| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 179/2017/0155/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/184 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 091.1., |
| Улсын яллагч | Л.Отгончимэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж шүүгч М.Эрдэнэ-Очир, Н.Ариунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн даргаар П.Ундрах
Улсын яллагч Л.Отгончимэг
Иргэдийн төлөөлөгч Б.Намжилмаа
Хохирогч А.Н-
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох Эрүүгийн 201722000134 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.Г-,
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 03 дугаар сарын 02-ноос 2017 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн тариалан сумын Баянхошуу багийн нутаг Гунзгуй толгой гэх газарт байрлах өөрийн гэртээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн А.Н-ыг тавагтай идээ нурааж айл гэр хүндэлсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь зүүн талын зулайн дэлбэнгийн няцрал, зөөлөн бүрхүүлийн урагдал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дух, баруун, зүүн хөмсөг зулгарсан шарх, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүх хуралдаанаар хохирогч, гэргч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 03 дугаар сарын 02-ноос 2017 оны 03 дугаар сарын 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн тариалан сумын Баянхошуу багийн нутаг Гунзгуй толгой гэх газарт байрлах өөрийн гэртээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын иргэн А.Н-ыг тавагтай идээ нурааж айл гэр хүндэлсэнгүй гэх шалтгаанаар зодож биед нь зүүн талын зулайн дэлбэнгийн няцрал, зөөлөн бүрхүүлийн урагдал, зүүн талын зулай , чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт, дух хэсгийн хуйхан доорх цус хуралт, дух, баруун, зүүн хөмсөг зулгарсан шарх, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтлүүдийг учруулж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд хоол цай болоод С-ынхон дээшээ явна гэхээр нь ах маань дайгдаад хүргүүлнэ гээд гараад явсан. Үүнээс хойш холбоо бариагүй хаана байгааг нь мэдээгүй, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өглөө гэртээ байж байтал 11 цаг өнгөрч байтал Б.Г- гэдэг айлаас ахын бие муу ухаангүй байна гэсэн хэл ирэхээр нь нөхрийнхөө хамт машинаар Б.Г- гэдэг айлд очсон, намайг очихтай зэрэгцээд манай багийн эмч ирж байсан. Намайг очиход ах маань Б.Г- гэж айлын гэрийн баруун талаар газарт хэвтчихсэн, хамаг бие нь чичрээд хурхираад байсан, гаднах хувцасыг нь харахад дээлнийх нь урд хормой хойд хормой нь норсон байхаар нь би дээлийг нь тайлж хатаасан. Дээлийг нь тайлахад доторх өмд цам ц нь норсон байсан. Би эмчтэй хамжиж хувцасыг нь тайлаад газарт дээл дэвсэж дээр нь ахыг хэвтүүлээд эмч эмчилгээ хийсэн. Тэгээд сумын төв рүү хэл болоод сумын эмч нь ирж үзсэн дараа нь төрсөн ах З-ыг сумын төвөөс дуудаад ах маань үдээс хойш болж байхад ирэхээр нь А.Н- ахыг аваад би гэртээ харьсан. Энэ хугацаанд эмч нар эмчилгааг тасралтгүй хийж байсан ч биеийн байдал нь дээрдэхгүй л байсан. Би А.Н- ахыг гэртээ аваачаад өмсөж байсан бүх хувцасыг нь угаагаад тавьсан, тэгээд дээлнийх нь цагаан зах цус болсон байхаар нь хуулж аваад дээлийг нь эвхээд далд хийсэн. Үүнээс хойш ах ухаан орохгүй байсаар байгаад 2017 оны 03 дугаар сарын 05-ны сумын төвөөс эмч нар ирж ахыг аваад сумын эмнэлэгт хүргэсэн, тэндээ эмчилгээ хийлгэж байгаа 03 дугаар сарын 06-ны өглөө нас барсан. Б.Г- гэдэг залуугын эхнэр нь өглөө 04 цаг болж байхад гараад явчихсан, би араас нь гараад олоогүй гэр лүүгээ явсан байх гэж бодсон гэсэн. Б.Г- нь болохоор С-ыг би зодоод унтуулсан гэж хэлсэн, манай ахыг зодсон барьсан талаар юу ч яриагүй. Ахын нүүр нь хөхөрсөн байхаар нь та нар зодолдсон юм биш үү манайхаас гарахдаа ийм гараагүй ш дээ гэсэн чинь тэд нар дугарахгүй байгаад байсан, ...Эмнэлэгт болон ухаангүй байх үед нь гарсан зардал 133.350 төгрөгний зардал гарсан. Үүн дээр нэмээд оршуулгын зардал гэж нийт 738.350 төгрөгний зардал гарсан байна. 1.281.700 /нэг сая хоёр зуун хорин нэгэн мянга долоон зуу/ төгрөгний баримттай зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/,
Гэрч Н.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өглөө би сумын төвийн хойд тал байдаг хамаатныхаа айлд гэр бүлийнхнийхээ хамт золгууд хийгээд явж байтал 11 цаг 49 минутанд ... дугаарын утсаар Ц- гэдэг хүн залгаад А.Н- ах манайд унтаад сэрэхгүй байна гэхээр нь би битгий хөдөлгөөрөй гэж хэлээд тэр айлаасаа гараад шууд Б.Г- гэдэг айлд ирсэн. Би ирэхээсээ өмнө гэрээрээ орж цүнхээ эм тариагаа авсан. Тэгээд Б.Г-т гэдэг айлд ирэхэд 12 цаг 55 минут болж байсан. Энэ айлд ороход гэрийн баруун талд байх орны урд газраар толгойг нь дээш харуулж хэвтүүлсэн эрэгтэй хүн байсан. Тэр хүн доороо дээл дэвссэн , гадуураа дээл хувцастайгаа байсан. Тэр хүний зүүн талын нүд хөхөрсөн, хамраас нь цус гараад хатсан байсан, мөн хоёр гарын сарвуунууд нь цус болоод хатчихсан, ухаангүй хурхирч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37-р тал/,
Гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хониндоо тэжээл өгөхөөр өвсний хашаа ороход хашаан дотор, урд хэсэгт нь өвсний ёроолд нэг хүн хэвтэж байх шиг байхаар нь очоод харсан чинь А.Н- ах толгой нь ертөнцийн зүгээр хойд зүгт харсан хоёр хөл нь урд зүгт шулуухан нийлсэн баруун гараа нугалаад толгой доороо хийсэн, зүүн гар нь цээжин дор нь байсан, унтаж байгаа юм шиг хурхирч байсан. Тэгэхээр нь би татаад сэрээх гэсэн чинь босохгүй болохоор нь тэвэрж босгоод өвсний хашаа давуулаад тэврээд гараад гэрийнхээ зүг явж байтал өөдөөс Цэнгээ гарч ирээд надтай хамжиж өргөөд Б.Г-ыг гэрт оруулсан. Гэрт оруулаад гэрийн баруун талын орны урд доор нь юм дэвсэхгүй шууд газарт газарт хэвтүүлсэн. Газарт хэвтүүлээд харахад нүүр нь цус болчихсон, нүд нь хөхөрчихсөн юм шиг харагдсан, тэгэхээр нь би Б.Г-т хандаж чи яасан юм энэ хүнийг зодсон юм уу гэсэн чинь зодоогүй гээд байхаар нь хурдан эмч дууд гэж хэлээд гэрээсээ гар утас авч ирж Цэнгээд өгчихөөд хониндоо явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Н- ах гэрийн хойморт ширээний ард сууж байснаа согтоод урагшаа унахдаа ширээн дээр байсан тавагтай идээг нь нураасан. Тэгтэл Б.Г- ширээний зүүн урд талд сууж байснаа босч ирээд чи манайхыг хүндлэхгүй байна гэж уурлаад сууж байсан сандлаараа ширээнийхээ булан цохиод ширээний тавцан хугалснаа А.Н- ахыг дээш нь татаж босгож ирээд нүүрэн тус газар нь баруун гараараа хоёр удаа цохиод нэг удаа толгойгоороо мөргөсөн. Тэгэхээр нь би чи бие муутай хүнийг яах гээд байгаа юм бэ гээд босоод Б.Г-тай барилцаад заамдалцаж аваанд нэг нэгийгээ гараараа цохьсон, энэ үед унтаж байсан эхнэр нь босч ирээд бид хоёрыг салгасан. Б.Г- бид хоёрыг зодолдоод салахад А.Н- ах гэрээс гараад явсан байхаар нь би араас нь гарсан чинь хонины хашааны тийшээ нэг юм дуугарахаар нь хонины хашааны тэнд очсон чинь А.Н- ах хонины хашааг даваад цаашаа орж байгаа харагдахаар нь би яваад очтол хонины хашаа руу ороод газарт хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би очоод ахыг өргөж босгоод бид хоёр алхаад эргээд Б.Г-ын гэрт ороод баруун талын орон дуур суулгасан. А.Н- ахыг орон дээр суулгачихаад би хувцсаа өмсөж байтал Б.Г- муухай орилоод яасан овоо пизданууд вэ, би та нарын яваагүй юманд яваад ирсэн, та хоёрыг алнаа гээд орон дуур сууж байсан А.Н- ахын нүүрэн тус газар нь 4-5 удаа цохьсон. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгасан чинь Б.Г- над руу дайрахаар нь эхнэр нь Б.Г-ыг болиулсан. Би Б.Г-аас холдоод байж байтал хаалга дуугараад А.Н- ах гараад явсан, ахыг гараад явсных нь дараа би гараад явах гэсэн чинь Б.Г- надтай зууралдаад гаргахгүй байсаар байгаад барагцаагаар 20 минутын дараа гарахад А.Н- ах харагдахгүй байсан, би хайгаад олохгүй эргэж Б.Г-ын гэрт ороход Б.Г- унтаж байхаар нь цаг харсан чинь өглөөний 05 цаг болж байхаар нь хэсэг унтая гээд баруун талын орон дээр унтаад өглөө 08 болж байхад боссон, тэгэхэд Б.Г-ын эхнэр боссон байхаар нь хамжиж урд хашаанаас нь өвс авч малд нь өгчихөөд мотоциклоо унаад Тариалангийн төв рүү явсан. Тариаланд ирээд гэртээ л байсан. Ийш тийшээ гараагүй. Баруун гараараа нүүрэн тус газар нь 3 удаа цохиод нүүрэнд нь нэг удаа мөргөсөн. Ингэж цохиж байхад А.Н- ах яах ч үгүй суугаал байсан. Дандаа толгой нүүрэнд гараараа цохиод байсан. Барагцаагаар 4-5 удаа цохьсон. Дандаа л гараараа цохиж, толгойгоороо цохисон өөр юмаар бол цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
Гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр би сумын төвд гэртээ байж байтал 13 цаг 25 миутын орчимд манай эмнэлэг дээрээс ээлжийн сувилагч над руу залгаад: Баянхошуунаас багийн эмч дуудлага өгсөн, А.Н- гэдэг хүн цус харвасан ухаангүй хүн байна гэж хэллээ гэсэн, ....Тэр айлд очиход багийн эмч эмчилгээ хийсэн даралт буулгасан, гэрийн баруун талын орны урд хөх өнгийн үстэй дээлэн дээр хэвтүүлсэн, хөлөн дээр нь дээлээр хучсан эрэгтэй хүн байсан, тэр хүнийг би эхлээд таниагүй. Тэгээд биеийн байдлыг үзэхэд ухаангүй, хурхирсан, бие нь чичирхийлсэн таталттай, хүүхэн хараа хоёр талд нарийссан, гэрлийн урвалд хариугүй, хоёр гарын булчин чангаралттай, артерийн даралт 160,170 орчим, зүрхний цохилт 130-140 хүрсэн, зүүн талын нүд хөхөрч хавдсан, баруун талын духны хэсэгт цус болж наалдсан, хоёр гарын шууны хэсэгт цус хуралттай байсан. Би очоод зүрх судас дэмжих, тайвшруулах эмчилгээ хйисэн, багийн эмч болохоор цус тогтоох эмчилгээ хийсэн байсан, би очоод тайвшруулах эмчилгээ хийсний дараа цус тогтоох, тархины хаван хөөх, даралт буулгах эмчилгээ судсаар хийгээд энэ талаар дэвтэрт бичсэн. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг болж байхад би багийн эмчтэй ярихад даралт нь буурч байна гэхээр нь бид нар одоо очлоо гээд 12 цаг болж байхад нөгөө газраа очоод эмчилгээ хийж үзэхэд бие нь дордсон байсан. Тэгэхээр нь эмчилгээ хийлгэж байгаад 15 цаг өнгөрч байхад өвчтөнийг аваад сумын төв рүү орж ирсэн, сумын төвд ирэхэд 16 цаг болж байсан, эмнэлэгт авч ирээд шууд эмчилгээ хийсэн ч биеийн байдал дээрдэхгүй байсаар 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минут болж байхад нас барсан, тэгээд цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-р тал/
Гэрч Р.Ц-йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Унтаж байтал юм ничигнэх чимээ гарахаар нь босоод иртэл ширээн дээр байсан тавагтай идээ газар унасан байхаар нь юу болов гэсэн чинь Б.Г- А.Н- ах идээ аваад шидчихлээ гэсэн. Тэгэхээр нь би боль гэсэн чинь С-: А.Н- ах намайг танайхаас хөөгөөд байна гэсэн. Тэгтэл манай нөхөр ширээний хажуугаас босч ирээд ширээний хойморт сууж байсан А.Н- ахыг барьж аваад гараараа нүүр лүү нь гурван удаа цохичихоор нь би Б.Г-ыг салгасан, тэгсэн чинь А.Н- ах гараад яваад өгсөн, тэгтэл Б.Г- С- хоёр араас гараад явснаа тэр гурав гаднаас орж ирсэн. Орж ирээд гэрийн баруун талын орон дээр зэрэгцээд сууцгаасан. Тэгтэл А.Н- ах гараад яваад өгсөн, тэгтэл А.Н- ах заза ах нь явлаа гээд гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарсан чинь харагдахгүй байхаар нь хонины хашаан дотор үзэхэд байхгүй байхаар нь би гэртээ орсон, гэртээ ороход Б.Г- С- хоёр хоорондоо зодолдож байхаар нь салгаад нэг нэг орон дээр унтуулсан. Унтахад цаг харахад 04 цаг өнгөрч байсан. Өглөө нь 09 цаг болох гэж байхад босоод малдаа өвс өгсөн, тэгээд галаа түлчихээд үхрээ тууж гаргасан, энэ үед С- босч ирээд надтай мал туулцаж өгөөд явлаа гээд мотоциклоо унаад явсан, малаа хотлуулаад дуусч байхад манай гадна талын айлын хүмүүс ирсэн. Би тэгж яваад өвсний хашаанаас өвс авч хониндоо өгөх гэж очсон чинь дотор нь А.Н- ах хэвтэж байхаар нь очоод үзсэн чинь дээл өмд нь норсон байхаар нь буцаж гэртээ явж байтал Н.Б- ах ирж байсан. Би гэртээ ороод байж байтал гаднаас Н.Б-ийн эхнэр орж ирхээр нь би А.Н- ахыг өвсний хашаан дотор хэвтэж байна гэж хэлсэн чинь тиймүү гэж гараад оруулж ирсэн. А.Н- ахыг гэрт оруулж ирээд баруун талын орны урд газарт хэвтүүлсэн. Би Н.Б- ахын утсаар багийн эмчийг дуудсан, би эмчид А.Н- ах ухаангүй байна гэж хэлсэн. Манай нөхөр гурван удаа л цохисон, өөр хүн цохиж гар хүрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/,
Гэрч А.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 03 ны өдөр би сумын төвд гэртээ байхад өдөр 13 цагийн үед хөдөөнөөс манай дүү А.Н-гийн гэрээс над руу залгаад А.Н- ахын бие нь муу байна хурдан ир гэхээр нь би унаа машин гэж явсаар байгаад орой 18 цаг болж байхад Б.Г- гэдэг айлд очсон. Би дүүгийнхээ гэр лүү нь явж байгаад замдаа шавар шавхай ихтэй төөрч будилж явсаар байгаад Б.Г- гэдэг айлд очсон эмчилгээ хийж байсан , би очоод дүүгээ дүүгийнхээ гэр лүү аваад явъя гэтэл эмч нар тээвэрлэж болохгүй гэхээр нь дүүгээ бие нь муу байхад айлд байлгаад яахав аргалаад яваад явъя гэж байгаад дүүгээ аваад А.Н-гийн гэрт аваачсан. Тэгээд тэндээ ам тариа байхгүй гэхээр нь эргээд сумын төв рүү орж захисан эм тариаг нь аваачиж өгсөн, тэгээд Улаанбаатар хотод байдаг эмэгтэй дүүдээ хэл өгүүлээд буцаад А.Н-гийн гэрт нь очсон. Дүүд маань эмч нар эмчилгээ хийгээд сайжрахгүй байсаар байгаад 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр сумын төвийн эмч нар очиж сумын төвд эмнэлэгт оруулж ирсэн ч ухаан орохгүй бие нь сайжрахгүй байсаар байгаад нас барсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-р тал/,
Гэрч Д.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...11 цагийн үед манай эхнэр рүү хүн яриад А.Н- ахын бие нь муу байгаа талаар хэлсэн гэсэн, тэгэхээр нь би эхнэрийг аваад өөрийнхөө машинаар Б.Г- гэдэг айлд очсон, эхнэр бид хоёрыг тэр айлд дөнгөж ороод байж байтал манай багийн эмч ирсэн. Би Б.Г- гэдэг айлд ороход ах гэрийн баруун талд газарт өмсөж явсан хувцастайгаа хэвтэж байсан, өмсөж байсан дээлнийх нь энгэр норсон байна гээд манай эхнэр дээлийг нь тайлсан, би хоёр гутлыг нь тайлж өгсөн. Тэгээд сумын төвөөс их эмч нь ирээд эмч нар хамжаад эмчилгээ хийсэн, тэр өдрийнхөө үдээс хойш нь ахыг аваад гэртээ ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/,
Гэрч Д.А-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нөхөр бид хоёрыг А.Н- гуайнд байж байхад Б.Г-, А.Н- гуай эхнэртэйгээ С- ах тэд нар гэрийн гадаа шөнө ирээд хоорондоо маргалдаад байсан тэгээд гэрт орж ирээд Б.Г- А.Н- гуайг ална шүү гээд заамдаж аваад гэрийн зүүн талын орон дээр дарж унагаасан А.Н- гуай ах нь яасан юм бэ гэж байсан С- ах хөгшин хүн яах гэсийн гээд салгасан тэгээд тэд нар монгол архи хувааж уугаад хэсэг сууж байгаад Б.Г-ынд очно гээд гараад явцгаасан. Тариалангаас төвд орж ирээд С- ахыг хөдөөнөөс орж ирээ юу гээд төрсөн эгч Нарангэрэлээс асуухад ирсэн унтаж байна гэж байсан гурав хоногийн дараа аав ирж Мягаа ахтай уулзаад ирлээ авгайнх нь ах А.Н- гуайг нас барсан байна гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 88-р тал/,
Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...А.Н-ын биед учирсан зүүн талын зулайн дэлбэнгийн няцрал, зөөлөн бүрхүүлийн урагдал, зүүн талын зулай, чамархайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цус хуралт бүхий гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн ба, эдгээр гэмтлүүд нь эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж байхгүй. Хэрвээ унасан бол энэ гэмтэл үүсэх боломжтой, гэхдээ тээврийн хэрэгсэлээс унасан гэж үзвэл тухайн хүний арьсан дээр зулгаралт болон бусад шинжүүд илрэх ёстой, энэ тохиолдолд тийм шинж илрээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-р тал/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 20 дугаартай:
А.Н-ын цогцосоос авсан цусанд этилийн спирт илэрсэнгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 108-р тал,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6-р тал/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9-р тал/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-13-р тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-р тал/,
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24-р тал/
Шүүгдэгч Б.Г-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна миний буруу хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү...” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г-ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн 201722000134 дугаартай хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой хууль ёсны гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-158-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд согтуугаар гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн 201722000134 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г- нь оршуулгын зардал болон бусад зардлыг төлөхөө хүлээн зөвшөөрч илэрхийлж байх тул 1.281.700 төгрөг гаргуулж хохирогч А.Н-д олгох нь зүйтэй.
Шүүгдэгчийн урьдчилан цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Онход овогт Б.Г-ыг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ыг 8 /найм/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Г-т оногдуулсан 8 /найм/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 120 /нэг зуун хорь/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар Б.Г-аас 1.281.700 /нэг сая хоёр зуун наян нэгэн мянга долоон зуу/ төгрөг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багт оршин суух А.Н-д олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД М.ЭРДЭНЭ-ОЧИР
Н.АРИУНЖАРГАЛ