Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 156/ШШ2020/00423

 

 

 

 

156/ШШ2020/00423

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00149/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг, ...... тоотод оршин суух, С овогт Г Ц /РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын .. дугаар баг, ..... оршин суух, Я овогт Ц Д /РД:.... /-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ц /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Д 2014 онд танилцсан. Бидний дундаас 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Д.А маань төрж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр бид гэрлэлтээ батлуулсан. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Д.А бидний тусдаа амьдрах болсон цагаас хойш миний асрамжид байгаа.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиныг маань миний асрамжид үлдээж, эцэг Ц.Д хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.Д нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Г.Ц 2014 онд танилцаж, хамт амьдраад 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж албан ёсоор гэр бүл болсон. Түүнээс хойш 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Д.А төрүүлсэн. Бид хамтдаа амьдрах хугацаанд сайхан амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд үл ойлголцох асуудлууд гарч байсан. 2019 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш тусдаа амьдрах болсон цагаас хойш охинтой минь уулзуулах дургүй болсон. Охинтойгоо ухаан орсон цагаас нь уулзаарай гэж хэлж байсан удаатай. Одоо надад эргэн нийлэх бодол байхгүй тул Г.Ц нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийг минь цуцалж өгнө үү. Ингэхдээ охинтой минь уулзуулах заалтыг оруулж өгч шийдвэрлэнэ үү. Охин Д.А тэтгэлэг өгөхөөс татгалзах зүйл байхгүй гэжээ. (хх-ийн 15 тал )

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Ц.Д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Ц, хариуцагч Ц.Д нар нь 2014 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн гэрчилгээний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, тэдгээрийн дундаас 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр охин Д.А төрсөн болох нь хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдож байна.

Гэрлэгчид нь гэрлэлтээ цуцлуулахыг хоёулаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээр нь тус тусдаа амьдардаг, гэрлэгчдийн хооронд эхнэр нөхрийн дотно харьцаа байхгүй болсон, гэрлэгчидэд шүүхээс эвлэрүүлэх хугацаа олгосон боловч эвлэрээгүй зэрэг үндэслэлүүдийг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн хувьд хариуцагч Ц.Д нь охин Д.А эх Г.Ц асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд мөн шүүхээс хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ түүний нас, эцэг эхийн халамж, ахуй нөхцөл, ёс суртахууны байдал, хүүхдийн амьдрах, өсөж хүмүүжих орчинг харгалзан үзэж охин Д.А эх Г.Ц асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Ц.Д хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэрлэгчид болох Г.Ц, Ц.Д нарын гэрлэлтээр холбогдох нөхөр, эхнэрийн харилцаа дуусгавар болж байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх үүрэг нь хэвээр үлдэнэ. Мөн охин Д.А нь эх Г.Ц асрамжид үлдэж байгаа нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй ба энэхүү эрхийг эх Г.Ц, эцэг Ц.Д нарын хэн нь ч хязгаарлах эрхгүйг анхаарах нь зүйтэй.

Зохигчид нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ц улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц олгож, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагч Ц.Д гаргуулан улсын орлогод оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я овогт Ц Доржхуяг, С овогт Г Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.А эх Г.Ц асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Д.А 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Д сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Ц даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Гэрлэгчид нь гэр бүлийн дундийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, зааснаар нэхэмжлэгч Г.Ц тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Д 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАРИНА