Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 115/2022/0025/З |
Дугаар | 115/ШШ2022/0045 |
Огноо | 2022-11-14 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 115/ШШ2022/0045
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: А,
Хариуцагч: Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг дарга нарын хоорондын захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, гаргахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, түүний өмгөөлөгч А, хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Э, хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХХК нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад холбогдуулан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь байдлаар өөрчилж /хавтаст хэргийн 2 дугаар боть, 155-158-р хуудас (цаашид хх-2, 155-158-р хуудас" гэж товчлох)/
1. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг даалгах,
2. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахыг даалгуулах-аар маргаж байна.
Хэргийн нөхцөл байдлын талаар:
3. Нэхэмжлэгч С ХХК-д Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хүрэн толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-01...дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ.
4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Хүрэн толгой хайлуур жоншны ордод 2020-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайланг хэлэлцэн №ХХ-15-07 дүгнэлтийг гаргасан, улмаар дээрх дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нөөцөд хүлээн авч, бүртгэх тухай Н-04 дугаар тушаалаар С ХХК-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй Хүрэн толгой хайлуур жоншны ордод 2020-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайлан дахь хайлуур жоншны нөөцийг хүлээн авч, ашиг малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн байна.
5. Нэхэмжлэгч С ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаар албан бичгээр гаргасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх дэмжсэн саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уламжлуулах тухай хүсэлтийг хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргаас татгалзаж, С ХХК-д байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхээс татгалзсан тухай 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаар албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад гэж хаяглан хүргүүлжээ.
6. Мөн С ХХК-ийн 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг бүрэн биелүүлж ажилласан талаарх тодорхойлолтыг Ашигт малтмал газрын тосны газарт уламжлуулах-ыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны 11, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 25 дугаар албан бичигт хариуцагч сумын Засаг даргаас тус тус хариу өгөөгүй буюу хүсэлтийг нь шийдвэрлээгүй байна.
7. Нэхэмжлэгчээс байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэхээс татгалзсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ
7.1. Манай компани нь 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар 2020 оны 06 дугаар сарын 25-нд батлуулж, хайгуулын ажлыг төлөвлөгөөний дагуу хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн улмаар Эм Эн Эн Си ХХК-тай байгуулсан гэрээ ёсоор хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн үр дүнгийн тайланг боловсруулан ба, уг тайланг Монгол Улсын Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн дүгнэлтийг үндэслэн Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Н-04 дүгээр тушаалаар уг хайгуулын үр дүнгийн тайлан дахь хайлуур жоншны ашигт малтмалыг Монгол улсын нөөцөд бүртгэн авсан.
7.2. Дээрх байдлаар ашигт малтмалыг улсын нөөцөд хүлээн авснаар С ХХК нь хайгуулын лицензээ ашигт малтмалын газарт хураалгаж, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрхтэй болж, өргөдлийн бүрдүүлбэрээ хийсэн. Өргөдлийн бүрдэлд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.7-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн баримтыг хавсаргахаар заасан ба уг үнэлгээг хийлгэхэд хариуцагч сумын Засаг даргаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг дэмжсэн санал-ыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх шаардлагатай. Бид тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл хариуцагч Засаг даргаас Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг буруу тайлбарлан, үндэслэлгүйгээр татгалзсан албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад гэж хаяглан хүргүүлснээр нэхэмжлэгчид Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар;
8. Нэхэмжлэгчээс С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ
8.1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг хавсаргах шаардлагатай ба манай компаниас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар албан бичгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлсэн ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан, нөхөн сэргээлтийн ажлын мэдээ-г хариуцагчид хүргүүлсэн байхад, манай компанийн хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар буюу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаар албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт уламжлахыг хүссэн 2022 оны 02 дугаар сарын 15-ны 11, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаар албан бичгүүдэд өнөөг хүртэл хариу өгөөгүй, улмаар 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 25 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй буюу хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт болох албан бичгийг Ашигт малтмал газрын тосны газарт явуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус, нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар тус тус тайлбарлан маргаж байна.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн албан тоотыг Байгаль орчны яам руу явуулаагүй гэж тооцож эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 01/132 дугаартай үнэлгээ хийлгэхээс татгалзсан албан бичгийг явуулсан нь тодорхой болж улмаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлага нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т сумын Засаг даргын дэмжсэн саналыг авч байж үнэлгээний явцыг шинжээч томилж эхлүүлэх ёстой. Иймд хариуцагчийн үнэлгээ хийлгэхээс татгалзсан 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн ХV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг дэмжсэн албан бичгийг Байгаль орчин аялал жуулчлалын яам руу явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хоёрдугаарт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг дарга С ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай албан тоотыг Ашигт малтмал газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, уг албан тоотыг явуулахыг хариуцагчид даалгах шаардлагыг гаргасан. Энэ шаардлагын хууль зүйн үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг тухайн хайгуулын менежментийн төлөвлөгөөг баталж, хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад Засаг дарга албан тоот явуулах ёстой. Ийм учраас энэ хууль зүйн нөхцөлийн хүрээнд энэ шаардлагыг тавьсан.
Тухайн компанийн гаргасан зардлын тухайд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ашигт малтмалын ХV-01...дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр С ХХК-д олгож, С ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувиар уг талбайд жил бүр хайгуулын ажиллагааны төлөвлөгөөний дагуу хайгуул хийж тайлангаа тухай бүрд өгч, хайгуулын лицензийн төлбөрт нийт 203,000,000 төгрөг, хайгуулын ажилд 800,000,000 төгрөг нийтдээ 1,000,000,000 гаруй төгрөгийн зардал гаргасан байна. 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөөг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 06 дугаар сарын 25-нд батлуулсны дагуу аймаг, сум орон нутгийн байгууллага болон тухайн сумаас байгаль хамгаалах төлөвлөгөөг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Дорноговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ус ашиглах дүгнэлтийн дагуу сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/90 тоот зөвшөөрөл олгох тухай захирамжийн дагуу ус ашиглах зөвшөөрөл авч, ус ашиглах гэрээ байгуулж хайгуулын ажлыг MNC гэдэг байгууллагатай хамтран албан ёсоор хайгуулын ажлыг хийсэн.
Хайгуулын ажлыг хийж дуусгаад тайланг холбогдох газруудад хүргүүлж, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн үндэсний геологийн албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Н04 тушаалаар уг хайгуулын тусгай зөвшөөрлийн ашигт малтмалын талбайг Монгол Улсын нөөцөд хүлээн авсан. Ингэснээр хайгуулын лицензээ ашигт малтмалын газарт хураалгаж, мөн хайгуулын лицензтэй байсан компани ашиглалтын лиценз авах зөвшөөрлийн бүрдүүлбэрээ хийсэн. 2022 ондоо хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө Ашигт малтмалын тухай хуулийн дагуу бүрдүүлж ажиллах шаардлагагүй байдаг.
Хариуцагч захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэртээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх заалтыг үндэслэсэн. Тэр нь ямар нэгэн байдлаар С ХХК-д үүрэг үүсгэх гэсэн хууль зүйн зохицуулалт биш. Гэтэл ганц үндэслэл болгоод байгаа зүйл нь ард иргэдийн өргөдөл, гомдол, саналын дагуу гээд байгаа. Ард иргэд гомдол санал гаргасны дагуу тухайн хайгуулын ажил ямар нэгэн үйл ажиллагааг явуулж болохгүй гэдэг хуулийн зохицуулалт байхгүй.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүрэг гэж байгаа. Энэ үүргийнхээ дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн. Хамгийн чухал зүйл нь бид хайгуулынхаа ажлаа хариуцагчийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн албан тоот гарахаас өмнө буюу 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 35 тоот албан бичгээр хайгуулын ажлын тайлан болон байгаль орчны үнэлгээний тайлангаа давхар хүргүүлсэн байгаа. Анх хайгуулын ажлын тайлан болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг ирүүлээгүй учраас татгалзсан гэдэг хариу тайлбарыг хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн. Гэтэл дараагийнхаа нотлох баримт хүргүүлэх тайлбартаа хайгуулын ажлын тайлан ирсэн юм байна. Гэхдээ албан бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, орхигдон боловч эх хувиараа 33 хуудас материал байна гээд ирүүлсэн байгаа.
С ХХК хуулийн дагуу хайгуулын ажлын болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 2021 оны 07 дугаар сарын 20-ны дотор батлуулж, 28-ны өдөр аймгийн байгаль орчны газраас ус ашиглах зөвшөөрөл авсны дагуу бүх үйл ажиллагааг журмын дагуу явуулсан. Мөн С ХХК-ийн хайгуулын ажлын байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч газар дээр нь очин танилцаж, тайлангийн дагуу ажлаа хийсэн байна гэсэн илтгэх хуудас хүргүүлсэн. Тиймээс хуульд заасан бүхий л хийх ёстой хүлээсэн үүргээ биелүүлсэн.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам гэж байгаа. 25.1.7-д заасан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3-т заасан дэмжсэн саналыг авч байж үнэлгээгээ хийлгэнэ. Үнэлгээ хийлгээд гарсны дараа Ашигт малтмалын тухай хуулийн 25.1-т заасан ашигт малтмал тусгай зөвшөөрөл авах шаардагдах бүрдүүлэх материалыг бүрэн хангаж дууссанаар нөөцөд авсан талбайдаа ашиглалтын лиценз авах нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлэх юм бол ашиглалтын лиценз авах материалаа бүрдүүлж өгөх гээд байхад ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авах эрхийг зөрчсөн гэсэн үг гэв.
Хамгийн чухал зүйл нь сумын байгаль орчны байцаагчийн зүгээс тухайн төлөвлөгөөг хэрэгжүүлж ажиллаагүй, байгаль орчинд ийм хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн, хогоо хаяад цэвэрлээгүй гэх алдаа дутагдалтай гэсэн юм байхгүй. Дээрээс нь цооногийн нөхөн сэргээлтийн ажиллагааг зохих ном журмынх нь дагуу биелүүлж ажилласан байна гэдгийг аймгийн мэргэжлийн хяналтын газраас дүгнэсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4 дэх заалтаар шинжээчийн дүгнэлт гараад дараа нь ерөнхий шинжээч томилогдоод шинжээчийн дүгнэлт гараад энэ дүгнэлтээр байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийгдэж дуусаад батлагддаг. Тийм учраас наад талын шаардлагаа хуулийн 7.3-т заасан нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэх нөхцөл байдал нь бүрдээгүй байхад шинжээчийн дүгнэлт гараагүй гэдэг тайлбарыг хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Энэ нь дарааллын хувьд гарах боломжгүй. 8.8-д заасны дагуу сум орон нутаг хяналт тавих эрхтэй. Хяналтаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тайланд заасны дагуу ажлаа хийж байна уу, эсхүл ус ашиглах зөвшөөрлөөс илүү ус ашигласан уу гэдэгтэй холбоотой ямар нэгэн зөрчил гараагүй. Зөрчил гаргасан тухай гомдол санамж, шүүмж байгаагүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.14-т нөөцөд авсан талбай гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг хэлнэ гэж байгаа. Тийм учраас ямар нэгэн хайгуулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө зэрэг хийгддэггүй. Сумын зүгээс нөөцөд авснаа мэдэгдээгүй, мөн 2022 оны байгаль орчны төлөвлөгөө ирүүлээгүй гэж шаардаж байгаа нь Ашигт малтмалын тухай хууль зөрчиж байна гэж үзэж байна.
Хайгуулын лиценз жил жилээр сунгагдаад тайлан төлөвлөгөөгөө хийж явсаар байгаад 12 жил болоход нөөцөд авч чадахгүй бол энэ лиценз бүхэлдээ цуцлагддаг. 2020 он 12 дахь жил нь байсан. 12 дахь жил дээрээ хайгуулын ажил хийгдээд ирсэн боловч ковидын улмаас бүх үйл ажиллагаа зогссон. Үүнийгээ нотлоод худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэсэн сертификат аваад үүний дагуу шүүхэд хандсаны үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуульд заасан 12 жилийн хугацаа өнгөрсөн ч гэсэн манайд нэмж 6 сарын хугацаа тогтоож өгсөн. Энэ хугацаанд хайгуулын ажлаа хийгээд албан ёсоор тайлангаа хүлээлгэж өгсөн. Гэтэл 12 дахь жил нь дуусаад шүүхээс 6 сарын хугацаа тогтоож байх хооронд сум тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд аваад кадастрын системийн санд бүртгүүлсэн. Бид нар шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлж байсан болохоор манай лицензийг нэг удаа мэдээллийн сангаас устгаад тэгээд шүүхийн шийдвэрийн дагуу буцааж шивж байсан. Хугацаа дууссан лицензээ ашигт малтмалын газарт хураалгасан ч гэсэн бид нар нөөцөд авчихсан учраас энэ талбай дээрээ ашиглалтын лиценз авахад давуу эрхтэй. Хариуцагч нь С ХХК нь өргөдлөөр ашиглалтын лиценз авахад хууль бусаар саад учруулж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хамгийн чухал зүйл нь багийн иргэд нь өөрсдөө очоод нөхөн сэргээлтийн ажлыг хүлээж аваад, зургаар баталгаажсан. Байгаль орчинд хохиролтой, хууль бус үйл ажиллагаа явагдсан гэх гомдол санал байхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэв.
10. Хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй холбогдох хариу албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3 дахь заалтыг үндэслэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай албан бичгээр хүргүүлсэн.
С ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.5 дахь заалтыг ...байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн 2022 оны байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох саналыг хүргүүлэх боломжгүй болно /хх-1, 51-р хуудас/
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг зөрчсөн байгаа тул тус хуулийн 7.3 дахь заалтыг хүрээнд татгалзсан хариу өгсөн болно.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын Үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг зөрчин байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг үнэлгээний шинжээчээр гаргуулаагүй байгаа нь тогтоогдсон тул татгалзсан хариуг хүргүүлсэн байна.
Мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь заалтад бүх шатны Засаг дарга нөлөөллийн үнэлгээнд хяналт тавина гэж заасан болно /хх-3, 3-р хуудас/ гэжээ.
11. Мөн хариуцагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчээс 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгохыг шаардсан байна. Ашигт малтмалын тухай хуульд дэмжсэн бичиг гэж байгаа боловч тухайн хуулиараа Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу дэмжсэн бичиг гэсэн агуулга байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтаар газрын төлөв байдлын талаар тухайн шатны Засаг даргаас тодорхойлолт авна гэсэн байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д тухайн шатны Засаг даргын эрхийг зааж өгсөн. Тэгэхээр татгалзаж байгаагийн үндэслэл нь 7.4 дэх заалт буюу төсөл хэрэгжүүлэгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага нь нөлөөллийн үнэлгээ хийлгэхэд шинжээчийн дүгнэлт гаргана гэсэн заалт байгаа. Тэр 7.4 нь дотроо 3 дэд заалттай, аль ч заалт нь үндсэндээ 7.4 дэх заалтдаа хамаарсан байгаа. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.4 дэх заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг үзэж хармаар байна. Тэр дүгнэлтийг үндэслэж байгаа бол бид бүхэн газрын өнөөгийн төлөв байдлын тодорхойлолтыг нь гаргаж, нөгөөтэйгүүр тэр шинжээчийн дүгнэлтийн дагуу зөв явагдаж уу, үгүй юу гэдгийг ард түмнийхээ өмнө танилцуулах шаардлага байгаа учраас шинжээчийн дүгнэлт дээр Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7.3, 7.4 дэх заалтыг үндэслэсэн эрх зүйн акт зөв гэж үзэж байна.
Буруу ч байсан зөв ч байсан тухайн Засаг даргаас дэмжсэн бичиг гаргах гэсэн утга санаа бишээ, ийм байх боломжгүй. Үүнийг нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиараа тухайн шатны Засаг дарга, байгаль орчны мэргэжилтэн, улсын байцаагч гэж хүмүүс хяналт тавих эрх нь үүсэж байгаа.
Эрдэс баялгийн газарт нөөц бүртгэгдээгүй тохиолдолд манайд энэ төлөвлөгөөг ирүүлэх л ёстой. Эрдэс баялгийн газраас 2021 оны төлөвлөгөөг үндэслээд нөөцлүүлэх байсан. Энэ талаараа манайд хүргүүлсэн мэдээлэл байхгүй. Хайгуулын ажил хэчнээн ч жил үргэлжилж болно. Тэгэхээр энэ талаараа манай Засаг даргын тамгын газарт мэдэгдсэн зүйл байхгүй учраас бид нар дараагийн шатны шаардах ёстой төлөвлөгөөгөө шаардсан. Хүргүүлсэн төлөвлөгөө нь 2021 оных байгаа, 2022 оны төлөвлөгөөг ирүүлээгүй. Тэгэхээр 2021 оныхыг батлаагүй ирүүлчихсэн байж байгаад өнгөрсөн жил батлаад баталгаажчихсан байгаа. Ингээд 2021 он нь дууссан гэж ойлгож байгаа. Эрдэс баялгийн зөвлөл энэ төлөвлөгөөг үндэслээд бүртгэж байгаа. Тэгэхээр үндэсний геологийн албаны даргын тушаалаар албан ёсоор Монгол Улсын нөөцөд бүртгэгдсэн гэсэн шийдвэр манай Хөвсгөл сумын Засаг даргын тамгын газарт ирээгүй байгаа учраас миний хайгуулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө шаардах нь зүй ёсны хэрэг юм.
Ус ашиглах захирамжийн 1 дүгээрт хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Хүрэн толгой нэртэй талбайд хайгуулын өрөмдлөгөд ашиглах усыг гэж байгаа. Тэгэхээр хайгуулын нөхцөлөөр үйл ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн үг.
Энэ оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан тоотод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар үр дүнгийн тайланг дэмжсэн гэсэн болохоос албан ёсоор Монгол Улсын нөөцөд бүртгэгдсэн гэсэн үг биш. Энэ зүгээр л дэмжсэн гэсэн баримт юм.
Засаг дарга иргэдийг, ард түмнийг төлөөлж хугацаатай томилогддог. Энэ хугацаанд хууль дүрэм журмыг дэс дарааллынх нь дагуу хэрэгжүүлэх ёстой. Энэ 12 жилийн хугацаанд лицензээ аваад дуусан дуустлаа энэ нөхцөлөөр хайгуул хийсэн, хийгээгүй гэдэг иргэдийн асуудлууд байгаа. Өнгөрсөн намар сумын иргэдийн гарын үсгийг цуглуулаад тусгай хамгаалалтад авсан газрыг шүүхээр сэргээчихлээ гэдэг байдлаар Батмөнх, Ойдов гэж хоёр хүн төлөөлөөд гарын үсэг цуглуулаад, хөөцөлдөөд явж байгаа. Түүнээс биш хоёр л хүний гаргасан гомдлоор татгалзаад байгаа зүйл байхгүй. Нийт сумын 1527 иргэд гарын үсгээ зураад эсэргүүцээд явж байсан. Иргэдийн эсэргүүцэл нэгдүгээрт байх нь байгаа. Би өнгөрсөн жилийн асуудлыг мэдэхгүй, түүнийг мэдэхгүй гэж хэлээд зогсож болохгүй. Тэгэхээр хуулийн гарц гаргалгаа нь ямар байна гэдэг дээр өөрийн байр сууриа хэлээд зогсож байгаа. Засаг дарга Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зэргийг хэрэгжүүлж хяналт тавихаар хуульд зохицуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй байна гэж үзлээ.
12. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс татгалзсан албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн тухай албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар
12.1. Нэхэмжлэгчээс дээрх шаардлагын үндэслэлээ ...хайгуулын үр дүнгээр тогтоогдсон ашигт малтмалыг улсын нөөцөд хүлээн авснаар С ХХК нь хайгуулын лицензээ ашигт малтмалын газарт хураалгаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авах эрхээ хэрэгжүүлсэн ба ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүрдэлд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хавсаргах шаардлагатай, үүний тулд хариуцагч сумын Засаг даргаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг дэмжсэн санал-ыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлснээр байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх нөхцөл бүрдэнэ. Гэтэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж хайгуулын ажлыг дуусган, 2021 онд хийсэн байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ, 2021 онд хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг хариуцагчид хүргүүлсээр байхад нөлөөллийн үнэлгээ хийлгэхээс татгалзаж байгаа нь хууль бус, хариуцагч Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж, үндэслэлгүйгээр татгалзсан албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад хүргүүлж, нэхэмжлэгчийн ашиглалтын зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхийг зөрчсөн гэх агуулгаар;
12.2. Харин хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор шүүхэд 2 удаа бичгээр тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эцсийн байдлаар ...Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8 дахь хэсэгт заасан нөлөөллийн үнэлгээнд хяналт тавих үүргээ хэрэгжүүлж ажилласан, нэхэмжлэгч нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасныг зөрчин байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг шинжээчээр гаргуулаагүй, шинжээчийн дүгнэлт гарсны дараа 7.3-т заасан саналыг өгөх үндэслэлтэй, гэх агуулгаар татгалзлаа тайлбарлан маргаж байна.
13. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараахь нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
13.1. Нэхэмжлэгч С ХХК нь 2009-2020 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хүрэн толгой гэх газарт ХV-01...тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг жил бүр баталгаажуулж, ээлжит жилийн төлбөрүүдийг төлж байсан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 8/4276 дугаар албан бичиг, ээлжит жилийн төлбөр төлсөн болон зардлын доод хэмжээг баталгаажуулсан зардлын нэгтгэл зэрэг хавсралт баримтуудаар /хх-1, 90-92-р хуудас/;
13.2. Нэхэмжлэгчийн 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тус тус 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянаж баталсан болох нь Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Хүрэн толгой талбайд 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө-гөөр /хх-1, 57-71-р хуудас/;
13.3. Хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргаас С ХХК-ийн XV-01...хайгуулын тусгай зөвшөөрөлтэй Хүрэн толгой нэртэй талбайд хайгуул өрөмдлөгт ашиглах усны зөвшөөрлийг олгосон болох нь сумын Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/90 дугаар захирамж, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №01 дугаартай Ус ашиглах гэрээ-гээр /хх-1, 87-89-р хуудас/;
13.4. Нэхэмжлэгчээс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Хүрэн толгой талбайд 2021 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө-ний дагуу хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн, улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Хүрэн толгой хайлуур жоншны ордод 2020-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайланг хэлэлцэн № ХХ-15-07 дүгнэлтийг /хх-1, 9-14-р хуудас/ гаргасан, дээрх дүгнэлтийг үндэслэн С ХХК-ийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй Хүрэн толгой хайлуур жоншны ордод 2020-2021 онд гүйцэтгэсэн хайгуулын үр дүнгийн тайлан дахь хайлуур жоншны нөөцийг хүлээн авч, ашиг малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэсэн болох нь Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Нөөцөд хүлээн авч, бүртгэх тухай Н-04 дугаар тушаалаар /хх-1, 8-р хуудас/ тус тус тогтоогдож байна.
13.5. Дээрх байдлаар хайгуулын ажлыг хийж гүйцэтгэн, ашигт малтмалын ордыг улсын нөөцөд хүлээлгэн өгснөөр нэхэмжлэгч С ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Хүрэн толгойн XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргах онцгой эрх үүсжээ.
13.6. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж заасан ба нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дээрх бүрдлийг хангуулахаар 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ...байгаль орчны үнэлгээг хийлгэх шаардлагатай байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд уг үнэлгээ хийлгэхийг дэмжиж уламжилж өгөхийг хүссэн №01 дүгээр албан бичгийг /хх-3, 5-р хуудас/ хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргад хүргүүлсэн байх ба хариуцагчаас маргаан бүхий 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаар албан бичгийг /хх-1, 52-р хуудас/ гарган Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад хаяглан хүргүүлсэн байна.
14. Хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2022 оны 01/132 дугаар актын үндэслэлд С ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн талаарх мэдээллийг хүргүүлэхийн зэрэгцээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх заалтыг үндэслэн 014660 тоот Хүрэн толгой нэртэй тусгай зөвшөөрлийн төслийг хэрэгжүүлэхийг ард иргэдийн өргөдөл, гомдол саналын дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс татгалзаж байгаа болно гэжээ.
15. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбайн гектар тутамд дараахь хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг жил бүр хийж гүйцэтгэнэ:, 33.2-т Хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геологи хайгуулын ажлын жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэнцэлд тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулна гэж тус тус заасан ба нэхэмжлэгч С ХХК нь 2009-2020 онд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг Хүрэн толгой гэх газарт ХV-01...тоот тусгай зөвшөөрлийн хайгуулын ажлын зардлын доод хэмжээг жил бүр баталгаажуулж, ээлжит жилийн төлбөрүүдийг төлж байсан болох нь өмнө 13.1 дэх хэсэгт дүгнэснээр тогтоогдсон, иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 31, 33 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн буюу хайгуулын ажилд зарцуулсан зардлын хэмжээг баталгаажуулаагүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
16. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийг шинжээчээр гаргуулаагүй, шинжээчийн дүгнэлт гарсны дараа сумын Засаг даргаас 7.3-т заасан саналыг өгнө гэх үндэслэлийн тухайд
16.1. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана, 25.1.7-д байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэж,
16.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ, 7.1.1-д байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, 7.1.2-д байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гэж, 7.2 дахь хэсэгт Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэж, 7.3-д ... тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ, 7.4 Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана гэж тус тус заажээ.
16.3. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ-г ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахаас өмнө хийлгэхээр байх ба, ингэхдээ тухайн сумын Засаг даргаас байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд хүргүүлсэн үнэлгээ хийлгэх тухай санал-д үндэслэн хийлгэсэн байхаар;
харин хуулийн[1][1] 7 дугаар зүйлийн 7.4-т заасан үнэлгээний шинжээчээр хийлгэх нөлөөллийн үнэлгээг нэхэмжлэгчийн тухайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсны дараа буюу байгалийн нөөцийг ашиглах төсөл хэрэгжүүлэх эрхтэй болсны дараагаар хийлгэсэн байхыг ойлгохоор байна.
16.4. Гэтэл хариуцагч сумын Засаг дарга нь хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ-г хийлгэхээс татгалзсан албан бичгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, улмаар татгалзсан шалтгаанаа хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасны дагуу нөлөөллийн үнэлгээг үнэлгээний шинжээчээр хийлгээгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй нөхцөлд 7 дугаар зүйлийн 7.4-т заасан шинжээчийн үнэлгээ-г хийлгэх үүрэг нэхэмжлэгчид үүсэхгүй тул хариуцагчийн татгалзал хууль бус болно.
16.5. Хариуцагчийн дээрх хууль бус татгалзлын улмаас нэхэмжлэгч нь хуулийн 7.3-т заасан үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний харьяа байгууллагаар хийлгэх боломжгүй болж, түүний ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдэл нь хангагдаагүй буюу нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авах онцгой эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн байх ба нэхэмжлэгч С ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж зааснаар олгогдсон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
16.6. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, ...-ний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж заасны дагуу хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргад хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг дэмжсэн тухай албан бичгийг /саналыг/ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг хариуцагчид даалган, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
17. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахыг даалгуулах нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагын талаар
17.1. Нэхэмжлэгчээс Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт-ыг хавсаргах шаардлагатай ба манай компаниас хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлсэн ажлын байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан, нөхөн сэргээлтийн ажлын мэдээ-г 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаар албан бичгээр хариуцагчид хүргүүлсэн бөгөөд үүний дараа мөн хариуцагчид хандан гаргасан манай компанийн хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан талаарх албан бичгийг /тодорхойлолт/ Ашигт малтмал, газрын тосны газарт уламжлахаар 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн албан бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй, тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус, манай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгаар
17.2. Харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайланг сумын Засаг даргад хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй тул Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох саналыг хүргүүлэх боломжгүй, нөөцөд авсан талаар Үндэсний геологийн албаны тушаал албан ёсоор суманд ирээгүй учраас 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг шаардах нь зөв гэх агуулгаар татгалзлаа тайлбарлан маргаж байна.
18. Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараахь нөхцөл байдал, үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
18.1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ, 38.1.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх гэж заажээ.
18.2. Хариуцагч нь шүүхэд анх ...нэхэмжлэгч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг сумын Засаг даргад хүргүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх тайлбарыг /х-1, 51-р хуудас/ бичгээр гаргасан хэдий ч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн шаардсаны дагуу Хөвсгөл сумын Засаг даргын Тамгын газрын даргаас ирүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 03/377 дугаар албан бичиг, түүнд хавсарган баримтуудаар /хх-2, 214, 216-248-р хуудас/ нэхэмжлэгчээс Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хэрэгжүүлсэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон XV-14660 хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2021 онд хийсэн Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлын мэдээ-г нийт 33 хуудас баримтыг 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 35 дугаартай албан бичигт хавсарган хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргад хүргүүлсэн болох нь тогтоогддог.
18.3. Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа ...С ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 35 тоот албан бичиг нь ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүлээж авсан албан тушаалтан байхгүй бөгөөд хайгуулын ажлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг сумын Засаг дарга, холбогдох албан тушаалтан хүлээн авч танилцаагүй гэж дурдсан хэдий ч, уг тайлбараа ...2021 оныхыг баталчихсан байгаа. Тэгэхээр 2021 оныхыг батлаагүй ирүүлчихсэн байж байгаад өнгөрсөн жил батлаад баталгаажчихсан байгаа. Ингээд 2021 он нь дууссан гэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбараараа үгүйсгэсэн бөгөөд нэгэнт тухайн Засаг даргын тамгын газарт ирүүлсэн тайлан, мэдээтэй танилцаагүй, шийдвэрлээгүй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
18.4. Түүнчлэн Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Анхбаяр нь нэхэмжлэгч компанийн тус аймгийн Хөвсгөл сумын Элстэй хэмээх газарт тусгай зөвшөөрөлтэй талбайд 2021 онд хайгуулын ажил гүйцэтгэсэн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр газар дээр нь очиж танилцсан байх ба, энэ нь Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 3/119 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн Хөвсгөл сумын С ХХК-ийн хайгуулын ажлын нөхөн сэргээлтийн ажилтай газар дээр нь танилцсан тухай байгаль орчны хяналтын улсын байцаагчийн илтгэх хуудас түүнд хавсаргасан фото зургаар /хх-3, 24-26-р хуудас/ тус тус тогтоогдож байх тул байгаль орчны менежментийн төлөвлөгөөний тайлан-г сумын Засаг даргад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
18.5. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан ба дээрх байдлаар нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласан байхад хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн ашиглалтын зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдэлд хавсаргах шаардлагатай Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт буюу тодорхойлолтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэхгүй байх үндэслэлгүй, энэ тохиолдолд тодорхойлолтыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болно.
18.6. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т "нөөцөд авсан талбай" гэж урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайг эрх бүхий байгууллагын шийдвэрээр төрийн мэдэлд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг зогсоосон талбайг ойлгохоор тодорхойлсон байна. Иймээс хариуцагчийн 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг батлуулаагүй тул Ашигт малтмалын газрын тосны газарт холбогдох саналыг хүргүүлэх боломжгүй гэх татгалзал хууль бус, учир нь нэгэнт нэхэмжлэгчийн хайгуулын үйл ажиллагаа явуулсан тусгай зөвшөөрөл бүхий талбайг төрийн мэдэлд авч, тухайн талбайд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг бүрэн зогсоосон байхад хариуцагч албан тушаалтнаас 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг нэхэмжлэгчээс шаардах боломжгүй юм.
18.7. Хариуцагчийн гаргасан ...Үндэсний геологийн албаны даргын тушаал албан ёсоор суманд ирээгүй учраас 2022 оны байгаль хамгаалах төлөвлөгөөг шаардах нь зөв гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй, учир нь хариуцагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ...хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг улсын нөөцөд авсныг мэдсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт тодорхойлолт гаргуулахаар хариуцагчид 2022 оны 02 дугаар сарын 15-ны 11, 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 25 дугаар албан бичгээр нийт 3 удаа хандаж хүсэлт гаргасан байхад нөөцийг хүлээн авч, бүртгэсэн тухай Үндэсний геологийн албаны даргын тушаал-ыг нэхэмжлэгчээс гаргуулах, холбогдох төрийн захиргааны байгууллагаас тодруулах боломжтой байсан гэж үзнэ.
19. Дээр тогтоогдсон үйл баримтыг дүгнэвэл нэхэмжлэгчээс ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн бүрдэлд хавсаргах шаардлагатай Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасан хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт /тодорхойлолт/-ыг Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлээгүй буюу явуулахгүй байгаа хариуцагч Хөвсгөл сумын Засаг даргын хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч С ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж зааснаар олгогдсон ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олж авах онцгой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
20. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасны дагуу Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, С ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахыг хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу шүүх Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол, тэдгээрт хамаарах баримтууд болон тухайн маргааны үндэслэлд хамааралгүй бусад баримтуудыг тус тус үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1.6, 25.1.7, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 01/132 дугаартай байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэхээс татгалзсан албан бичгийг, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүйг тус тус хууль бус болохыг тогтоож, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэхийг тухай санал /албан бичиг/-ыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд явуулахыг, С ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-01...тоот тусгай зөвшөөрөлтэй талбайн хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай албан бичгийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, С ХХК-ийн гүйцэтгэсэн хайгуулын ажлын байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажилласан тухай баримт /албан бичиг/-ыг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулахыг тус тус хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Засаг даргаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
[1][1] Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай