Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2020/00649

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 129/ШШ2020/00649

Архангай аймаг

 

 

 

 

 

 

129/ШШ2020/00649

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, ерөнхий шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ч.Жаргалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: СХАА-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Ж.Н,

Хариуцагч: Б овогт И.А нарт холбогдох

Төрд учруулсан хохирол 1,885,408 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, прокурор Б.Б, хариуцагч Ж.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, хамтран хариуцагч И.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгонбуян нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч СХАА шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар хуульчилсан байх тул А аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Н-с төрд учруулсан хохирол 1,885,408 төгрөгийг гаргуулж төсөвт төвлөрүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХАА-ны 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 07 тоот удирдамжаар хяналт шалгалт хийгдсэн. Манай удирдамж А аймгийн Прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2/540 тоот хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг үндэслэн төсөвт байгууллагуудын 2016 оноос 2018 оны төрийн байгууллагын ажилтанг ажлаас үндэслэлгүй халсан хугацааны цалин хөлсийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Төсөвт учирсан хохирлыг төлүүлэх арга хэмжээг авсан эсэхэд түүвэрчилсэн аудит хяналт шалгалт хийхээр удирдамжаа боловсруулсан. Түүний дагуу Хөгжимт драмын театрын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулсан. Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Н 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/26 тоот тушаалаар тус байгууллагын менежер Р.Б-ийг ажлаас чөлөөлсөн. Ингээд А аймаг дахь сум дундын Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 454 дүгээр захирамжаар хөгжимт драмын театрын менежер Р.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 1,315,914 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 550,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,870,914 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Ажлаас халах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төсвөөс олгосон цалин хөлсийг төлүүлж аваагүй, төсөвт учруулсан хохирлыг арилгуулаагүй тул ажлаас халах шийдвэр гаргасан Хөгжимт драмын театрын дарга Ж.Н, дарга асан И.А нараар 1,885,408 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т ...иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлнэ. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1-д төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул 17/02/17/03/67 дугаар бүхий улсын байцаагчийн акт тогтоон 2019 оны 07 дугаар сарын 01-ний дотор 1,307,965 төгрөгийг хөгжимт драмын театрын төсөвт 577,443 төгрөгийг аймгийн төсвийн орлогод төвлөрүүлэхийг хөгжимт драмын театрын төсвийг захиран зарцуулагч Ж.Н-д даалгасан.

Хүлээж авсан удирдамж хүргүүлсэн бичиг өөрсдийн сонсох ажиллагааны тэмдэглэл бүх материалуудыг хэрэгт хавсаргасан. Шалгалтын акт гарахаас өмнө нь урьдчилсан байдлаар Ж.Н-д актын талаар тайлбарласан. Танилцуулсны дараа Ж.Н би актыг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг шүүхээр явж байхад И.А төсвөөс энэ мөнгийг төлсөн учир хувь тэнцүүлэн төлөх ёстой гэсний үндсэн дээр манай аудитын газар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй үед И.А мөнгийг төлсөн байх тул хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Иймд 1,885,408 төгрөгийг Ж.Н, И.А нарт тэнцүү хувааж төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна.

Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, төсвийн мөнгийг зүй зохистой хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьдаг учир төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэгч болж оролцож байгаа гэв.

 

Хариуцагч Ж.Н шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Р.Б-ийг Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмийн дагуу ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайдын театр чуулгын бүтцийн тухай албан бичиг, аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн а/87 тоот аймгийн Хөгжимт драмын театрын орон тоо, бүтцийг шинэчлэн батлах тухай захирамж гарсантай холбогдуулан дээд шатны тогтоол шийдвэрийг гүйцэтгэн хуулийн дагуу шийдвэрийг гаргаж Р.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Мэдэгдэл өгсөн хугацаанд тухайн ажилтан ажлаас халах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж эрхтэй хэдий ч шүүхэд хандаж гомдол гаргаагүй. Тиймээс ямар нэгэн гомдолгүй юм байна гээд ажлаас чөлөөлсөн. Ингээд албан тоотын дагуу захиргааны ажилчдыг тухайн ажлын байрны 25 хувиас хэтрэхгүйгээр гэрээтээр ажиллуулж болно гэсэн заалтыг үндэслээд Р.Б-ийг буцаад ажиллах уу гэхэд ажиллахгүй гэсэн. Миний бие Р.Б-ийг ажлаас чөлөөлөөд удаагүй ажлаа И.А-д хүлээлгэн өгсөн. Түүний дараа Р.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би өөрөө байсан бол ирсэн бүтцийн өөрчлөлтөөр менежерийн орон тоо байхгүй, хасагдсан учраас Р.Б-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн асуудал биш гэдгийг тайлбарласан бол шүүх өөр шийдвэр гаргах байсан байх гэж бодож байна. Шүүх хурлаар эцэслэн шийдвэрлээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлээд И.А мөнгийг олгосон. Би хууль зөрчиж шийдвэр гаргаагүй тул энэ мөнгийг төлөх эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байна. СХАА нь 2014 онд Хөгжимт драмын театрын төсөвт төлөвлөгөөт шалгалтыг хийсэн. Тэгэхэд энэ зөрчил илрээгүй, зөрчил гэж үзээгүй. 2019 онд хийсэн түүвэрчилсэн шалгалтаар зөрчил гэж үзсэн. Театр болон төсөв ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэхгүй. Иймээс би 942,704 төгрөгийг төлөхгүй. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас гарсан албан тоот, тухайн үеийн аймгийн Засаг дарга Б-ийн гаргасан захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулсан. Би бүтэц орон тоог зохиодог албан тушаалтан биш. Миний гаргасан гомдлын дагуу СХУА-наас гаргасан актыг өөрчилж И.А бид хоёроос хувь тэнцүүлэн олгохоор болсон тухай сонсох ажиллагаа хийгдээгүй. 2019 оны 12 дугаар сард манайд албан тоотоор ирж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч И.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СХАА нь И.А, Ж.Н нарыг хамтарч буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тухайн үед би Хөгжимт драмын театрт алба хашиж байгаагүй. Ажлаас халагдсан тухай гомдол шүүхийн шатанд байхад дундуур нь орсон гэж байна. Р.Б-ийг шүүхэд хандсан тухайн үед би даргын албан тушаалыг хашиж байсан. Боловсролын яамнаас ирсэн бичиг нь хүмүүс хал, соль гэсэн бичиг ирээгүй, боловсролтой уран бүтээлчдийн орон тоог нэмэгдүүл гэсэн зарчмын шаардлагатай байсан. Аймгийн Засаг дарга тухайн бичгийг үндэслэн бүтцийн өөрчлөлт хийх захирамж гаргасан боловч бүтцийн өөрчлөлтийн загварыг Ж.Н дарга өөрөө гаргасан. Үндсэндээ энэ бүтцийг өөрөө захиалсан гэсэн үг. Ганц менежер ч биш 5, 6 хүнийг зэрэг ажлаас нь халж байсан. Гачигар, сантехникч, менежер, тайзны ажилтан гэсэн хүмүүсийг ажлаас халаад заримыг нь гэрээт ажилтнаар ажиллуулахаар аман байдлаар тохирсон юм шиг байна лээ. Тухайн үед зэрэг халагдаж байсан хүмүүс бүгд ажилдаа эргэн орсон. Р.Б нь ажиллаж байх хугацаандаа арга хэмжээ авахуулж байгаагүй ажилтан байсан учраас шүүхийн шатанд Р.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажиллуулж болох юм. Тэр хүний менежер гэдэг ажил нь театрт заавал хэрэгтэй байсан. Мөн нэхэмжлэл гаргах үед Р.Б нь хөл хүнд байсан. Иймд шүүхийн шатанд эвлэрэх боломжтой гэж үзсэн учраас шүүх шийдвэрээ гаргасан. Түүний дагуу би шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн. Хуулиндаа буруутай шийдвэр гаргасан этгээд энэ асуудлыг хариуцах ёстой болохоос биш шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн ажилтан энэ хэргийн асуудлыг хариуцах зүйл заалт байхгүй. Иймд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү. Ж.Нямсүрэн бид хоёроор хувь тэнцүүлж гаргуулахаар болсон талаар албан ёсоор мэдээгүй. Байцаагч М надад энэ талаар хэлж байсан. Би зөвшөөрөхгүй байгаа талаарх хариуг бичгээр мэдэгдсэн. Эргээд надад хариу хэлээгүй гэв.

Прокурор шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Төрд учирсан хохирол буюу 1,885,408 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх гэж байна. Талуудын тайлбаруудаас харахад нэхэмжлэлтэй холбоотой тайлбарлах зүйл байна. 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарч хэрэгжсэн. Энэ шийдвэрийн дагуу төлөгдсөн мөнгө төрд хохирол учруулж байна гэж үзэн СХАГ нэхэмжлэл гаргасан байна. Аудитын газрын гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй учир төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй. Прокурорын зүгээс ажлаас халсан шийдвэр буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан энэ төлбөрийг бүхэлд нь хариуцана гэж үзэж байгаа. Хамтран хариуцагчаар татагдсан И.А нь албан тушаалтны хувьд шүүхийн шийдвэр гарах үед Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг гүйцэтгэж байсан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож менежерийн ажилтай Р.Б-ийн ажилд нь буцааж авахыг зөвшөөрсөний үндсэн дээр шүүхийн шийдвэр гарсан. И.А хариуцагчаар татагдах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу олгохоор шийдвэрлэсэн мөнгийг хариуцагчид олгож төрд хохирол учирсан байх тул уг хохирлыг гэм буруутай албан тушаалтан буюу Ж.Н-гээр хохирлыг бүрэн хариуцуулах үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч СХАА нь  А аймгийн Хөгжимт драмын театрын дарга Ж.Н, даргаар ажиллаж байсан И.А нараас төрд учруулсан хохирол 1,543,304 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Н ...Тухайн үед Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны сайдын театр чуулгын бүтцийн тухай албан бичиг, аймгийн Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн а/87 тоот аймгийн Хөгжимт драмын театрын орон тоо, бүтцийг шинэчлэн батлах тухай захирамж гарсантай холбогдуулан дээд шатны тогтоол шийдвэрийг гүйцэтгэн хуулийн дагуу шийдвэрийг гаргаж Р.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өгсөн. Мэдэгдэл өгсөн хугацаанд тухайн ажилтан ажлаас халах тухай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй бол шүүхэд хандаж эрхтэй хэдий ч шүүхэд хандаж гомдол гаргаагүй. Миний бие Р.Б-ийг ажлаас чөлөөлөөд удаагүй ажлаа И.А-д хүлээлгэн өгсөн. Түүний дараа Р.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед би өөрөө байсан бол ирсэн бүтцийн өөрчлөлтөөр менежерийн орон тоо байхгүй, хасагдсан учраас Р.Б-ийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн асуудал биш гэдгийг тайлбарласан бол шүүх өөр шийдвэр гаргах байсан байх гэж бодож байна. Шүүх хурлаар эцэслэн шийдвэрлээгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлээд И.А мөнгийг олгосон. Би хууль зөрчиж шийдвэр гаргаагүй тул энэ мөнгийг төлөх эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэж байна. Театр болон төсөв ямар нэгэн байдлаар хохирсон гэж үзэхгүй. Иймээс би 942,704 төгрөгийг төлөхгүй. Би бүтэц орон тоог зохиодог албан тушаалтан биш. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

 

Хариуцагч И.А: ... Р.Б-ийг шүүхэд хандсан тухайн үед би даргын албан тушаалыг хашиж байсан. Боловсролын яамнаас ирсэн бичиг нь хүмүүс хал, соль гэсэн бичиг ирээгүй, боловсролтой уран бүтээлчдийн орон тоог нэмэгдүүл гэсэн зарчмын шаардлагатай байсан. Аймгийн Засаг дарга тухайн бичгийг үндэслэн бүтцийн өөрчлөлт хийх захирамж гаргасан боловч бүтцийн өөрчлөлтийн загварыг Ж.Н дарга өөрөө гаргасан. Үндсэндээ энэ бүтцийг өөрөө захиалсан гэсэн үг. Ганц менежер ч биш 5, 6 хүнийг зэрэг ажлаас нь халж байсан. Тухайн үед зэрэг халагдаж байсан хүмүүс бүгд ажилдаа эргэн орсон. Р.Б нь ажиллаж байх хугацаандаа арга хэмжээ авахуулж байгаагүй ажилтан байсан учраас шүүхийн шатанд Р.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу ажиллуулж болох юм. Тэр хүний менежер гэдэг ажил нь театрт заавал хэрэгтэй байсан. Мөн нэхэмжлэл гаргах үед Р.Б нь хөл хүнд байсан. Иймд шүүхийн шатанд эвлэрэх боломжтой гэж үзсэн учраас шүүх шийдвэрээ гаргасан. Би шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн. Хуулиндаа буруутай шийдвэр гаргасан этгээд энэ асуудлыг хариуцах ёстой болохоос биш шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн ажилтан энэ хэргийн асуудлыг хариуцах зүйл заалт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...Хөгжимт драмын театрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Н 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн б/26 тоот тушаалаар тус байгууллагын менежер Р.Б-ийг ажлаас чөлөөлсөн боловч А аймаг дахь сум дундын Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 454 дүгээр захирамжаар ажилд нь буцаан томилж Хөгжимт драмын театрын менежер Р.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин 1,315,914 төгрөг, өмгөөллийн хөлс 550,000 төгрөг, нотариатын зардал 5,000 төгрөг, нийт 1,870,914 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна. Ажлаас халах шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтнаар төсвөөс олгосон цалин хөлсийг төлүүлж аваагүй, төсөвт учруулсан хохирлыг арилгуулаагүй тул ажлаас халах шийдвэр гаргасан Хөгжимт драмын театрын дарга Ж.Н, дарга асан И.А нараар 1,885,408 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр акт тогтоосон тул 1,885,408 төгрөгийг Ж.Н, И.А нарт тэнцүү хувааж төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж нэхэмжилж байна гэх тайлбарыг гаргаж байна.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Ж.Н нь А аймгийн Хөгжимт драмын театрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/26 тоот тушаалаар тус байгууллагад менежерээр ажиллаж байсан Р.Б-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны 1/1904 тоот захирамжийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-н 87/

 

Р.Б нь уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хариуцагч А аймгийн Хөгжимт драмын театрын даргаар томилогдсон И.А нь Р.Б-ийг менежерийн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин 1,315,914 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 550,000 төгрөг, нотариатын хөлс 5000 төгрөг, нийт 1,870,914 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөний дагуу А аймаг дахь сумын дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 454 дугаартай Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан байна. /хх-н 89-90/

 

А аймгийн Хөгжимт драмын театрын дарга И.А 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Б/67 тоот тушаалаар Р.Б-ийг менежерийн ажилд эгүүлэн томилж /хх-н 88/, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 110,590 төгрөгийг А аймгийн нийгмийн даатгалын хэлтэст, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн төлбөрийн хүсэлтээр 102,641 төгрөг, мөн өдрийн төлбөрийн хүсэлтээр 1,782,767 төгрөгийг Р.Б-д тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 286, 285, 284 дугаартай төлбөрийн хүсэлтүүд, шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн хүснэгт зэрэг нотариатаар батлуулсан хуулбаруудаар тогтоогддог ба /хх-н 100-101/ Р.Б-д 1,870,914 төгрөг олгосон талаар зохигч маргаагүй.

 

СХАА нь Р.Б-ийг ажлаас чөлөөсөн захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж байна.

Р.Б-ийг А аймгийн Хөгжимт драмын театр ажлаас чөлөөлсөн захиргааны акт гаргаж, уг шийдвэрийг хүчингүй болгон түүнийг ажилд эгүүлэн тогтоосны улмаас ажилгүй байсан хугацааны олговор, бусад зардал нийт 1.870.914 төгрөгийг төсвөөс төлсөн нь захиргааны актын улмаас хохирол учирсан ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасан байх тул Ж.Н нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байх ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч Ж.Н нь ...дээд шатны тогтоол шийдвэрийг гүйцэтгэн хуулийн дагуу шийдвэрийг гаргаж Р.Б-ийг ажлаас нь чөлөөлсөн. Тийм учраас би хариуцахгүй, миний буруугаас гэм хор учраагүй... гэж тайлбарлаж байгаа боловч түүний дараа А аймгийн Хөгжимт театрын даргаар томилогдон ажиллаж байсан И.А нь Р.Б-ийг ажилд нь буцаан авснаар төрийн албыг үр дүнтэй удирдах, төрийн байууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах стандартыг зөрчсөн гэдэг нь нотлогдоогүй учир хариуцагч И.А-гийн гаргасан шийдвэрийн улмаас төрд хохирол учраагүй, Р.Б-ийн ашиг сонирхол хөндөгдөөгүй гэж үзлээ.

Иймд Р.Б-ийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан Ж.Н-гийн шийдвэрийн улмаас төрд 1.870.914 төгрөгийн учирсан байна.

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 454 дүгээр захирамжаар Р.Б-д олгохоор шийдвэрлэсэн 1,870,914 төгрөг нь захиргааны актын улмаас учирсан хохирол бөгөөд нэхэмжлэгч 7.247 төгрөгийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

Нэхэмжлэгч нь учирсан хохирлыг хувь тэнцүүлэн хариуцагч нараас нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 1.870.914 төгрөгийн 50 хувь болох 935.457 төгрөгийг хариуцагч Ж.Н-гээс гаргуулж, хариуцагч И.А-д холбогдох 942.704 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлин 7.1.1-т хариуцагч Ж.Н-ээс 27,000 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Томилогдсон иргэдийн төлөөлөгч А.Ц хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба зохигчид түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Ж.Н-гээс 935,457 /есөн зуун гучин таван мянга дөрвөн тавин долоо/ төгрөг гаргуулан А аймгийн Хөгжимт драмын театрын төсөвт оруулж, хариуцагч И.А-гээс 942,704 /есөн дөчин хоёр мянга долоон зуун дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагаас 7247 /долоон мянга хоёр зуун дөчин долоо/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хариуцагч Ж.Н-гээс 27,000 /хорин долоон мянга/ төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ч.ЖАРГАЛАН