Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 156/ШШ2021/00340

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр    156/ШШ2021/00340.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар баг, ...тоотод оршин суух, Тайжууд овогт М.Н /РД:..... /-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр баг, ..... тоотод оршин суух, Боржигон овогт Д.О//РД:..../-т холбогдох, иргэн Н.Ж 2021 оны 01 сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахыг хүссэн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Н /онлайн/, хариуцагч Д.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч М.Н  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуулийн 528 дугаар зүйл /Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журам/-ийн 528.1-д Өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг сумын Засаг дарга өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заасан. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэлтэй Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг, Бэрх тосгоны ....  тоотод байрлах 26 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгчөөр нэхэмжлэгч Н.Ж  , түүний аав Р.Н , ээж Ш.Х , эгч Н.Б нарыг 2001.04.16-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгосон байна. Хэдийгээр Р.Н , Ш.Х , Н.Б  , Н.Ж   нар уг орон сууцны хамтран өмчлөгчөөр 2001.04.16-ны өдөр бүртгүүлсэн боловч тухайн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл уг орон сууцанд огт амьдарч байгаагүйн зэрэгцээ Н.Ж   нь гэр бүлтэй болж 2001 оноос өрх тусгаарлан тусдаа амьдарсан байна. Харин Н.Ж  гийн аав Р.Н  нь 2002.12.20-ны өдөр, ээж Ш.Х  нь 2019.05.08-ны өдөр тус тус нас барсан байна. Тэгвэл өвлүүлэгч Р.Н , Ш.Х  нарыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байгаагүй өвлөгч Н.Ж   нь тийнхүү тухай бүр өв нээгдсэнээс хойш жилийн дотор хуульд заасны дагуу эд хөрөнгийг эзэмдэн аваагүй, эрхлэн удирдаагүй, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. Гэтэл Хэнтий аймгийн тойргийн нотариатч /Дугаар: 39/ Д.О ээс Н.Ж 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 0001, 0002 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-г дуур дурдсан хуулийн заалтыг зөрчиж олгосон байна.Иймд 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

2.    Хариуцагч Д.О  нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэнтий аймгийн Бэрх хотын харъяат Н.Ж  гийн хүсэлтээр аливаа улсын бүртгэл үнэн зөв байх үндэслэлийн дагуу улсын бүртгэлийн .. дугаарт бүртгэгдсэн Хэнтий Батноров сум 7-р баг, Бэрх 59 байр 10 тоот орон сууцны өмчлөгч Р.Н , Ш.Х  нарт оногдох хэсэгт 2021 оны 01-р сарын 05-ны өдөр 001,002 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн 2020 оны 10 сарын 10-нд олгосон тодорхойлолтоор Р.Н ийг нас барах хүртэл түүнтэй хамт Ш.Х , Н.Б  ,Н.Ж   нар амьдарч байсан нь нотлогдох ба өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргаагүй тул өв хүлээн авсанд тооцож 001 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Иргэний хуулийн 528 дугаар зүйл 528.5-д Өвлөгч өвлөх эрхээ өвлөвөл зохих бусад этгээдэд шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж заасны дагуу Ш.Х тай нэг ам бүлд байсан өвлөгч Х.Ү гийн нэр зааж татгалзсан хүсэлтээр 002 тоот өвлөх эрхийн гэрчилгээг Н.Ж олгосон. Түүнчлэн уг орон сууцны хамтран өмчлөгч Н.Ж   нь Бусдын хууль бус эзэмшлээс байр чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 09 сарын 02-ны өдөр тус шүүхэд гаргасан байх ба ИХХШХуулийн 65 дугаар зүйл 65.1.10-д заасан зохигч болох хүн нас барсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байдлыг харгалзан дээрх өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно. Мөн иргэн М.Н  нь нас барагч Р.Н , Ш.Х  нарын эрх залгамжлагч биш бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Н  нь Хэнтий аймгийн тойргийн нотариатч Д.О т холбогдуулан өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Үүнд:

1.    Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байх ба нэхэмжлэгч М.Нийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 8 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлүүдийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтын талаар тус тус хуульчлан зохицуулсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж, мөн хуулийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсанаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн ямар эрх ашгийг хариуцагч хэрхэн зөрчиж байгаа талаар тодорхойлох, хариуцагчийг нэхэмжлэгчийн эрхийг хэрхэн зөрчиж байгааг нотлох үүрэгтэй байна.

Хэрэгт цугларсан бичгийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны ....  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага болох Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны ....  тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг иргэн Н.Ж 2021 оны өдөр олгосон 0001, 0002 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь түүний эрх ашгийг хэрхэн хөндөж, зөрчиж байгаа талаарх баримт байхгүй байна. Тухайлбал хариуцагчийн энэхүү өвлөх эрхийн гэрчилгээг Н.Ж олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хэрхэн зөрчиж байгааг нэхэмжлэгч өөрөө тодорхойлоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.

2.    Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ  хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ гэж хуульчилсан. Гэтэл хариуцагч нотариатч Д.О  нь 2021 оны 01 сарын 05-ны өдөр энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гарч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан талаар мэдээгүй ба харин нэхэмжлэл гаргах гэж байгааг иргэн Н.Ж   хэлсэн гэж шүүх хуралдаан дээр тайлбарласанаас үзэхэд нотариатын үйлдэл буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хойшлуулж, түдгэлзүүлж болох байсан байна. Гэвч өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хойшлуулаагүй, түдгэлзүүлээгүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

3.    Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь иргэн Н.Ж  гийн эцэг Р.Н  2002 оны 12 сарын 20-ны өдөр эх Ш.Х  нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр тус тус нас барсан байхад 2021 оны 01 сарын 05-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ олгож байгаа нь хууль бус ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж маргадаг ба хариуцагч нь Өвийн нэгдсэн бүртгэлээс шүүлгэхэд дээрх эд хөрөнгийг өвлөхөөс татгалзсан тухай хүсэлтийг гаргаагүй, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагааг шалгахад энэ эд хөрөнгийн өмчлөгч нь Н.Ж   байсан тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон гэж тайлбарлан мэтгэлцдэг ба хариуцагчийн тайлбар нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маяг / хэргийн материалын 26-р тал/-аар Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг, Бэрх 59 байр, 10 тоотын өмчлөгч нь Р.Н , Ш.Х , Н.Б  , Н.Ж   нар мөн гэсэн тодорхойлолт. 2020 оны 12 сарын 31-ний өдрийн №3544 дугаартай Нотариатчдын танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүсэн лавлагаа, тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

Мөн Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Энэ хуулийн 31.1-д заасныг зөрчиж хийсэн нотариатын үйлдлийг шүүх нотариатчийн болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хүчингүйд тооцно гэж зохицуулсан ба 31 дүгээр зүйлд заасан үндэслэлүүдэд дээрх 30-р зүйлд заасан үндэслэл хамаарахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар иргэн Н.Ж 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр олгосон 0001, 0002 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Х.ОТГОНЖАРГАЛ