Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/81

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Булгамаа,

улсын яллагч хяналтын прокурор Д.З,

шүүгдэгч О.Т нарыг оролцуулан эрүүгийн 2519000000053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Т Урьд:

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2023/ШЦТ/1001 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тодорхой ажил үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.Т нь Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоот Б.Мгийн эзэмшлийн гэрээс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хувцасны шүүгээний шургуулганд байсан 1,200 юань, 100 еврог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж нийт 833,960 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Тын шүүхийн хэлэлцүүлэгч өгсөн мэдүүлэгт “...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн. Би М ахын гэрээс 100 евро, 1,200 юань авч 200 юанийг М ахын шаргал өнгийн маркийг нь мэдэхгүй тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын суудлын бүрээс доор хийж нуусан. Тэгээд өөрийн хэтэвчинд байсан 20 юанийг үлдэгдэл мөнгөтэйгөө нийлүүлж Голомт бензинд 800 юанийг, Худалдаа хөгжлийн банкинд 220 юанийг солиулсан... Би цалингийн зээлээ төлөх зорилготой байсан...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 2-5 хуудас),

Хохирогч Б.Мгийн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тээврийн хөлс гэж 2000 юань бэлнээр хүнээс аваад гэрт байсан 100 евро, 400 юанийг нэмээд нийт 100 евро, 2,400 юанийг хувцасны шүүгээн дотор байх модон шургуулга буюу сейфэндээ хийгээд тавьсан...  2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Т гэх залууг таньдаг хүнээрээ дамжуулж жолоочоор ажиллуулж байсан байсан залуутай тохиролцоод Сайншанд суманд авч ирсэн. ...Т нь Сайншандад таньдаг газар байхгүй болохоор тэр өдрөөс хойш гэртээ байлгаж байсан юм. Тэгтэл унтлагын өрөөний шүүгээн дотор байх модон шургуулга дотор байсан 1,200 юань, 100 евро алга болсон байхаар нь Тыг сэжиглээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Мөнгөгүй гэсэн мөртлөө мөнгөтэй болоод жижиг сажиг зүйлд зарцуулаад байсан юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-12 хуудас),

Гэрч Э.Энхсарнайн “...Т гэх хүн манай банкинд 220 юань, 100 еврог монгол мөнгөөр солиулж авсан. 220 юанийг тус өдрийн ханш нь 471 төгрөг байсан болохоор 103,620 төгрөг, 100 евро нь 3,541 төгрөгөөр бодогдоод 354,100 төгрөг болсон. Солиулсан мөнгөө 801032921 данс руу шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 хуудас) гэх мэдүүлэг,

Гэрч Е.**ийн “...2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай банкинд нэг хүн юань солиулсан...тэр мөнгийг хараад солиулж болох хуучирч урагдаагүй 800 юанийг тухайн өдрийн ханш 470.30 төгрөгөөр бодогдоод 376,240 төгрөгийг тухайн хүний голомт банкны 1105436632 тоот О.Т гэх данс руу шилжүүлсэн. Тухайн хүн евро солиулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 хуудас),

Худалдаа хөгжлийн банкны О.Тын 801032921 дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 22 хуудас),

-Голомт банкны О.Тын 1105436632 дугаар дансны хуулга (хавтаст хэргийн 23 хуудас),

-Дорноговь аймаг дахь Монгол банкны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/07 дугаар албан бичиг (хавтаст хэргийн 25 хуудас) зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын *** тоот Б.Мгийн эзэмшлийн гэрт байх хувцасны шүүгээний шургуулганд байсан 1,200 юань, 100 еврог хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь тогтоогдож байна.

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

1.Гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

О.Тын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан....” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

Энэ гэмт хэргийн халдлагын зүйл нь хохирогч Б.Мгийн хулгайлагдсан 1,200 юань 100 еврог шүүгдэгч О.Т нь өөрийн идэвхтэй үйлдлээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн болох нь шүүгдэгч О.Тын “...би цалингийн зээлээ төлөх зорилгоор авсан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно. Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, нууцаар авсан гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Арван дөрвөөс арван зургаа хүртэл насны хүн энэ хуулийн тусгай ангийн ...17.1 /хулгайлах/ ...заасан гэмт хэргийг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу гэмт хэргийн сүбьектийн шинжийг хангаж байна.  

Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалтай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдэх шинжийг хангаагүй болох нь хохирогч Б.Мгийн “...Т нь Сайншандад таньдаг газар байхгүй болохоор тэр өдрөөс хойш гэртээ байлгаж байсан юм...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хохирогч Б.М нь шүүгдэгч О.Тыг өөрийн гэртээ зөвшөөрч түр амьдруулж байсан үйл баримт нь түүнийг орон байранд нэвтэрсэн гэх үйлдлийг үгүйсгэж байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Тын үйлдэл нь уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжүүдийг хангаагүй байх тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Монгол банкны валютын ханш юань 475.53 төгрөг, евро 3,587.72 төгрөгөөр тооцоход 1,200 юань *475.53 төгрөг =570,636 төгрөг, 100 евро *3,587,72=358,772 төгрөг нийт 929,408 төгрөгийн хохирол хохирогч Б.Мд учирсан байх тул шүүгдэгчээс 929,408 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч О.Тыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” гэсэн санал дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “…хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр зохицуулжээ. 

Дээрх хуульд заасан эрүүгийн хариуцлагаас шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг харгалзаж сонгож оногдуулна.

Шүүгдэгч О.Т нь эрүүгийн  хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнд 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэж тодорхойлсон.

Шүүгдэгч О.Т нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, 29 дүгээр хороо, 1 дүгээр хороолол, 8 дугаар байр 19 тоотод оршин суудаг тул түүний зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газраар буюу Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Т нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч О.Т нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагч зорчихыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Таас 929,408 төгрөг гаргуулж, хохирогч Б.Мд олгосугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.АРИУНЗУЛ