Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/85

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,

Улсын яллагч                         Б.Содномиший

Нарийн бичгийн дарга           О.Марал

Хохирогч                                    Т.Б*******

Шүүгдэгч Л.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л******* Б*******од холбогдох эрүүгийн 2531000550046 дугаартай 316/2025/0069/Э индекстэй хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1** оны 0* дугаар сарын 0*-ний өдөр Д** аймгийн Ш** гол суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн сэтгэл зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт С** аймгийн С*** сумын ** дугаар баг ** дугаар хэсэг 1** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, М******* овгийн Л******* Б*******, (регистрийн дугаар *******)

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр С*** аймгийн З******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бүрэн зоог" цайны газрын гадаа хохирогч Т.Б*******ыг "машины хаалга, цонх цохилоо" гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа цохих, газарт хавирч унагаах, хөлөөрөө дэвсэх зэрэг үйлдлээр хохирогчийн биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б******* мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б******* мэдүүлэхдээ... Би 2025 оны 01 сарын 11-ний өдөр С** аймгийн Т сум руу явахаар болж орой 18 цаг өнгөрөөд гарсан. Надтай хамт зүс таних дүү болох Г, Э нарын хамт Б машинд суугаад явсан. Тэгээд замд  Э хүмүүстэй утсаар яриад З*******д уулзахаар болсон. Тэгээд З*******д ирээд нилээн удаан хүмүүстэй юм яриад байсан, бид хүлээж байгаад  удаад байхаар нь явах уу гэж уулзаж байсан хүмүүсийнх нь машины хаалгыг цохитол урдаас бууж ирээд намайг цохисон. Үүнээс болж миний эрүү хугарсан, эмчилгээнд 2 сая төгрөг авсан. Одоо эрүүнийхээ хадаасыг авхуулна энэ үед эмчилгээний мөнгө өгнө гэсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Б*******ын өгсөн ...Би 2025 оны 01 сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Т сум руу явахаар болж орой 18 цаг өнгөрөөд гарсан. Надтай хамт зүс таних дүү болох Г, Э нарын хамт Б гээд дүүгийн машинд дайгдаж явсан. Тэгээд замд явж байхад Э хэдэн хүмүүстэй утсаар яриад байсан. Мөн гарахдаа "Шонхор" дэлгүүрээс "Evok" нэртэй архи аваад хувааж уугаад явсан Тэгтэл З******* суманд түр зогссон, учир нь Э хүмүүстэй уулзаж байсан байна лээ. Тэгээд Эий уулзах хүмүүс нь ирэхэд Э машин руу ороод суугаад нэлээн уусан. Тэгээд очоод Эд "хурдан явъя" гэж хэлэх гээд хаалгыг нь таттал түгжээтэй байсан. Тэгээд хаалгыг нь тогштол цонхны завсраар намайг "яах гээд байгаа пизда вэ, зайл" гэж хэлэхээр нь би машиндаа буцаж ирээд суухад нөгөө машинд байсан залуучууд хүрч ирээд Эгийн цонхон талд зогсоод юм яриад байсан. Би дахиад "явъя эртхэн харъя" гэхэд намайг "цаашаа юу гээд хуцаад байгаа пизда вэ, буугаад ир дээ" гэхээр нь буутал нэг залуу нь ирээд намайг шууд хавирч унагаад нүүрэн дээр дэвссэн, тэгтэл миний эрүү сонин шаржигнаж дуугараад амнаас цус гарахаар нь би "дахиад битгий цохиорой миний эрүү хугарчихлаа" гээд би нэг хөлийг нь тэвэрч орилсон. Тэгээд л дахиад намайг цохиогүй машиндаа сууцгаасан би мөн адил машиндаа суугаад Т рүү явсан.... Намайг цохисон хүн ойролцоогоор 170-175 см өндөртэй, тарган ч биш туранхай ч биш дундын биетэй хүн байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ц.Д ... Би дээрх хэргийн улмаас хохирогч биед гэмтэл учирсантай холбоотойгоор хохирогч Т.Бодлбаатарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдэлсэн төлбөрийг нэхэмжилмээр байна. Тухайн төлбөрийг Төрийн сан банкны 1 "Эрүүл мэндийн даатгалын сангийн данс" төлбөрийг төлөхдөө гүйлгээний утгыг Хохирогчийн нэр регистрийн дугаартай гэм буруутай төлж байгаа этгээдийн нэрийн бичиж хийлгэнэ гэсэн мэдүүлэг, /хх-н 21-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Г "... Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед Цагааннуур суманд гэртээ байж байхад манай бага дүү Т.З над руу залгаад "Б ах Сэлэнгээс З рүү таксигаар явж байгаад З*******д хүнд зодуулаад эрүү амаа хугалуулчихсан байна гэнэ ээ" гэсэн. Тэгээд өнөө өглөө эмэгтэй дүү Т.Мөнхт над руу "Зээс эмнэлгийн машинаар аймагт яаралтайгаар хүргэгдэж ирсэн байна. Би одоо хот руу авч явах гэж байна, та З очиж цагдаатай уулзаж шалгуул" гэхээр нь би Зийн хэсгийн төлөөлөгч дээр очиж мэдэгдтэл аймгийн цагдаагийн газарт очиж өргөдөл өг гэхээр нь би ирсэн. Наашаа ирэх замдаа ах Б*******тай утсаар ярьж юу болсон талаар асуухад "өчигдөр орой аймгийн төвөөс З сум руу явдаг таксинд сууж явсан. Явах үедээ Э, Г болон жолооч залуутай 4 үүлээ явсан. Явах замд Э нь З*******д зогсож дүү нартайгаа уулзана гээд өөр машинд суугаад 3 залуутай уулзсан. Тэгээд архи уугаад байхаар нь эртхэн явъя гэж яаруултал Этэй уулзаж байсан залуучуудын 1 нь ахыг нь зодоод газар унагааж нүүрэн дээр дэвсээд эрүүг нь хугалсан гэж ярьсан. Тэгээд ах больё оо ахынх нь эрүү хугарчихлаа" гэж хэлсэн гэсэн. Ах маань одоо хотод 1 дүгээр эмнэлэг дээр эмчилгээ хийлгэж шинжилгээнд орж байгаа..." гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Б "... Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний орой гэртээ байж байтал миний танил ах Г холбогдоод "машинаараа З рүү хүргээд өгөөч, бензинийг нь хийгээд өгье" гэхээр нь ПСМК-аас Г ахыг аваад дараа нь найз нь гэх Э гэдэг ахыг "Хөх чулуут"-ын зогсоол дээрээс авч хамгийн сүүлд бас 1 найз Б******* гэдэг ахыг хуучин захын таксины зогсоол дээрээс очиж авсан. Тухайн 3 хүн нь бүгд согтуу байсан бөгөөд машин дотор явж байхдаа хорооллын "Шонхор" дэлгүүрээс 1 шил архи аваад тэр 3 уугаад явсан. Явах замдаа З******* сумын дэлгүүр орж дахин 2 шил архи авсан. Э гэдэг ах З******* суманд дүүтэйгээ уулзана гээд байсан болохоор З*******ий аюулгүйн тойргийн баруун талд зогсоол руу би орж зогссон. Тэр үед хар өнгөтэй Ланд 200 юм уу 300 байх жийп машин ирж зэрэгцээд зогссон. Тэр машинд 3 хүн сууж явсан. Тэгээд машинаас Э ах Г ах буугаад тэр машин руу орж суусан. Б******* ах машин дотроо унтаад үлдсэн. Барагцаагаар цаг орчмын дараа буюу 21 цагийн үед Б******* ах сэрээд "бие засна" гээд машинаас буугаад 10-15 минутын дараа нүүр нь цус болчихсон, амнаас нь цус гарсан байдалтай орж ирсэн. Тэгээд машинд орж ирснээ ганцаараа яриад "муу хошин шогууд" гээд уурлаад байсан. Удалгүй Г, Э ах 2 орж ирээд бид З лүү явсан... Тухайн 3 ах 3 уулаа согтуу байсан. Б******* гэх ах бол анх миний машинд суух үедээ нэлээн согтуу байсан. Замдаа унтаад яваад байх шиг байсан. Машинд анх суух үед Б******* ахын биед нь ил харагдах гэмтэл шарх огт байгаагүй бөгөөд үүдэн 2 шүд нь угийн байдаггүй юм байна лээ... Б******* ах уурлаад "та 2 намайг зодуулахад хаана байсан юм Э гуай намайг дагуулж яваад хүнд зодуулчихлаа" гэж дахин дахин хэлээд уурлаад байсан. Харин Э, Г 2 "яасан гээд байгаа юм, тэгээд хохино ш дээ" гээд байсан. Өөр тодорхой зүйл яриагүй. Миний ойлгож байгаагаар Э ахын дүү нар гэх хар машинтай хүмүүсийн 1 нь зодчихсон юм шиг байна лээ..." гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч 3. Эгийн "... Би 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Д аймагт гэртээ байж байгаад аавын бие муудсан гэдгийг сонсоод С*** аймгийн Т сум руу явахаар болсон юм. Тэгээд эхлээд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очиж Сүхбаатар сумаас танил нутгийн дүү явж байна гэхээр нь хамт явахаар болсон. Тэгээд танил Б*******, дүү Г, жолооч хүү бид 4 Т сум руу гарсан. Тэгээд С**  ирсэн дээрээ хуурай дүү болох Б*******той уулзаад явъя гэж бодоод залгахад "Би Тт байна, ах одоо аймаг буцаж байна" гэж хэлэхээр нь г тааръя гэж хэлсэн. Ингээд бид нар Т рүү явж байхдаа "Шонхор" нэртэй дэлгүүрээс 2 шил "Х" нэртэй архи авсан. Тэгээд Г, Б******* бид замдаа уунгаа явсан Б******* анх машинд суухдаа халамцуу суусан. Тэгээд би хуурай дүү Б*******той З******* суманд уулзахаар болсон юм. З******* сумын "Бүрэн зоог" нэртэй цайны газрын гадна уулзсан тэгээд би Б*******ын ирсэн машинд суугаад нэг архи задлаад жаахан юм ярьж суусан. Тэгтэл Б******* бууж ирээд миний суусан машины цонхыг цохиод "явъя Э охин маань болохоо байлаа" гэж хэлэхэд Б******* урд сууж байгаад буугаад явчихсан. Б******* буусны дараагаас хэдэн минутын дараа Б*******той хамт явж байсан Г нэртэй залуу буусан тэгээд л бүгд өөрсдийн машиндаа сууж явцгаасан... Миний мэдэж байгаа зүйл бол Б******* ирээд хаалга болон цонх цохидог тэгээд Б******* "хөөе яагаад цонх цохиод байгаа юм" гээд буусан тэгэхэд “хөөе хөөе хэрүүл маргаан хийв ээ" гэж хэлсэн тэгээд хэдэн минутын дараа Г буусан би машин дотор жолоо барьж явсан залуутай хамт үлдсэн..." гэх мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Гийн "... Би найз болох Б*******, Э нарын хамт 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байсан санаж байна. Сэлэнгэ аймгийн Т сумын "Зийн гацаа" гэдэг газар луу явахаар болцгоосон. Тэгээд тус газраа үзчихээд 18 цагийн үед "Гацаа"-аас буугаад Сэлэнгэ аймгийн төв рүү хөдөлсөн юм. Тэгэхэд Б******* руу Э гээд ах залгаж таарсан юм. Тэгээд ярьж байгаад уулзахаар болоод С** аймгийн З******* сумын "Бүрэн зоог" нэртэй газрын гадна уулзсан тэгээд Э нэртэй ах машинд суухдаа нэг шил архитай орж ирээд жолоо барьж байсан Э уугаагүй. Тэгээд би сүн түшээд 2, 3 татсан тэгээд Б*******, Э ах бас 2-3 татсан. Тэгтэл нэг ах хаалга цохиод самардаад байсан "явъя" гээд байх шиг байсан тэгэхээр нь Э ахтай хамт яваа хүн гэж ойлгосон. Машин дотор би Э ах бид хойно сууж байсан. Б******* жолоочийн хажууд сууж байсан... Б******* ах манай машин дээр ирээд агсраад байсан тэгэхэд Б******* буугаад бариад авсан тэгэхээр цааш холдуулах гээд өргөөд машин луу явж байгаад газар тавьсан тэгээд машин луугаа буцах гэж байтал Б******* Б******* ахыг нэг цохиод хавирч унагасан. Харанхуй байсан яг хаашаа цохисныг хараагүй. Би Б*******ыг арай цохичихгүй байх гэж бодсон. Тэгээд би Б*******ыг түлхэж холдуулсан. Б******* дахиж ирээд нэг авч шидсэн. Тэгээд би салгаад машин руу оруулж өгсөн..." гэх мэдүүлэг (хх-ийн 30, 34-р хуудас)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.О 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2146 дугаартай: "...1.Т.Б*******ын биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 42-р хуудас)

2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай "...бичлэгийн 20:27:47 дахь секундэд саравчтай малгай өмссөн эрэгтэй зүүн гараараа хар куртиктэй эрэгтэйн нүүр хэсэг рүү цохиж буй дүрс бичигдсэн байна, цааш тоглуулахад 20:47:48 секундэд саравчтай малгай өмссөн эрэгтэй хар өнгийн куртик өмссөн эрэгтэйг хавирч унагаж буй дүрс бичлэг бичигдсэн байна, үргэлжлүүлэн тоглуулахад 20:47:57 секундэд саравчтай малгай өмссөн эрэгтэй хар өнгийн куртиктэй эрэгтэйг дахин газарт нагаж буй дүрс бичлэг бичигдсэн байна" гэх мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 54-55-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох баримтууд

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 хуудас/,

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 72 хуудас/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 73 хуудас/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 75 хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуудас/

Захиргааны зөрчил хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 хуудас/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруу давхар нотолж байх бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримт гэж үнэллээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Л.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр Сэлэнгэ аймгийн З******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Бүрэн зоог" цайны газрын гадаа хохирогч Т.Б*******ыг "машины хаалга, цонх цохилоо" гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа цохих, газарт хавирч унагаах, хөлөөрөө дэвсэх зэрэг үйлдлээр хохирогчийн биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б*******ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б*******ын өгсөн мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Т.Б*******ын өгсөн мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ц.Д өгсөн мэдүүлэг, /хх-н 21-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Т.Г мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Б мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч 3. Эгийн мэдүүлэг (хх-ийн 27-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч Э.Гийн мэдүүлэг (хх-ийн 30, 34-р хуудас)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ц.О 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2146 дугаартай: "...1.Т.Б*******ын биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, баруун өвдөгний цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй..." гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 42-р хуудас)

2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 54-55-р хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч Л.Б*******ын үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Л.Б*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Иймд шүүгдэгч Л.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчлан заасны дагуу энэ гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний зардлыг хуулиар шүүгдэгч Л.Б******* нь хариуцан арилгах үүрэгтэй байна.

Хохирогч Т.Б******* нь шүүх хуралдаанд эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг авсан. Хойшид эмчлэгдэх үедээ зардлаа авна, одоо нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн болно.

Харин шүүгдэгч Л.Б******* нь хохирогч Т.Б*******ын эмчилгээнд зарцуулсан 3,606,214 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул   шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй.

Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид эмчлэгдвэл зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Л.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  ... “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч Л.Б******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ... гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид хорин ялын дээд хэмжээг таван жил хүртэл, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ... гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Л.Б*******ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул  хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Л.Б*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг  тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Л.Б*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Б*******од оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр  хийлгэхийг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, Л.Б******* нь  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Энэ хэргийн улмаас битүүмжлэн ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Л.Б******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М******* овогт Л******* Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Л******* Б*******од 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Л.Б*******од оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ялыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг харьяалах газрын  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар   Л.Б******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Л.Б*******оос  3,606,214 төгрөгийг гаргуулж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6.Хохирогч Т.Б******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардал  нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7.Шүүгдэгч Л.Б*******ын хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ч.МӨНГӨНЦЭЦЭГ