Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч Д.Оюунбилэг

Шүүгдэгч М.М- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн М.М-д холбогдох эрүүгийн 201722000235 тоот хэргийг 2017 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М.М-,

Шүүгдэгч М.М- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд сургууль орох замдаа М.М-ын нохойд хазуулж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч М.М- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн М.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд сургууль орох замдаа М.М-ын нохойд баруун гарын тохой, зүүн сарвуунд хазуулж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Хохирогч М.С-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өглөө гэрээсээ сургуульдаа очих гээд 07 цагийн орчимд хойшоо гарч микронд суух гээд явж байтал 5-22-07 тоот хашаанаас нохой гарч ирээд шууд над руу дайрсан юм. Тэгээд би хашгираад газарт уначихсан чинь миний тохой гар орчмоос хазаад буцаад хашааруугаа гүйгээд орчихсон юм. Тэгээд би босоод гэртээ харьж гараа цэвэрлээд найз руу яриад манай найз Заяа гэх охин бид 2 хазуулсан айлдаа эргэж очиж уулзсан юм гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Хөвсөл аймгийн шүүхийн шинжилгээний албан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 271 дугаартай

  • М.С-ын биед гэмтэл тогтоогдлоо.
  • М.С-ын биед баруун гарын тохой, зүүн гарын сарвуунд хазагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
  • Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
  • Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байна.
  • Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ыг 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/

Шүүгдэгч М.М-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: Би 2017 оны 4 дүгээр сарын 16-ны орой 00 цагийн орчимд ажлаасаа буугаад ирэхэд манай нохой хүзүүвч нь тасраад тавигдчихсан байсан юм. Тэгээд орой юм чинь яахав өглөө босоод уячихна гээд орхичихсон байсан  юм. Тэгээд унтаж байтал хүүхэд хашгираад явчихаар нь манай нохой бамбар хүн хазчихсан юм боловуу гэж бодоод гараад хартал хүн байхгүй байсан тэгээд нохой хашаандаа ороод ирчихсэн байсан юм. Тэгээд нохойг барьж уячихаад гэртээ байж байтал 10 цагийн орчимд нэг ангийнхаа хүүхэдтэй бололтой охин ирээд танай нохой намайг хазчихлаа гээд гараа үзүүлж байсан юм. Тэгээд харахад гаран дээрээс нь арьсыг нь шалбалчихсан харагдаж байсан тэгээд тохой орчимд хазсан гэж байсан тэрийг нь бол үзээгүй тэгээд халдварт дээр очоод үзүүлчих вакцин хийх байх тэгээд над руу залгаарай эмч нар нь юу гэхнүү гээд явуулсан юм тэгээд хэсэг байж байгаад танидаг сувилагч руугаа яриад боолт хийлгүүлж өгсөн юм. Тэгсэн тэр охин намайг та нохойныхоо үсийг аваад өг гэхээр нь би  энэ нохой чинь гадаа байдаг нохой ямар ч өвчтэй байх юм билээ хэрэггүй байх эгчийн дүү харин вакцинаа хийлгүүл л гэж хэлсэн юм. Тэгээд нөгөө охин та надад мөнгө өг гэж хэлсэн тэгэхээр нь би эгч нь тэр болгон хүний нэхсэний зоргоор мөнгө өгч чадахгүй одоохондоо мөнгө байхгүй байна гээд байсан 5.000 төгрөгөө өгсөн тэгээд тэрнээс хойш яриагүй юм гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-т зааснаар орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн гэмтээсэн гэмт  хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч М.М- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн 201722000235 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд, зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М.М-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар М.М-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн 201722000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.АРИУНЖАРГАЛ