхаан доошоо буугаарай гээд доошоо буусан чинь Ц шалан дээр сууцан уйлаад, нүүрнээс нь цус гараад сууж байсан. Харин Т******* тогооны хажууд зогсож байгаа харагдсан. Тухайн үед би сандраад өрөөнөөсөө орж утсаа аваад эмчийн дугаарыг хайсан. Ингээд хайгаад олж чадахгүй удаад төв деспичер рүү залгаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд удалгүй эмч болон хүний нөөц бусад хүмүүс ирсэн. Улмаар эмнэлэгт очиж нүүрэндээ косметик оёдол тавиулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч М.Шийн 2023 оны 07 дугаар сарын 25-нд өгсөн: "... Т******* нь Ц хандаж “эрт орж ирээд хуушуур хийлцэхгүй, эд нартаа туслахгүй” гэж хэлэхэд Ц “миний орж ирэх цаг 22 цаг, хийдэг юм аа хийгээд цагтаа орж ирж байна аа” гэсэн. Тухайн үед би хоол халаадаг сав авахаар хойд өрөө рүү орсон болохоор яг юу гэж хоорондоо ярьсан гэдгийг мэдэхгүй байна. Намайг эргээд орж ирэхэд Т******* руу Ц “та яагаад над руу дайраад байгаа юм бэ” гэж байсан. Гэтэл Т******* Ц руу хуушуур хайрч байсан хавчаараа аваад шидчихсэн. Тэгээд Т******* Ц руу очоод цохисон уу, түлхсэн үү сайн мэдэхгүй байна, Ц хойшоогоо унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1065 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. Х.Ц биед баруун хоншоорын хөндийн өмнөд хананд хамар, ясны баруун хажуу ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн, зүүн хажуу хананд сэлтэрсэн хугарал, баруун зовхинд шарх, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн шуу, баруун нүдний алманд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хоёр зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 163-177 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 614 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: Х Ц сэтгэцэд 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт,/ хх-н 56 дуугаар хуудас /
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-03 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай20 тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд эрүүгийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар хуудас/
Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх-ийн 96-97, 178 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Т******* нь согтуугаар 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчим С*** аймгийн Е*** сумын нутаг дэвсгэрт байрлах “Б****” ХХК-ий гал тогооны байранд угаагч ажилтай Х.Ц “Эртхэн орж ирж хоол хийхэд тусалсангүй” гэж уурлан харилцан маргалдаж байх явцдаа нүүрэн тус газарт нь төмөр хавчаар шидэж, улмаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
Өмнөх болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ц.Т*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж өгсөн мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд хохирогч Х.Ц өгсөн мэдүүлэг, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч О.Э 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч Ш.О 2023 оны 07 дугаар сарын 05-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажилл*******ы шатанд гэрч М.Шийн 2023 оны 07 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1065 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: 1. Х.Ц биед баруун хоншоорын хөндийн өмнөд хананд хамар, ясны баруун хажуу ханыг хамарсан нийлмэл цөмөрсөн хугарал, хамар ясны баруун хажуу хананд цөмөрсөн, зүүн хажуу хананд сэлтэрсэн хугарал, баруун зовхинд шарх, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн шуу, баруун нүдний алманд цус хуралт, баруун хацарт зулгаралт, хоёр зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 163-177 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 614 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн: Х Ц сэтгэцэд 2023 оны 07 дугаар сарын 04-ний орой үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт,/ хх-н 56 дугаар хуудас / зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Т******* үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ц.Т*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ц.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Т******* нь гэм буруугийн хувьд улсын яллагчтай маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Ц.Т******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.
Хохирогч Х.Ц мөрдөн шалгах ажилл*******д болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Т*******аас “С***к” ХХК эмнэлэгт сорви арилгах бүрэн эмчилгээ хийлгэх 3,259,000 төгрөг, мөн “Төгс ялгуун” эмнэлэгт 380,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх, зодуулсны улмаас хийлгэсэн эмчилгээний зардал 1,093.000 төгрөг, замын зардал 244.500 төгрөг, хүнээс зээлсэн 2,000.000 төгрөг, бүгд 6,976.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Т*******аас эмчилгээний зардал “С***” ХХК эмнэлэгт сорви арилгах бүрэн эмчилгээ хийлгэх 3,259,000 төгрөг, мөн “Төгс ялгуун” эмнэлэгт 380,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэх, зодуулсны улмаас хийлгэсэн эмчилгээний зардал 1,093.000 төгрөг, замын зардал 244.500 төгрөг, бүгд 4,976.500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Ц олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин хохирогч Х.Ц бусдаас зээлсэн гэх 2,000.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдвэл зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлд хамруулж тогтоосон ба шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг тооцож гаргахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын” заасны дагуу уг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 /таван сая таван зуун/ төгрөгийг шүүгдэгч Ц.Т*******аас гаргуулж хохирогч Х.Ц олгох нь зүйтэй гэж шийдэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Ц.Т******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Т*******ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүх шүүгдэгч Ц.Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Т*******ад оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Ц.Т******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т******* нь 2025 оны 02 дугаар сарын 20-ноос цагдан хоригдсон 41 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцоход 41х8=328 цагийг хасаж, 700- 328 =372 цагийн нийтэд тустай ялыг эдлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Ц.Т*******ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Ц******* ургийн овогт Ц*******-Өвгөний Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б Ц******* ургийн овогт Ц*******-Өвгөний Т*******ыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Т*******ад оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяалах газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Т*******ад нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Т*******ын цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан хасаж тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Ц.Т*******аас эмчилгээний зардалд 4,976.500 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 5.500.000 төгрөг бүгд 10.476.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ц олгосугай.
7.Хохирогч Х.Ц нэхэмжлэлээс 2,000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, цаашид эмчлэгдэх зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Ц.Т*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т*******ад өмнө авсан цагдан хорьсон таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ