Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 3

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00533 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “КБ ” ХХК-ий Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ш.О  , Г.Х  нарт хариуцагдах “...6.679.821 төгрөг болон зээлийн барьцаа  хөрөнгө болох Г-1105002046, Ү-1105002857 улсын бүртгэлийн дугаартай хөрөнгүүдээр  үүргийн гүйцэтгэлийг  хангуулах тухай” нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон “...зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 900205 төгрөгийг гаргуулах тухай” нэмэгдүүлсэн шаардлага бүхий  нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.О   нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны  02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.О  , Г.Х , нарийн бичгийн даргаар Ц.Даваасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч КБ  ХХК-ий Өмнөговь салбараас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Ш.О  , Г.Х  нартай 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр №3Г/2032002047 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 9000000 төгрөгийн зээлийг гэр бүл ахуйн хэрэглээний зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 2.4 хувийн, жилийн 28.8 хувийн хүүтэй олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 2-р баг, Хан-Уулын 24-6 тоотод байрлах Г-1105002046 улсын бүртгэлийн дугаартай 704 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Ү-1105002857 улсын бүртгэлийн дугаартай 48 м2 талбайтай гражийн барилга, 5 ханатай, бүрэн тавилгатай гэр зэргийг тус тус барьцаалсан.

Зээлийн гэрээний эргэн төлөлтийг 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хийх болсон боловч Ш.О  , Г.Х  нар нь өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба одоо 5311383 төгрөгийн үндсэн зээл, 1140365 төгрөгийн зээлийн хүү, 228073 төгрөгийн хуримтлагдсан хүүг төлөөгүй “Капитал” банк ХХК нь Ш.О  , Г.Х  нарын хооронд байгуулсан № ЗГ/2032002047 тоот “Зээлийн гэрээ”-ний 8.3.1 дах заалтуудыг тус тус зөрчин банканд хүндрэл учруулаад байна.

Ш.О  , Г.Х  нараас үндсэн зээл 5311383 төгрөг, зээлийн үндсэн хүү 1140365 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 228073 төгрөг, нийт 6679821 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгө болох Г-1105002046, Ү-1105002857 хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд тус мөнгөн хөрөнгө болон барьцаа хөрөнгийг хариуцагч Ш.О  , Г.Х  нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

...Энэ хүн өөрөө гэр бүл салах гэж байгаа. Би тэгш сард нь, Хүрэлбаатарыг сондгой сард нь төлүүлье гэсэн санааг гаргасан. Банк түүнийг нь дэмжээд зээлийг төлүүлж байсан. Тэгш саруудад зээлээ төлөхдөө 495144 төгрөгийг гүйцээж төлөөгүйн улмаас үндсэн зээл дээр нь хугацаа хэтэрсэн хоногийн хүү, үндсэн зээлийн хүү нэмэгдээд 6154815 төгрөгийн үлдэгдэлтэй байсан гэжээ.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ий Өмнөговь салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: КБ ны зүгээс Ш.О  , Г.Х  нарт холбогдуулан зээлийн төлбөрт 6679821 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотойгоор нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш бодогдсон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалт, мөн зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №3172032002047 тоот зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 150872 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 6830693 төгрөг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ш.О   шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...Тохирсон ёсоор би 2014 оны 12, 2015 оны 02, 04, 06, 08, 10, 12, 2017 оны 02, 04, 06, 08 cap буюу нийт 11 сарын зээл төлөх ёстой. Сард төлөх зээл 495143 төгрөг байсан. Ингээд бодоход 11 сар  495143 төгрөгөөр төлөхөд нийт 5446673 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөс би 2017 оны 04, 06, 08 дугаар сарууд буюу нийт 3 сарын 1485430 төгрөг төлөөгүй. Бусад 3961148 төгрөгийг төлсөн.

Гэтэл банк намайг 3453295,48 төгрөг төлсөн гэсэн тооцоо гаргаж өгсөн байна. Би бодохдоо Г.Х ын төлөөгүй сарын зээлийн хүүд миний төлсөн мөнгөнөөс суутгасан болов уу гэж бодож байна. Бид нар гэр бүлээ шүүхээр цуцлуулсан. Энэ үед би банкин дээр очиж бид нар шүүхдэлцээд байна. Танайх одоо бид хоёрыг шүүхэд өгч өр зээлээ шийдүүлье, хашаа газраа би хүүгийнхээ нэр дээр болгох гээд байна гэдгээ хэлэхэд тохирсон ёсоор төлж бай гээд шүүхэд өгөөгүй.

 Ийм учраас би нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй төлөх ёстой мөнгөө харин ч банкны шаардсан ёсоор төлж ирсэн. Би банкнаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байдалд хүрлээ, шүүхдээд өгөөч гэж удаа дараа гуйж байсан.

 Би барьцаа хөрөнгийг чөлөөлөх юм бол эвлэрлийн гэрээг хэвээр нь батлуулах хүсэлтэй байна. Банкны нэхэж байгаа дүнг би хүлээн зөвшөөрнө. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэр гарснаар банкны хүү зогссон байх гэж бодож байгаа. Гэтэл 2016 оны 10 сард зээлийн үлдэгдэл 3972000 төгрөг байсан. ...төлөлт хүчингүй болоод дахиад тэгш сондгой гэдэг тоогоор зээл төлөлт бий болсон гэж ойлгосон.

Миний төлөлтийг харах юм бол би тэгш сондгой сардаа төлөөд яваад байсан байгаа. ...3454000 төгрөгийг би төлсөн. Би банкинд нэмж мөнгө төлөх шаардлагагүй. Нийт 3972441.03 төгрөг тухайн үед үлдсэн. ...Өмнөх шүүх хуралдаанаас гарсан шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийг Ш.О  д шилжүүл гэж заасан байгаа. Г.Х аас авах мөнгийг Ш.О  д олгосугай гээд заасан байдаг. Гэтэл Г.Х  надад 1000 төгрөг ч өгөөгүй. Банкинд маш их удсаны дараа хэдэн төгрөг төлдөг. Тэр нь төлөгдөөгүй үлдсэн олон сарын хүүгийн хүүд явчихдаг. Хааяа төлж байсан мөнгө зээлээс нь хасагддаггүй.  Сард нь төлөх 821000 төгрөг. Гэтэл энэ хүн мөнгөө 25-ны өдөрт багтаан төлөөгүй тохиолдолд үл маргах журмаар миний хөрөнгийг авна гэсэн үг. Дахиж би энэ мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Төлөх ёстой сардаа бүрэн төлж явж байгаад 2017 оны 02 дугаар сард хагас төлсөн. Хоёулаа ээлжлээд төлөөд явсан бол дуусах байсан гэжээ.

Хариуцагч Г.Х  шүүхэд болон хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 9000000 төгрөгийн зээлийг КБ наас Ш.О   нь гаргуулж авсан. Би хамтран зээлдэгчээр нь орсон. Би энэхүү зээлийн мөнгөнөөс авч хэрэглээгүй бөгөөд энэ мөнгийг юунд зарцуулсан болохоо Ш.О   өөрөө мэдэж байгаа.

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр КБ ны мөнгийг хувааж төлөхөөр тогтсон. Миний төлөх 3966794 төгрөг гарсан. Үүнээс миний төлсөн 3350000 төгрөг байгаа. Одоо үлдэгдэл 617000 төгрөгийг төлнө. Иймд КБ наас нэхэмжилж байгаа мөнгийг би төлж чадахгүй. Энэхүү зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө нь Ш.О  гийн нэр дээр байгаа гэжээ.

Хариуцагч Г.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээ хэвээрээ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 10 дугаар сард банкны үлдэгдэл 6 сая хэвээрээ л байгаад байсан. Уг нь 3 сая гаруй төгрөг л үлдэх ёстой гэжээ.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн Өмнөговь салбар нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: КБ ны зүгээс Ш.О  , Г.Х  нартай холбогдуулан зээлийн төлбөрт 6830693 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх рүү хэрэг шилжсэн тул нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш бодогдсон үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заалт, мөн зээлдэгчтэй байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/2032002047 тоот зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 749333 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 7580026 төгрөг гаргуулах хүсэлттэй байна гэжээ.

Хариуцагч Ш.О   шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.О   миний бие нь КБ наас гаргасан нэмэгдүүлсэн хүүгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээгээ амаар Г.Х тай тохирч зөвшилцсөн. Энэ тохиролцооных нь дагуу би зээлээ цаг тухай бүрд нь төлж явсан. Г.Х ын төлөөгүй хугацааных нь хүүг би төлж байснаа мэдээгүй. 

Би аль ч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь: Би банкин дээр очиж шүүхдээд өгөө, зээлээ төлж чадахгүй боллоо гэдгээ гэр бүлийн маргаан болсон үеэс эхэлж, дараа нь шүүх хурал дуусангуут, шүүхийн шийдвэр бичигдээд ирэхэд шийдвэрээ бариад шууд очиж хэлж байсан. Мөн миний олон удаагийн гуйлтаар банк шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж боддог. Гэтэл банк шүүхэд өгөлгүйгээр өөрийнхөө санаачилгаараа тэгш, сондгой сараар төлүүлнэ гэж Г.Х тай 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрт нь очиж тохирсон байсан. Энэ үйлдэл нь банкны өөрийнх нь гаргаж өгсөн “Ш.О  гийн зээл төлөлтийн хураангуй” гэсэн нэртэй тооцоо хийсэн Б.Б гэсэн баримтаар нотлогдож байгаа.

Тиймээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс зээлийн гэрээгээ банкийг өөрийнхөө санаачилгаар цуцалсан гэж үзэж байгаа. Гэрээний “гэрээ дуусгавар” болох гэсэн хэсэгт ч төлөх боломжгүй нөхцөл үүссэн бол банк санаачилгаараа цуцлах гэж байгаа. Иймд энэ өдөр хүртэл төлөх ёстой байсан мөнгөө гүйцэд төлсөн.

Банк зээлийн гэрээг бичгээр хийсэн байтлаа өөрчлөлт оруулж Г.Х  бид хоёрыг cap сараар төлүүлэхээр шийдсэн нь анхны зээлийн гэрээ цуцлагдсан болохыг давхар нотолж байгаа. Хэрвээ цуцлаагүй бол анхны гэрээний дагуу үндсэн зээлдэгч намайг зээлээ төл гэж шаардах байсан. Гэтэл бид хоёроор тэгш сондгой тоотой сараар төлүүлэхийг шаардаж байсан.

Банк өөрөө Г.Х тай тохирсон үеэс эхлээд зээл төлөлтийн хугацаа хэтэрч, маргаан үүсэж эхэлсэн. Би зээлийг өөрөө хариуцаж төлж байсан учраас ямар ч хугацаа хэтэрсэн асуудал байхгүй байсан гэжээ.

Хариуцагч Г.Х  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие КБ ны нэхэмжилж байгаа 7580026 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл өгсөн өдрөөс эхлэн зээлийн хүү зогссон гэж ойлгож байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна.

2016 оны 10 дугаар сард бид хоёрын гэрлэлтийг цуцлах шүүх хурлаар КБ ны зээлийг Ш.О  той хувааж төлөх шүүхийн шийдвэр гарч 3966794 төгрөгийг би төлөхөөр болсон. Энэ хугацаанаас хойш би боломж бололцоогоороо төлсөөр ирсэн. Одоо үлдэгдэл 617000 төгрөгийг би төлж барагдуулна гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.О  гоос 4872129 төгрөг, хариуцагч Г.Х аас 905335 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “КБ ” ХХК-д олгохоор, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1802562 төгрөг гаргуулах, төлбөр төлөөгүй тохиолдолд 1105002046 дугаартай, 1105002857 дугаартай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “КБ ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149537 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Х аас 26278 төгрөг, хариуцагч Ш.О  гоос 92904 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “КБ ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ий Өмнөговь салбар нь давж заалдах гомдолдоо: “КБ ” ХХК нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 7580026 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нараас нийт 5777464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1802562 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосныг анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 -д “Хуульд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Мөн хуулийн 232.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй анзын гэрээг бичгээр хийсэн гэж заасан байхад нэхэмжлэгч нь бичгээр тохиролцоогүй хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй байх тул 1802562 төгрөгийг илүү нэхэмжилсэн” гэж үзээд хэрэгсэхгүй болгосон.

Мөн нэхэмжлэгч нь барьцааны зүйлтэй холбоотой маргаан шийдвэрлэснийг мэдсэн, мэдэх боломжтой байсан атал барьцааны гэрээний 3.2.13-т заасныг хэрэгжүүлээгүй байх тул барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/Ш32018/00533 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.О   давж заалдах гомдолдоо: “...Банк бичгээр хийсэн зээлийн эргэн төлөх хуваарийг надтай биш Г.Х тай амаар тохирч тэгш тоотой сард надаар сондгой тоотой сард Г.Х аар төлүүлэхээр болсон байсан. Иймд банкны энэ тохиролцоо хийснээр 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр миний бие банктай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон гэж бодож байна. Иймээс 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлөх ёстой үлдэгдэл 7451175 төгрөг байсныг 2 хуваагаад 3725587 төгрөгийг би банканд төлөх ёстой. Үүнээс би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 3453285 төгрөг төлснөө хасахад 272302 төгрөг үлдэж байна. Үүнийг би төлнө.

Банк 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 7451175 төгрөгийн үлдэгдэл байсныг шүүх хурал дээр хэлдэг.  Зээлийн гэрээг дуусгавар болсон гэсэн миний тайлбарыг үндэслэлгүй гэж үзээгүй. Иймээс би шүүхийг гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгаа миний тайлбарыг зөв гэж үзсэн гэж ойлгож байна. Гэтэл 2015 оны 09 дүгээр сарын 13-наас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү бодож тооцсоныг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэрээр 3996794 төгрөгийг Г.Х  надад өгч би түүнийг КБ анд аваачиж өгөх болсон. Гэтэл энэ мөнгийг надад өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт мөнгө тушаасан, банканд төлсөн баримт байдаг. Энэ мөнгийг төлбөр авч надад олгоогүй шууд банканд тушааснаа хэлдэг. Банк ч зөвшөөрдөг. Мөн энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас хэрэгт байгаа.

Гэтэл шүүх намайг Г.Х аас шүүхийн шийдвэрээр мөнгө авах ёстой гэж үзсэн. Тэгтэл Г.Х ын төлсөн мөнгийг миний мөнгөнөөс хасаагүй. Иймээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадсангүй. Иймд шүүхийн шийдвэрийн Ш.О  гоос 4872129 төгрөг гэснийг 287302 төгрөг болгож өөрчилж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Ш.О   нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

          Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэн талаарх өөрчлөлтийг оруулах боломжтой гэж үзлээ.

          Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ий Өмнөговь салбар нь хариуцагч Ш.О  , Г.Х  нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7580026 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргажээ.

           Зохигчдын хооронд 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2032002047 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч Ш.О  , Г.Х  нар нь “КБ ” ХХК-ий Өмнөговь салбараас 9000000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 28,8 хувь, сарын 2,4 хүүтэй, гэр бүл ахуйн хэрэглээний зориулалтаар зээлж авсан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогджээ.

          Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэг, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

          Талуудын хооронд хийгдсэн зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

           Хариуцагч Ш.О   нь 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 2032002047 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлд 1844968,22 төгрөг, үндсэн хүүд 1573771,88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 34555,38 төгрөг бүгд 3453295,48 төгрөгийг, хариуцагч Г.Х  нь зээлийн үндсэн хүүд 1220916,35 төгрөг, үндсэн хүүд 1858532,32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 155733,86 төгрөг, бүгд 3235182,53 төгрөгийг тус тус төлсөн талаар зохигчид маргаагүй.

          “КБ ” ХХК-ий Өмнөговь салбар нь зээлийн гэрээний 5.1 дүгээр хэсгийн 5.1.11 дэх заалт, 8.3 дугаар хэсэг, 8.3 дугаар хэсгийн 8.3.1 дэх заалтуудаар өөрийн санаачилгаар гэрээг дуусгавар болгож, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

          Нэхэмжлэгч нь гэрээг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөр цуцалсан тул үүргийн харилцаа дуусгавар болж үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх нь дуусгавар болсон учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү 900205 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байна.

         Хариуцагч Ш.О   нь зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзээд дээрх хугацаанаас хойших зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байгаа боловч 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2032002047 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө талуудын харилцан тохиролцсоноор дуусгавар болгож цуцалсантай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Ш.О   нь энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан зээлийг гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр цуцалсан гэж үзэх үндэслэлгүй байна.

         Анхан шатны шүүх хариуцагч нараас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар тооцоолол хийхдээ зээл олгосон банкны тооцооллоор бус хариуцагч Ш.О  гийн төлөгдөөгүй байгаа 3966794 төгрөгийг хариуцагч Г.Х аас гаргуулан нэхэмжлэгч Ш.О  д олгох тухай Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2016/00474 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн зээлийн мөнгөн дүнг КБ  ХХК-ий Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн нийт тооцоонд оруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч Ш.О  , Г.Х  нар нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрнө, хариуцагч Г.Х  нь эвлэрлийн гэрээнд заасан 6679821 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбаруудыг гаргасан тул давж заалдах шатны шүүхээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг дараах байдлаар тооцож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Үүнд:

          Талуудын хооронд байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2032002047 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-д 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг дуустал зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь зээлийн үндсэн хүүд 2883447,06 төгрөг, үндсэн зээл 9000000 төгрөг, нийт 11883447,06 төгрөгийг төлөхөөр тохирсон байна. Үүнээс үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагч нар нь адил тэнцүү төлөхөөр тооцож хуваахад хариуцагч  Ш.О  , Г.Х  нар нь тус бүрдээ үндсэн зээлд /9000000:2=4500000/ 4500000 төгрөг, зээлийн хүүд /2883447,06:2=1441723,53/   1441723,53 төгрөг төлөхөөр байна гэж тооцвол Ш.О  гоос зээлийн үндсэн хүүд төлсөн 1573771,88 төгрөгнөөс төлбөл зохих зээлийн үндсэн хүү 1441723,53 төгрөгийг хасвал 132048,35 төгрөгийг илүү төлсөн байна. Үндсэн зээл 4500000 төгрөгнөөс Ш.О  гийн төлсөн үндсэн зээл 1844968,22 төгрөг, илүү төлсөн  132048,35 төгрөгийг тус тус хасч тооцоход 2522983,43 төгрөг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т заасны дагуу Ш.О  гийн төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдлээс 2522983,43х2,4%=60551.60 төгрөг /сард төлөх үндсэн хүү/, 60551,60х20%=12110,32 төгрөг /сард төлөх нэмэгдүүлсэн хүү/, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал нийт 6 сарын хугацаанд Ш.О   нь үндсэн зээл 2522983,43 төгрөг, зээлийн хүүд 363309,61 төгрөг /60551,60х6 сар=363309,61 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүд 72661,92 төгрөг /12110,32х6 сар =72661,92 төгрөг/ нийт 2958954,96 төгрөгийг,

            Хариуцагч Г.Х ын хувьд зээлийн хүүд төлсөн 1858532,32 төгрөгнөөс төлбөл зохих зээлийн хүү болох 1441723,53 төгрөгийг хасч тооцвол 416808.79 төгрөгийг илүү төлсөн байна. Үндсэн зээл 4500000 төгрөгнөөс Г.Х ын төлсөн үндсэн зээл 1220916,35 төгрөг, илүү төлсөн  416808.79 төгрөгийг тус тус хасч тооцоход 2862274,86 төгрөг. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, зээлийн гэрээний 3.1.2, 3.1.3-т заасны дагуу Г.Х ын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдлээс 2862274,86 х2,4%=68694,59 төгрөг /сард төлөх үндсэн хүү/, 68694,59х20%=13738,91 төгрөг /сард төлөх нэмэгдүүлсэн хүү/, 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал нийт 6 сарын хугацаанд Г.Х  нь үндсэн зээл 2862274,86 төгрөг, зээлийн хүүд 412167,57 төгрөг /68694,59х6 сар=412167,57 төгрөг/, нэмэгдүүлсэн хүүд 82433,50 төгрөг /13738,91 х6 сар=82433,50 төгрөг/ нийт 3356875,93 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр тооцсон болно. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага 6679821 төгрөгөөс хариуцагч нарын нийт төлбөл зохих 6315830,89 төгрөгийг хасч тооцвол 363990,11 төгрөг болсон ба үүн дээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага 900205 төгрөгийг нэмэхэд 1264195,11 төгрөгийг илүү нэхэмжилсэн гэж тооцов.

           Нэхэмжлэгч “КБ ” ХХК-ий Өмнөговь салбар нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан бөгөөд зохигчдын хооронд байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан боловч зээлийн гэрээний 5.1.12, барьцааны гэрээний 2.7, 4.1.6 дахь хэсэгт ...зээлдэгч зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол хөдлөх хөрөнгийг банк үл маргах журмаар шилжүүлэн авч үүргийг хангуулах, ...барьцаалуулагч нь хөдлөх хөрөнгө барьцаалсан бол зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн аливаа үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т заасны дагуу барьцаалсан хөдлөх хөрөнгийг бүхэлд нь болон хэсэгчлэн шилжүүлэн авч захиран зарцуулах бөгөөд зах зээлд түргэн борлогдох үнээр худалдах замаар зээлийн үндсэн өр, хүү болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг хангуулах эрхтэй гэж тус тус зааснаас үзэхэд банкнаас “гэр бүл ахуйн хэрэглээний” зориулалтаар олгосон зээлд талууд үүргийн гүйцэтгэлийг хөдлөх хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцсон гэж үзэж болохоор гэрээнд заасан тул Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан зарчимд нийцүүлэн нэхэмжлэгчийн “үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн болно.

                         

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 143/ШШ2018/00533 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын “хариуцагч Ш.О  гоос 4872129 төгрөг” гэснийг “хариуцагч Ш.О  гоос 2958954,96 төгрөг” гэж, “хариуцагч Г.Х аас 905335 төгрөгийг” гэснийг “хариуцагч

Г.Х аас 3356875,93 төгрөгийг” гэж, шийдвэрийн 2 дугаар заалтын “илүү нэхэмжилсэн 1802562 төгрөг” гэснийг “илүү нэхэмжилсэн 1264195,11 төгрөг” гэж, шийдвэрийн 3 дугаар заалтын “хариуцагч Г.Х аас 26278 төгрөг” гэснийг “хариуцагч Г.Х аас 68660 төгрөг” гэж, “хариуцагч Ш.О  гоос 92904 төгрөг” гэснийг “хариуцагч Ш.О  гоос 62293 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн нэхэмжлэгч  “КБ ” ХХК-ий Өмнөговь салбарын 43791 төгрөг, хариуцагч Ш.О  гийн 92904 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.ГЭРЭЛМАА

                       ШҮҮГЧИД                       Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                            Г.ТЭГШСУУРЬ