Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 156/ШШ2021/00302

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

156/2021/00238/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг, Бэрх 2 дугаар хороо, ..................тоотод оршин суух, Бэсүд овогт З.Э /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, ....тоотод оршин суух, Боржигон овогт ....(РД:...)-д холбогдох Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..., хариуцагч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Уугантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие нь Э.Э тэй 2015 онд танилцаж, 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болсон. 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Х-г төрүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр бага хүү Э.А-ыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Э.Э  нь хардаж, архи уусан үедээ агсан согтуу тавьж, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Мөн хүүхдүүдээ айлгаж сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Э.Э ийн хардалтаас болж, ажил хийх боломжгүй хамт олонгүй болж байна. Хүүхдүүдийнхээ нүдэн дээр гар хүрч зоддог. Энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж, ар гэр ажил дээрээ ч тайван байх аргагүй болсон. Иймд цаашид Э.Э тэй хамтран амьдрах боломжгүй байх тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу гаргуулж, мөн хүү Э.Х-, Э.А- нарыг эх ... миний асрамжид үлдээж өгнө үү, бидний дунд эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Хариуцагч Э.Э  нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би нэг удаа маргалдаж Э-ийн алгадаж байсан. Би уурхайд 3 жил ажиллаж байгаа, 20 хоног ажиллаад 10 хоног гэртээ амардаг. Гэр бүлээсээ хол болохоор хөндлөнгийн хүмүүс бидний харилцаанд нөлөөлдөг. Бидний дунд дундын эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ... нь хариуцагч Э.Э д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч ...ийн хариуцагч Э.Э д холбогдуулан  гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй байна.

 

Гэрлэгчид нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Х-, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.А- нар төрсөн болох нь хэрэгт авагдсан 2304000072, 2304000052 дугаартай хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, хүү Э.Х-, Э.А- нар нь эрүүл бойжиж байна гэх өрхийн эрүүл мэндийн өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас гэрлэлт цуцлуулахаар шүүхэд хандсан, хариуцагч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 179 дүгээр шийтгэвэрээр албадан сургалтад хамрагдах, баривчлах шийтгэл оногдуулж байсан, нэхэмжлэгчийн биед халдаж гэмтэл учруулсан тухай нэхэмжлэгчийн биед үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт, фото зураг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан уг иргэний хэрэгт Гэр бүлийн тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд заасан урьдчилсан арга хэмжээ болох эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг хийлгээгүй ба зохигчийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан гэр бүл цуцлахад хориглох тохиолдол байхгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилга хэн аль нь гаргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн бөгөөд мөн хуульд зааснаар зохигчдын хэн аль нь хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй байна.

Нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжид үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, эх ...ийн ажил хөдөлмөр эрхэлдэг, хүүхдүүд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан насанд хүрээгүй зэргийг харгалзан хүү Э.Х-, Э.А- нарыг эх ...ийн асрамжид үлдээхээр шийдвэрлэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн  26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Э.Э  нь хүү Э.Х-, Э.А- нартай уулзах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэхэд оролцох зэрэг эцгийн эрх үүргээ хэрэгжүүлэхэд нь эх ...ийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгах нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тухай заасан, зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.5-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр хүү Э.Х-, Э.А- нарыг сар бүр эцэг Э.Э өөр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 110 654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Э.Э , Бэсүд овогт З.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Э.Х, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.А нарыг эх Зундуйн Э-ийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүү Э.Х-, 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Э.А- нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Э өөр сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх ...т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ  цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг, өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг эхийн үүрэг хэвээр үлдэхийг, мөн эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч, хариуцагч нарт тус тус даалгасугай.

6.    Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, анхаарал халамжид байх, эцэг эхээсээ хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж заасны дагуу хүүхдийн эрхэд саад учруулахгүй байхыг эх ...т даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...т, хоёр хүүхдийн нэг жилд төлөгдөх тэтгэлэгт ногдох 110 654 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахт даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, 
өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.УРАНЗАЯА