Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн  Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр,

 Улсын яллагч  Н.Бадам, 

             Шүүгдэгч .... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт ....... холбогдох 2533000000008 тоот эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын ....-ний өдөр .... аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, .... аймгийн .... сумын “.....” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ..... аймгийн ..... сумын .... ...-р баг, .... тоотод оршин суух, . овогт .......... (РД:.......)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ..... нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ..... аймгийн ..... сумын ..... дүгээр багийн ..... дугаар гудамжинд  хувийн таарамжгүй харилцааны улмаас ...... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)                     

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлав:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ..... нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр .....аймгийн .... сумын ..... дүгээр багийн ..... дугаар гудамжинд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн ..... зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1.Хохирогч ..... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би ..... аймгийн .... сумын ..... дүгээр баг ..... тоот гэрээсээ 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цагийн орчим гэрээсээ гараад .... сумын төв рүү ороод .... дүгээр байрны орчим .... нартай уулзаад хамтдаа .... дүгээр байранд байдаг ....гээд охины гэрт байж байгаад шөнө 03 цагийн орчим гараад би 2 найзын хамтаар .... руу очоод тэндээсээ салаад гэр лүүгээ ганцаараа алхаад явж байхад замд автобусны буудал дээр миний зүс таних ..... гэх ах таараад намайг эхлээд дуудсан. Тэгээд яваад очсон чинь .... ах бага зэрэг архи уучихсан халамцуу надад хандаж чи хэн бэ? гэж асуухаар нь би .....байна ш дээ гэж хэлсэн. Гэтэл надад яасан мэнд ус байхгүй болчихсон уу? гэхээр нь би мэндлээд гар барьсан. Тэгээд намайг хамт ойрхон явчхаад ирье гээд дагуулаад ..... цайны газар луу явах үедээ надад хандаж чи ахтайгаа хамт ганц пиво уучих гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөхөд "....."-аас ороод утсаа тавьсан байсан мөнгийг нь өгч аваад мөн ундаа авчхаад буцаад Өсөхбаяр ахын гэрт (манай гэрээс холгүй байдаг) нь хамт ороход ..... ах том савтай 2 пиво авсан байсан. Ингээд гэрт нь 2 пиво хувааж ууж сууж байхад эхлээд надад хандаж танай найз болон та нар ямар ч мэнд усгүй болсон байна лээ гэхээр нь би юм дуугарахгүй суугаад байсан. Тэгээд 2 дахь том савтай пиво дууссан чинь намайг хамт гарч бие засъя гээд дагуулаад гарахаар нь би хамт гарсан чинь хамтдаа "......" руу дахиад очоод тэндээс 2 том савтай пиво ...... ах аваад буцаад гэрт нь хамт ирээд бид 2 хувааж уусан. Ингээд ууж байхад би ч нэлээд согтсон ....... ах ч гэсэн согтсон. Тэгээд бид 2 маргалдаад гэрээс нь гараад хашааны гадаа зодолдсон би яг яаж зодуулснаа санахгүй байна. Ямар ч л байсан зодолдоод байх шиг байсан. Гэртээ яаж харьснаа ч санахгүй байна. Нэг мэдэхэд эмч цагдаа нар ирсэн байсан...

...... надад хохирол 300.000 төгрөг өгсөн. Одоо дахиад 200.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 12,14-р хуудас),

2.Гэрч ...... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны үүрээр 05 цаг өнгөрч байхад .....гэх залуу гэрт орж ирээд манай нөхөр ..... хамт манай гэрт бор савтай Сэнгүр нэртэй 4-5 сав том пиво уусан. Тэгээд тэр 2 хоорондоо маргалдаад гэрт зодолдоод гэрээс гарч гадаа зодолдсон. Тэгээд ..... эгч бид хоёр салгаад явуулсан. Нөгөө залуу хойшоо гэр лүүгээ явах шиг болсон. Тэгээд манай нөхөр удалгүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21-р хуудас),

3.Гэрч ...... мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим ганцаараа байхад манай дүү ...... хүү .....  байшингийн цонхны доогуур явахаар нь орж ирэх байх гэж гэж харсан чинь орж ирээгүй. Араас нь эхнэр нь болох ....  бас цонхон доогуур  явахаар нь орж ирэх гэж байна гэтэл үүднээс буцаад явсан. Хэсэг хугацааны дараа  15-20 орчим минутын дараа  гэрт орж ирээд юм ярихгүй юм хайгаад  байх шиг байсан. Тэгэхээр нь ..... хандаж “яасан ..... хайгаад байгаа юм уу. Түрүү цонхны доогуур явж байсан. Эргэж ирээгүй юм уу” гэсэн чинь  надад гадаа зодолдоод байна гэхээр нь .... зодуулаад байгаа юм уу гэтэл үгүй эгчээ, ..... хүн зодоод байна гэсэн. Тэгээд гэрээс хамт гарахад нэг хүнийг газар унагаачихсан 1-2 удаа өшиглөж байхаар нь ...... “боль, юу болоод байгаа юм” гээд бариад автал ..... хашааны банз сугалж бариад миний мөрөн дээгүүр давуулж газар унасан байсан хүүхдийг банзаар цохиход банз нь хугарсан. Дахиад өшиглөөд цохих гэхээр нь би болиулсан...” гэсэн мэдүүлэг(хх-ийн 23-26-р хуудас),

4. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 3-4, 5-7-р хуудас)

5.Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох зөвшөөрлийн хуудас, зэрэглэлийн хүснэгт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хх-ийн 27-30-р хуудас)

 

6. ...... аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 110 дугаартай ...

1....... биед тархи доргилт, зүүн гарын 4, 5-р хуруунд шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

4.Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Шинжээч эмч .........гэх шинжээчийн  дүгнэлт (хх-ийн 47-48-р хуудас)

 

7. 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  ...... аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн 202501131511 дугаартай хуудас, томографын дүгнэлт, хэвлийн хөндийн хэт авианы оношилгоо, ...... сумын эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас, зүрхний бичлэг, тээвэрлэлтийн зөвшөөрөл, шинжилгээний хариу зэрэг баримтууд, (хх-ийн 54, 55-58-р хуудас)

8. Шүүгдэгч ..... мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ ганцаараа 1 том савтай пиво уучхаад дахиад “......” нэртэй цайны газар луу явж тэндээс дахин пиво авах гээд гэрээс 04 цагийн орчим гараад “......” ороод тэндээсээ 2 том савтай пиво аваад оронд нь гар утсаа үлдээгээд аваад гэртээ байж байгаад буцаад ..... цайны газар луу яваад тэндээс 45,000 төгрөгийн барьцаанд тавьсан утсаа авах гээд гарах үедээ автобусны буудал дээр манай гэрийн хажууханд байдаг ...... таараад ...... мэнд ус байдаггүй юм уу? гэхэд ..... надтай мэндэлсэн. Ингээд надад 2 том савтай пиво байна хамт уух уу? гэхэд зөвшөөрөөд бид 2 эхлээд “.....” ороод би барьцаанд тавьсан утсаа 1 том Кола ундаатай аваад манай гэрт очоод миний авсан 2 том савтай пивыг уусан. Тэгээд ууж дуусаад дахиад ..... руу очоод дахиад утсаа барьцаанд үлдээгээд 2 том савтай пиво аваад түүнийгээ манай гэрт очоод ууж байхад муудалцаад эхэлсэн яг юунаас гэдгийг санахгүй байна. Ямар ч байсан барьцалдаж аваад бид 2 гэрт зодолдоод аяга таваг хагараад ..... хагархай аяга бариад дайраад байхаар нь би унагаасан. Гэтэл эхнэр босож ирээд ...... харь гээд гаргасан. Би араас нь гарахад намайг ........ би чамайг ална гээд хараагаад байхаар нь би явж очоод барьцалдаж авч зодолдож байхад эхнэр ...... болон эгч ...... нар салгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 78-79)

9.Шүүгдэгч ....... шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, дүгнэлтийнхээ хариуцлагыг бүрэн хүлээх үүрэг хүлээсэн шинжээчид гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийг шийдвэрлэхэд хангалттай  байна гэж дүгнэв.

Дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дугаар зүйлийн 2 дах хэсэгт  “...Энэ хуулийн тусгай ангид  заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг  учирсныг гэмт хэрэгт  тооцно...”   гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч ....... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.Жавхлантай маргалдаж улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэжээ.

Шүүгдэгч ........ нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч бусдыг зодож хүний биед хөнгөн гэмтэл зориуд учруулсан тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Иймд шүүхээс шүүгдэгч ...... бусдын биед хөнгөн хохирол  санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Прокуророос ..... үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцэж байна.

Шүүгдэгч ...... нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

 

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгч ..... нь хохирогч ..... 300,000 төгрөг төлсөн ба хохирогч ...... нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. (хх-ийн 14-р хуудас)

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч ...... нь хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 -д заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан материаллаг хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх, байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж  шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх  хэсэгт зааснаар ..... нь торгох ял болох 800,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй байна.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болно.

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1...... овогт ....... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...... 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар торгох ялын найман зуун мянган төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч . .......төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор  тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.