| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойнор Мөнгөнцэцэг |
| Хэргийн индекс | 175/2024/0019/Э/Т/208/2024/005 |
| Дугаар | 2025/ШЦТ/88 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.4.3., 22.5.1., |
| Улсын яллагч | С.Батмөнх-Очир |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/88
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга О.Марал
Улсын яллагч С.Батмөнх-Очир
Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгч М.Гансүх
Шүүгдэгч С.Э*******ын өмгөөлөгч Д.Даваасүрэн
Шүүгдэгч Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харямаат овогт Я******* Г*******, Эрүүгийн хуулийн тусгай 22.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт С******* Э*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б Б******* нарт холбогдох 2303000490185 дугаартай 175/2024/0019/Э/Т/208/2024/0056/001/2024/0095 индекстэй эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1** оны 0* дүгээр сарын 1**-ны өдөр У** аймгийн У*** суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, С** аймгийн Гаалийн газарт ургамал хорио цээрийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчаар ажилладаг, ам бүл 2 эхнэрийн хамт С** аймаг С*** сум 4 дүгээр баг Б** *-р гудамж 1** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х** ямаат овогт Я******* Г******* /РД:*******/,
2.Монгол Улсын иргэн, 1** оны 0* дугаар сарын 0*-ны өдөр С** аймгийн С** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, С** аймгийн Гаалийн газрын слесарь ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт С** аймаг С** сум 1 дүгээр баг Х******* 1-р гудамж 1** тоотод оршин суудаг, Сэлэнгэ аймгийн 2000 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял, тус аймгийн 2007 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял, тус аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, Б******* овогт С******* Э******* /РД:/,
3.Монгол Улсын иргэн, 1** оны 1* дугаар сарын 1*-ны өдөр С** аймгийн А** суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлал зочид буудлын менежер мэргэжилтэй, Ш** ХХК-ийн Н** зочид буудлын үйл ажиллагаа хариуцсан менежерээр ажилладаг, ам бүл 6 эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо 48 байр 28 тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Б Б******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу С** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С** аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан "Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, -Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж 3*** С*** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, зөрчлийг мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "А” чөлөөт бүсээс гаргаж, Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон,
Яллагдагч С.Э******* нь С** аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг С** аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,
Мөн 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр яллагдагч Я.Г*******ийн С*** аймгийн А сум дахь "А” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад нь С*** аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан "Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ. Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй, мэдэгдэлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "А*****" чөлөөт бүсээс гаргаж өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн,
Шүүгдэгч Б.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дахь хэсэгт "Архины зүйлс 2 литр.....янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй" гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б******* мэдүүлэхдээ: Би С.Э*******т 100.000 төгрөг өгөхдөө хахууль гэж өгөөгүй, ажлын хөлс гэж өгсөн. Миний машинд багтахгүй байсан учир Э*******ын машинд хийгээд гаргасан.Хууль бус гэдгийг мэдэж байсан. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Г*******аас ... 2022 оны 12 дугаар сарын 17-нд би ажилтай байсан нь үнэн. С.Э******* нь яаралтай ажилтай болчихлоо гэж хэлээд гарсан, энэ үе би шалгалтаа явуулахад машинд нь 2 хоосон хайрцаг, 1 хайрцаг тамхи байсан. Тэгээд л гаргасан. Би дутуу шалгасан, хайнга хандсан нь миний буруу гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Э*******аас ... Миний ярих зүйл Б.Б*******ын мэдүүлэгтэй яг адилхан , надад өөр ярих зүйл байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-30 хуудас /
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 31-34 хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-44 хуудас/
Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи ажиллагааны заавар /1-р хх-ийн 132-133 хуудас/
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын чөлөөт бус хариуцсан Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь /1-р хх-ийн 158-161 хуудас/
Хөдөлмөрийн гэрээний хуулбар /С.Э*******ын/ /1-р хх-ийн 136-140 хуудас/
Гаалийн ерөнхий газрын харьяа С** аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/68 дугаартай"... С. Э*******ыг ажилд томилох тухай..." тушаал /1-р хх-ийн 140 хуудас/
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай"... Албан хаагчдыг ажилд түр томилох тухай... тушаал /1-р хх-ийн 150-151 хуудас/
Гэрч Ч.У "... Чөлөөт бүсэд бүх төрлийн үйл ажиллагаа явуулж болох бөгөөд тусгай зөвшөөрөл шаардах үйл ажиллагааг аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулиар зохицуулна. Чөлөөт бүсийн захирагч энэ хуулийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, тамхи худалдах тусгай зөвшөөрлийг бүрэн эрхийн дагуу олгодог. Дээрх тусгай зөвшөөрлийг олгоход Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 62 дугаар тушаалаар баталсан журмын дагуу олгодог. Чөлөөт бүсийн захирагчийн албаны зүгээс аж ахуйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт, шалгалт хийдэггүй бөгөөд хуулиар олгогдсон эрх зүйн орчин байхгүй. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүдэд Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журмын дагуу гаалийн байгууллага өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Энэ журмын 5.1.1 дэх заасны дагуу Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар баталсан зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмын 2.3.1-д заасан барааг зорчигч чөлөөт бүсээс хоногт 1 илүүгүй удаа гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн нутаг дэвсгэрт оруулна гэж заасан байдаг. Энэ хуулийн 2.3.1- д ямар бараа байдаг вэ гэхээр зөвшөөрөгдсөн 2 литр архи, 2 литр шар айраг, 3 литр вино, 200 ширхэг янжуур тамхийг нэг удаа зорчигч чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт хувийн хэрэглээний журмаар чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт нэвтрүүлнэ гэж заасан байдаг. Чөлөөт бүсэд тусгай зөвшөөрөлтэй дэлгүүрүүд аж үйлдвэрийн сайдын 62 дугаартай тушаалаар батлагдсан журамд заасны дагуу хуульд заасан зөрчлийг гаргасан тохиолдолд Чөлөөт бүсийн захирагч тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно гэж заасан байдаг. Тусгай зөвшөөрөл хүчингүй болгосон тохиолдол байхгүй..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 хуудас/
Гэрч О.Т "...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Магнет" дэлгүүр дээр 29 төрлийн бараа бүтээгдэхүүн Нидерланд улсаас ирсэн бөгөөд түүний дотор Кастер 5 /Caster 5/50 хайрцаг 2,500 блокийг орлогод авсан. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Магнет дэлгүүрийн барааны бүтээгдэхүүний кассын үлдэгдлийг дундын Magnet нэртэй чатаар ирүүлсэн. Тэгээд кассын барааны үлдэгдлийг харсан чинь Кастер 5 /Caster 5/ тамхины үлдэгдэл 26 хайрцаг, 1300 блок байхаар нь худалдагч М руу залгаад тамхи яагаад ийм бага үлдэгдэлтэй байгаа юм бэ, байгаа тамхины зургийг дараад явуул гэхэд худалдагч М зургийг нь аваад дундын чат руу явуулсан. Магнет дэлгүүрийн ерөнхий менежер болох Ихэрзаяа руу залгаад яагаад 26 хайрцаг 1300 блок тамхи байгаа талаар асуухад хүн гуйгаад байхаар нь 10 хайрцаг тамхи гарсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би чи өөрөө наад асуудлаа хариуцаарай, би мэдэхгүй юм байна гэж хэлээд утсаа салгасан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57 хуудас/
Гэрч Н.И: "... Би Б******* гэдэг залууг 2021 оноос хойш манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг байсан болохоор ажил хэргийн шугамаар таньдаг болсон... ...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б******* манай дэлгүүрээр 14 цагийн үед ганцаараа орж ирээд одоо би 11 хайрцаг Кастер /Caster5/ гэдэг тамхи авчъя би нөгөө гаргадаг шигээ үүдэн дээр тараачихъя гэхэд нь би үгүй ээ одоо боломжгүй гэсэн чинь надаас гуйгаад би хүмүүст тараагаад асуудалгүй гаргана гэхээр нь за тэгвэл тэг тэг гэсэн гэтэл за гээд гарч яваад 14 цаг 30 минутын үед Б******* нэг залуутай орж ирээд миний Хаан банкны 5 тоот данс руу 20 сая төгрөг шилжүүлчхээд дансны лимит болохгүй байна. Найздаа 11 хайрцаг Кастер /Caster5/ тамхи дээр нэмээд 1хайрцаг 12 ширхэг Финланд архи өгчих би нийлүүлээд шилжүүлье гээд 10 хайрцаг Кастер /Caster5/ тамхи 1-г авдар архийг аваад явъя гэхээр нь дэлгүүрийн заалнаас архи тамхийг гаргаж өгсөн...." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75 хуудас/
Гэрч Ц.Д: "... Архи тамхины татварыг Гаалийн хууль, Онцгой албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулиудыг үндэслэн бодож тооцож гаргадаг. Танай байгууллагаас 2022 он 12 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн 1146/1195 албан тоотод дурдсан 10 хайрцаг 500 блок тамхийг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04-2110260-22-10004 тоот мэдүүлгийн дугаартай Тинатин чөлөөт бүс ХХК нь Аийн чөлөөт бүсэд оруулж ирсэн..." rэх мэдүүлэг /1-р хх-ийн 99 хуудас/
Гэрч Г.Б "...би Б******* гэдэг залууг 2 сарын өмнөөс таньдаг болсон. Тухайн үед Б******* гэдэг залуу тамхи зардаг талаар хүмүүсээс сонсож байсан. Тэгтэл 2 сарын өмнө манай лангуу дээр ирээд Duty Caster5 гэдэг тамхи байна, авах уу гэхээр нь сонирхоод үнэ, ханшийг нь сонсож, үнэ нь боломжийн болохоор нь авахаар тохиролцсон. Цөөн тоогоор авч байгаад 2022 оны 12 дугаар саарын 17-ны өдөр Б******* гэдэг залуугийн эхнэр гэх эмэгтэй орж ирээд гараад авчих уу гэж хэлэхээр нь эхнэртэй нь цуг гараад жижиг машины багажид 7 хайрцагтай Caster тамхи байсан. Тухайн тамхинаас 3 хайрцаг 150 блок тамхийг нийт 9,375000 төгрөг 5 тоот Хаан банкны данс руу шилжүүлж тамхийг авсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 10 цаг 19 минутад Б*******ын 5 тоот данс руу 15,625,00 төгрөгийг 5 хайрцаг 250 блок Caster 5 тамхи авахаар шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 06 цагийн үед 9 дугаар луу Б******* 9 дугаарын утаснаас залгаад тамхи хураагдсан гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 хуудас/
Гэрч Т.Х "...Б******* гэдэг залуу 1 жилийн өмнөөс тамхи зараад яваад байдаг байсан болохоор зүс таньдаг болсон 2022 оны 12 дугаар сарын 17- ны өдөр манай эхнэр Ш.А надруу залгаад 2 хайрцаг Caster 5 тамхи авч ирж өгнө авчхаарай гэсэн. Тэгээд 12 цагийн үед Б******* гэх залуугийн эхнэр нь авч ирж өгсөн. Манай эхнэр утсаар авч, өгдөг болохоор сайн мэдэхгүй байна..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 хуудас/
Гэрч Д.Н "...тухайн өдрийн орой 20:00 цагийн орчимд би Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн суудлын 264-р галт тэрэгний тээшийг Сүхбаатар өртөөнд авч байхад Сүхбаатар өртөөний пүүлэгч Чинзориг гэх ажилтан 221210600152 гэх хатуу дугаартай ... 160 кг ачаа бүхий эд зүйлийг хүлээлгэн өгсөн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 хуудас/
Гэрч О.Б "... Гаалийн мэдүүлгийн хуудсаар 196 блок тамхи зарсан. Тухайн өдрийн 15 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй хоёр эрэгтэй хүн орж ирж манай менежер Н.И уулзаж хэдэн хайрцаг Кастер 5 /Caster5/ тамхи өгчих, гарч байгаа хүмүүст тараагаад өгнө, асуудал байхгүй гээд гуйгаад байсан. Тэгээд манай менежер Н.Ихзаяа 10 хайрцаг буюу 500 блок тамхи өгсөн. Тухайн хүмүүст гаалийн мэдүүлгийн хуудас байгаагүй, Н.Ихзаяа менежер та нарт гаалийн мэдүүлгийн хуудас байхгүй юм уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Хууль тогтоомжийн хүрээнд 500 блок тамхийг чөлөөт бүсээр авч гарахын тулд нэг гаалийн мэдүүлгийн хуудсанд 1 блок тамхийг өгч 500 гаалийн мэдүүлгийн хуудсаар 500 хүн авч гарах ёстой байдаг..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 80 хуудас/
Гэрч С.Ч "...Би Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын нярав болон төрийн үйлчилгээний алба хаагч нараа хариуцан ажилладаг. Төрийн үйлчилгээний алба хаагч гэдэг слесарь, жолооч, эмч нарыг хамруулан ойлгож болно. С.Э******* нь манай байгууллагад 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж слесариар ажиллаж, харуулын ажлыг хавсарган гүйцэтгэж байгаа. Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын дарга Б.Ө баталсан хуваариар 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын төв байрны харуулаар ажил үүрэг гүйцэтгэж байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 90 хуудас/
Гэрч Б.Л "... гаалийн бүртгэлийн сангаас С.Э******* нь // гэдэг иргэний мэдээллийг үзэхэд 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 16 минутад тээврийн хэрэгслийн бүртгэлийн байцаагчид бүртгүүлж чөлөөт бүс рүү нэвтэрч 14 цаг 24 минутад чөлөөт бүсээс гарсан гэж бүртгэсэн байна. Тухайн иргэнийг 1678 дугаартай байцаагч Я.Г******* шалгасан байна. Зорчигчийн мэдүүлгийн хуудсыг шалгаж үзэхэд тухайн иргэний мэдүүлгийн хуудас байгаагүй, хариуцаж шалгасан байцаагч Я. Г*******ийг дуудаж асууж тодруулахад би С.Э******* // гэдэг хүнийг шалгасан, тухайн үед зорчигчийн мэдүүлгийн хуудсыг авч бичиг баримттай нь тулгалт хийж гаргаагүй, хяналт шалгалтаа дутуу хийсэн гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 98 хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
Шүүгдэгч Я.Г*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 200 хуудас/
Шүүгдэгч Б.Б*******ын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-ийн 221 хуудас/
Шүүгдэгч Я.Г*******ийн эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /1-р хх-ийн 222 хуудас/
Шүүгдэгч Я.Г*******ийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 223-225 хуудас/
Шүүгдэгч С.Э*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 226 хуудас/
Шүүгдэгч Б.Б*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 227 хуудас/
Шүүгдэгч Я.Г*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 228 хуудас/
Шүүгдэгч Б.Б*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 2 хуудас/
Шүүгдэгч Б.Б*******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2-р хх-ийн 5 хуудас/
Шүүгдэгч С.Э*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 22 хуудас/
Шүүгдэгч С.Э*******ын байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2-р хх-ийн 24 хуудас/
Шүүгдэгч С.Э*******т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 42-49 хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинэчлэн судалсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу С** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр С** аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулахдаа С** аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан "Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ: Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, -Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гаалийн газрын слесарь ажилтай С.Э*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр түүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйл тээвэрлэж явааг мэдсээр байж 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүй, 2022 оны 12 дугаар сарын 17- ны өдөр "А” чөлөөт бүсээс гаргаж, Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон,
2. Шүүгдэгч С.Э******* нь С** аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа хахууль өгөгч Б.Б*******ын Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дэх заалтад зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс гаргуулах ашиг сонирхлын үүднээс 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын нутаг дэвсгэрт 100,000 төгрөгийн хахууль авч, мөн өдөр 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгслээр чөлөөт бүсээс гаргаж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн,
Мөн 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр яллагдагч Я.Г*******тай урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, хамтран оролцогчийн хатгагчийн үүрэгтэйгээр шүүгдэгч Я.Г*******ийн С** аймгийн А сум дахь "А” чөлөөт бүсэд хуваарийн дагуу гаалийн хяналт шалгалт явуулж ажиллаж байхад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А/14 дугаартай тушаалаар батлагдсан "Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи заавар"-ын 4 дүгээр зүйлийн 4.2 Гадаа хяналт хариуцсан Гаалийн улсын байцаагч нь зорчигч, түүний ачаанд зорчигчийн гаалийн мэдүүлгийг үндэслэн гаалийн шалгалт хийнэ. 4.3 Гаалийн улсын байцаагч нь гаалийн мэдүүлгийг доорх байдлаар шалгана: авсан барааны мэдээллийг авах /дэлгүүрийн баримт, кассын талон/ 4.4 Гаалийн улсын байцаагч нь гаалийн хяналт шалгалтыг доорх байдлаар хэрэгжүүлнэ. Тээврийн хэрэгслийн ачааны хэсэгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг шалгах, Тээврийн хэрэгслийн зорчигч тээврийн бүхээгт байгаа барааны тоо хэмжээ, үнийн дүнг тодруулах, Зорчигчийн ачаа, тээшийг шалгахдаа шаардлагатай тохиолдолд ачааны баглаа боодлыг нэг бүрчлэн задлуулна гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 3** С** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийлгүүлэхгүй , 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "А" чөлөөт бүсээс гаргаж өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдэхэд зориуд хүргэсэн,
3. Шүүгдэгч Б.Б******* нь Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг Гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ын 2.3.1 дахь хэсэгт "Архины зүйлс 2 литр.....янжуур 200 ширхэг, навчин тамхи 50 ширхэг, задгай тамхи 250 граммаас илүүгүй" гэж зааснаас илүү буюу 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг Сэлэнгэ аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс гаргуулж өөртөө давуу байдал бий болгох зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн А сумын нутаг дэвсгэрт тус аймаг дахь Гаалийн газрын слесарь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогдсон болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 22-30 хуудас /
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 31-34 хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 35-44 хуудас/
Худалдааны чөлөөт бүсэд хэрэгжих гаалийн тусгай дэглэмийг хэрэгжүүлэх технологи ажиллагааны заавар /1-р хх-ийн 132-133 хуудас/
С** аймаг дахь Гаалийн газрын чөлөөт бус хариуцсан Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь /1-р хх-ийн 158-161 хуудас/
Хөдөлмөрийн гэрээний хуулбар /С.Э*******ын/ /1-р хх-ийн 136-140 хуудас/
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/68 дугаартай"... С. Э*******ыг ажилд томилох тухай..." тушаал /1-р хх-ийн 140 хуудас/
Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай"... Албан хаагчдыг ажилд түр томилох тухай... тушаал /1-р хх-ийн 150-151 хуудас/
Гэрч Ч.У мэдүүлэг /1-р хх-ийн 54-55 хуудас/
Гэрч О.Т мэдүүлэг /1-р хх-ийн 57 хуудас/
Гэрч Н.И мэдүүлэг /1-р хх-ийн 75 хуудас/
Гэрч Ц.Д мэдүүлэг /1-р хх-ийн 99 хуудас/
Гэрч Г.Б мэдүүлэг /1-р хх-ийн 103-104 хуудас/
Гэрч Т.Х мэдүүлэг /1-р хх-ийн 106-107 хуудас/
Гэрч Д.Н мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 хуудас/
Гэрч О.Б мэдүүлэг /1-р хх-ийн 80 хуудас/
Гэрч С.Ч мэдүүлэг /1-р хх-ийн 90 хуудас/
Гэрч Б.Л мэдүүлэг /1-р хх-ийн 98 хуудас/
зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу С** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”,
Шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа өөртөө болон Б.Б*******т давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон”,
Мөн 100,000 төгрөгийн хахууль авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан “Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, ”
Шүүгдэгч Б.Б******* нь С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж заасан.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна дүгнэсэн болно.
Шүүгдэгч Я.Г******* нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ С*** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар, шүүгдэгч С.Э******* нь С*** аймаг дахь Гаалийн газрын слесариар тус тус ажиллаж байсан ба “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4; 4 дүгээр зүйлийн 4.1; “Авлигын эсрэг хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар шүүгдэгч Я.Г******* нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон нь уг гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг ойлгохоор хуульчилсан .
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл “Хахууль авах”, мөн хуулийн 22.5 дугаар зүйл “Хахууль өгөх” гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч субъект болон төрөөс ажил, үйлчилгээ авах иргэний хооронд ашиг сонирхлын харилцаа үүссэн үед эдийн болон эдийн бус зүйл өгч, авахыг хахууль авах, өгөх гэмт хэрэгт тооцохоор зүйлчилсэн байна.
Иймд хахууль өгөгч Б.Б******* нь өөртөө давуу байдал олж авах зорилгоор хахууль өгсөн, С** аймгийн Гаалийн газар слесарь ажилтай шүүгдэгч С.Э******* нь эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосны хариуд хахууль авсан үйлдлүүд нь хахууль өгөх, авах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дээр дүгнэлээ.
Шүүгдэгч Я.Г******* нь шүүгдэгч С.Э*******тай дээрх гэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн шүүгдэгч Я.Г*******, С.Э*******ыг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдад болон өөртөө давуу байдалд бий болгосон гэмт хэрэгт, шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нар дүгнэлтдээ :
Шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч Р.Атарцэцэгээс ...Миний үйлчлүүлэгч Б.Б******* нь С.Э*******т ямар нэг хахууль өгөөгүй, ажлын хөлс буюу чөлөөт бүсээс гэрт нь хүргэж өгсний төлөө 100.000 төгрөгийг өгсөн, дахиад А сумаас Сүхбаатар сум хүргээд өгөөрэй гээд 50.000 төгрөг нэмж өгсөн ийм үйлдэл болсон. Авлига өгсөн, авсан талаар энэ хэрэгт нотлогдон тогтоогдоогүй, шүүгдэгч С.Э******* нь ямар бүрэн эрхтэй хүн бэ, авлига авах албан тушаалтан мөн үү гэдэг талаар шалгаагүй, үйлчлүүлснийхээ төлөө өгсөн мөнгийг авлига өгсөн гэж хийсвэрээр дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Э*******ын өмгөөлөгч Д.Даваасүрэнгээс ... Миний үйлчлүүлэгчийг өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан гэж буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч Б.Б******* нь энэ архи тамхийг чөлөөт бүсээс гаргаад өгөөч гэж гуйсан, үүнийг дагуу гаргаж өгөөд л ажлын буюу тээврийн зардал гэж 100.000 төгрөг авсан байдаг. Тэгэхээс шүүгдэгч Я.Г*******тай ярьж тохироод, шүүгдэгч Б.Б*******аас хахууль мөнгө авсан зүйл огт байхгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан ... улс төрийн нөлөө бүхий хүн биш, энэ хэргийг зохион байгуулалтай үйлдсэн зүйл байхгүй байгааг шүүх анхаарч үзнэ үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Я.Г*******ийн өмгөөлөгч М.Гансүхээс ...Энэ хэрэгт миний үйлчлүүлэгчийг бусдад давуу байдал олгосон, санаатай үйлдлийг нотлон тогтоож чадаагүй, Г******* нь Э*******т ямар давуу байдал олгосон юм вэ,үүнийг шалгаж тогтоогоогүй, энэ хүмүүс бие биенээ ч сайн танихгүй хүмүүс шүү дээ. Шүүгдэгч С.Э******* нь яаралтай ажил гарлаа гэж хэлсэн Я.Г******* ажил үүргээ гүйцэтгэж зохих ёсоор шалгасан урьд суудал дээр нэг тамхи байсан , харин хайнга хандаж дутуу шалгасан. Энэ нь зөрчлийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Мөн үгсэн тохирсон үйлдлээрээ, нэгдсэн хатгасан, гүйцэтгэсэн гэх үйлдэл огт байхгүй, үүнийг шалгаж тогтоогоогүй, Өнөөдөр энэ архи, тамхийг хил зөрчиж оруулж ирээгүй зөвхөн татваргүй барааны дэлгүүрээс л бараа зөөвөрлөсөн үйлдэл байгаа. Иймд миний үйлчлүүлэгчийн үйлдлийг нотлон тогтоогоогүй байж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарын өмгөөлөгч нараас ... шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцуулах, шүүгдэгч нарт холбогдох хэргийг нотлон тогтоож чадаагүй, хахуул өгөөгүй, ажлын хөлс өгсөн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах санал дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Шүүгдэгч Я.Г******* нь Нийтийн албан тушаалтнаар буюу С** аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг С** аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс шалгахгүй гаргаж Б.Б*******, С.Э******* нарт давуу байдал бий болгосон, шүүгдэгч С.Э******* нь Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын слесариар ажиллаж байхдаа 12 ширхэг Finlandia архи, 10 хайрцаг Кастер 5 тамхийг С** аймгийн А сум дахь "А" чөлөөт бүсээс гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж өөртөө буюу Б.Б*******т давуу байдал бий болгосон, үүнийхээ төлөө 100,000 төгрөгийн хахууль авсан, шүүгдэгч Б.Б******* нь эд бараагаа гаргуулсны төлөө С.Э*******т 100,000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэл нь энэ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч нарын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэсэн.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч гэм буруутай гэж дүгнэсэн дээрх нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хавтас хэрэгт тусгагдаагүй, шүүгдэгч нарт холбогдох хэргийг шалган шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах саналыг хүлээж аваагүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Б*******, С.Э******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б*******, С.Э*******, Я.Г******* нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан зэрэг байдлыг ял шийтгэл оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн санаа, хэргийн нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зөв гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б*******, Я.Г******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь 2022 оны 12 дугаар сарын 17-ний өдөр энэ гэмт хэргийг үйлдсэн ба Авлигын гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан ба 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрийн мэдээлэлд хэвлэн нийтэлсэн байна.
Иймд шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарын үйлдлийг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлж, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн гэмт хэрэг, үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэж 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч Я.Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,600.000 /таван сая зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч С.Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, Б.Б******* нарын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд, шүүгдэгч С.Э*******ын торгох ялыг 3 /гурван/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулав.
Шүүгдэгч Я.Г*******,С.Э*******, Б.Б******* нарын эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолох нь зүйтэй гэж байна.
Шүүгдэгч Я.Г*******,С.Э*******, Б.Б******* нарын торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жак данелс 1 литрийн виски 12 ширхэг, Финланд водка нэртэй архи 1 литрийн хэмжээтэй 12 ширхэг, Кастер-5 нэртэй 10 хайрцаг буюу 500 ширхэг блок тамхи, Кастер-5 нэртэй 1 ширхэг блок тамхи тус тус / Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд/ хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох,
Энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хар ямаат овогт Я******* Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Б******* овогт С******* Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Нийтийн албан тушаалтан албаны үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
Мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3-д заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд,
С овогт Б Б*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дүгээр зүйлийн 1-д заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Я******* Г*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгж буюу 5400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Мөн шүүгдэгч С******* Э*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч Б Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 / хоёр сая долоон зуун мянган / төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Э*******т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 8300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.300.000 /найман сая гурван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг оногдуулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Я.Г*******, Б.Б******* нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээтэй төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******,С.Э*******, Б.Б******* нарын эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нарын торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүгдэгч нарын оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Я.Г*******, С.Э*******, Б.Б******* нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Жак данелс 1 литрийн виски 12 ширхэг, Финланд водка нэртэй архи 1 литрийн хэмжээтэй 12 ширхэг, Кастер-5 нэртэй 10 хайрцаг буюу 500 ширхэг блок тамхи, Кастер-5 нэртэй 1 ширхэг блок тамхи тус тус /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалагдах өрөөнд/ хадгалагдаж байгааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
10.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
12.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш, эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 11.9 дүгээр зүйлд заасныг дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.МӨНГӨНЦЭЦЭГ